Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Хохирогч Ж.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа

Шүүгдэгч Л.Б-О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Л-ын Б-О-д холбогдох 2416000390058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 11-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ***** ХХК-д галч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн ****** баг түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн, тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдэж байсан, **** регистрийн дугаар, Х овгийн Л-ын Б-О,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б-О нь 2021 оны 03 дугаар сарын 01-ээс 2021 оны 04 дүгээр сарын дунд үеэр хохирогч Ж.Б-ийн хятад “да” тамгатай, хар байдас, сартай хээр байдас, “Б” үсгэн тамгатай хээр байдас зэрэг 3 тооны адууг **** аймгийн *** сум, **** аймгийн ****сум, **** аймгийн **** сумдын зааг нутаг “***” “**” “***” гэх нэршилтэй газрын орчмоос буюу олон тооны малыг хулгайлан авч хохирогч Ж.Бд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Б-О нь 2021 оны 03 дугаар сарын 01-ээс 2021 оны 04 дүгээр сарын дунд үеэр хохирогч Ж.Бгийн хятад “да” тамгатай, хар байдас, сартай хээр байдас, “Б” үсгэн тамгатай хээр байдас зэрэг 3 тооны адууг **** аймгийн *** сум, *** аймгийн *** сум, **** аймгийн *** сумдын зааг нутаг “***” “***” “***” гэх нэршилтэй газрын орчмоос буюу олон тооны малыг хулгайлан авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь бусдын олон тооны малыг хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Б-О гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 01-ээс 2021 оны 04 дүгээр сарын дунд үеэр миний хятад “да” тамгатай, хар байдас, мөн ийм тамгатай сартай хээр байдас, “Б” үсгэн тамгатай хээр байдас зэрэг 3 тооны адуу **** аймгийн *** сум, *** аймгийн *** сум, *** аймгийн *** сумуудын зааг нутаг “***” “***” “***” гэх нэршилтэй газрын орчмоос бэлчээрээсээ алга болоод одоо болтол хайгаад олдоггүй байгаа юм. Гэтэл манай дүү **** 3 адуугаа сураглаж яваад *** аймгийн ***ын нутгаас 2021 оны 08 дугаар сард сураг гаргасан юм. Би уг сургийн дагуу Т.М гэх хүний хамтаар манай дүү Б-д манай адуунуудын сургийг гаргаж өгсөн Ц сумаас баруун тийш 10 гаруйхан км-н орчимд нутаглаж байсан Д гэх хүн дээр 2021 оны 08 сарын сүүлээр очсон юм. Д-тэй уулзаж манай адуу тухайн үед адуунд нь байгаа гэх хүний адуунд очиж адуугаа үзсэн тэр адуунууд Дийн гэрээс баруун хойшоо чигт сайн бол 2 км орчим яваад байж байсан.Тухайн адуунууд дотор миний алдсан 3 адууны 2 нь буюу хятад “да” тамгатай сартай хээр байдас, “Б” үсгэн тамгатай хээр байдас 2 байж байсан үүнийг надтай цуг явсан М бас харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

2.Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** аймгийн *** сум руу 2021 оны 08 сарын сүүл үе байсан байх өдрийг нь нарийн сайн санахгүй байна 08 дугаар сарын сүүл үе гэдгийг нь бол сайн санаж байна. Бийн хамтаар түүний 3 тооны байдас алга болсон. Сураг гарсан гээд ханиндаа хамт явсан. Тэр сургийг Б-ийн мал дээрээ байдаг дүү Б гаргасан юм шиг байсан. *** аймгийн *** сумаас баруун хойш хэдэн км гэдгийг нарийн сайн мэдэхгүй байна 10 гаран, сайн бол 20 км зайд байх Д гэх айлд очсон, миний үеийн хүн байсан. Бийн тэр хүнд хэлж асуусан “хятад да” тамгатай сартай хээр байдас, “хятад да” тамгатай хар байдас “Б” үсгэн тамгатай хээр байдас гэх 3 адууг асуухад “Б” үсгэн тамгатай хээр байдас, “хятад да” тамгатай хээр байдас 2 нь энд айлын адуунд байгаа гэж тэр хүн хэлж байсан. Ингээд тэр хүнийг аваад тэр айлаас баруун хойшоогоо 2 км орчим явсан байх нэг алагтай хэсэг адуун дээр очсон. Тэр адуун дотор “Б” тамгатай хээр байдас “хятад да” тамгатай хээр байдас хоёр байсан. Тэр 2 адуу Ж.Бгийн адуу мөн байсан. Би Бийн адуунуудыг сайн танина. Ингээд тэнд байсан адуунуудын эзний утасны дугаарыг нөгөө Д-ээс аваад Б түүнтэй утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

3.Гэрч П.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болсон явдлыг яг өөрийн мэдэж байгаагаар ярина. 2021 оны өвөл манай эхнэрийн төрсөн ах М-Э эхнэр бид 2-той утсаар холбогдоод БОч 2 байдас зарна гэж байна. Эхлээд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгчих гэсэн юм. Тухайн хоёр байдсыг нийлүүлээд 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгөөр тооцож авахаар болсон юм. Тухайн 2 байдсыг авахаар болоод эхнэрийн данснаас бид хоёр Б-Оын данс руу 800.000 (найман зуун мянган төгрөгийг) шилжүүлж өгсөн. Бид хоёрт байсан мөнгө нь тэр байсан байхаа хавар авахдаа үлдэгдлийг нь өгье гэж тохирсон. Хавар би 4 сарын сүүл 5 сарын эх билүү хугацааг нь бол нарийн санахгүй байна азарга хураах цагаар хавар Б- Оын гэрт очиж 2 байдас авсан. Ингэхдээ түүнд мөнгийг нь бэлэн 500.000 (таван зуун мянган ) төгрөгийг өгөөд авсан. Б-Оын гэр нь тэр үед **** аймгийн *** сум, ** аймгийн *** сум хоёрын заагт байсан. Хоёр адууг мөн тэр хавиас ойрхон “өнгөтийн дээд үзүүр” гэх газраас очиж барьж аван өөрийн мотоцикл дээр хөтөлж адуунаас нь холдуулж тавиад араас нь хөөгөөд ***-д авчирсан. Б-О уг 2 адууг өөрийн адуун дотроосоо өөрөө барьж өгсөн. Б-Оын адуунууд нь онги тамгатай харагдсан надад өгсөн 2 байдас хоёулаа өөр тамгатай байсан нэг нь “Б” үсгэн тамгатай хальт харсан хүнд 6-н тоо шиг харагддаг, нэг нь одоо би санахгүй байна. Миний нэрийг нь хэлж мэдэхгүй тамга байсан шиг санагдаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

 

4.Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны өвөл миний төрсөн ах М-Э над руу утсаар яриад Б-О 2 байдас зарна гэж байна. 1.000.000 /нэг сая/ төгрөг өгчих гэсэн юм. Тухайн үед би Б-Оын өөрийнх нь данс руу 800.000 /найман зуун/ мянган төгрөгийг шилжүүлсэн юм. цагаан сарын үеэр мөнгөө тэгж шилжүүлсэн. Хоёр байдсаа авахдаа хавар авсан шиг санагдаж байна. Манай нөхөр очиж авчирсан юм. Үлдсэн мөнгийг нь адуугаа авахдаа өгсөн тэр 2 адууг нийт 1.400.000 билүү 1.300.000 билүү би яг нарийн сайн санахгүй байна мөнгөнд тооцож авсан юм тэр үеийн хаан банкны хуулгаа аваад би танд өгье. Хоёр удаа мөнгө өгсөн эхний 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг би өөрийн данснаас үлдсэн мөнгийг хавар манай нөхөр өөрийнхөө данснаас өгсөн байхаа. Одоо нэг гүү нь байгаа нэг гүү нь байхгүй манайд ирсэн жилээ хоёулаа унагалсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

5.Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 адуугаа хайгаад олоогүй харин сургийг нь гаргасан. Уг нь би ”Б” үсгэн тамгатай хээр байдсыг 2021 оны 03 дугаар сарын үе байхаа хугацааг нарийн хэлж мэдэхгүй байна өмнө нь алдаад дараа нь “хятад да” тамгатай 2 байдсыг 4 сар гаргаад алдчихсан юм. Сургийг би 2021 оны 08 дугаар сарын эхээр гар утсаар ийш тийш хүнд захиж байж гаргасан. Сургийг нь гаргаж өгсөн хүнийг Д гэдэг. Энэ хүн **** аймгийн **** сумын хүн байгаа юм. Надад хэлэхдээ миний хайж байсан адуунуудын 2 нь *** сумын ганган Б-Э гэх хүний хүргэний адуунд байна гэсэн юм. Тухайн үед тэр хүний нэрийг хэлж байсан. Би мартсан байна. Тэгээд ямар хоёр нь байна гэж намайг асуухад Д гуа хэлэхдээ “Б” үсгэн тамгатай хээр байдас “хятад да” тамгатай хээр байдас хоёр нь байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ах Б-д хэлж ах маань очиж үзэхээр тэр оны 08 дугаар сарын сүүлээр **** сум руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-49-р хуудас/,

 

6.Төрийн банк дахь Б.Нийн **** дугаартай харилцах данснаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б-Оын Хаан банк дахь **** дугаартай харилцах данс руу адууны мөнгө ****** гэсэн утгатайгаар шилжүүлсэн дансны хуулга,

 

7.Ашид Билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-921/61 дугаартай Ж.Бгийн хулгайд алдагдсан гэх 3 тооны адууг нийт 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт/хх-ийн 61-63-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан тохиолдолд хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг олон тоон мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.

 

Мөн “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарласан.

 

Шүүгдэгч Л.Б-О нь бусдын 3 (Гурав) тооны бод мал буюу адууг хулгайлснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм нар шүүх хуралдаанд: “...Гэм буруутайг тогтооход хэргийг тал бүрээс нь шалгах ёстой байсан ч тогтоогоогүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримт хангалттай бус гэж үзэж байгаа... Тэгэхлээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, тогтоож өгөөч ээ, хэргийг 34.16 дугаар зүйлд зааснаар хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргаж, шүүгдэгч Л.Б-О шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар маргаж оролцов.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Л.Б-От холбогдох 2416000390058 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 95-99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Б-Оын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй бөгөөд урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн, тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 (Хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцнэ гэж дүгнэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Л.Б-От эдлүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-От мэдэгдэв.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Л.Б-Оын хохирогч Ж.Бгээс хулгайлан авсан 3 тооны адуу нь хавтас хэрэгт авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-921/61 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр үнэлэгджээ.

 

          Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/-ээр иргэний нэхэмжлэгч П.Ц нь хяналтын прокурор Б.Түвшинтөрийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай тогтоол /хх-ийн 24-25 дугаар хуудас/-оор хураан авч, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/-ээр хохирогч Ж.Бд хүлээлгэн өгч хариуцуулсан Б үсгэн тамгатай хээр зүстэй хээлтэй гүүний үнэд 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгийг нэхэмжилдэг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ж.Бгийн хулгайд алдсан 3 (Гурав) тооны адууны нэг бүрийн үнийг 1,000,000 (Нэг сая) төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх тус үнэлгээг баримтлан шүүгдэгч Л.Б-Ооос 1,000,000 (Нэг сая) төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч П.Ц-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Хохирогч Ж.Б нь хулгайд алдсан 3 тооны адуунаас Б үсгэн тамгатай хээр зүстэй хээлтэй гүүг хураан авч хариуцуулсан прокурорын тогтоолыг шүүхээс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус хүчингүй болгож түүнд олгохоор шийдвэрлэсэн тул олдоогүй үлдсэн 2 тооны адууны үнэ болох 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг шүүгдэгч Л.Б-Ооос гаргуулж хохирогч Ж.Бд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

          Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст авагдсан 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тогтоолоор битүүмжилсэн Б үсгэн тамгатай хээр зүсмийн хээлтэй гүүг хохирогч Ж.Бд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б-О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн хамт ирүүлсэн 2 (Хоёр) ширхэг Б үсгэн тамгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.М-д буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Л-ын Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Б-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-От оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж, 2 (Хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-От эдлүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-От мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-Ооос 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бд, шүүгдэгч Л.Б-Ооос 1,000,000 (Нэг сая) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ц-т тус тус олгосугай.

 

8.2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тогтоолоор битүүмжилсэн Б үсгэн тамгатай хээр зүстэй хээлтэй гүүг хохирогч Ж.Бд олгосугай.

 

9.Шүүгдэгч Л.Б-О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн хамт ирүүлсэн 2 (Хоёр) ширхэг Б үсгэн тамгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.М-т буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б-От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР