| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Дийн Б-д холбогдох 2316002220036 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй одоо тус аймгийн *** сумын **** баг түр оршин суух хаягтай, *** регистрийн дугаартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Х овгийн Дийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2002 оны 06 дугаар сард Монгол Улсын Их сургуулийг төгссөн мэтээр ****** дугаартай “биологич” мэргэжлийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2006 оны 01 дүгээр сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал ****, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл **** сумын дунд сургууль, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал *** сумын дунд сургууль, 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл *** сумын 8 жилийн дунд сургууль, 2018 оны 09 сараас 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл **** сумын ерөнхий боловсролын сургууль, 2019 оны 09 дүгээр сараас *** сумын сургуульд багшаар ажиллаж байгаа гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Б нь 2002 оны 06 дугаар сарын сард Монгол Улсын Их сургуулийг төгссөн мэтээр ***** дугаартай “биологич” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2006 оны 01 дүгээр сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал **** дунд сургууль, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл **** сумын дунд сургууль, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал *** сумын дунд сургууль, 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл *** сумын 8 жилийн дунд сургууль, 2018 оны 09 сараас 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл **** сумын ерөнхий боловсролын сургууль, 2019 оны 09 дүгээр сараас *** сумын сургуульд багшаар ажиллаж байгаа болох нь:
1.Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Төрбатын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн: “...1 Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал Боловсролын шинжлэх ухааны газрын улсын байцаагч Ц.Түмэнжаргалын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03-0018/39/03 дугаартай шалгалтын тэмдэглэлд Дийн Б нь Монгол Улсын Их сургуулийг төгсөөгүй байж болзошгүй талаар тусгасан байв. Дээрх тэмдэглэлийн дагуу Дийн Б-с хуурамч диплом ашиглаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-р хуудас/,
2.Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 500 дугаартай “...Тус газарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/780 дугаартай албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Албан бичгийн дагуу Дийн Бгийн ***** дугаартай диплом олгогдоогүй, дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 23.4, 17.3 дугаар зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй тул харьяаллын дагуу шилжүүлэв...” гэх албан бичиг /1-р хх-ийн 3- р хуудас/,
3.Боловсролын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн: “...Иргэн Дийн Б нь их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна. Дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд **** дугаартай диплом нь Монгол Улсын Их сургууль төгссөн иргэний нэр дээр бүртгэлтэй байна...” гэх 01/36 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 47-р хуудас/,
4.Боловсролын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн: “...Дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Дийн Б нь их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Албан бичигт дурдсан ***** дипломын дугаар нь Монгол Улсын Их сургуулийг 2002 онд Биологи мэргэжлээр төгссөн иргэн Мын Уийн нэр дээр бүртгэлтэй байна...” гэх 01/431 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 55-р хуудас/,
5.Гэрч М.Угийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Би 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Биологийн тэнхимийг Биологич мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Миний дипломын дугаар **** гэсэн дугаартай байгаа. Намайг сурч байхад Биологийн нэг л анги байдаг байсан. Манай ангид Дийн Б гэж хүүхэд байгаагүй. Би өөрийнхөө дипломыг эх хувиар нь хүнд өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Дийн Бгийн их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй, харин шүүгдэгч Д.Бгийн ашигласан дипломын **** дугаар нь Монгол Улсын Их сургуулийг 2002 онд “Биологи” мэргэжлээр төгссөн иргэн Мандахын Уртнасангийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Бгийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бгийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримт бичиг /2 дугаар хх 70-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд сануулав.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Их сургуулийг “Биологи” мэргэжлээр төгссөн мэтээр **** дугаартай боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2006 оны 01 дүгээр сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал **** дунд сургууль, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл **** сумын дунд сургууль, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал *** сумын дунд сургууль, 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл *** сумын 8 жилийн дунд сургууль, 2018 оны 09 сараас 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл **** сумын ерөнхий боловсролын сургууль, 2019 оны 09 дүгээр сараас *** сумын сургуульд 2023 оныг дуустал ажилласан байх тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Гэхдээ шүүгдэгч Д.Б нь тухайн сургуулиудад эрхэлсэн багшийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба түүний тодорхой ажил, үүргийг гүйцэтгэснийхээ төлөө авсан нийт цалин хөлс 88,538,232 (Наян найман сая таван зуун гучин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг бүхэлд нь гаргуулж улсын төсөвт оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... эрхтэй.” эрхийг зөрчихөөр байна.
Иймээс ннэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт учруулсан хохирол төлбөр буюу хууль бусаар олсон орлого болох 88,538,232 (Наян найман сая таван зуун гучин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хасч тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь боловсролын диплом хуурамч гэж мэдсээр байж ашиглан ажилласан хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцоход:
2006 оны 01 дүгээр сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42,500 төгрөгийг тус 1 сар ажилласан хугацаанд тооцож 42,500 төгрөг,
2006 оны 02 дугаар сарын 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 53,000 төгрөгийг 11 сар ажилласан хугацаанд тооцож 583,000 төгрөг,
2007 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 69,000 төгрөгийг 8 сар ажилласан хугацаанд тооцож 552,000 төгрөг,
2008 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөгийг 8 сар ажилласан хугацаанд тооцож 864,000 төгрөг,
2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг 9 сар ажилласан хугацаанд тооцож 1,728,000 төгрөг,
2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгийг 2 жил 4 сар /28 сар/ ажилласан хугацаанд тооцож 8,960,000 төгрөг,
2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийг 3 жил /36 сар/ ажилласан хугацаанд тооцож 15,120,000 төгрөг,
2013 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 1 жил /12 сар/ ажилласан хугацаанд тооцож 6,600,000 төгрөг,
Нийт 34,449,500 (Гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга таван зуу) төгрөг нь шүүгдэгч Д.Бг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2316002220036 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол гарахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул энэхүү мөнгөн дүнг амьдралын наад захын хэрэгцээг хангах зардалд тооцох нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө, шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Бгийн улсын төсөвт учруулсан нийт хохирол төлбөр буюу хууль бусаар олсон орлого болох 88,538,232 (Наян найман сая таван зуун гучин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгөөс 34,449,500 (Гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга таван зуу) төгрөгийг тооцон 54,088,732 (Тавин дөрвөн сая наян найман мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгаас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Дийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 54,088,732 (Тавин дөрвөн сая наян найман мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас гаргуулан улсын орлого болгож хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР