| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0009/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/221 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 6 гудамжны 02 тоот иргэн ******* хашаанаас “мустанг”-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний хувьд мотоцикль хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Баянхонгор сумын 7.6.2 тоотод оршин суух ******* гэрт 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр орсон, энэ үед би архи уусан согтуу байсан юм. Би уг нь тай уулзах санаатай очиход гэртээ байхгүй, гэрт нь 2 бага насны хүүхэд байсан. Ингээд мотоциклийн түлхүүр нь гэрийнх нь унинд байхыг хараад тэнд байсан 4- 5 насны хүүхдэд “ах нь мотоциклийг нь аваад явлаа шүү ахдаа хэлээрэй” гээд гарч гэрийнх нь гадаа байсан хөх өнгийн улсын дугааргүй мотоциклийг хашааны хаалгаар түрж гаргаад асаагаад унаад явсан. Ингээд Өлзийт сумд очоод Пүрэв гэж хүнд 100000 төгрөгний барьцаанд тавьж байгаад сая баригдаж мотоцикль болон Пүрвээгээс авсан 100000 төгрөгийг буцаан өгсөн байгаа. Миний хувьд мотоциклийг зөвшөөрөлгүй эзэнд нь мэдэгдэлгүйгээр авч явснаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 /,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд ын гэрт нь орж 2 хүүхдэд нь хэлээд мотоциклийг авч яваад Өлзийт сумд гэж хүнд 100000 төгрөгний барьцаанд тавьсанаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна гэв. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хотод байхад манай эхнэр яриад “би цэцэрлэг яваад ирлээ, чиний мотоцикль алга байна, манайд ******* гэдэг хүн орж ирсэн гэж хүүхэд хэлж байна, тэр хүн чинь аваад явсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр дуудлага өгсөн. “Мустанг“-5 маркийн улсын дугааргүй, хөх өнгийн мотоцикль байсан, арал дугаарыг нь мэдэхгүй...******* гэх хүнийг сэжиглдэж байна. Алдсан мотоциклио 350000 төгрөгөөр үнэлнэ. гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 /,
...Миний мотоциклийг ******* гэх таньдаг ах хулгайлж авч явсан байсан. Миний алдагдсан мотоциклийг ******* цагдаад баригдаад манайд авчирч өгсөн. Би мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...******* нь манайд орж ирсэн. Ямар нэгэн байдлаар мотоцикль авч явах тухай хэлээгүй гэсэн...Миний хувьд *******д мотоциклийг надаас зөвшөөрөлдгүй авч явсан. Миний хувьд энэ хүнд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй...Би мотоцикль үнэлсэн үнэлгээтэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт алга. гэх мэдүүлэг / хх-ийн 17-19/ 4.
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2017 оны 09 дүгээр сарын 30-нд манай нутгийн ******* ******* гэх ах манайд орж ирээд “ ахад нь мөнгөний хэрэгцээ гараад байна, миний мотоциклийг барьцаанд аваад 100000 төгрөг өгчих” гэхлээр нь таньж мэддэг хүн болохоор нь мотоциклийг нь авч үлдээд 100000 төгрөг өгч явуулсан. Уг мотоцикль “Мустаг”-5 маркийн хөх өнгийн мотоцикль байсан...Би өөрийнхөө мотоциклийг барьцаанд тавьж байна гэж бодсон....2017 оны 10 дугаар сарын 06-ний өдөр ******* ах ирээд надаас зээлж авсан 100000 төгрөгийг буцааж өгсөн. Надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нөхөр Улаанбаатар хот явсан эзгүй байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр цэцэрлэгээс хүүхдээ аваад иртэл манай хашаанд гэрийн хажууд байсан хөх өнгийн “мустанг”-5 маркийн мотоцикль алдагдсан байсан. Мотоциклийг хашаанаас түрж гаргаад гудамжны баруун тийш явсан байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25/, 6. Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн шинжээчийн: “Мустанг”-5 хуучин мотоцикль 350.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-35 /, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан хэргийг эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь бусдын мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч ******* *******д оногдуулсан хоёр зуун тавин / 250 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс /04 / дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг / 01 / хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ