| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/00603/И |
| Дугаар | 181/ШШ2021/01130 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2021/01130
| 2021 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2021/01130 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК -д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9.427.320 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э би Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг тус компанийн Улааны уурхайн амны хэлтэс буюу далд уурхайн туслах ажилтнаар гэрээ байгуулан 2020 оны 6 дугаар сараас эхлэн ажилласан.
Одоо далд уурхайн цооног өрөмдөгчөөр ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож халагдаад байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр далд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэр үед мөрөө бага зэрэг эвгүй болгосон. Юм хийж байгаад хүд гэж дуугараад хэсэг зовуурилаж байгаад зүгээр ажлаа хийсэн.
Орой ажилаа тараад уурхайн районд ажилчдын амьдардаг байр, мөн фитнессийн өрөө зэрэгт чөлөөт цагаа өнгөрөөдөг тул фитнессийн өрөөнд бусад ажилчдын хамт орж бие халаалт хийж байхдаа Ариунбаатар гэдэг хүнтэй барилдсан, тэгтэл эвгүй дарагдаж өдөр ажил дээр эвгүй болгож байсан тэр мөр маань мултарсан.
Тэр даруй захирал, дэд захирал зэрэг ЗАА-н хүмүүс уулзаад үйлдвэрлэлийн осол болох байх тайлбар бичээд өг гээд бичиж болохгүй байхад минь хүнээр бичүүлээд гарын үсэг зурж өгсөн.
Тэгээд уурхайн эмчид үзүүлээд аймгийн төв рүү ирж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлж, янзлуулж хэд хоног эмчилгээ хийлгээд очсон. Гэтэл Х.А.Б-ын ажилтан чи ноцолдож байж мөрөө мултлаад үйлдвэрлэлийн осол мэт худлаа хэлсэн байна. Дахин ийм асуудал гаргав, хатуу санууллаа шүү гээд ажилаа хий гэсэн. Би тийм санаа гаргаагүй гэдэгээ хэлсэн. Нэг бичигт гарын үсэг зуруулаад л үлдсэн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-нд гэнэт халлаа гээд тушаал өгсөн.
Гэтэл уг тушаалд хөдөлмөрийн гэрээний 16.2.4.4 дэх заалт , захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ... Энхтүвшин нь чөлөөт цагаараа зөвшөөрөлгүй газарт ноцолдож байхдаа мөрөө мулталж бэртэл авсан боловч бодит байдлыг нуун ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн мэтээр худлаа мэдээлж үйлдвэрлэлийн ослоор бүртгүүлэхээр завдсан нь тогтоогдсон тул ... хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэжээ.
Би ажил үүргээ гүйцэтгэж байгаад мөрөө мулталсан гэж огт яриагүй. Харин ч захирал үйлдвэрлэлийн осол гэж бүртгэл хяналтын албанд хэлэх хэрэгтэй гэхэд нь хэлээд яах вэ, бие халаалт хийж байгаад мулталсан гэдгээ хэлж байсан.
Би үнэндээ үнэн байдлаа л хэлсэн. Тэгэхэд гэрээсээ хол үйлдвэрийн ажилчдын байранд байрладаг болохоор үйлдвэрлэлийн осол болох байх гэж тухайн үед ажилчид болон удирдлагууд ярьж байсан болохоос миний хувьд яг юу гэж үздэгийг сайн мэдэхгүй л дээ.
Харин хурлаар хэзээ нь юу гэж хэлэлцсэн болохыг ч мэдээгүй, шууд халагдсан. Би хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна, чөлөөт цагаа ажилчид дуртай газраа өнгөрүүлдэг. Фитнесийн өрөөнд ороход зөвшөөрөл авдаггүй, чөлөөтэй л орж гарч байдаг. Урьд байнга л тийм маягаар дасгал халаалт хийдэг байсан.
Б.Э миний бие мөрөө гэмдээчихээд үүнийгээ үйлдвэрлэлийн осол юмаа гэж хэлээгүй тэр үед байсан хүмүүс үйлдвэрлэлийн осолд орох байх гээд өөрсдөө бичиж өгсөн, би өөрөө энэ тухай бичээгүй, маргаагүй юмаа.
Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 9.427.320 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Энхтүвшинтэй байгуулсан Хөдөлөрийн гэрээг цуцлах шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа Т ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх комиссын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Уг дүгнэлтэд ахуйн ослыг үйлдвэрэлийн осол болгох гэж худал мэдүүлэг өгсөн нь компанийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа тул ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.2.4.4. дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээ авах, ахуйн ослоор бүртгэх шийдвэр гаргав гэж дүгнэсэн байна.
Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын дүгнэлттэй Энхтүвшин танилцаад өөрөө гарын үсэг зурсан, энэ дүгнэлтэд гомдол гаргаагүй, ажлын талбарт гэмтсэн гэсэн байгаа юм. Энэ тушаал үндэслэлтнй тул ажлаас халсан тушаалтай маргах шаардлагагүй гэж үзэж байна. Энхтүвшин худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон, байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа болно. Үйлдвэрлэлийн ослын акт дүгнэлтийг байгууллага өөрөө гаргадаг.
Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9.427.320 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Т ХХК нь ажилтан Б.Энхтүвшинг мөрөө мулталж гэмтэл авсан боловч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн гэж худал ярьж, байгууллагын нэр хүндэд халдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ажилтан Б.Э нь ажил олгогч Т ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж мөн өдрөөс тус компанийн Дорнод аймаг Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны уурхайн амны цех хэлтэст уулын туслах ажилтанаар ажиллаж байжээ./хх-ийн 6-р хуудас/
Б.Энхтүвшинг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 16.2.4.4 дэх заалт, захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх-ийн 4-р хуудас/
Б.Э нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 1-2, 13 -р хуудас/
Хариуцагч /ажил олгогч/ Т ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ Б.Энхтүвшинтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслээ тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлаагүй тушаал гаргасан байх тул ажилтан Б.Энхтүвшинг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. - 40.1.7.-д заасан үндэслэлүүдийн аль үндэслээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь халсан болох нь тодорхойгүй байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохыг хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.
Ажил олгогч нь ажилтныг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.4. дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж маргаж байна.
Гэвч ажилтныг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-ийг үндэслэл болгоогүй бөгөөд хариуцагчийн тайлбараас үзэхэд ажилтан Б.Энхтүвшинг худал мэдээлэл өгч ажил олгогчийн нэр хүндэд халдсан, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч /ажилтан/ Б.Э нь тус компанийн уурхайн хашаанд ажилчдын байранд байнга байрлан ажилладаг байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрөндөө гэмтэл авч 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд амбулатороор эмчлүүлж, эмнэлгийн акттай байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26, 32-40-р хуудас/
Дээрх гэмтлийг ажил олгогч Т ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс судлан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлт гаргаж үйлдвэрлэлийн ослоор судлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. /хх-ийн 26-27-р хуудас/
Ажил олгогч Т ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дүгнэлтэд ахуйн ослыг үйлдвэрлэлийн осол болгох гэж худал мэдүүлэг өгсөн нь компаний нэр төрд халдсан гэж үзэж байгаа тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16.2.4.4. дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээг авах, ахуйн ослоор бүртгэж шийдвэр гаргав гэж байгаа нь ажилтан Б.Энхтүвшинг худал мэдүүлэг өгч тус компаний нэр төрд халдсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Тодруулбал: ажилтан Б.Э ажлын байранд байхдаа мөрөө гэмтээж /мулталж/ эмчид үзүүлсэн, үйлдвэрлэлийн осол гэж үзэн өргөдөл гаргаж шалгуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 16.4.4.-д заасан Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагавар бий болгосон ... энэ үйлдэл нь баримтаар нотлогдож байгууллага, ажилтны эрх ашиг нэр хүндэд хохирол учруулсан бол Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Ажил олгогч нь Б.Энхтүвшинг хөдөлмөрийн гэрээний 16.4.4.-д заасан ... худал мэдээлэл өгч, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон...хохирол учруулсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд Б.Энхтүвшинг Т ХХК- ийн Дорнод аймаг Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны уурхайн амны цех хэлтэст уулын туслах ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх /4 сар 21 хоног/ хугацаагаар цалин олговорт 7.819.580 төгрөгийг /1.258.750+1.288.938+2.165.988 = 4.713.676/, /4.713.676:3=1.571.225/, /1.571.225:21,5=73.080/, /1.571.225х4сар=6.284.900төгрөг/, /73.080х21хоног=1.534.680/, /6.284.900+1.534.680=7.819.580 төгрөг/ ажил олгогчоос гаргуулан Б.Энхтүвшинд олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, бичилт хийлгүүлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.607.740 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Энхтүвшинг Т ХХК- ийн Дорнод аймаг Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны уурхайн амны цех хэлтэст уулын туслах ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, Т ХХК-иас 7.819.580 /долоон сая найман зуун арван есөн мянга таван зуун ная/ төгрөг гаргуулан Б.Энхтүвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.607.740 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.060 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.
.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО