Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Гын Б-д холбогдох 2316001900073 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамтаар ***** аймаг, **** сум, ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, Ц овгийн ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ***** аймгийн *** сумын ****д байрлах С.Пийн өмчлөлийн байшингийн хаалгыг эвдлэн орж држателийн утас, массны утас, залгуурын утас, батерейтэй дриллийн цэнэглэгч 2 ширхэг, батерейтэй дриллийн цэнэглэгч суурь 1 ширхэг, цэцгэн толгойтой автерка 1 ширхэг, хайлшин тогоо 1 ширхэг, гагнуурын электрод 2,5 кг 1 ширхэг, буузны жигнүүрийн ком, архи ууттай чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, телевизийн шилэн суурь, дорцов, дорцовны иш, хуурай, баттерейтэй гар дрилл, цахилгаан таслагч, хөнгөн цагаан тогоо, тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, гар таслагчны ир 5 ширхэг, гагнуурын аппарат 220вт 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Пд 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Б нь Ц.Бтай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд **** аймгийн *** сумын ****д байрлах С.Пгийн өмчлөлийн байшингийн хаалгыг эвдлэн орж држателийн утас, массны утас, залгуурын утас, батерейтэй дриллийн цэнэглэгч 2 ширхэг, батерейтэй дриллийн цэнэглэгч суурь 1 ширхэг, цэцгэн толгойтой автерка 1 ширхэг, хайлшин тогоо 1 ширхэг, гагнуурын электрод 2,5 кг 1 ширхэг, буузны жигнүүрийн ком, архи ууттай чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, телевизийн шилэн суурь, дорцов, дорцовны иш, хуурай, баттерейтэй гар дрилл, цахилгаан таслагч, хөнгөн цагаан тогоо, тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, гар таслагчны ир 5 ширхэг, гагнуурын аппарат 220вт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч С.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хашаа байшиндаа ирээд үзтэл бүргэд хаалгыг нь хөшөөд онгойлгосон байсан. Би ороод юм алга болсон эсэхийг шалгахад миний гагнуурын аппарат, дражетелийн утас, массны утас, залгуурын утас, баттерейтэй дрилл, цэнэглэгчийн суурь, автерк, цахилгаан таслагч.таслагчийн ир, хөнгөн цагаан тогоо, хайлшин тогоо, элэктрод, орос буузны жигнүүрийн ком.архи, чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч, телевизорын суурь, дорцов зэрэг алдагдсан байсан. Би Улаанбаатар хот руу 2023 оны 09 дүгээр сарын 03-нд эмчилгээ хийлгэхээр явахынхаа өмнөх орой байшингаас очиж юм авсан юм. Тэгэхэд юм алга болоогүй байшингийн хаалга үүд зүгээр байсан юм. Манай хашаанд нэгдсэн эмнэлэгт сувилагч хийдэг хүүхэн 2 хүүхэдтэйгээ гурвуулаа манай хашаатай залгаа хашаанд байдаг юм. Тэр хэд л харж байдаг юм. Танилцсан. Тухайн дүгнэлт дээр миний алдсан эд зүйлс дутуу байсан юм. Ийм л санал хүсэлт байсан юм. Одоо санал хүсэлт байхгүй. Гагнуурын аппаратаа хүлээж авсан. Хэвийн ажиллагаатай байна. Манай ойролцоо амьдардаг 2 хүүхэд байсан байх л гэж бодож байгаа юм. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

          2.Насанд хүрээгүй гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай хажуу хамар хашаанд байдаг Б ах танай урд талын байшин руу оръё гээд надад хэлсэн. Тэгээд байшингийн үүдний амбаарын хойд талын цонх бид хоёрын очиход хагархай байсан бөгөөд урд талын хаалга нь цоожтой байхад Б жоотуугаар цохиж онгойлгоод эхлээд Б ганцаараа ороод гагнуурын аппарат, таслагч, тогоо, гэх мэт зүйлс аваад гаргаад ирсэн юм. Тэгээд гаргаж ирэхээр нь би цуг төмөрт авч очиж өгөх юм уу гэхэд ганцаараа аваад явсан. Тэгээд буцаагаад ганцхан гагнуурын аппаратыг нь утсыг нь салгаж авсан байдалтай манай хашаанд эргүүлээд авч ирээд тавьчихсан юм. Гагнуурын аппарат нь цайвар цэнхэр өнгөтэй таслагч нь хар өнгөтэй тэгээд нэг тогоо аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас /,

 

          3.Ашид билгүүн ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №ТХҮ-921/78 дугаартай шинжээчийн “...Дээр дурдагдсан эд зүйлийн нийт үнэ 1.425.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 67-69 дүгээр хуудас /,

 

4.2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Г.Бэд хийсэн Шүүх, сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ “...Г.Б нь болсон явдлыг бүрэн санаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт шинжилгээ /хх-ийн 76-77 дугаар хуудас /,

 

5.2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн12-16 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Б нь тухайн гэмт хэргийг Ц.Бтай хамтран үйлдсэн бөгөөд Ц.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 12 нас 09 сар 29 хоногтой буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 17-ны 06 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 143-145 дугаар хуудас/-оор Ц.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь Ц.Бгийн хамт хохирогч С.Пгийн байшингийн цоожийг нь эвдлэн орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Г.Бийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, Хохирогч С.Пгийн “…Г.Бээс хохиролд 500,000 төгрөг бэлнээр хүлээн авсан…” гэх хүсэлт /хх-ийн 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нь шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-д “...хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй…” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Бийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 8 жил хүртэл байхаар хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял тэнсэх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч С.Пд 1,425,000 (Нэг сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь 500,000 (Таван зуун мянга) төгрөгийг хохирогчид төлсөн, 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг төлөөгүй байна.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бээс 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Пд олгуулахаар шийдвэрлэлээ.

 

          4.Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Гын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бээс 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Пд олгосугай.

 

6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР