| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0509/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/536 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Х.*********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0025 60472 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, 1 хавтаст хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
****** овогт ***** ***********, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******************, Сонгинохайрхан дүүргийн ******************* тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ******************
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” зочид буудлын 201 тоотоос хохирогч Ц.***********ийн “Huawei Y90” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл дүгнэвэл.
Шүүгдэгч Х.*********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” зочид буудлын 201 тоот өрөөнд хамт ажилладаг ***********ын дуудсаны дагуу очсон байна. Улмаар 201 тоотод түүний эхнэр Ц.***********тэй маргалдан гарж явахдаа түүний өмчлөлийн “Huawei Y90” маркийн гар утсыг ширээн дээрээс нь авч яван “***********” ломбардад тавьж 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСОL06438917 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: *********, ...Дуудлага хүлээн авсан: 2023-12-24 06:59:16, ...Дуудлагын утга: гар утас алга болсон...” гэх баримт (хавтаст хэргийн 05 дахь тал),
- Хохирогч Ц.***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 24-ний 1 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********** зочид буудлын 201 тоотод нөхөр дээрээ ирсэн чинь манай нөхөр хамт ажилладаг найз, түүний эхнэртэй архи ууж байсан. Тэгээд 2 татчихаад байж байтал *********** гэдэг нэртэй эмэгтэй орж ирээд манай нөхрөөс “таксины мөнгө 20.000 төгрөг өгчих” гэхээр нь би “чамайг хэн дуудсан юм” гэтэл танай нөхөр намайг дуудсан гэж хэлсэн. Тэгээд би уурлаад гар гээд хөөтөл буцаж таксины жолоочтой орж ирэхээр нь түлхээд гаргасан удалгүй дахиж орж ирээд “таксины жолооч мөнгө нэхээд байна” гээд орж ирэхээр нь хөөж гаргаад хаалгаа түгжтэл ширээн дээр байсан Huawei Y90 загварын гар утас алга болсон байсан...би Huawei Y90 загварын гар утсаа 2023 оны 4 дүгээр сард...Сайн электроникоос 1.300.000 төгрөгөөр авч байсан. Одоо 1.350.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
- 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр...эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хар өнгийн Huawei Y90 загварын 864283054238941, 864283054273948 гэх имей кодтой байв. Тус гар нь хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал)
- Иргэний нэхэмжлэгч П.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн *********** байранд байрлах “***********” нэртэй ломбард ажилладаг юм 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед би ажиллаж байхад нэг эмэгтэй орж ирээд Huawei Y90 загварын гар утсыг “мөнгөний хэрэг гарсан юм гээд үнэн нь хэд вэ” гэхээр нь би “200.000 төгрөг болно” гээд ...тухайн гар утсыг барьцаалж зээл авъя гэсэн. Тэгэхээр нь хэд хоног гар утсаа барьцаалах юм гэхэд 14 хоногоор гар утсаа барьцаалж надаас 200.000 төгрөг аваад гар утсаа үлдээгээд гараад явсан удалгүй 14 хоног нь дууссан ба хүлээлгийн 5 хоног нь 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар нь тухайн Huawei Y90 загварын гар утас барьцаалан зээл авсан эмэгтэйн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын ***********-ны өдөр гар утасны ченж орж ирээд 250.000 төгрөгөөр тухай гар утсыг аваад явсан ба маргааш нь цагдаагийн байгууллагаас Huawei Y90 загварын гар утас байгаа юу гэхээр нь 1 хоногийн өмнө зарсан юм тухайн зарсан ченж нь хөдөө орон нутагт байдаг би залгаж хэлээд буцаагаад авна гэж хэлээд Huawei Y90 загварын гар утас авсан ченж руу залгаад хулгайн утас байна гэж хэлэхэд яаралтай явуулъя гэж хэлсэн...тухайн эмэгтэй хар куртик цагаан ороолт зүүсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дах тал)
-Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтэд: “...Huawei Y90 маркийн гар утас... https://www.ungui.mn/ adv/7801027_ Huawei nova y90/...800.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
- “**********” барьцаат зээлийн гэрээнд ...Эхлэх: 2023.12.23, дуусах: 2024.01.06-ний өдөр (14 хоног 8.00%)...Үйлчлүүлэгч: ***** овогт *********** *********... Huawei Y90 загварын гар утас...зээл 200.000 төгрөг,...хүү 16.000 төгрөг... нийт 216.100 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 23 дахь тал)
- Шүүгдэгч Х.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой найзындаа архи ууж байтал манай найз *********** над руу залгасан ба “***********” зочид буудалд байна чи хүрээд ирээч гэхээр нь би за гээд такси бариад Сонгинохайрхан дүүргийн *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** зочид буудал дээр орой 20 цагийн үед очсон юм. Би буудал дотор ороод 201 тоот өрөө рүү явж ороход *********** болон түүний эхнэр *********** нар болон өөр хүн байсан ба бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би ***********т хандаж “чи баахан хүмүүстэй байж яах гэж намайг дуудсан юм би буцаад явлаа надад таксины мөнгө өг” гэж хэлэхэд *********** надад мөнгө өгөөгүй бөгөөд түүний эхнэр *********** уурлаж “чи яахаараа таксины мөнгө авдаг юм” гээд над руу юм шидээд байсан. Тэгэхээр нь би гараад буцаж орж ирээд 201 тоот өрөөний зурагтын доод тавиур дээр ***********ийн гар утас байсан ба би тухайн гар утсыг нь аваад гарчихсан юм. Тухайн үед *********** *********** хоёулаа согтуу байсан ба би ***********ийн гар утсыг аваад шууд 200.000 төгрөгөөр ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.*********** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.*********** нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч Ц.***********ийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Х.***********ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********т тэнцвэрт эстимэйт ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлангаар 800.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.***********д 200.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч Х.*********** хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Х.***********ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч Х.*********** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоох тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Х.*********** нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 42 дахь тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.***********ыг нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Х.*********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад...мэдэгдэх” мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох...” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авахаар тогтов.
2.3.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.*********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ****** овогт ***** ***********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заасныг журамлан шүүгдэгч Х.***********ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.***********ыг Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...”, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “...согтууруулах ундаа…зүйл...хэрэглэхийг хориглох...” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*********** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ