| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Г.А
Хохирогч С.Ю.И,
Хохирогчийн өмгөөлөгч О.С,
Орчуулагч Ц.О,
Шүүгдэгч Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын асфальтан хучилттай авто замаар “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ***-***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар гарч явсан хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд нь “баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дыг Монгол Улсын замын хөдлөгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч С.Ю.И “өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй, гомдолтой байна” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч О.С “хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх саналтай” гэсэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцэхгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирлын талаар өөрийн байр сууриа илэрхийлж оролцоно” гэсэн,
Шүүгдэгч Б.Ды шүүхийн хэлэлцүүлэгт: “хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, миний буруу, хохиролд 2.030.000 төгрөг өгсөн, цаашид хохирол төлж барагдуулна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс улсын яллагч:
- Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 08-12 дугаар тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Камерын бичлэгийн 07 цаг 38 минут 39 секундэд зүүнээс баруун чиглэлт замын хөдөлгөөнд оролцож буй цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарцаар гарч буй ноосон малгай, бор шаргал өнгийн куртик өмсөж хар өнгийн цүнх үүрсэн эмэгтэйн баруун хөл рүү тээврийн хэрэгслийн зүүн урд талын хэсгээр мөргөх ба мөргүүлсэн эмэгтэй хагас эргээд газар унасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” гэсэн хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/,
- Хохирогч С.Ю.И мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг 35 минутын орчимд гэрээсээ гарч Оюут баг 2-10 дугаар байрны үзүүр дээр шавь Э-тэй таарсан. Ингээд цааш хамт алхсан. Оюут баг 2-10 дугаар байрны ар талын явган хүний гарцаар Зэст баг руу чиглэлтэй алхаж явтал зүүн талаас том машин ирэхээр нь тэрнийг өнгөрөөхөд 2 машин зам тавьж өгч зогссон. Тэгэхээр нь цааш үргэлжлүүлэн алхсан. Энэ үед баруун талаас цагаан өнгийн машин ирж явахыг харсан, би өөрийгөө гарцаар гарч байгаа юм чинь надад зам тавьж өгөх ёстой гэж бодоод алхаж явтал машинд мөргүүлэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна...”, “...Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжпэх зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний зүгээс эмчилгээнд зарцуулсан 2,029,100 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс гадна хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг үйлдвэрээс аваагүй байна. Тэтгэмжийн мөнгө болон цалин хоёрын хооронд зөрүү гарах юм бол нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтыг тухайн үед нь гаргаж өгч нэхэмжлэх болно. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26, 28 дугаар тал/,
- Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: "... Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цаг 53 минутын орчимд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, сургалтын менежер Ш.М над руу утсаар залгаж түүхийн багш С.Ю.Изам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн. Би Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан үүрийг түр орлон гүйцэтгэж байгаа болохоор надад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,
- Насанд хүрээгүй гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг 35 минутын орчим сургууль руугаа явахаар гэрээсээ гарсан. Энэ үед би Оюут баг 2-10, 2-11 дүгээр байрны голд түүхийн багш С.Ю.И-тай таарсан. Ингээд бид хоёр сургууль руу алхаад Зэст баг 1-16 дугаар байрны урд талын явган хүний гарцаар гарсан. Тухайн үед би багшаас 2 алхмын зайтай ард нь алхаж явсан. Гарцан дээр алхаад явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас **--**улсын дугаартай, цагаан өнгийн жижиг тэрэг ирээд багшийн баруун талаас мөргөж газар унагасан. Мөн уг машин багшийг мөргөчихөөд зогссон. Цагаан өнгийн жижиг тэрэгнээс жолооч нь болох эмэгтэй хүн гарч ирээд ангийн багш бид хоёр дээр ирсэн. Жолооч эмэгтэй хүрч ирээд “..уучлаарай, анзаарсангүй.” гэж хэлсэн ба нээх удалгүй ангийн багш бид хоёр өөрийг нь мөргөсөн эмэгтэй жолоочийн хамт машинд нь суугаад хойд эмнэлэг рүү очсон. Хойд эмнэлэг рүү ороод удаагүй байж байтал сургуулийн эрхлэгч багш залгаад С.Ю.Иаг Орос эмнэлэг рүү аваачиж үзүүлээрэй гэж надад хэлсэн. Тэрний дагуу жолооч эмэгтэй болон багш бид гурав Эрдэнэт сувилалын цогцолборын хажууд байдаг Орос эмнэлэг дээр очсон. Намайг эмнэлгийн үүдэнд байж байтал сургуулиас ажилчид ирээд хичээлдээ яв, сургууль руугаа яв гээд явуулсан. Намайг сургууль руугаа явах хүртэл жолооч эмэгтэй багштай хамт эмнэлгээр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
- Б.Ды мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би тээврийн хэрэгслээ жолоодож явахдаа жолоочийн эсрэг талын суудал урд суудал дээр сууж явсан хүүтэйгээ юм ярьж байгаад Зэст баг 1-16 дугаар байрны урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэйг мөргөсөн. Би ийм явдал болсонд маш их харамсаж, гэмшиж байна. Мөргүүлсэн эмэгтэйн эмчилгээний зардлыг гаргаж өгөхөд бэлэн байна. Хүүтэйгээ юм ярьж байгаад уг эмэгтэйг гарцаар гарч байхыг анзаарч хараагүй. Нэг мэдсэн чинь машины урд хэсгийг тулаад эмэгтэй хүн харагдсан тэгэхээр нь торомз гишгэсэн. Өөрт холбогдох хэргээ түргэн хугацаанд шалгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаартай “...С.Ю.И-ийн биед баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "... ***-***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.г дэх хэсэгт “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 12 дугаар зүйл 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Гэснийг тус тус зөрчсөн байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 65-67 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч О.С: “...**--**улсын дугаартай Тоёота Сай маркийн машины баримт /хх-ийн 117 дугаар тал/, 2.029.100 төгрөгийн эм тарианд гарсан зардлаа нэхэмжилсэн баримтын жагсаалт /хх-ийн 88 дугаар тал/, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2.029.100 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 140 дүгээр тал/, 2 дугаар сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтууд /хх-ийн 157-158 дугаар тал/, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шагайн хоёр байрлалын рентген зураг 30.000 төгрөгөөр авхуулсан баримт /хх-ийн 159 дүгээр тал/, Хас банкны С.Ю.Игийн монгол төгрөгийн дансний хуулга /хх-ийн 162-164 дүгээр тал/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б38-30 дугаартай тушаал /хх-ийн 165-166 дугаар тал/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2023/10 дугаартай хөдөлмөрийн гэрээ хх-ийн 166-173 дүгээр тал/, ажлын газрын лавлагаа /хх-ийн 175-177 дугаар тал/, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийн тооцооны хуудас /хх-ийн 177 дугаар тал/, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар доллароор авдаг цалинг жагсаасан баримт /хх-ийн 178 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 14-15 дугаар тал/, 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, эм авсан баримт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолбор эмнэлгийн тодорхойлолт, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт медикал эмнэлэгт шагайн хоёр байрлалын зураг авахуулсан баримт, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн вагоны тасалбарын баримт, замын зардлын баримт, Оросын холбооны улсын Эрхүү хотын Эйр жи ди эмнэлгийн тодорхойлолт, 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүү, нягтлан бодох хэлтсийн тодорхойлолт, сүүлд гаргаж өгсөн Хас банкны валют арилжааны ханшийг харуулсан баримт, цалин нэмэгдсэн талаарх баримт, цалингийн тооцооны хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд шүүгдэгч Б.Ды хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд...” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Б.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын асфальтан хучилттай авто замаар ***-***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар гарч явсан хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд нь “баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл
- Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогч С.Ю.Игийн: “...Энэ үед баруун талаас цагаан өнгийн машин ирж явахыг харсан, би өөрийгөө гарцаар гарч байгаа юм чинь надад зам тавьж өгөх ёстой гэж бодоод алхаж явтал машинд мөргүүлэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна...”, “Миний зүгээс эмчилгээнд зарцуулсан 2,029,100 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хохирол 2.030.000 төгрөг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны долларын цалин 3020 доллар, 13 дахь сарын цалин дутуу авсанаа гаргуулах, бусад эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол журмаар гаргуулахыг нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтыг тухайн үед нь гаргаж өгч нэхэмжлэх болно. ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч П.Б-ы: "... Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цаг 53 минутын орчимд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, сургалтын менежер Ш.Мягмарсүрэн над руу утсаар залгаж түүхийн багш С.Ю.Изам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн. Би Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан үүрийг түр орлон гүйцэтгэж байгаа болохоор надад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч Т.Э-ын: “...Гарцан дээр алхаад явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас **--**улсын дугаартай, цагаан өнгийн жижиг тэрэг ирээд багшийн баруун талаас мөргөж газар унагасан...” гэсэн мэдүүлэг,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаартай дүгнэлт,
- Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Магадалгаа,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 358 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Б.Ды шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч болон шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал сэрэмжтэй байдал, самбаачлах чадвар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаартай “...С.Ю.И-ийн биед баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ды үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч С.Ю.И шүүхийн хэлэлцүүлэгт би мөрдөн шалгах ажиллагааны үед хохиролд баримтаар 2.029.100 төгрөгний зардал нэхэмжилсэн ба үүнээс хагалгаанд орох үед сургуулийн багш ажилтнуудаас 1.486.000 төгрөгийг надад цуглуулж өгсөн тул үүнийг нэхэмжлэхгүй, мөн давхардсан баримт бүхий нэхэмжлэл 30.000 төгрөгийг хасч үлдсэн зардлыг хасаж тооцуулна, Б.Даас эмчилгээний зардалд 2.030.000 төгрөг өгсөн. Одоо Улаанбаатар хот руу зорчиж шинжээчийн дүгнэлт гаргуулсны унааны зардал 97.600 төгрөг, хөлийн шагайн гэрэл авахуулсны зардал болон эм тариа авсаны зардал 86.000 төгрөгийг гаргуулах мөн ажил хийгээгүй байх үед авч чадаагүй 11, 12, 01 дүгээр сарын цалингийн зөрүү болон 13 дугаар сарын цалингийн зөрүүг, аваагүй цалин 3020 доллар гаргуулах, мөн сэтгэцэд учирсан хохирлыг зохих журмын дагуу олгуулахаар тус тус нэхэмжилсэн.
1. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг баримтаар тооцож үзэхэд баримтаар 2.242.700 төгрөгний хохирол нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлээс давхардсан 30.000 төгрөгний баримт, хагалгаанд орох үеийн зардал 1.486.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх хохирол дээр шүүх хуралдааны үед нэмэлт баримтаар гаргаж өгсөн замын зардал болон эмчилгээний зардал зэргийг нэмж тооцоход 696.700 төгрөгийн хохирол тогтоогдож байна.
2. Хохирогч ажил хийгээгүй байх үедийн 11, 12, 01 дүгээр сарын цалингийн зөрүү 13 дугаар сарын цалингийн зөрүүг, аваагүй долларын цалин 3020 доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хохирогчид нийгмийн даатгалын сангаас ажил эрхлээгүй үеийн цалин хөлсийг бодож олгож дуусаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн тайлбараар тогтоогдож байх тул хохирогчийн цалин гаргуулах нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж, хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Ю.И нь зохих баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
3. Мөн шүүхийн шатанд хохирогч С.Ю.И болон түүний өмгөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар гарч явсан хохирогч С.Ю.Игийн эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Ю.И нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч тул тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ.
Иймд хохирогч С.Ю.Ид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн үргэлжлэх хугацаа нь хувь хүний онцлог болон цаашдын сэтгэлзүйн тусламж үйлчилгээний үр дүнгээс хамаарна.
Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч “...С.Ю.И-ийн биед баруун гадна, дотно хавчаар ясны хугарал, баруун тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, шүүгдэгч Б.Ды бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”холимог” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч эрхэлсэн ажилгүй, ам бүл 0-9 насны 6 хүүхэдтэй зэрэг түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 7.150.000 төгрөг болж байна. /550.000*13=7.150.000/.
Иймд шүүгдэгчээс хохирогч С.Ю.Игийн сэтгэцэд учирсан хохиролд 7.150.000 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 2.030.000 төгрөг өгсөн болох нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс нийт гаргуулах хохирлыг тооцож үзэхэд баримтаар нэхэмжилсэн 696.700 төгрөгийн хохирол дээр сэтгэцэд учирсан хохиролд 7.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нэмж нийт 7.846.700 төгрөг гаргуулахаас шүүгдэгчийн хохиролд өгсөн 2.030.000 төгрөгийг хасаж, нийт 5.816.700 төгрөг гаргуулан хохирогч С.Ю.Ид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй нь үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны олон хүүхэдтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оээс “энэ хүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, харин 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа. Мөн эдний гэр бүлд ганц нөхөр нь ажил хийдэг, 0-9 насны 6 хүүхэдтэй, аав ээж нь өндөр настай, зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн багаар торгож өгч, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолгох” гэсэн,
Хохирогч С.Ю.И “гомдолтой байна, би Монгол улсад ажил хийхээр ирсэн, одоо тахир дутуу хүн болсон юм шиг мэдрэмж надад төрж байгаа, шүүгдэгчийн олон хүүхэдтэй байдлыг ойлгож байна. Гэвч миний эрүүл мэнд маш их үнэтэй” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч О.Саас “хохирогчид учирсан хор хохирол арилаагүй байна, шүүгдэгч тоомжиргүй хандаж байгаа тул түүний хувийн эд хөрөнгийг битүүмжилж хохирол барагдуулах арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Дыг 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо төлсөн, зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийн хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын Нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Даас 5.816.700 /таван сая найман зуун арван зургаан мянга долоон зуун төгрөг/ гаргуулан хохирогч С.Ю.Ид олгож, хохирогч нь дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР