| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.А |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М нь 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймаг Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Т.Нийн өмчлөлийн эд зүйл болох 27 тооны хонь, 5 тооны ямааг иргэн Б.А малд нийлсэн байхад бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж .... улсын дугаартай Тоёота Эстима маркийн машинаар тээвэрлэж бусдад зарж борлуулан завшсаны улмаас хохирогч Т.Нт 4.160.000 төгрөгийн хохирол учруулж алдуул мал завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймаг Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Т.Нийн өмчлөлийн эд зүйл болох 27 тооны хонь, 5 тооны ямааг иргэн Б.А малд нийлсэн байхад бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж .... улсын дугаартай Тоёота Эстима маркийн машинаар тээвэрлэж бусдад зарж борлуулан завшсаны улмаас хохирогч Т.Нт 4.160.000 төгрөгийн хохирол учруулж алдуул мал завшсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Нийн "...Манайхаас 300 орчим хонь дутаад М.М араас нь яваад 300 хонь Айрагийн говиос оллоо гээд очсон. Тэгээд хонио тоолоход 27 хонь 5 ямаа дутсан байсан. Манай охин Б айл айлын хониор шүүгээд олдохгүй байсан. ... Б.А над руу утасдаад танайх хонь мал алдсан юм уу манай дээр хар лактай хурганууд байна, М.М ирж манай хонинд нийлүүлчихээд сүүлд авна гээд орхиод явсан. Одоо үлдсэн 6 хурга,1 хонь байна ирээд үзээч гэхээр нь очтол манай олдохгүй байсан хонь байсан. ...одоо надад хохирлын талаар ямар нэгэн маргаан, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх 6-7, 83 ху/, гэрч Б.А "...М.М Эстима маркийн автомашинтай хүнтэй ирээд 10 хонь ачаад 4-5 хоногийн дараа 10 хонь манай хашаанаас ялгаж ачсан" гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/, гэрч Б.Х-ийн “...Би 10 хонь 2 ямааны мах худалдан аваад өөрийн ....... тоот данснаас М.Мын ........ тоот данс руу 1.063.500 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, гэрч Т.Т.ийн “...М.М намайг 12 сард 2 удаа гуйж мал ачуулж байсан. Сумаас зүүн хойш 6 километрт байсан Т гэдэг айлаас хонь, ямаа нийлээд 12-13 бага мал байсан би чихлээс сайн ажиглаагүй хонь бол хондлой дээрээ хар өнгийн лак нь будагтай байсан юм ямааных нь баруун талын эвэр нь дээр ногоон өнгийн будагтай байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ТХҮ-924/9111 дугаартай “...малын нийт үнэ 4.160.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 62-65 ху/, Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ТХҮ-1001760 дугаартай “...Estima маркийн машины үнэ 4.000.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт хх 62-65 ху/, яллагдагч М.Мын “...Миний гэртээ аваачсан малд Нараа эгчийн 14 хонь зөв талын чих нь араасаа ганзага, сүүлэн дээрээ хар өнгийн лаактай байсан. Энэ хонинд 2 эр хонь, 12 эм хонь байсан. Уг 14 тооны малаас 10 хонийг би Айраг сумын малын ченж Мөнгөнболдод зарсан, 4 хонийг нь нядалж Айраг сумын малын ченж Хаш ахад хиллэж зарсан” гэсэн мэдүүлэг /хх 75 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Мын “...Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу. Миний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Прокурорын ялыг зөвшөөрнө. Хохирлоо мөнгөөр төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Мын алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч М.М энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Мт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Нт 4.160.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Маас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА