| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/00319/И |
| Дугаар | 181/ШШ2021/01185 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2021/01185
| 2021 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2021/01185 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ т холбогдох
Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 2371 дугаартай шийдвэрээр Хайрхан ойл ХХК-иас 2.824.857.023 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Билэгтмаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан боловч гэнэт харьяаллын бус Сүхбаатар дүүргийн 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Мядагбадам шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удирдан явуулж барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс гудамж 68/1, 68/2тоот хаягт байршилтай 24806 m.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 168023/0095, 18634308101755 дугаарт бүртгэлтэй 23400м.кв агуулахын зориулалтгай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг үнэлгээний компаниар 4.761.445.380 төгрөгөөр үнэлүүлсэнээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотыг 10 дугаар сарын 30-нд манайд шуудангаар ирүүлсэн юм.
Манай компани нь төлбөр төлөгч биш боловч өөрийн барьцаалуулсан эд хөрөнгөө ийм зах зээлийн үнэнээс хэд дахин бага доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.- д зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна.
Мөн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой ажиллагаанд 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч оролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.Төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэрэгээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн.
Шинжээч дүгнэлтдээ 20 тоннын багтаамжтой 20 ширхэгтэй, түлш агуулах савыг хэрхэн үнэлсэн тухайгаа бичээгүй, контор, агуулах, граж гээд обьектоосоо тус тусдаа байдаг тус тусад нь үнэлээгүй, энэ тухай дүгнэлтэд байхгүй байна.
Шинжээч үнэлгээг хийхдээ энэ үл хөдлөх хөрөнгө нь өөрөө, бензин шатах материал хадгалах зориулалтай агуулах гэдэг талаас нь авч үзэлгүй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар үнэлсэн дүгнэлт юм. Иймээс шинжилгээний дүгнэлтэд бодитой үнэлэгдэхгүй орхигдсон байна. Учир нь нийт 20тн 20 ширхэг агуулахын төмөр сав байдаг. Тэрүүгээр бензин түлш хадгалж, тараах зориулттай юм.Тэр савнуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/Ш32018/10670 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Хайрхан ойл ХХК-аас 2.824.857.023 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Хайрхан ойл ХХК-д 2020 оны 2028097/156, 20280197/2, 20280197/07 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Хайрхан ойл ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 20280197/03 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20280197/06 дугаартай хураах тогтоолоор хураасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4.761.445.380 төгрөгөөр тогтоосныг 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4-152/38503 дугаартай мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Хуульд заасны дагуу үнэлгээ хийгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг.
Иргэний хуулийн 177 зүйлд заасны дагуу талуудад үнийн саналыг мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 зүйлд заасны дагуу шинжээч томилсон. Манайхаас үнэлгээнй тайлан дээр нэмэлт агуулах савыг үнэлүүлсэн. Мөн 150 тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажлаас чөлөөлөгдсөн тул 152 тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Химийн шингэн ХХК нь НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02371 дугаартай шийдвэрээр Хайрхан Ойл ХХК-иас 2.810.575.993 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 14.281.030 төгрөгийн хамт гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгох, Хайрхан ойл ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-22050116633 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж , баруун бүс /16102/ гудамж, 68/1, 68/2 тоот хаягт байрлах 24,806 м.кв талбайтай, үйлчилгээ, үйлвэрлэлийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 168023/0095, 18634308101755 дугаартай Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23.400 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 27-31-р хуудас/
НШШГГ нь дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:
1.НШШГГ нь дээрх шийдвэр, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00118 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг нээсэн боловч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаагүй, зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал: Хариуцагч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаагүй байхад 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон ажиллагаа хийсэн байна
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2.-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасан байхад 150 дугаар тойрогт 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг албан даалгавараар ажиллагаа гүйцэтгүүлж байгаа нь уг хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.
2. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20280197/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, тэмдэглэл хөтлөхдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д заасны дагуу Э.Ариунзолбоо, Г.Өгийдалай нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан боловч мөн хуулийн 41.4.-т зааснаар хөндөлөнгийн гэрчид эрх , үүрэг тайлбарлан өгөөгүй байна. /хх-ийн49-52-р хуудас/
3.Шийдвэр гүйцэтгэгч нь Барьцаанд буй хөрөнгийн өмчлөгч Химийн шингэн ХХК-иас С.Тунбаярт 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосон байхад итгэмжлэл олгохоос өмнө С.Тунбаяртай уулзаж барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа хийж байгаа талаар болон түүний 88089099 дугаартай утас руу залгаж үнэлгээний мэдэгдэл авсан эсэх талаар тэмдэглэл үйлдэх, үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх гэх мэт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад байгааг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй харьцан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байна гэж үзэхгүй. /хх-ийн 47, 52, 58, 77, 99, 101-р хуудас/
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд /төлбөр төлөгч/ төлбөр авагч/, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан.
Гэтэл өмчлөгч Химийн шингэн ХХК-ийн захирал С.Сэлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №20/29 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 57-р хуудас/
Тодруулбал: төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн санал ирүүлээгүй байна.
5.Төлбөр төлөгч Хайрхан ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батбаатартай харьцаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа боловч түүнд олгосон итгэмжлэл байхгүй байх тул төлбөр төлөгч Хайрхан ойл ХХК-д ажиллагааны тухай мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 98,100-р хуудас/
6.Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтэд Үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газар 4.761.445,38 төгрөг, Түлш агуулах сав 267.750,0 төгрөг, нийт 5.029.195,38 төгрөг гэж үнэлсэн боловч тайланд үл хөдлөх хөрөнгө болон газрыг, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын аргаар үнэлсэн талаар бичигдэж, түлш дамжуулах шугамтай холбогдсон гэх 21 ширхэгтэй түлш агуулах савыг ямар аргаар үнэлсэн болох нь авагдаагүй байна./хх-ийн 106-143-р хуудас/
7. Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Билэгтмаа өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тул 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч томилогдох хүртэл хугацаанд бүртгэлийн 20280204 баримт бичигт Сүхбаатар дүүргийн 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Мядагбадамд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/18 дугаартай даалгавараар даалгасан байхад түүнээс хойш гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох Анхны албадан дуудлага худалаа явуулах тогтоолыг Үл хөдлөх эд хөрнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж байгаа боловч 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч хэн ажиллагаа хийж байгаа болох нь тодорхойгүй байна. /хх-ийн 59, 63-р хуудас/
Дээрх бүхнээс дүгнэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02371 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 23 дугаар зүйлийн 23.1., 36 дугаар зүйлийн 36.4., 41 дүгээр зүйлийн 41.4., 55 дугаар зүйлийн 55.2.2.дах заалтад нийцээгүй байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Химинй шингэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГГ т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02371 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО