| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/00416/И |
| Дугаар | 181/ШШ2021/01349 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2021/01349
| 2021 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2021/01349 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажиллаж байхдаа авах байсан урамшууллыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч О.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ө, нарийн бичгийн даргад Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Э нь С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 23 -ны өдрийн 03/37 тоот тушаалаар тус компанийн Худалдааны зөвлөх албанд Ахлах худалдааны зөвлөх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ компани Японы компани бөгөөд надад сарын үндсэн цалин 1 сая төгрөг өгөхөөр тохирсон, миний борлуулалт сайн байсан 2018, 2019 оны борлуулалтаар №1 байсан. Би 2020 оны 01 дүгээр сард Монгол руу буцахаар болж 2020 оны 3 дугаар сард ахлах худалдааны зөвлөхөөр ажилд орсон.
Би Монголд 700 гаруй машин зарж 453 сая төгрөгийн орлого оруулсан, намайг ажил мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй тухай ямар ч дүгнэлт гараагүй, тийм зүйл байхгүй, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр компанид их хэмжээний хохирол учирсан, энд аудит орж дүгнэлт гарсан, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэр бүхий 14 хүнийг ажлаас нь халах шийдвэр гарсан. Би энэ хохирол учирсан асуудалтай ямар ч хамааралгүй, энэ тухай хариуцагч ч мэдэж байгаа болно.
Би ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа аливаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/49 тоот тушаалаар Д.Э намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
Энэхүү тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэжээ. Намайг ажлаас чөлөөлсөн талаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус компаний Удирдлага, хүний нөөцийн ажилтнаас миний хувийн имэйлээр надтай холбогдож мэдэгдсэн бөгөөд, тушаалыг фото хэлбэрээр над руу илгээсэн. Мөн ажил үүргээ хүлээлгэж өгөх, тушаалаа ирж авахыг фэйсбүүк мэссэнжерээр хэлсэн.
Ингээд миний бие 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/49 тоот тушаалыг хүлээн авч танилцахад өмнө над руу фото хэлбэрээр илгээсэн тушаалын үндэслэл, зарим зохицуулалт нь өөр байсныг онцгойлон дурдая.
Тухайлбал над руу фото хэлбэрээр илгээсэн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 41.1.1, 42.1, 43 дахь заалтуудыг үндэслэсэн, ажил хүлээлцэх хугацааг тогтоож өгсөн байсан бол эх хувиар нь гардаж авсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 42.1 дэх заалтуудыг үндэслэсэн, ажил хүлээлцэх хугацааг заагаагүй байсан. Мөн тушаал дээр миний албан тушаалыг худалдааны зөвлөх гэж буруу бичсэн байгаа юм. Харин огноо дугаар нь ижилхэн байгаа учир миний бие 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан гэж ойлгож байна.
Гэвч Д.Э намайг яагаад ажлаас халах болсныг ойлгохгүй байгаа бөгөөд ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус компанид ажиллах хугацаандаа сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаа чанартай, гүйцэтгэл сайтай хийж, олон олон удаа урамшуулал бонус авч ирсэн. Ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэл байхгүй, надад ажлын байрны тодорхойлолт танилцуулж байгаагүй, би ажлын гүйцэтгэлийн алдаа гаргаж байгаагүй. Миний бие эрүүл чийрэг бөгөөд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа хангалттай тэнцэнэ гэж үзэж байна.
Ийм байтал намайг ямар ч үндэслэлгүйгээр, урьдчилан хэлж мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас халсанд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг тайлбарласан байгаатай нийцэхгүй байна.
Би ажиллаж байхдаа авах байсан урамшуулал гэж тусгайлан нэхэмжлэх зүйлгүй, ажиллаж байсан бол авах байсан цалин олговороо тэгж ойлгож бичсэн юмаа.
Иймд Д.Э намайг С ХХК-ийн ахлах худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь С ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/49 тоот тушаалыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийгээ нотолж ажил хүлээлцэх акт болон бусад бичиг баримтууд дээр гарын үсгээ зурсан.
Манай компанид их хэмжээний хохирол учирсан, энэ асуудалд Д.Э хамааралгүй, ажлаас нь чөлөөлөх тухай түүнд цахимаар хэлж байсан. Д.Э Сэлэнгээтэй цахимаар харьцахдаа би дахиж ажиллахгүй гэж бичиж байсан байдаг юм. Энэ тухай баримтад үзлэг хийлгэх гэсэн боловч 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх материалыг үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Д.Э ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн 2 өөр тушаал гарсан юм байхгүй
Хариуцагч нь Д.Э тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч хэдийгээр хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуулиар үүрэг хүлээгээгүй боловч Ковид19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж Д.Э т 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн болно. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сард хариуцагчаас дээрхи шийдвэрийг хүлээн авсаныхаа дараа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж ажилгүйдэлийн тэтгэмжийг хөөцөлдөж, бичиг баримт бүрдүүлж өгсөн боловч нийгмийн даатгалтын төлөлтийн шаардлага хангаагүй гэдгээр татгалзсан хариу авсаныхаа дараа ямар ч үндэслэлгүйгээр ийнхүү шүүхэд хандаж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юмаа.
Иймд Б.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажиллаж байхдаа авах байсан урамшууллыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
С ХХК-ийн худалдааны зөвлөх албанд Ахлах худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Д.Э ыг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар, тус компанийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03/37 дугаартай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/49 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус компанийн дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 8-10,21-28- р хуудас/
Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Д.Э ыг ажилтан мэргэжил, ур чадвар хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон... гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Д.Э нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шууданд хийсэн байх тул хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасан байна./хх-ийн 1-3, 75, 90, 91-р хуудас/
Ажил олгогч нь ажилтан Д.Э тай 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20/8857 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-10-р хуудас/
Ажил олгогч С ХХК нь ажилтан Д.Э ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.- д заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлж, мөн хуулийн 42.1.-д заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ тус компанийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/49 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5, 7, 21-26-р хуудас/
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтан Д.Э т нэг сарын өмнө мэдэгдсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч ажилтан уг мэдэгдлийг гардан аваагүй, мэдээгүй гэж маргаж байхад хариуцагч мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул хуульд заасны дагуу нэг сарын өмнө ажилтанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж болно гэжээ.
Ажилтан мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.
С ХХК-ийн дотоод аудитын тусгай хорооны тайлангийн протокол болон С ХХК нь С компаниас зарим тодорхой ажилтнуудыг ажлаас халах тухай хүсэлт ирүүлснийг тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гэж үзэх боломжгүй байна /хх-ийн 104,106, 112,113-р хуудас/
Хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч С ХХК-ийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй байх тул ажилтан Д.Э ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Д.Э ыг С ХХК-ийн худалдааны зөвлөх албанд Ахлах худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх 6 сар 12 хоногийн хугацааны цалинд 16.617.476 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Д.Э т олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.
/2.420.109+2.551.705+2.628.883=7.600.697/,/7.600.697:3=2.533.566/,/2.533.566:21,5 =117.840/,/2.533.566х6=15.201.396/,/117.840х12хоног=1.214.080/,/15.201.396+1.414.0801=16.617.476/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа авах байсан урамшууллыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн боловч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа авах байсан урамшуулал гэж тусгайлан нэхэмжлэх зүйлгүй авах байсан цалин олговороо тэгж ойлгож бичсэн гэж тайлбарласан тул уг шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Золзаяад 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 9.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнийг хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Золзаяа ирэхгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Д.Э ыг С ХХК-ийн худалдааны зөвлөх албаны Ахлах худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 16.617.476 /арван зургаан сая зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун далан зургаа / төгрөгийг гаргуулан Д.Э т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалин болох дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241.027 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО