Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01335

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01335

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: НӨАУГ-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Т нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5/42 тоот тушаалаар тус газарт Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулах төвийн менежерээр томилогдон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно.

Манай байгууллага ковид цар тахлын бүрэн болон хэсэгчилсэн хорио цээрийн хугацаанд гэрээсээ ажиллаж байсан ба, миний ажлын байр Нийслэлийн өмчит байгууллагуудаас ирсэн хөрөнгийг данс бүртгэлээс хасах хүсэлтийн дагуу байгууллага хариуцсан мэргэжилтэнтэй газар дээр нь очиж үзэх чиг үүрэгтэй тул уг хугацаанд мөн ажиллах боломжгүй байсан, зөвхөн утсаар ирцээ бүртгүүлдэг байсан.

Би энэ үед 5 хоног хөдөө явсан нь үнэн, энэ хугацаанд программ дээр цагаа бүртгүүлж байсан. 2020 оны 11 дүгээр сард бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан, энэ хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх зөвлөмжийг Засгийн газраас өгч байсан, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө өвс тэжээл хүргэж өгөхөөр явсан байсан, гэтэл мэдэгдлийг 06-ны өдөр өгөөд 12-ны өдөр ажлаас чөлөөлөөд, 13-ны өдөр өөр хүнийг ажилд авсан байсан. Энэ зөрчил дээр өөр сахилгын арга хэмжээ авч болох байсан.

Гэтэл намайг чөлөө зөвшөөрөлгүй олон хоногоор ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцлийг үүсгэсэн гэж үзэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Миний хувьд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил, сахилгын болон ёс зүйн зөрчлийг гаргаагүй үзэж байна. Өмнөх шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч эвлэрэх талаар ярихаар нь би 2 сарын тэтгэмж гэж бичиж өгсөн.

Иймд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн О.Тийг ажпаас чөлөөлөх тухай Дугаар Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6.306.693 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн О.Т нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын Б/42 дугаартай тушаалаар тус газрын Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерээр томилогдон ажилласан.

Бүх нийтийн хөл хорионы үеэр О.Т нь чөлөө зөвшөөрөлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасныг, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.10.1, 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг, мөн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/566 тоот тушаалаар батлагдсан Корона вируст /Ковид-19/ цар тахлын халдварын үед ажиллах түр журам батлах тухай тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйл /4.1- 4.6/-д тус тус заасныг зөрчсөн болно.

Дээрхи дүрэм, журам, гэрээнд заасан заалт тус бүртэй О.Т нь танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Энэхүү зөрчил дутагдлыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсныг Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот мэдэгдлийг О.Тт гардуулсныг хүлээн авч, гарын үсэг зурсан байгаа.

Мөн О.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргад хандан 5 хоног чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан тухайгаа хүлээн мэдүүлж, өөрийн биеэр өргөдөл гаргасан.

Өргөдөлдөө О.Т нь өөрийн гар утаснаас цахимаар цагаа бүртгүүлж байсан гэх боловч, цахим бүртгэл нь гар утас нээлттэй, мөн интернетэд холбогдсон үед бүртгүүлэх боломжтой байдаг тул бусдаар цагаа бүртгүүлж, хууран мэхэлж байсан нь тодорхой болж байна.

Иймд дээрхи бүх хууль, дүрэм, журмын дагуу О.Тийг Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерийн үүрэгт ажпаас чөлөөлсөн асуудлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч О.Т нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоодгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт Данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн менежерийн ажилтай О.Тийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/04 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод дүрэм, журмаар тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 36-53-р хуудас/

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан О.Тийг чөлөө зөвшөөрөлгүй олон хоногоор ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

О.Т нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасантай нийцэж байна.

Ажил олгогч нь ажилтан О.Ттэй 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 36-39-р хуудас/

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/170 дугаартай тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, уг журмыг албан тушаалтанууддаа танилцуулж гарын үсэг зуруулжээ. /хх-ийн 28, 29, 40-54-р хуудас/

Ажил олгогч, ажилтан О.Тийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын Дотоод журам болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 3-6, 36-53-р хуудас/

Ажил олгогч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, ажилтан О.Т нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-д Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу дараах тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж захиргааны санаачлагаар гэрээг цуцална Үүнд:

4.2.2.-т Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн бол гэж,

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.10.1.-д Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцлүүд:

-ажил тасалсан /шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш удаа/ гэж,

Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.7.-д Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх бусад галтгаан/гэр бүлийн гишүүн нэмэх, шалгалт шүүлэг өгөх гэх мэт/-ийн улмаас албан хаагчид чөлөө олгож болно. Ажлын 1 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтсийн дарга, 2 өдрийн чөлөөг Захиргаа, санхүүгийн хэлтэс, 3 буюу түүнээс дээш хугацааны чөлөөг газрын дарга олгоно. Чөлөөний хуудсаар чөлөө аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэж тус тус тусгажээ. /хх-ийн 37, 43, 48-р хуудас/

Ажилтан О.Т нь дээрх гэрээ , журамд заасны дагуу чөлөө, зөвшөөрлийг албан ёсоор авалгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 05-нд Булган аймаг Хангал сумын Хялгант руу аав ээж рүүгээ малын тэжээл хүргэх гэж явж 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 36-53, 96, 97 -р хуудас/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Т нь Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь ажилтан О.Тийг Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан О.Тийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО