Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 932

 

2020            7               23                                         2020/ДШМ/932

 

     Б.Мд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Э.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1165 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн 1905013660401 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            И овогт Бгийн М, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хөлөнбуйр, 1 дүгээр баг, Баян-Өлзийтөд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /,

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1-20 тоот нийтийн байранд хохирогч Э.Үийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Хохирогч Э.Үийн биед олон тооны гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдах гомдолдоо: “... 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн шүүх хуралдаан явагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруу дээр маргаагүй бөгөөд шүүх хуралдааны гэм буруугийн шат дуусч шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдаан үргэлжилж улсын яллагч ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч ял хөнгөрүүлэх санал, шүүгдэгч эцсийн үг хэлж шүүх хуралдаан явагдсан боловч шүүгч үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж мөрдөн шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.” гэжээ.

Хохирогч Э.Үийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн биеийн байдал улам муудаж байна. Байнга унаж, татаж байгаа. Харвалт өгөх өндөр магадлалтай болж байна.” гэв.

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1165 дугаартай Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Тухайн үед эсэргүүцэл бичих нөхцөл байдал үүссэн боловч цаг хугацааны асуудлаас болж бичих боломжгүй байсан. Энэ хэрэг урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэгдэж давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Ингэхдээ тодруулах нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатнаас шүүгдэгч оргон зайлж хэргийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байсан. Хэргийг түдгэлзүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх процесс ажиллагаа явагдсаны дараа яллагдагч оргон зайлсан. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан зүйл заалтаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүл гэсэн агуулгаар хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан. Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолд “онц харгис хэрцгий аргаар гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаараа ойлгохгүй. Хохирогчийг тарчлаан зовоож, шаналгах, үхэлд хүргэх хүсэл зоригийг харгалзан үзэж байж уг сэдэлт зорилгыг тогтооно” гэсэн байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад Үийг зодож санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ хүнд хохирол учруулахдаа хохирогчийг тарчлаан зовоосон, онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь зовиур үүсгэсэн нөхцөл байдал байхгүй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан ажиллагаа хийгдсэн тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэх шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл үүнийг үгүйсгэж дахин ухарсан шинжтэй хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэг нь гэм буруу, эрүүгийн хариуцлага гэх 2 үе шатаас бүрдэж байгаа. Эрүүгийн хариуцлага дээр оролцогчийн зүгээс маргаан байхгүй гэдэг үндэслэлээр шүүхээс прокурорын саналыг авсан. Үүний дагуу нэг үе шаттай шийдвэрлэхээр шүүхийн шийдвэр гарч нэг үе шаттай явуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах зүйл заалтыг барьж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь үндэслэлгүй байна. Б.М-ийнүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчилж шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, Б.Мд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.М-ийг2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1-20 тоот нийтийн байранд хохирогч Э.Үийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Э.Үийн биед олон тооны гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгдэгч Б.М-ийгхохирогч Э.Үийн биед “тархины зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, дагз хэсгийг хамарсан тархи хатуу хальсан доорх цусан хураа, тархины 4 дүгээр ховдлын цусан хураа, тархи доргилт, баруун хацар ясны нумны гайморын урд хана руу үргэлжилсэн хугарал, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, уруулд шарх, хэвлий, ууц, нуруунд зулгаралт, баруун талын 4-7 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрөөтэй, ясны сэлтэрхий бүхий хугаралтай, зүүн талын 4-8 дугаар хавирга суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, цээжний хөндийн шингэн хуралт, уушгины бүрэн бус авчилт, цээжний арьсан доорх хий хуралт, зөөлөн эдийн няцрал” гэх олон тооны гэмтэл учруулсанд холбогдуулан шалгахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулсны эцэст шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх Б.Мд холбогдох хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шиийдвэрлэх хуулийг зөрчсөн хэдий ч хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдсон байх тул  шүүгчийн захирамжийг хүчингүй болгох  шаардлагагүй гэж үзлээ.

Энэ талаар давж заалдах шатны шүүхээс урьд зохих дүгнэлт хийж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1165 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1165 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ