Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Х нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, Талын хонхорын 5-1 тоотоос хохирогч Ө.Бы өмчлөлийн 75-63 ХӨА улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, хромон хос гутал, нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, талын хонхорын 5-1 тоотод байх В.Сайнтогтохын гэрт байсан  Ө.Бы өмчлөлийн 75-63 ХӨЗ улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоцикль, хромон хос гутал, нокиа загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ө.Бд 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан, үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хгийн өгсөн:“...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Бы өгсөн: “....2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын талын хонхор 5-1 тоотод оршин суух өөрийн танил Сайнтогтохын гэрт нь очсон юм. Би Сайнтогтохын гэрт очихдоо өөрийн эзэмшлийн 75-63 ХӨЗ улсын дугаартай ногоон өнгийн мустанг 5 маркийн мотоциклтойгоо очсон юм. Тэр өдөр Сайнтогтох бид хоёр 3 шил 0.75 граммын сэржим нэртэй архи уусан юм. Тэр орой би мотоцикль барих чадваргүй болоод Сайнтогтох миний мотоциклийг өөрийн байшин руугаа оруулж тавьсан юм. Тэгээд Сайнтогтох бид хоёр байшинд унтаж байтал оройны 23 цаг өнгөрч байхад гаднаас Сайнтогтохын таньдаг Х.А гэх залуу согтуу орж ирсэн. Х.Агийн дараа мөн Сайнтогтохын таних Эрдэнээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна./ эхнэрийн хамтаар Сайнтогтохын гэрт орж ирсэн. Тэгж байтал Сайнтогтох Эрдэнээ түүний эхнэр гурав хамт гараад явсан. Би Сайнтогтохын байшинд Х.А гэх залуугийн  хамтаар унтаж үлдсэн юм. Шөнийн 01 цаг өнгөрч байтал гаднаас Сайнтогтох орж ирээд намайг сэрээж чиний мотоцикль алга болсон байна гэж надад хэлсэн. Би өөрийн мотоциклио хартал миний мотоцикль алга болсон байсан. Мөн миний өмдний халаасанд байсан мотоциклийн  түлхүүр, нокиа гар утас, хромон хос гутал зэрэг эд зүйлс алга болсон. Намайг мотоциклоо алддаг орой Сайнтогтохын гэрт ирсэн Д.Х гэх тэр залууг сэжиглэж байна. Тэр залуу Сайнтогтохын гэрт ирэхдээ тавчиг өмссөн байсан бөгөөд мотоцикль алга болсны дараа  тэр тавчик Сайнтогтохын гэрт байсан. Тэгэхээр миний гутлыг өмсөж явсан байх. Мөн Х.А бид хоёр л Сайнтогтохын гэрт хоёулаа үлдсэн. Одоо Х.А  гэх залууг хайгаад олохгүй байгаа юм. Мотоциклийг 2019 оны 04 дүгээр сард манай төрсөн эгч Навчаа Мөрөн сумын мустанг дэлгүүрээс 1,950,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм. Одоо энэ үнээрээ үнэлнэ. Хромон гутлыг 2019 оны хавар Мөрөн сумын барааны захаас 250.000 төгрөгөөр авч байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Нокиа маркийн гар утас /загварыг мэдэхгүй байна/ 2020 оны 04 дүгээр сард Мөрөн сумын Ану худалдааны төвөөс 35.000  төгрөгөөр худалдан авч байсан одоо энэ үнээрээ үнэлнэ. Шинээрээ байгаа  содон тэмдэг гэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна... Би тухайн үед мотоциклоо буцааж авсан. Гар утас гутлаа аваагүй байна. Одоо надад гомдол саналгүй ..  ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46, 53 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн: “ ...2020 оны 07 дугаар сарын үед манай гэрт Х.А ирсэн. Тэгээд бид нар цуг бөөндөө Баянзүрх сумын морины баяр дээр очсон. Тэгээд баяр дуусаад бид нар буцаад манай гэрт ирсэн тэр үед Х.А нь ногоон өнгийн мустанг мотоцикльтой байсан тэр мотоциклоо зарна гээд байхаар нь би өөрийнхөө унаж байсан UB мотор  гэдэг   нэртэй улаан өнгийн мотоциклоо өгөөд дээрээс нь 100,000 төгрөг өгөөд худалдаж авсан, тэгээд Х.А  явсан. 20 хоногийн дараа байхаа манай Улаан-Уул сумын цагдаагаас залгаад таны унаж байгаа  мотоцикль хулгайн мотоцикль байна гээд намайг хүрж ирж уулз гэсэн тэгээд  сумын тов ороод цагдаатай уулзсан чинь нөгөө мотоциклыг хурааж авсан. Би 2017 онд мөрөн сумаас 1.855.000 мянган төгрөгөөр авч байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа 1.501.500 мянган төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  50-51 тал/,

Гэрч В.Сайнтогтохын өгсөн: “...2020 оны 06-р сарын 30-ний өдөр Х.А, Ганбаатар, Батсайхан бид 3 Сэржим нэртэй 0.75 грамм архи ууж байгаад Батсайхан тасарч унаад Х.А тэр 2 үлдээд Ганбаа ах бид 2 Батсайхан Мотоциклийн байшинд нь оруулж орхиод явсан. Орой гэртээ буцаад ирэхэд Батсайхан гэртээ тасраад унтсан хэвээрээ Х.А байхгүй мотоцикль нь алга болчихсон байсан. Батсайхан Х.Аг унаад явсан байх ирэх байлгүй гэж хэд хоног харж байгаад Батсайхан хэд хоногийн дараагаас цагдаад дуудлага өгсөн. Гэрийнхээ хашаанд архи ууж байхад тэр Х.А гэж нөхөр усандаа явж байхдаа манайд орж ирж ганц пиво ууж танилцсан юм. Сайн бол танихгүй саяхан танилцсан юм. .. тэр мотоцикль алга болсноос хойш бүүр манайд ирэхгүй үзэгдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн  55-56 тал/,

Гэрч Д.Бийн өгсөн: “...Би Баянзүрх сумын морины баяр дээр очоод Х.Атай таараад юм ярих үед Х.А би унаагаа зарна гэхээр нь би өөрийнхөө унаж явсан мотоциклоо өгөөд дээр  нь мөнгө нэмж өгсөн. Тэгээд баяр дээрээс Улаан-Уулд манайд очоод наймаагаа өгөлцөж авалцаад яваад өгсөн. 20 гаруй хоногийн дараа Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч залгаад наад унаа чинь хулгайн унаа байна, хурдан аваад ир гэхээр нь аваад очсон чинь хурааж авсан. Тэгээд одоо хүртэл унаагүй байна. Х.Аг одоо хаана байгааг мэдэхгүй байгаа болохоор уулзаж чадахгүй байна. Би танина. Нэг нутгийн хүн болохоор зүс танина. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. UB маркийн улаан өнгийн мотоцикль. 2017 онд Мөрөн сумын Тэнхлэг дэлгүүрээс 1,855,000 төгрөгөөр авч байсан. Улаан-Уул суманд байгаа. Ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Тиймээ, би тэгж хэлсэн. 100,000 төгрөг нэмж өгсөн. Би мэдээгүй. Бичиг баримт байхгүй гэж Х.А хэлсэн. Нэг нутгийн хүн болохоор тэгж сүртэй хүлээж аваагүй итгээд наймаа хийсэн. Би одоо 1,500,000 төгрөгөөр үнэлнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч Ө.Навчаагийн өгсөн: “...Манай дүү Ө.Б нь Төмөрбулаг суманд хөдөө байдаг. Тэр алдсан гээд байгаа мотоциклийг 1,990,000 төгрөгөөр  хавар 4 сард авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,

Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №114/174 дугаартай:“...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Бы 7563 ХӨЗ улсын дугаартай  мустанг-5 маркийн мотоцикль, хромон гутал /хос/, гар утас /Nokia/ нийт үнийг 1,716,500 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 67-69 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35 тал/,

           Ө.Бы Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36-39 тал/,

ЦЕГ-ын  АСАП сангийн оргодол эрэн сурвалжлах мэдээлэл /хх-ийн 87-93 тал/,

Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5890/175 дугаартай: “... Б.Х*****, Хөвсгөл аймаг Улаан-Уул сум 2 дугаар баг тоом, 2020 оны 09 дүгээр сараас хойшхи дансны дэлгэрэнгүй хуулга хүргүүлэв..” гэх албан бичиг,  Б.Хгийн ***** дугаартай дансны хуулга /хх-ийн 100-104 тал/,

Төрийн банкны Хөвсгөл салбарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 37/351 дугаартай: “... Б.Х ********тоот данстай уг данс хаагдсан хуулгыг хүргүүлэв..” гэх албан бичиг, харилцах дансны хуулга /хх-ийн 107-108 тал/,

Шүүгдэгч Б.Хгийн өгсөн:“.. 2020 оны 06 дугаар сарын өдрийг нь би сайн мэдэхгүй байна. Мөрөн сумын 10 дугаар багт талын хонхорын  8-1 тоотод би өөрийн зүс таних Сайнтогтохын гэрт нь очсон чинь бас танихгүй ах бид гурав нийлээд 0.75-ийн хэмжээтэй сэржим нэртэй архи 3 шилийг уусан. Тэгээд би тасарчихсан байсан нэг сэрсэн чинь би Мөрөн сумын ар тал дээр ганцаараа Сайн тогтохын гэрт нь байсан мотоциклыг унаж ирсэн байсан. Тэгээд би шууд тэр мотоциклыг унаад би хатгал тосгон руу явсан. Тэгээд би тэндээ очиж байж байгаад Улаан-Уул сумын Тоом багийн баярт очоод тэндээ нөгөө унаж явсан мотоциклоо Батхуяг гэдэг хүнтэй өөрийнх нь унаж явсан мотоциклоор сольсон. Мотоцикль, гар утас, хромон гутал зэргийг би авч явсан. Би тухайн үед согтуу байсан архины халуунд л авсан байсан. Маргааш нь би мэдээд зарж мөнгө олж замын зардал олоод ажилд явъя л гэж бодсон тэрнээс өөрөөр бол санаа бодол байгаагүй. Тийм би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна...” гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Б, иргэний нэхэмжлэгч Д.Б, гэрч В.Сайнтогтох,  Ө.Навчаа нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №114/174 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Х нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, Талын хонхорын 5-1 тоотод байх В.Сайнтогтохын гэрт байсан Ө.Бы өмчлөлийн 75-63 ХӨЗ улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоцикль, хромон хос гутал, нокиа загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ө.Бд 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

 Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Хгийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Хгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, Талын хонхорын 5-1 тоотоос хохирогч Ө.Бы өмчлөлийн 75-63 ХӨЗ улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоцикль, хромон хос гутал, нокиа загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ө.Бд 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Бд 1,716,500 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээч Б.Мядагмаагийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №114/174 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би тухайн үед мотоциклоо буцааж авсан. Гар утас гутлаа аваагүй байна. одоо надад гомдол саналгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/-д хэрэгт авагдсан, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Хг хохирогч Ө.Бд төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин иргэний нэхэмжлэгч Д.Б нь шүүгдэгч Б.Хгаас хулгайд алдсан  мотоцикль худалдан авч өөрт учирсан хохирол  болох 1,501,500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Хгаас 1,501,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Б.Хгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хохирол төлбөрийн тухайд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн шинж, хувийн байдал, учруулсан хохирлын хэмжээ, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг харгалзан үзээд  зорчих эрх хязгаарлах, хорих, нийтэд тустай ажил хийлгэх гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийтэд тустай ажил 240 цагаас 720 цаг хүртэл хийлгэхээр хуульд заасан байдаг. Шүүгдэгч Б.Хд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах саналтай байна....” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг оруулж байна.  2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж заасан. Миний үйлчлүүлэгч 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаас энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байна гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийг өршөөлд хамруулахгүй  гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөл нь 9 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2 дах хэсгийн 2.3, 3 дахь заалт өршөөлд хамрагдахгүй гэж заасан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан заалт нь хамаарахгүй байгаа учир өршөөлд хамруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг  харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нь Б.Хгийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх  хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Б.Хгийн гэмт үйлдэл нь 2020 оны 6 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 1-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “.......2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ заасан, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино..” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасны дагуу “шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гаргасан “Өршөөл үзүүлэх  хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Хд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Х нь 2 хоног баривчлагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т  зааснаар шүүгдэгч Б.Хд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэсүгэй. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Хд сануулсугай.

            5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-гаас  1,501,500 (нэг сая таван зуун нэг мянга таван зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б олгосугай.     

 7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х нь 2 хоног баривчлагдсан, хохирогч Ө.Бд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН