| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/00412/И |
| Дугаар | 181/ШШ2021/01286 |
| Огноо | 2021-06-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2021/01286
| 2021 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2021/01286 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК -д холбогдох
ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.674.332 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нарийн бичгийн дарга Б.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг А ХХК-ны Таян нуурын уурхайн Кат дампын албанд дампын операторч албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01076 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу А ХХК-ны Таян нуурын уурхайн Кат дампын албанд дампын операторын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч А ХХК нь шүүхийн шийдвэрт заасан цалин олговрын олгосон гэж тайлбарлаж байгаа боловч миний дансанд ямарч мөнгө төгрөг орж ирээгүй, намайг ажилд минь буцааж оруулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, дуусгавар болсон зүйлгүй, А ХХК Батболдыг ажилд томилсон гэсэн тайлбарыг гаргаж тушаалыг шүүхэд авч ирж өгсөн байна.
Батболд энэ тушаалыг мэдээгүй, өнөөдрийг хүртэл Кат дампын алба гэж байсаар байхад урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, үнэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь томилсон юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой, ямар ч гэрээ хийгээгүй, нислэгт хамруулсан гээд эдний ажилчид хоорондоо имэйлээр харьцаж байсан баримтыг Батболд мэдэх боломжгүй, Кат дампын алба одоо ч гэсэн байгаа болно.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 2021 оны 01 дүгээр сарын 21-ныг хүртэл нийт ажпын 196 хоног. 1500000:21.5=69.767x196= 13.674.332 төгрөг болно.
Хариуцагч А ХХК нь Г.Б ыг одоог хүртэл урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи хугацааны буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойшхи нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.674.332 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01076 дугаартай шийдвэрээр Г.Б ыг А ХХК-ийн Таяннуурын уурхайд Кат дампын албанд Дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,162,777 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.500.000 төгрөг гаргуулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэл ирсэн. Үүний дараа бид цалинг нь олгосон.
А ХХК-иас шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.578.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.156.950 төгрөгийн олговрыг тус тус олгож бүрэн биелүүлсэн, Гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/1469 дугаартай тушаалаар Г.Б ыг Уулын баяжуулах Таяннуурын үйлдвэрийн Хятад техникийн албанд Дампын оператор МТ-86-ын албан тушаалд сарын 1,600,000 төгрөгний цалинтай ажилд томилсон.
Гүйцэтгэх захиралын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А-87/20 дугаартай Уулын баяжуулах Таяннуурын үйлдвэрийн Хүндийн албадын орон тоо цалинг шинэчлэн батлах тухай тушаалаар өмнө нь Г.Б ын ажиллаж байсан Кат дампын алба бүтцийн өөрчлөлтөд орж, байхгүй болсон тул тушаалын 3 дугаар хавсралтад батлагдсан Хятад техникийн албанд Дампын оператор МТ-86 албан тушаалд томилсон.
Өмнөх албан тушаалын сарын үндсэн цалин нь 1,500,000 төгрөг байсан ба шинээр томилсон албан тушаал нь 1,600,000 төгрөгийн үндсэн цалинтай. Ажил олгогчоос ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажилд эгүүлэн томилсон.Шүүхийн шийдвэрийн дагуу 7.500.000 төгрөгийг түүнд олгосон.
Ажил олгогчоос Г.Б ыг ажилд эгүүлэн томилсон шийдвэрийг өөрт нь утсаар мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сард Улаанбаатараас Говь-Алтай аймагт нислэгээр зорчих ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаан, холбогдох санхүүгийн тооцоог хийн суудлыг баталгаажуулсан боловч ажилтан эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа орох боломжгүй, хүсэлтээ өгнө гэсэн хариуг өгсөн.
Манай байгууллагын зүгээс Ажилтныг ажилд томилоогүй хохироосон зүйл байхгүй ба ажилтан одоог хүртэл ажилдаа ирж ороогүй, тус компанийн төв оффис болон Таяннуурын үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд, Говь-Алтай аймаг дахь компанийн төлөөлөгч зэрэг албан тушаалтнууд Г.Б той удаа дараа холбогдож, ажилдаа орохыг мэдэгдсэн боловч Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа орох боломжгүй, хүсэлтээ удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл хүсэлтээ өгөөгүй байна.
Ажил олгогчийн зүгээс Г.Б нь ажлаас гарах өргөдлөө одоог хүртэл өгөөгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн ямар нэг эрх зүйн акт гаргаагүй. Нэхэмжлэгч нь өнөөдөр ч ажилдаа орох боломжтой хэвээр байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Г.Б нь өөрт нь мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу /УБТҮ/ явах нислэгээр яваагүй, нэг ч өдөр ажил хийгээгүй байхад ажил олгогчийн зүгээс цалинг бодож олгох боломжгүй, манай байгууллага олон ажилтайнтай ингээд ажил хийлгүйгээр цалин аваад байж болохгүй юм.
Хариуцагч талаас Нэхэмжлэгч Г.Б-той холбогдох гэсэн боловч нэхэмжлэл дээр бичигдсэн утас нь байнга холбогдохгүй байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-тай түүний 86880255 дугаарын утсаар 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10:07 цагт холбогдож, Г.Б-ыг ажилдаа орох боломжтой, хүсэлтээ өгнө гээд өгөөгүй тул ажлаас чөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргаагүй талаар мэдэгдэхэд Г.Б ажилдаа эргэж орох бодолгүй, зөвхөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх мөнгө гаргуулна гэсэн хариуг өгснийг дурдах нь зүйтэй.
Иймд ажил олгогчоос ажиллах нөхцөл боломжоор хангасаар байтал нэг ч өдөр ажиллаагүй тул ажилтны цалин нэхэмжилсэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанааар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.674.332 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01076 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаартай магадлалаар Г.Б-ыг А ХХК-ийн Таяннуурын уурхайн Кат дампын албанд дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, А ХХК-иас 7.500.000 төгрөгийг гаргуулж Г.Б од олгож, Г.Б ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг А ХХК-д даалган шийдвэрлэжээ. /хх-ийн 9-17-р хуудас/
Дээрх шүүхийн шийдвэрийг ажил олгогч сайн дураар биелүүлээгүй тул ажилтан Г.Б ын хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4-157/11158 дугаартай албаи бичиг болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 61-65, 67-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.578.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.156.950 төгрөгийн олговрыг тус тус олгосон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг олговрыг нэхэмжлэгч хүлээн аваагүй шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 67, 70-80-р хуудас/
Ажил олгогч А ХХК нь ажилтан Г.Б ыг гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/1469 дугаартай тушаалаар Уулын баяжуулах Таяннуурын үйлдвэрийн Хятад техникийн албанд Дампын оператор албан тушаалд томилсон, Г.Б ажилдаа ирж ороогүй, Кат техникийн алба, Хятад техникийн алба хоёр ижилхэн гэж байгаа боловч түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь уг тушаалыг ажилтан Г.Б гардан аваагүй, түүнтэй тохиролцон Хятад техникийн албанд Дампын операторын ажилд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Ажил олгогчийн зүгээс Говь-Алтай аймаг дахь А ХХК-ийн төлөөлөгч болон хуулийн хэлтэсийн захиралтай имэйлээр харьцаж байсныг болон ажилтан Г.Б ын 88480992 дугаарын утас руу А ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэнгүүд /О.Уянга, Б.Ананд, Б.Одонтуяа/ удаа дараа залгаж Г.Б ыг ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал болон түүний ажиллах хуваарийн талаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 31, 51-56, 64, 65-р хуудас/
Хариуцагч /ажил олгогч/ А ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дах заалтуудыг зөрчсөн байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Б ын нэг өдрийн цалинг 69.767 төгрөг, нэг сарын цалинг 1.500.000 төгрөг гэж тооцжээ. /хх-ийн 15-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Ажилтан Г.Б ын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцоолоход:
-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаа болох 8 сар 29 хоногийн нийт цалинг тооцохдоо нэг өдрийн цалинг 69.767 төгрөг, нэг сарын дундаж цалин 1.500.000 төгрөг гэж тус тус тооцоход нийт 14.023.243 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч уг хугацааны цалин олговорт 13.674.332 төгрөгийг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
/1.500.000 төгрөг х8 сар =12.000.000 төгрөг, 69.767 төгрөг х29хоног=2.023.243 төгрөг, 12.000.000 төгрөг+ 2.023.243 төгрөг=14.023.243 төгрөг/
Иймд хариуцагч А ХХК-иас ажилтан Г.Б ын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13.674.332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасны дагуу ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөх, ажил олгогч зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 13.674.332 /арван гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б -д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалин олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б -оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226.322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО