Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/01171

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/01171

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Ж-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Н.Ж , нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б  миний бие 2010 онд Н.Ж тай танилцаад 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтийн 112 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ж.Х  нар төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас олон удаа маргалдаж гэр бүлийн хүчирхийллийн улмаас цагдаад олон удаа дуудлага өгч байсан.

Одоо бид 2017 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон. Н.Ж  өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон тул миний хоёр хүүхдийг би өөрийнхөө асрамжид авч өсгөж торниулна.

Бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Ж.Ху  , хүү Ж.Х  нарыг миний асрамжид үлдээж, эцэг Н.Ж гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2011 онд гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ж.Х  нар төрсөн. Би хоёр хүүхэдээ харж хандана, хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэг нэгнээс нь салгаад яахав, хоёуланг нь эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Одоо бол хүүхдүүд Буянзаяагийн аав, ээж дээр байгаа юм. Намайг болон эмээ, өвөө нь хүүхдүүдтэй уулахыг зөвшөөрч байвал зүгээр байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Н.Ж д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Н.Ж  нар нь 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 5 дугаар сарын 24ий өдөр охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ж.Х  нарыг төрүүлжээ.

Охин Ж.Ху  , хүү Ж.Х  нар нь эх Б.Б гийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, тус хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, Увс аймгийн 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-5, 7-9-р хуудас/

2011 оны 5 дугаар сарын 24ий өдөр мэндэлсэн охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэндэлсэн хүү Ж.Х  нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээх талаар зохигчид маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар тогтоож эцэг Н.Ж гаар тэжээн тэтгүүлэх үндэстэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийн цуцлана гэж заасан байх бөгөөд 2017 онд Н.Ж д холбогдуулан хэрэг бүртгэлтийн 170902373 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 27/2130 дугаартай баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Н.Ж  нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно. /хх-ийн 6-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Н.Ж  нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 5 дугаар сарын 24ий өдөр мэндэлсэн охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэндэлсэн хүү Ж.Х  нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээн, эцэг Н.Ж гаас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж хүү Ж.Хангал, охин Ж.Ху   нарыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.,14.4.-т заасныг баримтлан Н.Ж , Б.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 24ий өдөр мэндэлсэн охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэндэлсэн хүү Ж.Х  нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 24ий өдөр мэндэлсэн охин Ж.Ху  , 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэндэлсэн хүү Ж.Х  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт тэтгэлгийг тогтоон, эцэг Н.Ж гаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 145.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145.930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Н.Ж , Б.Б  нар нь хойшид хүүхэдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО