Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

   

                                 

     

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

         улсын яллагч Ц.Цэрэндулам,

         шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт: Монгол иргэн, Б.У

          

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.У нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Тоёота Вироса маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а жолоочид дараах зүйлийг хориглоно, “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 27.2 в/ тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан С.Оы эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  Б.У нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Тоёота Вироса маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а жолоочид дараах зүйлийг хориглоно, “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 27.2 в/ тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, ...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан С.Оы эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

         Дээрхи үйл баримт нь хохирогч С.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ...орой 21 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд ээжийнхээ гэрээс дүү С.Иаар хүргүүлэх гээд С.Иы эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота гранд Марк 2 маркийн машинаар 3 хүүхдээ дагуулаад гэрлүүгээ хөдөлсөн. Тэгээд ээжийн гэрээс дөнгөж гараад Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн хойд төв засмал зам руу ороод явж байтал манай машины урдаас гэнэт машины гэрэл гялс гээд ороод ирэх шиг болсон. Тэрхэн хугацаанд би ухаан балартаад сэргэтэл хүүхдээ тас тэвэрсэн байдалтай машин дотор цэнхэр утаа болсон байсан" гэсэн мэдүүлэг /хх 19 ху/, хохирогч С.Иы “...оройны 21 цагийн орчимд манай эгч С.О, 2 том хүүхэд, 1 нярай хүүхэдтэй нь хамт Сайншанд сумын 7 дугаар баг Депо байр луу хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй хот тохижилтын хашаанаас гараад дөнгөж уулзвараар засмал руу хөдлөөд явж байхад урдаас саарал өнгийн Тоёота вироса маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрөөд ороод ирэхээр нь сигнал дарсан чинь яах ийхийн зуургүй урдаас мөргөсөн. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан" гэсэн мэдүүлэг /хх 25 ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7 ху/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8-15 ху/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 16 ху/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02/106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39 ху/, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 369, 371 дугаартай дүгнэлтүүд /хх 56-65 ху/, техникийн эвдрэлийн 77, 78 дүгнэлтүүд /хх 43-53 ху/, ЦЕГ-ийн жолоочийн лавлагаа /хх 87 ху/, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх 72-73/, ... улсын дугаартай Тоёото марк-2, ... улсын дугаартай Тоёота вироса маркийн тээврийн хэрэгслүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх 85-86 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Уын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрнө. Хувааж төлөхөөр тохирсон. Надад гаргах ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Миний буруу” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Уын согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Ут танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

            Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

            Хохирлын хувьд хохирогч С.Оы эрүүл мэндэд “зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр” хохирол учирсан бөгөөд хохирогч С.О нь 6.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.У 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 500.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд, хохирогч С.Иы тээврийн хэрэгсэлд 2.600.000 төгрөгийн хохирол учирсаныг сар бүр 216.666 төгрөгийг 1 жилийн хугацаанд тус тус төлж барагдуулахаар тохиролцсон тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан мансуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хягзаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Уыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Уаас 8.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-д 6.000.000 төгрөгийг, хохирогч С.И-д 2.600.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Ут хохирогч С.Оы хохирлыг сар бүр 500.000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаанд, хохирогч С.Иы хохирлыг сар бүр 216.666 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаанд тус тус төлж барагдуулахыг даалгасугай.

7.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАЙГАЛМАА