| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.А |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.С нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мандахнаран 3 хорооллын гадна түгжээгүй байсан Ж.Тын .... улсын дугаартай тээврийн хэрэгслээс түүний түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Их наран худалдааны төвийн АТМ-д уншуулан Ж.Тын Хаан банкны данснаас 3.400.000 төгрөгийг бэлнээр авч, түүний Төрийн банкны картыг ашиглан 10.000 төгрөгийг нийт 3.410.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мандахнаран 3 хорооллын гадна түгжээгүй байсан Ж.Тын .... улсын дугаартай тээврийн хэрэгслээс түүний түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Их наран худалдааны төвийн АТМ-д уншуулан Ж.Тын Хаан банкны данснаас 3.400.000 төгрөгийг бэлнээр авч, түүний Төрийн банкны картыг ашиглан 10.000 төгрөгийг нийт 3.410.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Тын "...машиндаа тос авах гээд дэлгүүр орсон чинь түрүүвч байхгүй байхаар нь гэртээ үлдээсэн юм байх гэж бодоод гэртээ иртэл байхгүй байсан... миний Хаан банкны данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 3,400,000 төгрөгийн зарлага, төрийн банкны данснаас 5,000 төгрөгөөр 2 удаа зарлага гарсан байсан... Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны орой Мандах наран 3 хорооллын гадна машинаа үлдээхдээ түгжээгүй онгорхой үлдээсэн байсан" гэсэн мэдүүлэг /хх 09-10 ху/, гэрч Г.Нын "...Би тухайн бичлэг дээр байгаа хүнийг мэднэ. Алтанширээ сумын тойг багийн малчин Т.С гэдэг залуу байна. Манай хорооллын ....... тоотод байдаг. Т.С нь тухайн бичлэг дээр байгаа шар өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамц, годон гутлыг байнга өмсөж явдаг" гэсэн мэдүүлэг /хх 24-25, 33-34 ху/, гэрч Г.С-ийн “...өглөө босоод таксны мөнгө байна уу гэхэд Содоо машинд түрүүвчтэй мөнгө байгаа гээд түлхүүрээ өгсөн. Онгорхой ч байж магадгүй байрны баруун хойд талд байгаа гэхээр нь очтол шороонд дарагдсан, цагаан өнгийн... машин байхаар нь мөн л биз гэж бодоод санаанд ороогүй, түлхүүр хийж үзээгүй, хаалгыг нь таттал онгорхой, машины хойд талд ундааны сав, лааз байсан. Голын хайрцганд түрүүвч байхаар нь авсан. Машиныг нь цоожлоогүй. Тэгээд гэрт нь ороод машин чинь онгорхой, мөнгө төгрөг чинь ил байна гээд түрүүвчийг нь өөрт нь өгсөн. Нойрмоглоод ширээн дээр тавьчих. Та өөрөө түрийвчнээс таксины мөнгө авчих гэхээр нь түрүүвчийг нь үзтэл 50.000 төгрөг байхаар нь 20.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх 61-63 ху/, яллагдагч Т.С-ийн "...Манай хадам аав Сэргэлэн манайд шөнө 22 цагийн орчимд согтуу ирж хоносон... Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн орчимд аав босоод надаас таксины мөнгө байна уу гэхээр нь надад алга. Машин дотор таксины мөнгө байгаа. Та гараад аваад ир гэж хэлсэн. Хадам аав гарч яваад 20 орчим минутын дараа орж ирэхдээ хүрэн өнгийн түрүүвч бариад орж ирсэн. Би унтаж байсан болохоор түрүүвчнээсээ таксины мөнгө аваад түрүүвчээ ширээн дээр тавьчих гэж хэлсэн. Тэгээд хадам аав гараад явчихсан. Би унтаж байгаад 11 цагийн орчимд босоод иртэл миний хажууд түрүүвч байсан. Үзэхэд миний түрүүвч биш байсан. Онгойлгоод үзэхэд Хаан банк, Төрийн банкны виза карт байсан... түрүүвчин дотор цаас байсан. Үзэхэд Хаан банк код гээд бичсэн байсан... Тэгээд би Хаан банкны картыг нь аваад түрүүвчийг нь гэрт үлдээгээд Мандах наран 3 дугаар хорооллын замын эсрэг талын 24 цагийн эмийн сантай Хаан банкны АТМ- ээс Хаан банкны виза картных нь зодыг хийгээд шалгахад дансанд нь 3,400,000 төгрөг байсныг аваад куртикны 2 кармаандаа 2 хувааж хийгээд гараад гэр лүүгээ очсон" гэсэн мэдүүлэг /хх 53-55 ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 28-30, 35-38 ху/, Ж.Тын эзэмшлийн Төрийн банкны .......... дугаартай данс болон Хаан банкны ........ дугаартай данснуудын хуулга /хх 6 ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.С-ийн “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрнө. Миний буруу хохирогчид хохирлыг төлсөн. Ялын хувьд хэлэх зүйлгүй, зөвшөөрч байгаа. Хэргийн талаар маргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.С-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Сд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Т.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-т 3.410.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мн овогт Т.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Т.Сд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ үүргээ биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189.1-д зааснаар шүүгдэгч Т.Сд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА