Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
    Улсын яллагч Г.Амарсайхан
    Гэрч О.Эрдэнэтуяа
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
    Шүүгдэгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн яллагдагч Б.Ганболдод холбогдох 201617000343 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн харьяат, 1980 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЙ80072874 регистртэй, Боржигон овгийн Буянсүрэнгийн Ганболд
       
Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:

    Шүүгдэгч Б.Ганболд нь 2016 оны 10 сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сумын 2-р багийн иргэн С.Дорждэрэмийн нэг тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Б.Ганболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн үхрээс 5 бяруу хийж нэгийг нь Нандинбаярт өгч, Нандинбаяр өөрийнхөөсөө нэгийг хийж нийлээд 7 үхэртэй Улаанбаатар хотод очиж борлуулсан. Хөдөө айлын Урантамир хүүхдийн утсаар зургийг нь авуулж байтал утасных нь цэнэг дууссан учраас сумын төв дээр цагдаа, төлөөлөгч дахиж зураг авдаг болохоор тэнд авуулая гэж бодсон.Дөрвөн үхрийн зураг авуулсан. Хөдөө янзалсан гурван үхрийнхээ зургийг авахаа очсон боловч утасных нь цэнэг дуусаад авч чадаагүй. Дөрвөн үхрийн, Нандинбаярын хонь ямааны зургийг аваад утасных нь цэнэг дууссан. Ганбат гэдэг хүнээс малын бичиг авахад зүсийг нь хэлээд авсан. Зураг үзүүлээгүй. С.Дорждэрэм гэдэг айлтай манайх саахалт хаяа байдаг тэдний үхрийг хулгай хийж аваагүй. Миний авч явсан долоон бяруун дотор нэг бяруу нь өвөл хоёр сард гарсан бусдаасаа арай том биетэй улаан халзан бяруу байсан. Тэрийг Нандинбаяр нэг том биетэй үхэр байсан гэж хэлсний улмаас намайг сэжиглээд байгаа юм. Бид нар ер нь Улаанбаатар хотод мал борлуулахдаа бяруугаа шүдлэн, шүдлэнгээ хязаалан гэж насыг нь нэмэн хэдэн төгрөгний цаана өгөх гэж хэлж зардаг.
Сумын төв орж багийн даргаасаа малын бичиг авч шалгуулж гарах гэсэн боловч цагдаа, төлөөлөгч хоёр аймаг руу ажлаар явсан байсан. Тиймээс би цагдаад өгөх нэг хувь бичгээ гэртээ орхиж явсан. Гэрийнхээ гадаа таван үхэр, гэрийнхээ урьд доор 2 хар бяруу ажилласан. Хөдөө Нандинбаярын гадаа хонь, ямааг нь ачихаар очихдоо зураг авсан. Налайх дүүрэгт гэдэс цувдайг нь өгөөд махаа Хүчит шонхор зах дээр борлуулсан. Ирэхэд ийм асуудал болохоор нь багийн даргадаа хэлэхэд хүн амьтнаар бичгээ уншуулахгүй яасан юм, одоо би засаж чадахгүй гэсэн.
Шүдлэн үхэр аваагүй ээ, нэг нь хоёр сард гарсан арай том биетэй бяруу байсан. Хэсгийн төлөөлөгч намайг эрүүлжүүлэхийнхээ байранд унтуулчихаад гаргаж ирээд энэ дээр гарын үсгээ зур гэхээр нь зурсан чинь ийм юман дээр зурсан байсан. Төлөөлөгч Энхбаатар намайг тэр айлын үхрийг төл гэсэн. Би аваагүй гэхэд чамайг аваагүй ч авсан болгоно, нэг бол надтай тохир, тэгвэл чамд ашигтай гэж загнасан. Би аваагүй учраас аваагүйгээ тогтоолгох гэсэн юм... гэв.

- Гэрч О.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай үхрүүд юм, хоёр хүрэн халзан бяруу, нэг хүрэн эр бяруу, хүрэн эрээн нүүртэй, сартай хар бяруу гэсэн хоёр охин бяруу байсан. Улаан халзан эр бяруу нь 2014 оны 2 дугаар сард манай хүрэн халзан үнээнээс гарсан эр бяруу. Цагдаа дээр энэ талаараа хэлсэн чинь тэр хамаагүй янзалсан таван бяруугаа хэл гэсэн. Би гэдсийг нь арилгасан. Ганболд бичиг үсэг мэдэхгүй, малын бичгийг сумын төвөөс өөрөө аваад явсан байсан. Би хөдөө ар талаа сахиж үлдсэн. Манай улаан халзан бяруу үзүүрийн сайн бяруу байсан. Нэг өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч С.Энхбаатар манай нөхрийг дуудаж Нандинбаяр, Номинбаяр хоёр гэрчилсэн С.Дорждэрэмийн бярууг янзлаад авч явсан байна гэсэн...гэв.

          - Хохирогч С.Дорждэрэмийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016.10.13-нд Дундговь аймаг руу ажил гараад яваад 2016.10.27-нд ирээд малаа бөөгнүүлээд бүртэгсэн чинь улаан халзан зүстэй нэг эр шүдлэн үхэр байхгүй байсан. Тэгээд тэр орчимдоо байгаа малаар эрж хайгаад олоогүй юм. Намайг эзгүй байхад манай малыг Цолмонсүрэн гэж саахалт айлын ах харж байсан юм. Тэр үед Цолмонсүрэн ах адуу малын эрэлд яваад 2-3 хоног харж чадаагүй юм билээ. Тэр үед л алга болсон. Цолмонсүрэн ах манай үхрийг яг зүсээр нь бол мэдэхгүй. Харин тоогоор нь л мэднэ. Тэгээд надад 2 үхэр дутуу байна гэсэн. Тэгсэн харин саарал алаг зүстэй бяруу нь айлын үхэрт байсан. Би ойрхон байдаг Ганболд гэдэг хүнийг сэжиглэж байна. Тэр Ганболд гэдэг хүн 2016.10.20-оос 22-ны үед 5 тооны үхэр нядалж Номинбаярынд очиж малынхаа зургийг авхуулсан юм билээ. Тэгсэн чинь Номинбаярын эхнэр Урантамир машиных нь тэнд очиж үхрийн зургийг авсан юм билээ. Гэтэл 5 үхрийнхээ 4 үхрийн толгой, шийрийн зургийг авхуулаад нэг үхрийн зургийг авуулаагүй байсан. Тэгэхээр нь Урантамир тэр нэг үхрийн зургийг авахгүй юм уу гэтэл энийг яах юм бэ гээд авхуулаагүй гэсэн. Тэр үед Номинбаяр, Нандинбаяр нар хажууд нь байсан гэсэн. Тэгээд би тэр хүнийг сэжиглэж байна ... гэх мэдүүлэг /хх-04/    
    
    - Гэрч Г.Нандинбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016.10.22-ны өдөр өөрийнхөө үхрээс нэг мухар хар бяруу, 7 хонь, 1 ямаа Ганболд гэдэг хүнээс эвэртэй хар бяруу нэгийг хийж Ганболд гэдэг хүнтэй хамт Улаанбаатар хот руу авч явсан. Тэр үед Ганболд 4 бяруу, 1 шүдлэн үхэр хийж явсан юм. Тэр үхрүүдийг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нэг хашаатай айлд очиж толгой гэдсийг нь өгсөн. Тэгээд махыг нь Улаанбаатар хотод Дэнжийн мянга зах дээр өгсөн. Би Налайх дүүрэгт тэр ченж хийдэг айлын гадаа очоод машин дээрээс 7 үхрийн толгой, 7 гэдэс буулгасан. Тэр үед хамгийн сүүлд буулгасан үхрийн толгой болохоор бярууг бодвол арай том шүдлэн үхрийн толгой байсан. Эвэр нь бярууны эврээс арай урт том байсан. Ганболд гэдэг хүний хийсэн үхрийн толгойнууд болохоор улаан, ухаа, эрээн нүүртэй, улаан халзан үхрүүдийн толгой байсан... гэх мэдүүлэг. /хх-05/  

    - Гэрч Б.Урантамирын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016.10.21-ний өдөр Ганболд гэдэг хүн 5 тооны үхэр нядалсан юм. Нандинбаяр 2 тооны үхэр, 7 хонь, 1 ямаа нядалж тэр хоёр хамт Улаанбаатар хот явсан юм. Ганболд манай гадаа машинтайгаа ирж 4 тооны үхрийн толгой шийрийг буулгаж миний гар утсаар зургийг нь авсан юм. Тэгэхээр нь би нэг үхрийнхээ зургийг авуулахгүй юм уу гэхэд яах юм бэ тулгаж үзэх юм биш гэж хэлж байсан. Тэгээд тэр нэг үхрийнхээ толгойг буулгаагүй гэх мэдүүлэг /хх-21-22/
        
    - Гэрч Г.Номинбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016.10.22-ны өдөр Нандинбаяр манай руу мотоцикльтой очиж манай эхнэр Урантамирыг авч явж Ганболдын гэдэг айлд очиж нядалсан малын зургийг даруулсан юм билээ. Би малд явж байгаад Ганболдынд очсон чинь манай эхнэр тэнд байсан. Би эхнэрээ чи энд юу хийж яваа юм гэсэн чинь Ганболд ахын нядалсан үхрийн зургийг дарах гэж байгаа юм гэсэн. Тэгсэн Ганболд гэдэг хүн зургийг нь даруулахгүй шууд аваад явчихъя гэсэн чинь эхнэр нь зургийг нь даруул гэхээр нь би зургийг нь дарсан дээр байх цагдаа шалгадаг юм гэсэн чинь тэгье гээд манай өвөлжөөн дээр очсон. Нандинбаяр болохоор манай өвөлжөөн дээр мухар хар бяруу, 7 хонь, 1 ямаа хийсэн байсан. Тэр үед нар шингээгүй байсан бөгөөд нядалсан үхрийнхээ зургийг Нандинбаярын үхэртэй хамт даруулсан юм. Тэр үед би гэртээ очоогүй малдаа явсан байсан. Тэгээд намайг гэртээ очиход манай эхнэр надад Ганболд ахын машин дээр байсан 4 үхрийн зургийг дарсан. Харин нэг үхрийнх нь зургийг дарах гэсэн чинь яах юм бэ энэ 4 үхрийн зургийг дарахад болоо гэж хэлсэн гээд надад ярихаар нь нэг их юм бодоогүй өнгөрсөн. Түүнээс хойш 2016.10.27-нд Дорждэрэм ах манайд ирэх үед нь Ганболд гэдэг хүн 5 үхэр хийсэн, харин 4 үхрийнхээ зургийг авхуулсан нэг үхрийнхээ зургийг авхуулаагүй түүнийг Нандинбаяр ах мэдэж байгаа гэсэн. Дорждэрэм ах Нандинбаяраас Ганболд та хоёр үхэр авч явсан гэсэн ямар ямар зүстэй үхэр авч явсан юм түүнийгээ ахдаа хэлчих гэсэн чинь Нандинбаяр үхрүүдээ буулгаад хамгийн сүүлд шүдлэн насны үхрийн толгойг би буулгаж кантинарт хийсэн. Тэгэхэд бяруунаас арай том толгой байсан. тэр үхрийн толгой мял халсан чихээ хүртэл халзан, төө хиртэй жоохон матгар эвэртэй үхэр байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Дорждэрэм ах зүс эвэр нь таарч байна. манайд одоо яг тийм эвэртэй халзан эр үхэр байгаа гэж байсан. тэгээд Дорждэрэм ах за тэгвэл цагдаад өгвөл болох юм байна гэхээр нь би тэг тэг би утсан дээр байгаа зургаа устгахгүй гэрчээр очъё гэсэн. Ганболдтой хамт Нандинбаяр Улаанбаатар хот мал ачиж явсан байх өөр хэн явсан талаар мэдэхгүй. Ганболдынд бой хийсэн 2 хүнийг нь би мэдэхгүй, хараагүй гэх мэдүүлэг /хх-06 /

    - Гэрч Х.Бямбасүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Ганболд гэдэг хүний үхрийн им, тэмдэгийг мэдэхгүй. Тэр үед үхрийг нь хийж байхдаа имийг нь үзээгүй. Би тэр улаан халзан үхрийг шүдлэн үхэр юм уу гэсэн чинь үгүй эхийгээ хөхөж байсан бяруу юм гэсэн. Ганболд болохоор арай жижгээс нь хийнэ гэж байсан. Тэр улаан халзан үхрээс бусад нь жижиг биетэй бяруунууд байсан. Надад харуулж байгаа үхрийн зураг миний хийж өгсөн үхрийн толгойн зураг мөн байна. Харин 1 үхрийн зураг байхгүй байна. Ямар шалтгаанаар нэгийг нь авахуулаагүйг мэдэхгүй. Бат-Өлзий бид хоёр бүгдийг нь нэг дор хийсэн. Түүнээс хойш удсан болохоор би яг 5 үхрийн зүсийг сайн санахгүй байна. Бид хоёр нэг үхрээ 20000 төгрөгөөр бодож хийсэн. Тэгсэн чинь бид хоёрт 75000 төгрөг өгсөн. Би тэгээд 15000 төгрөгөөр бодсон юм байлгүй гэж бодсон. Ганболд Бат-Өлзий бид хоёрт ямар нэг хулгайн малын талаар яриагүй гэх мэдүүлэг /хх-08/  

    - Гэрч Л.Ганбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Б.Ганболдын надаас бичиг авахдаа гар утсан дээрээс зураг харуулсан. Одоо тэр зургаа угаалгаад авна гэж байсан. Надаас гарал үүслийн бичиг авахдаа 6 тооны үхэр гэж бичүүлж авсан. Би дутуу бичсэн зүйл байхгүй. Бичиг хийхэд бланк дээр эхлээд багийн иргэн тэрний сууриас 6 үхэр гэж бичдэг, түүний доор бод, бог гэж тоог тавиад зүсээр нь бичдэг. Тэгэхээр ямар ч андуурсан, алдсан зүйл байхгүй. Дутуу бичүүлсэн бол эргээд тэр доор нь хийлгэж болно. Ганболд гэдэг хүн эргэж дутуу бичсэн гэж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-79/

-    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2016.11.11 /хх-12-13/ 

-    Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол 2016.12.09 /хх-14/

    -  Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг 2016.12.09 /хх-15-16/ 

-    Б.Ганболдын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43 /

    - Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-38 /

    -  Б.Ганболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/

    -  Мал мах түүхий эдийн гарал үүслийн 00013904 дугаартай гэрчилгээ /хх-39/

-    Мөнххаан сумын 2016.12.03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-42/

-    Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-50/

    - Б.Ганболдын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх-87-89/ 

    - Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад С.Энхбаатарын 2017.02.16-ны өдрийн илтгэх хуудас /хх-90/ зэрэг болно.


         Шүүгдэгч Б.Ганболд 2016 оны 10 дугаар сарын 20-дын орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг, Улаан-Хад гэх газраас иргэн С.Дорждэрэмийн улаан халзан зүстэй, имгүй, 2 тийшээ болсон богино алцгар эвэртэй, эр шүдлэн үхрийг хулгайлж, 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Дорждэрэмийн “ 2016.10.27-нд ирээд малаа бүртэгсэн чинь улаан халзан зүстэй нэг эр шүдлэн үхэр байхгүй байсан. Цолмонсүрэн ах манай үхрийг яг зүсээр нь бол мэдэхгүй. Харин тоогоор нь л мэднэ. Тэгээд надад 2 үхэр дутуу байна гэсэн. Тэгсэн харин саарал алаг зүстэй бяруу нь айлын үхэрт байсан. Ганболд гэдэг хүн 2016.10.20-оос 22-ны үед 5 тооны үхэр нядалж Номинбаярынд очиж малынхаа зургийг авхуулсан юм билээ. Номинбаярын эхнэр Урантамир машиных нь тэнд очиж үхрийн зургийг авахад 5 үхрийнхээ 4 үхрийн толгой, шийрийн зургийг авхуулаад нэг үхрийн зургийг авуулаагүй байсан. Тэгэхээр нь Урантамир тэр нэг үхрийн зургийг авахгүй юм уу гэтэл энийг яах юм бэ гээд авхуулаагүй гэсэн. Тэр үед Номинбаяр, Нандинбаяр нар хажууд нь байсан гэсэн. Тэгээд би тэр хүнийг сэжиглэж байна ... гэх,    
    Гэрч Г.Нандинбаярын “ Би 2016.10.22-ны өдөр өөрийнхөө үхрээс нэг мухар хар бяруу, 7 хонь, 1 ямаа, Ганболд гэдэг хүнээс эвэртэй хар бяруу нэгийг хийж Ганболд гэдэг хүнтэй хамт Улаанбаатар хот руу авч явсан. Тэр үед Ганболд 4 бяруу, 1 шүдлэн үхэр хийж явсан. Би Налайх дүүрэгт тэр ченж хийдэг айлын гадаа очоод машин дээрээс 7 үхрийн толгой, 7 гэдэс буулгасан. Хамгийн сүүлд буулгасан үхрийн толгой болохоор бярууг бодвол арай том шүдлэн үхрийн толгой байсан. Эвэр нь бярууны эврээс арай урт том байсан. Ганболд гэдэг хүний хийсэн үхрийн толгойнууд болохоор улаан, ухаа, эрээн нүүртэй, улаан халзан үхрүүдийн толгой байсан “ гэх, 
    Гэрч Б.Урантамирын “ 2016.10.21-ний өдөр Ганболд гэдэг хүн 5 тооны үхэр, Нандинбаяр 2 тооны үхэр, 7 хонь, 1 ямаа нядалж тэр хоёр хамт Улаанбаатар хот явсан. Ганболд манай гадаа машинтайгаа ирж 4 тооны үхрийн толгой шийрийг буулгаж миний гар утсаар зургийг нь авсан. Тэгэхээр нь би нэг үхрийнхээ зургийг авуулахгүй юм уу гэхэд яах юм бэ тулгаж үзэх юм биш гэж хэлж байсан. Тэгээд тэр нэг үхрийнхээ толгойг буулгаагүй “ гэх,
    Гэрч Г.Номинбаярын “ 2016.10.22-ны өдөр би малд явж байгаад Ганболдынд очсон чинь манай эхнэр тэнд байсан. Би эхнэрээ чи энд юу хийж яваа юм гэсэн чинь Ганболд ахын нядалсан үхрийн зургийг дарах гэж байгаа юм гэсэн. ....Тэгээд намайг гэртээ очиход манай эхнэр надад Ганболд ахын машин дээр байсан 4 үхрийн зургийг дарсан. Харин нэг үхрийнх нь зургийг дарах гэсэн чинь яах юм бэ энэ 4 үхрийн зургийг дарахад болоо гэж хэлсэн гээд надад ярихаар нь нэг их юм бодоогүй өнгөрсөн. Түүнээс хойш 2016.10.27-нд Дорждэрэм ах манайд ирэх үед нь Ганболд гэдэг хүн 5 үхэр хийсэн, харин 4 үхрийнхээ зургийг авхуулсан нэг үхрийнхээ зургийг авхуулаагүй түүнийг Нандинбаяр ах мэдэж байгаа гэсэн. Дорждэрэм ах Нандинбаяраас Ганболд та хоёр ямар ямар зүстэй үхэр авч явсан юм түүнийгээ ахдаа хэлчих гэсэн чинь Нандинбаяр үхрүүдээ буулгаад хамгийн сүүлд шүдлэн насны үхрийн толгойг би буулгаж контейнерт хийсэн. Тэгэхэд бяруунаас арай том толгой байсан. Тэр үхрийн толгой мял халзан чихээ хүртэл халзан, төө хиртэй жоохон матигар эвэртэй үхэр байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Дорждэрэм ах зүс, эвэр нь таарч байна. Манайд одоо яг тийм эвэртэй халзан эр үхэр байгаа гэж байсан. Дорждэрэм ах за тэгвэл цагдаад өгвөл болох юм байна гэхээр нь би тэг тэг би утсан дээр байгаа зургаа устгахгүй гэрчээр очъё гэсэн...гэх,  мэдүүлэг /хх-06 /
    Гэрч Х.Бямбасүрэнгийн “ Би Б.Ганболдод 5 тооны бяруу хийж өгсөн. Нэг нь арай бие том үхэр байсан. Шүдлэн үхэр юм уу гэсэн чинь үгүй эхийгээ хөхөж байсан бяруу юм гэж байсан. Шүдлэн гэсэн нь улаан халзан эр үхэр байсан.. Ганболд болохоор арай жижгээс нь хийнэ гэж байсан. Тэр улаан халзан үхрээс бусад нь жижиг биетэй бяруунууд байсан. Надад харуулж байгаа үхрийн зураг миний хийж өгсөн үхрийн толгойн зураг мөн байна. Харин 1 үхрийн зураг байхгүй байна. Ямар шалтгаанаар нэгийг нь авахуулаагүйг мэдэхгүй. Бат-Өлзий бид хоёр бүгдийг нь нэг дор хийсэн” гэх,
    Гэрч Л.Ганбатын “ Б.Ганболдын надаас бичиг авахдаа гар утсан дээрээс зураг харуулсан. Одоо тэр зургаа угаалгаад авна гэж байсан. Надаас гарал үүслийн бичиг авахдаа 6 тооны үхэр гэж бичүүлж авсан. Би дутуу бичсэн зүйл байхгүй. Бичиг хийхэд бланк дээр эхлээд багийн иргэн тэрний сууриас 6 үхэр гэж бичдэг, түүний доор бод, бог гэж тоог тавиад зүсээр нь бичдэг. Тэгэхээр ямарч андуурсан, алдсан зүйл байхгүй. Дутуу бичүүлсэн бол эргээд тэр доор нь хийлгэж болно. Ганболд гэдэг хүн эргэж дутуу бичсэн гэж ирээгүй”  гэх  мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдлоо.  
        
          Б.Ганболд нь “ С.Дорждэрэмийн үхрийг аваагүй, өөрийн үхрээс улаан халзан зүстэй бяруу хийж авч явсан ” гэж гэм буруугийн талаар маргах бөгөөд энэ нь  хохирогч С.Дорждэрэмийн үхэр алдагдсан цаг хугацаа шүүгдэгч Б.Ганболдын 2016 оны 10 сарын 22-нд Улаанбаатар хот руу үхэр хийж авч явсан цаг хугацаатай таарч байгаа, алдагдсан үхрийн зүс Б.Ганболдын авч явсан улаан халзан зүстэй бярууны зүстэй тохирч байгаа, тэрээр авч явсан малын толгойн зургийг авахуулахдаа энэ үхрийн толгойн зургийг санаатай авахуулалгүй орхигдуулсан, мөн Мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ авахдаа уг бярууг оруулаагүй, утасны цэнэг дууссан тул улаан халзан эр бярууны зургийг авуулаагүй ташаа мэдүүлсэн , мал нядалсан хүмүүст “ шүдлэн үхэр биш эхийгээ хөхөж байсан бяруу” гэж төөрөлдүүлэн хэлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг нотлох дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна. 
            
          Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Ганболдыг амар хялбар аргаар мөнгө, ашиг олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр, нууц далд аргаар, шууд санаатайгаар хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүгдэгч Б.Ганболдод холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Б.Ганболдод ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.              
                                    
           Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дорждэрэмд учирсан нэг эр бярууны буюу 550.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Б.Ганболдоос гаргуулж хохирогчид олгох ба шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно. 

        
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Боржигон овгийн Буянсүрэнгийн Ганболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдыг 150 /нэг зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

    4. Ялтан Б.Ганболд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдсугай. 
        
    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Ганболдоос 550.000 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2-р багийн иргэн С.Дорждэрэмд олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН