| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Дийн М-д холбогдох 2416000090085 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** регистрийн дугаартай, Жовгийн Дийн ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2023 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдийн хооронд **** аймгийн **** сумын **** багт Б.Ггийн эзэмшлийн үе дамжиж ирсэн шүрэн толгойтой шар өнгийн халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.М нь 2023 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдийн хооронд **** аймгийн ** сумын **** багт Б.Ггийн эзэмшлийн үе дамжиж ирсэн шүрэн толгойтой шар өнгийн халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.М гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** сумын **** багт мал маллаж амьдардаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн манан хөөргөө хамгийн сүүлд гаргаж ирж барьсан тэгээд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр отроор явах гээд гэрээ эхлээд оторлох газраа авч очиж барьчхаад маргааш нь малаа араас нь туугаад оторлох газраа ирээд хөөргөө гаргаж ирэх гээд авдраа уудлаад хартал миний хөөргө байхгүй байсан юм. Миний хөөрөг яг хэзээ алга болсон талаар огт мэдэхгүй. Тухайн хөөргийг худалдаж аваагүй манай аавын үе дамжиж ирсэн шар халтар манан хөөргө юм. толгой нь хуучны шүрэн толгойтой, гуулин хажтай, нэг талын мөрний доод талд хонхорхойтой, хонхорхой талын эсрэг талдаа цуурсан тийм содон хөөргө байгаа юм. Манай бэр болох Д овогтой М нь манай хүр дүү болох Га гэдэг залууд өөрийнхөө утаснаас миний хөөргөний зургийг үзүүлээд энэ Гү ахын хөөргө мөн үү гэж асуучхаад утсан дээрээсээ зургийг устгасан гэж хэлсэн. Тэгээд ******** гэсэн фейсбүүк хаягаас миний хөөргөний зургийг зарна гэж оруулсан байсан гэж манай төрсөн дүү О хэлсэн юм. 2023 оны 08 дугаар сарын 15-нд манайх нүүх болж байна та нар малаа ирж шүү гэсэн тэгээд манай нэлээд олон хүн ирсэн. М нөхрийнхөө хамт хүүхэдтэйгээ ирсэн байсан тэгэхэд би хүмүүстэй хөөрөглөж байгаад хөөргөө авдартаа хийсэн. Тэрнээс хойш манайд гаднаас хүн ирээгүй. Мн гэр манайхтай ойрхон байсан би 08 дугаар сарын 16-нд Мн нөхөртэй очиж уулзаад тэднийд 2 шил архи уусан, нөхөр нь нээх уугаагүй би Д ахтай хувааж уусан юм. Тэр өдөр тэр айлд өнжсөн орой манай хонины хүн намайг ирээд авсан. Би тэр өдөр Мн гэрт очихдоо хөөргөө авч очоогүй..” гэх мэдүүлгүүд /хх-ийн 15-19-р хуудас/,
2.Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2023 оны 08 дугаар сарын сүүлээр сумын төв орж ирчхээд буцаад мал руугаа оччихоод хөөргө алга болгосон мэдээд сум дээр орхичихсон юм шиг байна гэж хэлэхэд нь би мэдсэн. Манай нөхрийн хөөргө нь 3 билүү 4 дэх үедээ залгамжлагдаж яваа хөөргө юм. Яг энэ хөөргө гээд хэлчихээр тод зураг байхгүй. М Улаанбаатар хотод очсон байх үедээ манай нөхрийн хөөргөний зургийг манай дүүд үзүүлээд энэ Гү ахын хөөргө мөн үү гэсэн нь сэжиг төрүүлээд байгаа юм л даа, тухайн үед фейсбүүк зар дээр тавьсан байсныг татаж авсан гэж хэлээд байгаа юм. Огт сураггүй байж байгаад гэнэт зураг харуулсан бөгөөд энэ нь сэжиг төрүүлээд байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-р хуудас/,
3.Гэрч Д.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогоор хувиараа Нарантуул зах, урт цагаанд хөөрөг зэрэг үнэт эдлэл цуглуулж зардаг. 2023 оны 11 дүгээр сард шүрэн толгойтой оюун ногоон хавчуурга нуухтай шар халтар манан хөөрөг байсан. Би 6.000.000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Би тухайн хүнээ одоо харвал танина. Хараад зүсээр нь танина дундаж нуруутай л эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29-р хуудас/,
4.2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үнэт эдлэлийн дэлгүүртэй 2023 оны 11 дүгээр сард алдагдсан гэх шүрэн толгойтой халтар манан хөөргийг дундаж нураатай эмэгтэй хүнээс худалдаж авсан гэх Д.Жоор гэрэл зураг үзүүлэн хийсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-34-р хуудас/,
5.Дийн Мгийн Хаан банканд эзэмшдэг 5315397414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 42-р хуудас/,
6. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 04 сарын 01-ний өдрийн “...Шар халтар мана, шүрэн толгойтой, гуулин нуухтай, оюу хавчаар, яасан халбагатай хөөргө 1 ширхэг 38,000,000 төгрөгийн бодит үнэ цэнэтэй...” гэх ТХҮ- 921/89 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 57-59-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Мгийн үйлдэл нь “Бусдын 38,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Мгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Мн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь хуулд нийцнэ гэж шүүх үзлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гд 38,000,000 (Гучин найман сая) төгрөгийн хохирол учирсан, хохирогч хөөргөө биет байдлаар буцаан авсан.
Харин шүүгдэгч Д.М нь хөөргийг бусдад зарж борлуулсан байсныг хохирогчийн дүү 13,000,000 (Арван гурван сая) төгрөгөөр буцаан худалдан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч Д.Мг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зардалд гарсан 13,000,000 (Арван гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овгийн Дийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Мд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мд сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Б.Г хөөргөө биет байдлаар буцаан авсан, шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зардалд гарсан 13,000,000 (Арван гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР