Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2021/00018/И |
Дугаар | 181/ШШ2021/01233 |
Огноо | 2021-06-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2021/01233
2021 06 18 | 181/ШШ2021/01233 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 116-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гэрч Л.Э, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Э миний бие тус сургуульд 2020 оны 9 дүгээр сард Физик-мэдээлэл зүйн багш мэргэжлээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.Надтай байгуулсан гэрээг сунгах боломжтой байсан.
Үүрэгт ажилаа чанартай, үр дүнтэй гүйцэтгэхийн тулд хичээнгүй ажиллаж ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаагүй болно. Гэтэл ковид-19 цар тахалаас болоод хатуу хөл хорио тогтоогоод сургууль хичээллэхгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэх хуудас фэйсбүүкээр ирсэн.
Мэдэгдэлд дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэж байгаа боловч тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа, тушаал мэдэгдэл хоёр хоорондоо зөрчилдөж байна.
Физик мэдээлэл зүйн багш бол байнгын ажлын байр байхад хугацаатай гэрээ байгуулж байгаа нь буруу, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-ийг зөрчсөн гэж үзэж байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох боловч сунгахдаа ёс зүй болон ажлын үзүүлэлтийг харгалзах тухай байгаа, гэтэл Энхжаргал ёс зүй зөрчсөн болох нь нотлогдохгүй байгаа, ажлын тайлангаа өгсөн байхад өгөөгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Ёс зүйгүй байдал гаргасан бол тэр нь А/243 дугаартай тушаалаар батлагдсан дүрэм журмын дагуу шийдвэрлэгдэх ёстой.
Э.Э би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өвдөж, эмнэлэгт үзүүлж эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 07-ны өдрөөс зүрхний шим тэжээлийн дутагдал, цус багадалт гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа болно. Үүнийг ажил олгогч мэдэж байсан атал 2020 оны 12 дугаар сарын 10- ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан.
Улс орон даяар цар тахалт өвчний хол хорио тогтоосон үе болон эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа мэдэгдсэн үед ажлаас халсанд гомдолтой байгаа тул тус шүүхэд гомдлоо гаргаж байна.
Би хийсэн ажлынхаа тайланг Заах аргын нэгдлийн ахлагчид өгсөн, ахлагч сургалтын менежерт өгдөг. Мөнхбаатар захирал миний хичээлд нэг ч удаа сууж байгаагүй, шалгалт ч авч байгаагүй. Намайг Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан ажил хаялтад оролцсон гэж ажлаас халсанд их гомдолтой байна. Энэ ажил хаялтад манай багш нарын 80-90 % нь оролцсон.
2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд өмнөх хичээлийн жилийн мэдлэгийг бататгах хичээл орно гэсэн учраас бататгах хичээл орж байсан. Би төлөвлөгөөний он сарыг солиогүй, би өөрөө шинээр хийсэн.
Хугацаатай гэрээг дахин сунгах тухай дотоод журамд заасан байгаа, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр сунгаагүйд гомдолтой байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/84 тоот тушаал нь үндэслэл бүхий бөгөөд нотлох баримтын хүрээнд гарсан.
Багш Э.Э ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын дагуу гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/84 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Э д мэдэгдэх хуудас өгч Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэдгийг мэдэгдсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлаар Мөнхбаатар захирал томилогдон ирэхэд энэ захиралтай ажиллахгүй гээд багш нар нь ажил хаялт хийж тэг зогсолт хийсэн.
Нэхэмжлэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 21, 10 дугаар сарын 22, 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тэг зогсолт хийж сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаагаа сургалтын төлөвлөгөөний дагуу явуулаагүй сурагчдын эрх ашиг, сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн.
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагчийн №01 тоот албан шаардлага, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №6/2235 тоот БШУЯ-ны шаардлага хүргүүлэх тухай, мөн өдрийн № 2/2236 тоот Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр арга хэмжээ авах албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдох болно.
Мөн Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2020 оны 9 дүгээр сарын 25-наас бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг гарч манай сургууль дээр өдөр тутмын үйл ажиллагаа, багш нарын хичээлийн бэлтгэл, төлөвлөлт, бэлэн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан.
Дүгнэлтэд багш Э.Э нь хөтөлбөр боловсруулалт хангалтгүй, сайжруулах шаардлагатай, сурах бичгийг хуулан төлөвлөлт хийсэн, ээлжит хичээлийн төлөвлөлт дээр сурагчдын ялгаатай байдлыг тооцдоггүй, сургалтын хөтөлбөрөөр нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлт хийгээгүй, өмнөх төлөвлөлтийн оныг сольсон гэж ажлын хэсэг дүгнэсэн.
Багш Э.Э шинээр ажилд орсон мөртлөө хичээлийн төлөвлөгөө байхгүй, сурах бичиг хуулсан гэх мэт маш их зөрчлүүд байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшийн ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Э.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж маргажээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшааражиллаж байсан Э.Э ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус сургуулийн Б/84 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 2-4, 49-59-р хуудас/
Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Э.Э ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Э.Э нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч нь ажилтан Э.Э тай харилцан тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 хүртэл сарын туршилтын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 3-4-р хуудас/
Ажил олгогч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль, ажилтан Э.Э нарын хооронд байгуулагдсан дээрх Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Дээрх хугацаанд Э.Э нь Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан байна.
Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.5.-д Шинээр ажилд орж буй багш, ажилтан, ажиллагчдыг туршилтын 3 сар хүртэлх хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно. Цаашид гэрээ үргэлжлэх эсэхийг туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан, ёс зүйн байдлыг үндэслэн шийдвэрлэнэ гэжээ. /хх-ийн 51-р хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй боловч 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасны дагуу ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролцооны үндсэн дээр ажил олгогч нь Э.Э тай хугацаатай гэрээ хийсэн болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 1-7, 49-59 р хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид дахин сунгагдахгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсний дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Э.Э ыг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Э.Э ыг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн физик-мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО