Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
    Улсын яллагч Г.Амарсайхан,
    Хохирогч Д.Баяр,
    Гэрч Ш.Гансүх,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Т.Хүдэр, М.Алтанцэцэг,
    Шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гантулгад холбогдох 201617000322 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1973 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009.01.29-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2009.05.09-нд ялаа эдэлж дууссан, ЛЮ73032872 регистртэй, Алтан өргөө овгийн Тогтохын Гантулга. 
    
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Гантулга нь архи ууж согтуурсан байх үедээ буюу 2016.10.08-ны өдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 7-р гудамжинд хохирогч Д.Баярыг архи ууя гэж цээжин тус газар нь түлхэж хайхрамжгүй хандаж, түүний бие махбодид тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь, мөн зөөлөн бүрхүүл доорх дух чамархайн хэсгээр цусан хураа, тархи доргилт, нүүрэнд зулгарсан шарх бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Т.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найзтайгаа вокзалын тэнд явж байгаад Д.Баяр ах, Ш.Гансүх ах хоёртой таарахад Д.Баяр ах “ ахад нь 1800 төгрөг байна нэмэх юм байна уу “ гэхэд нь бид нар нэмж мөнгө гаргаад Болор дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил Ерөөл аваад мөсөн гулгуурын урд талын байшингийн зүүн талд сууж хувааж уугаад бүгдээрээ төв орсон. Төвөөс би мотоцикльтой гэрлүүгээ харьсан. Үдээс хойш манай найз намайг такси бариад өг гэхээр нь Ганга дэлгүүрийн тэндээс такси барьж өгчихөөд явж байгаад Д.Баяр ах,  Ш.Гансүх ах хоёртой таарсан, тэр хоёр нилээн согтуу байсан. Д.Баяр ах халаасандаа гараа хийчихсэн, юм яриад байхад ойлгохгүй гөлийчихсөн байсан. Би тэгэхээр нь юм байна уу гээд гарнаас нь татсан чинь Д.Баяр ах явлаа гээд гараа татаж эргэхдээ хойшоо саваад ойчоод өгсөн. Би Баяр ахыг цохиогүй, түлхээгүй. Тэгээд сандраад байж байтал манай эхнэр усанд явах гээд гарч ирээд хүүхэд уйлаад байна гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудчих гэж хэлээд орсон. Тэгээд эргэж гарч ирээгүй, ийм зүйл болсон. Би Баяр ахтай таарсан нь үнэн гэхдээ би түлхээгүй, гарт нь хүрсэн. Тэр бол миний буруу байсан. Би хохирогчид 200.000 төргөг, 1 хоньтой өгсөн. Надаас болж Баярт хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд өмнө бид нарын хооронд муудаж байсан, өс хонзон санасан зүйл байхгүй. Ш.Гансүх ах намайг гарнаас нь барьсаныг түлхчихлээ гэж л харсан юм шиг байгаа юм. Би энэ хэргийн улмаас 51 хоног цагдан хоригдсон... гэв.

- Хохирогч Д.Баяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нар 2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Таван шараас Дэнж рүү айлд юм хийхээр явж байгаад вокзал дээр таараад нэг шил архи хувааж уучихаад явсан. Айлд 10 цагийн үед очоод 15 цаг хүртэл юм хийж байгаад гарч яваад би дэлгүүрээс тамхи авчихаад явж байхад Т.Гантулга ирж байгаа харагдсан. Тэрнээс хойшхийг би санахгүй байна. Гантулга намайг цохиж зодсон юм бол байхгүй. Гомдох зүйл байхгүй. Одоохондоо бол би Гантулгаас ямар нэг юм нэхэмжлээгүй, гэхдээ эмнэлэгээр эмчилгээ хийлгэж явах юм шиг байна лээ. Би архи уудаг, архи уугаад хориод жил болж байгаа. Тухайн өдөр өглөө тавуулаа 0.75 литрийн нэг шил архи хувааж уучихаад дараа Ш.Гансүхтэй 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Би Гантулгатай муудаж маргалдсан зүйл байхгүй. Би ер нь хүнтэй маргаад муудаад байдаггүй юм. Энэ явдлаас хойш би эмнэлэгт хоёр удаа хэвтсэн. Одоо эмчийн хяналтанд орж байгаа. Т.Гантулга надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 200.000 төгрөг, 1 хонь өгсөн ... гэв.

- Гэрч Ш.Гансүх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө би Т.Гантулга, Д.Баяр нартай авто вокзал дээр таараад нэг шил 0.75 литрийн архи уусан. Дараа нь Баяртай цуг Хатанбаатар гэдэг айлд юм хийж байхдаа нэг шил 0.75 литрийн архи уугаад бид хоёр согтох нь согтсон гэхдээ гайгүй байсан. Бид хоёр дэлгүүрээс тамхи авчихаад гараад явж байхад Гантулга нь ирээд Баярыг өөрөө татсан гэж байна. Би хажууд нь байсан түлхчихлээ л гэж бодсон. Энэ явдал түргэн зуур болсон, Баяр явлаа гээд эргэх шиг болсон чинь газар унасан байсан. Би Баярыг ухаан орохгүй байна гэхээр нь айгаад Сумъяад 5 хоногийн дараа хэлэхдээ Гантулга таараад түлхсэн гэж хэлсэн. Гантулга Баяр нар хоорондоо цохилцож, зодолдсон зүйл байхгүй ... гэв. 
 
- Гэрч Ш.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016.10.08-ны өглөө 07 цагийн үед Баяр манай гэр лүү орж ирээд пийшин бариулсан айл хаалга янзлуулна гэнэ хоёулаа цуг явъя хань болоод өг гэхээр нь хамт гарч авто зогсоол дээр очиход Т.Гантулга, Ёндонжамц нартай таарч Болор нэртэй дэлгүүрээс архи авч бүгдээрээ хувааж уучихаад Баяр бид хоёр шууд дэнжийн байранд хаалга янзлах айлдаа очиж би хаалгыг нь салгах хооронд Баяр хаалга янзлуулж байгаа залуутай хамт барилгын материалын дэлгүүр орохоор яваад ирэхдээ 0.75 грамын Ерөөл нэртэй архи 1 шилийг авчирч бид хоёр хаалга янзалж байх хугацаандаа архийг хувааж ууж дуусгаад харих гэтэл хаалга янзлуулсан залуугийн ээж нь 10000 төгрөг Баяраад өгсөн. Баяр ээжийнхээрээ орчихоод зүүн цэргийн ангийн орчимд байх айл руу явах замаараа Ганга нэртэй дэлгүүрээс 10000 төгрөгнөөсөө тамхи аваад замаар хөндлөн гарч явахад Гантулга нь араас хөөе гэхээр нь эргэж хараад хүлээж байтал Гантулга хүрч ирээд та хоёр хаашаа явж байгаа юм гэхээр нь бид хоёр зүүн тийшээ айл руу явж байна гэхэд Гантулга Баяраагийн цээжнээс гараараа түлхтэл Баяр ар дагзаараа газар савж унасан. Баяр хоёр гараа халаасандаа хийчихсэн байсан тул гараараа тулж амжихгүй саваад уначихсан. Баяр газар унаад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон бөгөөд бид хоёроор ажил хийлгүүлсэн залуу Ганга дэлгүүрт зайрмагаа тараах гэж ирэх таараад утсаар нь түргэн дуудсан. Тэнд ямар нэгэн маргаан болоогүй. Миний хувьд архи уусан байсан ч болсон асуудлыг санаж байна...”
... Баярын эхнэр Сумъяатай 2 хоногийн дараа эмнэлэг дээр уулзахад хүн явганаас унаад гэмтэхгүй үнэнийг хэл гээд байхаар нь болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Би Сумъяад Т.Гантулга нь түлхэж унагаасан гэж хэлсэн. Энэ бол үнэн. Сумъяа намайг дарамталж, үг заасан зүйл байхгүй. Т.Гантулга согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-21-23/
...2016.10.08-ны өглөө авто вокзал дээр очсон бөгөөд энэ үед Т.Гантулга, Ёндонжамц нартай таарч мөнгө нийлүүлж 0.75 литрийн Ерөөл нэртэй архи худалдан авч ууцгаасан. Үүнээс хойш Баяр бид хоёр айлд хаалга янзалж өгөх үедээ 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан юм. Тэгээд миний хувьд согтсон байсан. Ганга нэртэй дэлгүүрээс тамхи худалдаж аваад зүүн зүгт явж байтал Гантулга ирээд түлхсэн юм. Гантулга нь манайд ирээд та урьдах мэдүүлгээ өөрчлөөд өгчих, та айж сандарсандаа хэлсэн гээд хэлчих гээд байсан юм. Би энэ талаар Баярын гэрт орж Сумъяа, Баяр нарт хэлсэн. Гантулга агсарч маргалдсан зүйл байхгүй бөгөөд архи хувааж уух гэж л явах гэхэд нь түр хорьж байлгах гэсэн байх. Түүнээс биш Гантулгад Баярыг цохиж зодох гэсэн санаа байхгүй байх. Миний урьд өгсөн мэдүүлгүүд үнэн бөгөөд намайг мэдүүлгээ өөрчлөх талаар Гантулга би шоронд явах гээд байна гээд гуйж байсан, миний хувьд Гантулгад ямар нэгэн зүйл амлаагүй... гэх мэдүүлэг /хх-119/
 
- Гэрч Х.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хаалга янзалдаг өдөр 2016.10.08-ны өдөр байсан бөгөөд 09-10 цагийн үед манай гэрт ирэхээр нь Баяр ахыг дагуулаад барилгын материалын дэлгүүр явж хаалганы нугас авах үед Баяр ах ахынх нь бие муу байна ахдаа архи аваад өг гэхээр нь Ган-Эрдэнэ дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи авч өгсөн. Үдийн хойно яг хэдэн цагийн мэдэхгүй байна Ганга дэлгүүр дээр ирээд орох гэтэл Баяр ахтай цуг хаалга янзалж байсан Гансүх ах над дээр ирээд Баяр ах чинь ар дагзаараа саваад уначихлаа түргэн дуудаад өг гэхээр нь засмал замын зүүн талд Баяр ахын хэвтэж байсан газар очоод дуудлага өгсөн. Баяр ах толгой нь зүүн тийш, бие нь дээшээ харчихсан ямар нэг хөлөлгөөн хийхгүй, амьсгаатай юм асуухаар хариулахгүй байсан. Би бодохдоо өөрөө уначихсан гэж бодсон. Хүн түлхэж, зодож, унагасан талаар яриагүй...
...Баяр ах засмал замын зүүн талд дээшээ хараад хэвтэж байсан. Хурдан хурдан амьсгалж байсан. Нүд нь аньсан, ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Гансүх ах надад анх хэлэхдээ саваад уначихлаа гээд сандарсан байдалтай олон удаа хэлж байсан. Гансүх ах тухайн үед архи уучихсан байсан. Манайд анх ирсэнээ бодвол илүү согтсон байсан. Удалгүй түргэн ирээд Баяр ахыг аваад явсан. Би цаашаа ажлаа хийгээд явсан. Гансүх ах түргэний машинд суугаад явсан байх...  гэх мэдүүлэг /хх-24-25, 121/

- Гэрч Т.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Т.Гантулга миний төрсөн дүү юм. 2016.10.08-ны өдөр үд өнгөрч байхад би гэрийнхээ баруун талд байдаг засмал замаар хойноосоо урагшаа чигтээ явган ганцаараа алхаж байтал манай гудамжинд засмал замын зүүн талд Баяр нь газар дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Гансүх, Гантулга хоёр зогсож байсан. яасан бэ гэхэд Гансүх нь уначихлаа гэж байсан. Баяр нь ямар нэгэн ухаан байхгүй, амьсгаатай байсан. Би Гантулгыг гэрлүү нь оруулчихаад буцаад гарч ирэхэд түргэн тусламжийн машин ирчихсэн байсан. Баяр нь яагаад унасан талаар хараагүй. Ил харагдах гэмтэл байхгүй. Тухайн үед хальтарч унах цас мөс байгаагүй. Газар хуурай байсан...
...Т.Гантулга нь төмөр замын сургуульд сурч байхдаа хүнтэй сууж 2 хүүхэдтэй болж Улаанбаатар хотод хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан бөгөөд 2012 онд эхнэр хүүхдээсээ салсан бөгөөд үүнээс хойш архи дарс уудаг болсон. Архи дарс уусан үедээ гэм хор байхгүй хүнд их тусархаг, хүнлэг хүн юм. 2014 онд Ванья гэх хүнтэй танилцаж 2015 онд гэр бүл болсон. Одоо 4 сартай хүүтэй ... гэх мэдүүлэг /хх-26-29/

- Гэрч Ё.Цогзолын мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2016.10.08-ны өдөр би АНЭ-ийн яаралтай тусламжийн жолоочоор ажилласан. 15.00 цагийн үед их эмч Энхтөгсийн хамт гадуур дуудлаганд явж байтал 103-аас Дэнжийн байранд байх Ганга дэлгүүрийн орчимд ухаангүй хүн байна гэхээр нь очиход Баяр гэх хүн ухаангүй, унтаа байдалтай байсан. Гэр нь 180 айлын байранд байдаг гэрт нь хүргэж өгье их согтолттой байна гэхэд эмч 103 дээр авч очно гээд авч явсан. Толгой нь зүүн зүгт чигтэй, бие нь дээшээ харсан байдалтай байсан. гар хөлний байрлалыг нь анзаараагүй, нүүрэнд нь ямар нэгэн бэртэл байхгүй. Харин хамраас нь бага зэрэг цус гараад тогтсон байдалтай байсан. ....” гэх мэдүүлэг /хх-34-35/

- Гэрч С.Сумъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016.10.08-ны өдөр гэртээ байж байтал Гансүх гаднаас орж ирээд манай нөхөр Баярыг эмнэлэгт ухаангүй байна хурдан ир гэхээр нь очиход ухаан орчихсон ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Юу болсон талаар юу ч мэдэхгүй байна гээд байгаа. Гансүхээс юу болсон талаар асуухад Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн байранд Тогтохын Гантулга гэх хүн хойноос нь түлхээд унагаасан чинь ар дагзаараа саваад унасан гэсэн өөр юм ярихгүй байгаа юм. Гансүх, Баяр хоё тухайн өдөр айлын барилга байшин янзалж байсан. Баярын бие муу байгаа бөгөөд толгой нь байнга өвддөг, болсон асуудлаа огт санахгүй босоод явахдаа муу гуйвчаад байгаа юм. Тэр өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй айлд ажил хийж өгнө гээд л гарсан... Би Гансүхийг огт загнаагүй. Юу болсон юм бэ гэхэд Гансүх нь Баярыг өөрөө ойчоод өгсөн гэж байсан. Харин би цагдаад өгч шалгуулна гэсэн чинь Гантулга Баярыг түлхээд унагаасан гэсэн юм. Гансүх нь 2017 оны 01 сарын дундуур манайд эрүүл орж ирээд Гантулга нь ах Ганзоригийн хамт манайд орж ирээд мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгээ буцаачих Баяр чинь болсон асуудлынхаа талаар мэдэхгүй байгаа юм чинь чи л байцаалтаа өөрчилчихвөл болох гээд байна. арын чинь асуудлыг даана гэж байна гэсээр орж ирсэн. Хэрвээ мөрдөн байцаагчид урьд өгсөн мэдүүлгээ буцаачихвал өөрөө яланд орох гээд одоо нойр хүрэхгүй байна гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /хх- 36, 120/

- Гэрч Г.Ёндонжамцын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016.10.07-ны орой Гантулгынд очиж хоноод маргааш өглөө нь 09.00 цагийн үед босч би аавынхаараа орчихоод буцаж гарч Гантулгатай хамт Баруун-Урт сумын төвд байрлах авто вокзалын урд Гансүх, Баяр нартай таарч мөнгөө нийлүүлж байгаад Болор нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн архи авч мөсөн гулгуурын байшингийн урд архиа хувааж ууцгаагаад авто вокзал орж би мотоциклиор аавынх руу ганцаараа хүргүүлсэн. Үдээс хойш үсээ засуулах гэж аавынхаас гарч Гантулгын гэр лүү ороход Гантулга нь нэмж архи уусан шинжгүй эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Хаашаа явж байгаа юм гэхээр нь үсээ засуулахаар явж байна гэхэд би дэлгүүр орж хүүхдийн живх авна хамт явъя гээд цуг гарсан. Ингээд би Ганга дэлгүүрийн гаднаас такси аваад шууд явсан. Гантулга үлдсэн энэ үед Гансүх, Баяр нартай тааралдаагүй. Гантулга хэнийг хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй. Өглөө нь архи уухад ямар нэгэн маргаан болоогүй. Гансүх Баяр хоёр их согтоогүй салсан... гэх мэдүүлэг /хх-37/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 435 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэн хийсэн актын дүгнэлтэнд: 
1. Д.Баярын биед тархины зүүн талын бөмбөлөгийн чамархайн суурь, мөн зөөлөн эдийн брхүүл дорхи дух, чамархайн хэсгээр цусан хураа, тархи дорнилт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖурмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.. гэжээ. /хх-40/

- Шинжээч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016.10.27-ны өдрийн 435 тоот дүгнэлтийг гаргасан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 3844 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан. Д.Баярын биед учирсан гэмтэл нь тархи доргилттой, тархины талд бөмбөлгийн чамархайн суурь хэсэгт зөөлөн бүрхүүл доор болон дух чамархайн хэсгээр цусан хураатай байсан. Хүний толгойн ар хэсэг буюу дагз хэсэгт цохигдох үед духны хэсэгт цусан хураа үүсэх боломжтой. Учир нь ар дагз хэсэгт тархи урд хэсэг рүү буюу духны ясыг мөргөж уг хэсэгтээ цусан хураа үүсэх боломжтой. Нүүрний энд тэнд зулгарсан шархтай гэж өвчний түүхэн дээр тэмдэглэгдсэн байсан. Уг гэмтэл цохигдон унах үед үүсч болно. Хаанаасаа яаж, ямар байлаар гэмтэл авсан нь тодорхойгүй байна. Д.Баяр нь ар дагзаараа савж унасан гэдэг унасныхаа дараа газар нүүрээрээ холбирсон тохиолдолд үүсч болох юм. Д.Баярын биед учирсан гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь, мөн зөөлөн бүрхүүл доорх дух чамархайн хэсгийн цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт болон нүүрэнд үүссэн зулгарсан шарх нь гэмтлийн зэргийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх мэдүүлэг /хх-53/

-    Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт.2017.02.23./хх- 125-128/

    -  Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл.2016.10.13./хх4-5/

    -  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. 2016.11.11. /хх 10- 12. 

    -  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. 2016.11.21. /хх 13- 15/

    -  Т.Гантулгын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 69/ 

    - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол /хх-71-76/

    -  Суллагдсан хүмүүст олгодог тодохойлолт /хх-34/     зэрэг болно.


Шүүгдэгч Т.Гантулга 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 7 дугаар гудамжинд хохирогч Д.Баярын баруун тохойноос нь татаж унаган бие махбодид нь ” тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь, мөн зөөлөн бүрхүүл доорх дух чамархайн хэсгээр цусан хураа бүхий “ хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Баяр, гэрч Ш.Гансүх, Сумъяа, нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 239 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Т.Гантулга нь энэ хэргийн хохирогч Д.Баяр, гэрч Гансүх нартай гудамжинд тааралдаж, Д.Баяраас “ахад юм/ архи/ байгаа юм уу ” гэж асуун тохойноос нь татахад Д.Баяр гараа татаж арагш унасан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Т.Гантулгын ” архи байна уу гэж хэлэхдээ гараараа тохойд нь хүрсэн чинь тохойгоо хойш татаад хүчиндээ савж ойчсон “, гэрч Ш.Гансүхийн шүүх хуралдаанд өгсөн “ Би хажууд нь байсан түлхчихлээ л гэж харсан. Түргэн зуур болсон, явлаа гээд эргэх шиг болсон чинь газар унасан байсан“ гэрч Т.Ганбаатарын “ гэрлүүгээ явж байтал манай гудамжинд засмал замын зүүн талд Баяр нь газар дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь Гансүх, Гантулга хоёр зогсож байсан ” гэх мэдүүлгүүдээр нотлогдно.

    Гэрч Ш.Гансүх нь мөрдөн байцаалтын шатанд “ Баяр урагшаа харж зогсож юм ярьж байгаад явлаа гэж хэлээд алхах гэсэн чинь Гантулга цээжрүү нь гараараа түлхчихсэн. Энэ байдал маш түргэн болсон, гараараа цохьсон зүйлгүй байхгүй, гараараа түлхчихсэн юм” гэж, шүүх хуралдаанд “ Гантулга өөрөө татсан гэж байсан. Бид хоёр согтох нь согтсон гэхдээ гайгүй байсан. Сумъяад Т.Гантулга таараад түлхсэн гэж 5 хоногийн дараа хэлсэн. Ухаан орохгүй байна гэхээр нь айснаасаа болоод Сумъяад тэгж хэлсэн. Ухаан орохгүй байна гэсэн болохоор нь үхчихвий гэж айсан юм. Гараа татаж байхаар нь би түлхчихлээ гэж харсан. Сая өгсөн мэдүүлэг үнэн “ гэж, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны актанд ” 2016 оны 10 сард найз Баяраатай айлд юм хийхээр очоод хаалга янзалж тэндээ архи хувааж уугаад Ганга дэлгүүрэс тамхи аваад гарахад Гантулга араас дуудаад бид 2 зогсож хүлээсэн. Бид хоёроос хаашаа явж байгаа юм гэж асуухад бид 2 өөр тийш явлаа гээд явах гэтэл Гантулга Баярааг түлхчихлээ гээд бодсон. Тэр үед нь түлхээгүй, өөрөө ойчсон юм шиг байгаа юм. Бид хоёр согтуу байсан болохоор андуурсан гэж бодоод байна. Баяраагийн авгайд Гантулга түлхчихлээ гэсэн чинь бөөн юм болоод хэцүү байх шиг байна ” гэж хэргийн талаар зөрүүтэй мэдүүлэх бөгөөд тэрээр хэрэг гарахаас өмнө Д.Баяртай хамт 0.75 гр архийг хувааж уусан, согтсон байсан ба үүнийг гэрч Х.Хатанбаатар “ Гансүх ах тухайн үед нилээн согтуу байсан. Хэл яриа нь өөрчлөгдчихсөн, анх ярьж байгааг нь ойлгохгүй байсан. Баяр ах чинь ар дагзаараа саваад уначихлаа гээд олон дахин хэлж байсан. Гансүх ах надад анх хэлэхдээ саваад уначихлаа гээд сандарсан байдалтай олон удаа хэлж байсан. Манайд анх ирснээсээ бодвол илүү согтсон байсан ” гэж гэрчилжээ.
    
    Дээрх нотлох баримтаас дүгнэхэд гэрч Ш.Гансүх нь хэрэг гарах үеийн согтуурсан байдалдаа болсон үйл явдлыг үнэ зөвөөр, бодитой харж, тусгаж мэдсэн буюу шүүгдэгч Т.Гантулга хохирогч Д.Баярыг түлхсэн эсэхийг лавтай сайн харсан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд үүнийгээ ч шүүх хуралдаанд “ Сумъяад Т.Гантулга таараад түлхсэн гэж 5 хоногийн дараа хэлсэн. Ухаан орохгүй байна гэхээр нь айснаасаа болоод Сумъяад тэгж хэлсэн. Гараа татаж байхаар нь би түлхчихлээ гэж харсан “ гэж хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.
    Хэрэг гарсан байдлын талаар мэдүүлж буй гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, тогтворгүй байгаа ба түүний аль мэдүүлгийг үнэн, алийг нь худал гэж үзэх, үгүйсгэх үндэслэлгүй хийгээд хэт нэг талыг барих боломжгүй, мөн үүнийг мөрдөн байцаалтаар дахин тогтоох боломжгүй хийгээд нөхөн гүйцэтгэх ач холбогдолгүй байна.

    Иймд болсон үйл явдлын талаар мэдүүлж буй шүүгдэгч Т.Гантулгын “ ахад юм/ архи/ байгаа юм уу гэж асуун тохойноос нь татахад Д.Баяр нь гараа татахдаа арагш савж унасан. Гарт нь хүрсэн. Тэр бол миний буруу байсан ” гэх тогтвортой мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.     
    Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Гантулгын, хохирогч Д.Баярын гарт хүрсэн үйл баримт/факт/ гэрч Ш.Гансүх болон шүүгдэгч Т.Гантулгын мэдүүлэгүүдээр хэрэгт хангалттай тогтоогдсон бөгөөд өөр бусад баримтаар үгүйсгэгдээгүй болно. 

    Шүүгдэгч Т.Гантулга нь хохирогч Д.Баярыг согтуу явааг мэдсэн, согтуурсан этгээдийн гарнаас татаснаар унах, гэмтэл авах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн үйлдлийн үр дагаварт буюу хохирогч Д.Баяр унах, гэмтэл авч болох нөхцөл байдалд хайхрамжгүй хандаж, гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. 
    
    Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Т.Гантулгын гэм буруугийн талаар “ Д.Баяр гараа татаж өөрөө савж унан гэмтэл авсан. Өөрөө унасан тул Т.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, гэм буруугийн шалтгаан сэдэл байхгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргаж байгаа нь тодорхой эх сурвалж, үндэслэл бүхий баримтад тулгуурлагдаагүй ба харин ч шүүгдэгч Т.Гантулгын “ ахад юм/ архи/ байгаа юм уу гэж асуун тохойноос нь татахад Д.Баяр гараа татахдаа арагш савж унасан ” гэх, гэрч Ш.Гансүхийн “ Т.Гантулга Д.Баярын гарт хүрсэн “ гэх үйл баримтаар няцаагдаж байх тул  шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 
    Учир нь шүүгдэгч Т.Гантулга “ Д.Баярын “ тохойноос татах”  үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч гараа татахдаа унаж гэмтэл авсан нь Т.Гантулгын уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 
    Өөрөөр хэлбэл, Т.Гантулга нь Д.Баярын “ тохойноос татах” үйлдэл хийгээгүй бол хохирогч Д.Баяр гараа татах үйлдэл хийхгүй байх боломжтой хийгээд Т.Гантулга нь анхнаасаа өөрийн үйлдлийн гэм бурууг ухамсарлаж байсан нь түүний “ гарт нь хүрсэн. Тэр бол миний буруу байсан” гэх, гэрч Ш.Гансүхийн “ Гантулга манай гэрт ирээд та урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөөд өгчих. Та айж сандарсандаа хэлчихсэн гээд хэлчих би шоронд явах гээд байна гээд гуйж байсан. Би энэ талаар Баяр, Сумьяа нарт хэлсэн” гэх мэдүүлгээр хэрэгт нотлогдоно.  

    Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааса ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
        
    Шүүгдэгч Т.Гантулга энэ хэргийн улмаас 51 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримтаар хураагдсан зүйлгүй болно.

    Тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг, нэг хонь өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Баяр нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэх бөгөөд харин хохирогч Д.Баяр цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээлээ.

    Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

    Шүүгдэгч Т.Гантулга хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хүнд гэмтэл учирсан боловч хохирогч эдгэрч байгаа, хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Баяр гомдолгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтоолоо. 
    Т.Гантулга нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэнт заасаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан бөгөөд энэ гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллын гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа 2014 оны 05 дугаар сарын 08-ны дуусан байна. Иймд түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа гэж үзсэн болно. 


    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтан өргөө овгийн Тогтохын Гантулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Т.Гантулгад оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Т.Гантулгын цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Т.Гантулгад оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

    6. Хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаагүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг, 1 хонь төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Баяр гомдолгүй гэснийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Гантулгад хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

    8. Ялтан Т.Гантулгад шүүхийн шатанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН