Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01390

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01390

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШУТС УТҮГ -д холбогдох

19,093,411 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Ш  нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж болох 19,093,411 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд сантехникчээр 17 жил тус байгууллагад ажилласан болно.

Миний бие төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарагдаж ТҮ-3-5-аар цалинжиж улсад 38 жил ажиллаж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагын захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлөгдснөөр төрийн албан хаагчдад олгох буцалтгүй тусламж авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Шинжлэх ухааны технологийн санд хүргүүлсэн.

Гэвч Шинжлэх ухааны технологийн сангаас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.3-д заасан үндэслэлээр олгохоос татгалзсан болно. Ийнхүү татгалзсаныг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна.

Би 2018 онд тэтгэвэрт гарахдаа өндөр насны тэтгэвэрт гараагүй, хортой нөхцлөөр тэтгэвэрт гарсан. Тэр үед ямар нэгэн тэтгэмж аваагүй юм.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлнэнгийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 20 ны өдрийн 39 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул би өөрийгөө өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж одоо тэтгэвэрт гарч байна гэж ойлгож байна.

Дээрх журам хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гаргах тушаал гаргасан тул иргэн Л.Ш  миний бие нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль журмын дагуу авах ёстой гэж үзэж байгаа тул тус шүүхэд гаргасан 19,093,411 төгрөгийг Шинжлэх ухаан технологийн сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Л.Ш  нь Шинжлэх ухаан технологийн сангийн харъяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд сантехникчээр ажилладаг байсан юм.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5 дугаар зүйлийн 5.3-т төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж заасан.

Гэтэл Л.Ш  нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 52 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж түүнээс хойш буюу 2018 оны 07 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэвэр авч байгаа нь тушаалын хуулбар, тэтгэвэрийн дэвтрийн хуулбараар нотлогдоно.

Иймд Л.Ш т нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болж санхүүгийн тайлангийн аудитаар төлбөрийн акт тавигдан буцаан төлөх үр дагавартай гэж үзсэн болно. Мөн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эалэн дагаж мөрдөнө гэсэн байгаа болно. Л.Ш т энэ журмын дагуу тэтгэмж олгогдохгүй гэж үзэж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л.Ш  нь нэг удаагийн буцалтгүй тусламжид 19.093.411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Шинжлэх ухаан технологийн сан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Ш  нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангийн харъяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд сантехникчээр ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн Хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчдын тайлбар №А0307351 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 36-р хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр, тэтгэмж нь өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэсэн төрөлтэй байна гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3.-т Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2.-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж тус тус заасны дагуу Шинжлэх ухаан технологийн сангийн харъяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд сантехникчээр хортой нөхцөлд ажиллаж байсан Л.Ш  нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Өндөр насны тэтгэвэр гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Иймд Л.Ш  нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хортой нөхцлөөр тэтгэвэрт гарч сар бүр 355.518 төгрөгийг авахаар тогтоосныг өндөр насны тэтгэвэрт гараагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ үед буюу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байсан бөгөөд уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор заасан байсан.

Л.Ш  нь төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байхдаа хөдөлмөрийн хортой нөхцлөөр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн дээрх нөхцөлд хамрагдахгүй юм. /хх-ийн 4-7, 9, 17, 21, 36-р хуудас/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ... 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу 19.093.411 төгрөгийг Шинжлэх ухаан технологийн сан УТҮГ-аас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Шинжлэх ухаан технологийн сангийн харъяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай тушаалаар тус байгууллагад сантехникчээр ажиллаж байсан Л.Ш ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3. дах заалтыг үндэслэснээр Л.Ш  өндөр насны тэтгэвэрт гарсан гэж үзэх үндэслэлгүй.

2017 онд шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 7 дугаартай тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталж, уг журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Уг журмын 5 дугаар зүйлийн 5.3.-т Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэжээ.

Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шинэчлэн найруулагдсан Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.

Иймд Л.Ш ыг төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаад хортой нөхцлөөр тэтэгэвэр тогтоолгох үед зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа дахин төрийн байгууллагад ажиллаж байсан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Харин нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай баримтуудаа бүрдүүлэн Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэрийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрхэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хууль /2017он шинэчлэн найруулсан/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэг удаагийн буцалтгүй тусламжид 19.093.411 төгрөг гаргуулах тухай Л.Ш ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 253.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО