| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
2024 05 07 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
Улсын яллагч Т.Т,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, **-**тоотод байрлах хохирогч Ч.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд хаалгыг нь түлхүүрээр онгойлгон нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд хөрөнгө, мөн бэлэн 300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 980,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М-ыгхохирогч Ч.Д-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд хаалгыг нь түлхүүрээр онгойлгон нэвтэрч эд зүйл хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүнийг “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ц.М: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, архи уучихсан явж байгаад харьтал хүн байхгүй байхаар нь түлхүүр байдаг газраас түлхүүр аваад гэрт ортол авдар дээр авдрын түлхүүр байсан. Авдрыг онгойлгоод мөнгө авья гэж бодож байгаад аягыг хамт авсан. Хохирлоо эмээдээ бүрэн төлж барагдуулсан” гэх агуулга бүхий мэдүүлгийг,
Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлж тус тус оролцсон.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд: "...2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотоос хамаат золгох гэж ирсэн. Тэгээд бид хэд 19 цагийн үед Булган аймаг Ингэт рүү золголт хийх гэж явсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ ороод хулгай орсон талаараа бол эхлээд мэдээгүй. Тэгээд авдар доторх эд зүйлээ бүртгэж үзсэн чинь 300,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шүрэн хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан... Би Орхон аймаг Баян-Өндөр сум **-**тоот байшингийн түлхүүрийг бол би гадаа үлдээгээгүй. Ц.М нь манай төрсөн охин Цогмолмаагийн хүүхэд байгаа юм. Ц.Мд гарын түлхүүр бол байдаггүй... 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг мөнгөн аяга нь "ургийн уулзалт 2022" гэсэн бичигтэй, нөгөө мөнгөн аяга нь "төрийн дээд шагнал алтан гадас авсанд баяр хүргэе гэсэн бичигтэй. 2023 оны 08 дугаар сарын эхээр Шунхлай алт мөнгөний газраас дунд гарын мөнгөн аягыг 300,000 төгрөгөөр, нөгөө мөнгөн аягыг 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос дунд гарын мөнгөн аягыг 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөөрөг нь 2011 онд Улаанбаатар хотоос 170,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Миний том хүү Мягмарсүрэнгийн хамт би Орхон аймаг Баян-Өндөр сум **-**тоотод оршин суудаг. Өмнө нь миний охин Цогзолмаа, Ц.М нар байдаг байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тусдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг **-** тоотод оршин суудаг болсон... Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Миний зээ хүү Ц.Мөнхтулгын ээж Цогзолмаа нь надад 2 ширхэг шинэ мөнгөн аяга авч өгсөн. Үлдэгдэл бэлэн мөнгө болон хөөргийг зээ хүүгээсээ нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг, / хавтас хэргийн 18-19, 21 дүгээр тал/,
- Гэрч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд 02 дугаар сарын 22-ны өдөр 02 цаг 30 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39-22 тоот гэртээ орсон. Тэгээд удаагүй манай ах Ш.Мягмарсүрэн нь над руу залгаад үүдний тамбарт байсан ууц газар унасан байна. Хаалга, цонх зүгээр, авдарч цоожтой байна гэж хэлэхээр нь гэр дотор байгаа эд зүйлээ бүртгээд үздээ гэж хэлсэн чинь авдар дотор байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн мөнгө 300.000 төгрөг байхгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн... Орхон аймаг Баян-Өндөр сум **-** тоотод манай ээж Ч.Д, Ш.М нар оршин суудаг юм. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хүү Ц.М бид хоёр оршин суудаг байж байгаад тусдаа Эрдэнэ баг **-**тоотод амьдардаг болсон. Манай хүү Ц.М байж магадгүй гэж бодож байгаа. Ээжийн байшингийн хаалга, цонх зүгээр байсан. Түлхүүрээр онгойлгож орсон гэж бодож байгаа болохоор ойр дотны хүн байж магадгүй гэж бодож байна... Тухайн үед би гэрээ цоожлоод явахдаа түлхүүр үлдээдэг газарт түлхүүрээ орхиогүй явчихсан. Намайг эзэнгүй хойгуур хүү Ц.М гэрт ирээд хаалга цоожтой байсан тул гэрийн тооноор дотогш ороод боорцог, сосиск идчихээд жижиг мах аваад явсан байсан. Миний хүү Ц.М нь дээрх эд зүйлийг авч ашиглах, хэрэглэх эрхтэй, өөрийнхөө гэртээ орсон. Би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгөхдөө уурандаа дээрх зүйлийг тусгаж бичсэн. Тэрнээс биш шалгуулах зорилгоор бичээгүй. Мөн ээж Ч.Дын гэрээс алдагдсан 2 ширхэг мөнгөн аяганы оронд шинээр 2 ширхэг мөнгөн аяга авч өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтас хэргийн 24-25, 27 дугаар тал/,
- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд : “...Ц.М зан байдлын хувьд зөөлөн, хүнд тусархуу, хүний үгэнд оромтгой, хүн юм гуйхаар шууд зөвшөөрдөг хүн байгаа юм. Архи, согтууруулах ундааны зүйл уух сонирхолтой болчихсон. Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэх давтамж нь ихэссэн. Эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхэдгүй...” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
- Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр Хүлэг зах дээр архи ууж байгаад эмээгийн гэр болох **-**тоотод очиход хүнгүй байсан. Байшингийн түлхүүр нь түлээний амбаарын хажуу талын блокийн нүхэнд байхаар нь авч, байшингийн хаалгыг онгойлгож дотогшоо орж мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бэлэн 300,000 төгрөгийг аваад байшингийн хаалгыг цоожлоод түлхүүрийг анх байсан газарт нь үлдээгээд явсан. Би горд орж өдөр хамт архи уусан хүмүүсийг хайхад олдоогүй тул Улаанбаатар хот явахаар шийдэж воганд суусан. Маргааш нь Улаанбаатар хотын Хархорин зах дээр очиж автобусны буудлын харалдаа байх алт, мөнгөний дарханд мөнгөн аяганы мөнгийг хуулж 217,000 төгрөгөөр, мөн танихгүй хүнд хөөргийг 50,000 төгрөгөөр зарсан. Дээрх мөнгийг би буудал, хоол, архинд зарцуулж дуусгасан. Эмээ Ч.Дын байшинд би ганцаараа орсон. Байшинд хүн байхгүй байхаар нь эд зүйлс, бэлэн мөнгийг хулгайлчихсан юм. Эмээ Ч.Д нь гэрээсээ гарахдаа байшингийн түлхүүрийг түлээний амбаарын хажуу талд байх блокийн нүхэнд үлдээдэг юм. Яагаад түлхүүрээ үлдээдэг бэ гэхээр нагац ах Мягмарсүрэн нь эмээтэй хамт амьдардаг, дундаа нэг түлхүүртэй болохоор нэг нь гэрээс гарахдаа байшингийн түлхүүрээ нууж орхидог...” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 8 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтас хэргийн 13-15 дугаар тал/,
- Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/42 дугаартай “2024 оны 03-р сарын 01-ны өдрийн байдлаар дунд гарын мөнгөн аяга 270.0 мянган төгрөг, дунд гарын мөнгөн аяга 290.0 мянган төгрөг, шүрэн хөөрөг 120.0 мянган төгрөг нийт үнэлгээ 680.0 /зургаан зуун наян/ мянган төгрөг болж байна.” гэсэн эд зүйлсийн үнэлгээний тайлан, /хавтас хэргийн 34-38 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.М нь Ч.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд хаалгыг нь түлхүүрээр онгойлгон нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд хөрөнгө, мөн бэлэн 300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Ц.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Дын: “...Тэгээд авдар доторх эд зүйлээ бүртгэж үзсэн чинь 300,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шүрэн хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан... Би Орхон аймаг Баян-Өндөр сум **-**тоот байшингийн түлхүүрийг бол би гадаа үлдээгээгүй. Ц.М нь манай төрсөн охин Ц-ийн хүүхэд байгаа юм. Ц.Мд гарын түлхүүр бол байдаггүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Ц-ийн: “...Тэгээд удаагүй манай ах Ш.Мягмарсүрэн нь над руу залгаад үүдний тамбарт байсан ууц газар унасан байна. Хаалга, цонх зүгээр, авдарч цоожтой байна гэж хэлэхээр нь гэр дотор байгаа эд зүйлээ бүртгээд үздээ гэж хэлсэн чинь авдар дотор байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн мөнгө 300.000 төгрөг байхгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. ...Орхон аймаг Баян-Өндөр сум 42-12а тоотод манай ээж Ч.Д, Ш.М нар оршин суудаг юм. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хүү Ц.М бид хоёр оршин суудаг байж байгаад тусдаа Эрдэнэ баг **-**тоотод амьдардаг болсон...” гэсэн мэдүүлэг,
Ц.М-ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр Хүлэг зах дээр архи ууж байгаад эмээгийн гэр болох **-**тоотод очиход хүнгүй байсан. Байшингийн түлхүүр нь түлээний амбаарын хажуу талын блокийн нүхэнд байхаар нь авч, байшингийн хаалгыг онгойлгож дотогшоо орж мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бэлэн 300,000 төгрөгийг аваад байшингийн хаалгыг цоожлоод түлхүүрийг анх байсан газарт нь үлдээгээд явсан. ...Эмээ Ч.Дын байшинд би ганцаараа орсон. Байшинд хүн байхгүй байхаар нь эд зүйлс, бэлэн мөнгийг хулгайлчихсан юм...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,
Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/42 дугаартай үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Ц.М Орхон аймаг Баян-Өндөр сум 42-12а тоот байрлах байшинд урьд нь амьдарч байсан хэдий ч хэрэг явдал болох цаг хугацаанд тэнд оршин суугаагүй, өөр газар оршин сууж байсан, түүнд хохирогч Ч.Д гэрийн түлхүүрээ өгөөгүй, үлдээгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц.М-ыгбусдын орон байранд нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах” гэмт хэрэг гэж үзнэ гэж тодорхойлон хуульчилж өгч, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ. Мөн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардаж тодорхойлж өгсөн байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх шинжид заасан хулгайлах үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй. Учир нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.
Иймд шүүгдэгч Ц.М-ыгхохирогч Ч.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд хаалгыг нь түлхүүрээр онгойлгон нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд хөрөнгө, мөн бэлэн 300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.М-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэл, архи согтууруулах ундааны хэрэглээ зэрэг хувийн зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Ц.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Дд 980,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Ц.М-ыгбусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, 1,5-д гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд үнэнээр хүлээж мэдүүлэг өгсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
шүүгдэгч Ц.М нь “гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.М нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Мд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодсныг харгалзан үзсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР