Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0058

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Д.Эрдэнэчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч П.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар тушаал гарсан гэдгийг миний бие 3 сарын цалин дутуу орох буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн бөгөөд энэ тушаалыг надад мэдэгдээгүй, гардуулаагүй гэнэт цалингаас суутгал хийсэн байсан. Миний бие уг тушаалыг 2017 оны 4 сарын 25-ны өөр хүний нөөцөөс хуулбарлаж авсан. Энэ захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлүүдэд заасан хэм хэмжээг баримтлаагүй, хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар тушаалыг тэмдэглэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албаны баримт бичгийг бусдад хууль бусаар ашиглуулсан сахилгын зөрчил гаргасан” гэдэг нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл надад хадгалагдах баримт бичгийг бусдад хууль бусаар ашиглуулсан үйлдэл би хийгээгүй болно. Тухайн үеийн бодит нөхцөл байдал нь нотлогдон тогтоогдоогүй асуудлаар надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаал “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын тухайд. Энэхүү захиргааны актыг гарсан гэдгийг миний бие ам дамжсан яриагаар мэдсэн бөгөөд энэ тушаалыг надад мэдэгдээгүй, уг тушаалыг өнөөдөр хүртэл надад гардуулж өгөөгүй. Уг тушаалд “төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийг хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулаагүй зэргээр ажлын хариуцлага алдсан” гэжээ.

Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн өвчний учир нэг сарын хугацаанд ажиллах боломжгүй байсан тул миний бие ганцаараа 2 хүний ажлыг хийж илүү цагаар ачаалалтай ажилласан, ой хүрээгүй, хөхүүл хүүхэдтэй богиносгосон цагаар ажиллах ёстой байсан боловч илүү цагаар ажиллаж байсан.

Албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргад тухай бүрд нь танилцуулж, зааварчилгаа авч, хугацаатай албан бичгийн хариуг хугацаа алдалгүй шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн.

Захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн дагуу ажиллаагүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, надад огт мэдэгдээгүй болно. Дашрамд хэлэхэд манай хэлтсийн ажилтнууд тэр дундаа миний хувьд албан ажлаа хэвийн явуулах нөхцөл боломж нэн хомс байдалд 5 жилийн нүүр үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна.

Иймд Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Ц-г төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулдаггүй зэргээр ажлын хариуцлага алдсан. Албан бичгийн хариуг заасан хугацаанд нь холбогдох этгээдэд хүргүүлдэггүй, хугацаа хоцруулдаг дахин дахин шаардуулдаг зэрэг нь баримтаар тогтоогддог. Зөвхөн нэг жишээ дурьдахад  Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг аймгийн үнэ зөвшилийн комиссоор тогтоолгохоор 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн байдаг. Уг албан бичиг, шүүгчийн захирамжийг мэргэжилтэн П.Ц-д цохолт хийж шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлэхээр хугацаа тогтоосон байхад мэргэжилтэн П.Ц  захирамжийн хариуг хүргүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон.

Мөн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Ц нь албан ажилдаа хариуцлагагүй хандаж эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албан бичгийг бусдад ашиглуулсан нь тогтоогддог. Иргэн Чинбатын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн Авилгатай тэмцэх газрын албан бичиг нь аймгийн засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын цохолт хийгдсэн албан бичиг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Ц-д Засаг даргын Тамгын газрын  дарга 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагч нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Оюунцэцэг, Н.Чинбат, Нямдэлгэр нарын мэдүүлгээс үзэхэд П.Ц-д Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах бодит хууль зүйн боломж нь бүрдээгүй гэж үзэж байна. Уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулалгүйгээр, тушаалыг нягтлан бодогчид өгч, нягтлан бодогч нь нэхэмжлэгчид хэлэлгүйгээр цалингаас нь суутгал хийсэн ба 3 дугаар сарын цалин нь дутуу ороход өөр нь сахилгын арга хэмжээ авсан гэдгийг мэдсэн байдаг.

Энэхүү тушаалын үндэслэл нь эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах баримт бичгийг бусдад ашиглуулсан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байсан. Гэтэл иргэн Н.Чинбат гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...тухайн цахим сүлжээнд тавьсан баримт бичгийг П.Ц-ээс аваагүй, 1 давхарт байдаг өрөөнөөс авсан...” гэж мэдүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь 1 давхарт суудаггүй байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Засаг даргын Тамгын газрын байрны 2 давхарт Болормаа гэх хүнтэй хамт нэг өрөөнд сууж байсан. П.Ц-ийн өрөөнөөс баримт бичиг алга болсон, эсвэл П.Ц нь бусдад ашиглуулсан байна гэдгийг нотлоогүй байж арга хэмжээ авсан байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд үйл ажиллагааны хувьд үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж байна.

Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаал гарсан талаар Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Мөнхжагаа нэхэмжлэгчид хэлсэн ба П.Ц нь уг тушаалыг асуухад төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд явагдаж буй ажлын талаар удирдлагадаа мэдэгддэггүй зэрэг ажлын хариуцлага алдсан байх тул П.Ц-д албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэхүү тушаалаар нэхэмжлэгчид цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч хугацаа болон хэдэн хувь буурах нь ойлгомжгүй байна. Төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээ хариуцагч тал нотлоогүй юм. 2017 оны 3 дугаар сард Хууль эрх зүйн хэлтэст П.Ц , Мөнхжагаа нар нь хоёулханаа ажилласан. Ийм нөхцөл байдалтай байхад төлөвлөгөө гаргасан боловч ажлыг тэнцүү хуваарилсан зүйл байхгүй байгаа юм. Хууль эрх зүйн хэлтсийн 7 хоног бүрийн төлөвлөгөөнд дээр “хэрэгжүүлээгүй” гэж тэмдэглэсэн байна. Үүнээс харахад мэргэжилтэн П.Ц-д тухайн 7 хоногт төлөвлөсөн бүх ажлыг хуваарилсан байсан. Харин ч ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэгийн ажлыг давхар хийсэн гээд урамшуулах байтал сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Албан бичгийн хариуг хугацаанд хүргүүлээгүй гэх үндэслэлийг талаар дурдвал Булган сумын дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр албан бичгийг мэргэжилтэн П.Ц-ийн гарын үсэг зурж аваагүй, мөн хугацаагүй албан бичиг байсныг шүүх анхаарч үзнэ үү. Мөн уг албан бичиг нь Хууль зүйн хэлтэст хамааралгүй асуудлаар албан бичиг ирсэн байна. Мөн албан үүргийн хүрээнд ажлаа удирдлагадаа танилцуулдаггүй гэдгийг хариуцагч тал нь нотлоогүй. Ямар ажлыг удирдлагаа танилцуулаагүй вэ гэдгийг нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

Нууц албан бичиг гэдэгт юу хамаарч байна вэ Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлагдсан. Уг зааврын 7.1-д нууц баримт бичигтэй холбоотой заавар байдаг. Байгууллагын нууц баримт бичгийг боловсруулж, хадгалах, ашиглах нийтлэг журмыг заасан. Хариуцагч талаас алдагдсан гэх баримт бичгийг нууц албан бичигт хамаарна гэдгийг хариуцагч тал нотлоогүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Улсын Их хурлын 51 дүгээр тогтоолоор Авлигатай Тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолын хавсралтын 4.1.1-д төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх гэж заасан байна. Үүнд нийтийн албан тушаалд нэр дэвшсэн хүний урьдчилсан мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод, нийтэд ил мэдээлэх гэж заажээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ил тод байх ёстой баримт бөгөөд мэргэжилтэн П.Ц  нь ил тод болгосон гээд арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Ц-г 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулж, цалингийн хэмжээг 20 хувь бууруулах арга хэмжээ авагдсан. П.Ц-ийн гаргасан нэхэмжлэл нь шүүхийн харьяалал зөрчөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр хандсан боловч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэлгүйгээр шүүхэд ханд гэх хариу өгсөн юм.

Мөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг заасан. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхой заасан байдаг. Дээрх тушаалуудад дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдэд заасан хориглосон, үүргээ зөрчсөн, хориглосон  үйл ажиллагаа явуулсан нь нотлогдохгүй байгаа юм.

Хариуцагч тал нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар тушаалыг гаргахдаа эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албаны баримт бичгийг бусдад ашиглуулсан гэх үндэслэлийг тайлбарладаг. Гэтэл хариуцагч нь албаны баримтыг бусдад ашиглуулсан гэх Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотыг нэхэмжлэгч нь гардаж авсан, мөн бусдад задруулсан гэдгийг нотолж чадахгүй байгаа юм. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварт хаанаас ямар бичиг ирсэн, хэнд шилжсэн бэ гэдэгт заавал бүртгэл, тэмдэглэл хөтлөх талаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн өрөөнөөс алдагдсан албан бичиг нь нэхэмжлэгчид ирсэн, гардаж авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа юм. Шүүхээс Засаг даргад 2017 оны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг Засаг даргын нарийн бичиг Чулуунцэцэг нь хүлээн авч, Засаг даргад танилцуулж, аймгийн Засаг даргаас Засаг даргын Тамгын газрын даргад цохолт шилжиж, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-с Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М-д шилжүүлсэн боловч Б.М уг албан бичгийг хүлээн авсан тэмдэглэл байхгүй юм. Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-ын ажилдаа хайнга хандсаны улмаас албан бичгийг бусдад задруулчихаад уг үйлдэлдээ эзэн олох гэж нэхэмжлэгчид асуудлыг тохож, үүнтэй уялдуулж П.Ц-г дарамталсан зүйл харагдаж байгаа юм.  Цахим сүлжээгээр тархсан, бусдын нэр хүндэд халдсан гэх албан бичиг нь нууцад хамаарах баримтад хамаарахгүй байгаа юм. Иймд уг үндэслэлээр албан тушаалын цалингийн хувийг бууруулсан нь хууль бус байгаа юм.

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалаар арга хэмжээ авахдаа төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, хугацаатай албан бичгийн хариу хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд гүйцэтгэж байгаа ажлыг удирдлагадаа танилцуулаагүй зэргээр ажлын хариуцлага алдсан гэж дурджээ. Төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэх үндэслэлийн хувьд төлөвлөгөөг гүйцэтгэхгүй, хугацаа хэтрэх тохиолдол байдаг. Гэтэл төлөвлөгөөн дээр гүйцэтгээгүй гэж тэмдэглэсэн нь П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон байгаа юм. Гэтэл төлөвлөгөөнд “хийгээгүй” гэж тэмдэглэсэн нь эргэлзээтэй байгаа юм. Албан бичгийг хугацаанд нь явуулаагүй гэх үндэслэлийн хувьд Х аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхээс шинжээч томилсон албан бичиг ирсэн ба уг ажил нь Хууль, эрх зүйн хэлтэст харьяалагдахгүй юм. Уг албан бичгийн хугацаа хэтрүүлсний улмаас хэргийн хугацаа алдсан, хүний эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй ба арга хэмжээ авах шалтаг болсон гэж үзэж байна.

Албан ажлын хүрээнд хийгдэж буй ажлыг удирдлагадаа танилцуулдаггүй гэж тушаалд дурджээ. Маргаан бүхий дээрх 2 тушаалуудыг харьцуулж үзэхэд он, сар, өдөр, үгнүүд нь өөр болохоос биш нэг загвараар хийгдсэн байна. Тушаалыг төлөвлөж, гарын үсэг зурж байгаа Засаг даргын Тамгын газрын дарга нь хууль, эрх зүйн мэдлэггүй гэж үзэхээс аргагүй байна. Хуульч биш хүн харсан ч гэсэн тушаалуудын агуулга нь ойлгомжгүй, тодорхой биш, илт хууль бус захиргааны акт болох нь харагдаж байгаа юм. Дээрх тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг, 40.2.4 дэх заалтыг зөрчсөн, утга агуулгын хувьд илт алдаатай захиргааны акт гэж үзэж байна. Нөхцөл байдлыг тогтоож байж захиргааны акт гаргасан юм уу, нотлох баримт цуглуулж сонсох ажиллагааг хийсэн эсэх нь эргэлзээтэй, хууль зөрчсөн акт байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт  цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт  тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд шууд хандаж нэхэмжлэл гаргахаар, мөн хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын  захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар Ховд аймаг дахь   захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн харьяаллын маргаан байна.

 Нэхэмжлэгч П.Ц нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албаны баримт бичгийг бусдад хууль бусаар ашиглуулсан сахилгын зөрчил гаргасан гэдэг нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй асуудлаар надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлынхаа талаар Хууль эрх зүйн хэлтсийн даргад тухай бүрд нь танилцуулж, зааварчилгаа авч, хугацаатай албан бичгийн хариуг хугацаа алдалгүй шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн” гэж,

Харин хариуцагч П.Ц  нь албан ажилдаа хариуцлагагүй хандаж эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албан бичгийг бусдад ашиглуулсан нь тогтоогддог. Иргэн Чинбатын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн Авилгатай тэмцэх газрын албан бичиг нь аймгийн засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын цохолт хийгдсэн албан бичиг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Албан бичгийн хариуг заасан хугацаанд нь холбогдох этгээдэд хүргүүлдэггүй, хугацаа хоцруулдаг дахин дахин шаардуулдаг зэрэг нь баримтаар тогтоогддог гэж тус тус мэтгэлцэжээ.

 

 1. Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2017 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн А/23 дугаар “ П.Ц-д сахилгын шийтгэлийг ногдуулах тухай” тушаалын тухайд

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  А/23 дугаар тушаалаар  нэхэмжлэгч П.Ц-д эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албаны баримт бичгийг бусдад хууль бусаар  ашиглуулсан сахилгын зөрчил гаргасан гэж үзээд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгон албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн А/23 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах ” гэсэн хуулийн заалтыг  үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй байна.

   Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Ц нь албан ажилдаа хариуцлагагүй хандаж эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албан бичгийг бусдад ашиглуулсан нь тогтоогддог. Иргэн Чинбатын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн Авилгатай тэмцэх газрын албан бичиг нь аймгийн засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын цохолт хийгдсэн албан бичиг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон” гэжээ. 

Гэтэл хэрэгт авагдсан гэрч Н.Чинбатын мэдүүлэгт: “...Ц-ийн өрөөнд ороход П.Ц өөрөө түр гараад явчихсан байсан ба уг албан бичиг ширээн дээр нь байсан. Тэгэхээр Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн уг албан бичгийн зургийг авч цахим сүлжээнд нийтэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Чулуунцэцэгийн “...Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05/981 дүгээр албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгч П.Долгороос хүлээн авсан. Тэгээд аймгийн Засаг даргад танилцуулаад Засаг дарга цохолт хийсний дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-д хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгөхдөө манай “Ирсэн бичгийн бүртгэл”-д бүртгэж Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-оор гарын үсэг зуруулж өгсөн.Тамгын газрын дарга уг албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цохолт хийж надад хүлээлгэн өгсөн тохиолдолд ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэдэг. Уг албан бичгийг надад буцааж өгөөгүй учраас бүртгэлд тусгагдаагүй...” гэх мэдүүлэг,

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05/981 дүгээр албан бичигт аймгийн Засаг дарга тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-д гэсэн цохолт тэмдэглэсэн, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г  нь тус аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.М д гэж тэмдэглэсэн, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны ирсэн бичгийн бүртгэлд дээрх албан бичгийг Х аймгийн Засаг даргын Тамгын дарга Б.Г гарын үсэг зурж хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглээгүй, хэнд шилжүүлснээ тэмдэглүүлээгүй болох нь тогтоогдсон байхад нэхэмжлэгч П.Ц-г албан ажилдаа хариуцлагагүй хандаж, Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05/981 дүгээр албан бичгийг эрх бүхий албан тушаалтны хувьд өөрт хадгалагдах албан бичгийг бусдад ашиглуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            2. Хаймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр  сарын 24-ны өдрийн А/33 дугаар  “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалын тухайд

 Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр  сарын 24-ны өдрийн А/33 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч П.Ц-г “төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн  хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулдаггүй зэргээр ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэж үзээд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах” гэсэн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу байна.

   Хариуцагч тайлбартаа “П.Ц-г төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн   хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулдаггүй зэргээр ажлын хариуцлага алдсан.  Албан бичгийн хариуг заасан хугацаанд нь холбогдох этгээдэд хүргүүлдэггүй, хугацаа хоцруулдаг дахин дахин шаардуулдаг зэрэг нь баримтаар тогтоогддог.  Зөвхөн нэг жишээ дурьдахад  Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг аймгийн үнэ зөвшилийн комиссоор тогтоолгохоор 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн байдаг. Уг албан бичиг, шүүгчийн захирамжийг мэргэжилтэн П.Ц-д цохолт хийж шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлэхээр хугацаа тогтоосон байхад мэргэжилтэн П.Ц  захирамжийн хариуг хүргүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн” гэжээ.

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр Ховд аймаг дахь Булган сумын сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр ирүүлсэн тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр захирамжийг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны Ирсэн бичгийн бүртгэлийн 286 дугаар бүртгэж, уг албан бичгийг Х аймгийн Засаг даргын туслах Х.Ч гарын үсэг зурж хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар ирсэн бичгийг бүртгэлд тусгаагүй байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр албан бичиг, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр захирамжийг П.Ц  хүлээн авсан, хугацаа хэтрүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад түүнийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Л.Оюунцэцэгийн мэдүүлэгт: “...Хууль эрх зүйн хэлтсийн 7 хоног бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь бүгдээрээ хэрэгжсэн, хийж гүйцэтгэсэн ажлууд байна. Чухам хугацаа хожимдуулсан эсэхийг би нэг бүрчлэн санахгүй байна. Яагаад гэвэл Хууль, эрх зүйн хэлтсийн 7 хоногийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийгээд зогсохгүй өөр олон ажлуудыг хийж гүйцэтгэх нэмэлт үүрэг чиглэл их байдаг тул ажлын ачаалалтай ажилладаг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Мөнхжагаагийн мэдүүлэгт “... Төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийн хариу хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулдаггүй гэх үндэслэлийн талаар мэдэх зүйл байхгүй,... хугацаатай бичгийг хэдэн удаа хоцроосон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар П.Ц нь төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, албан үүргийн хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар удирдлагадаа танилцуулдаггүй гэдэг нь нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг  явуулаагүй гэдгээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/2248 дугаар  албан бичгээр нотолсон болно.  

  Иймд Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д  заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь

  1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 26.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар “П.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус  хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.СОНИНБОЛОР