Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 933

 

2020           7              23                                          2020/ДШМ/933

 

     А.Дд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

хохирогч П.О, Д.Э,

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам. нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нар эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор А.Дд холбогдох эрүүгийн 1909031651228 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овогт А-ийн Д, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт /РД: /,

          Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, “Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн.

         

            Шүүгдэгч А.Д нь “хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна” хэмээн Д.Э, Д.М нарыг хуурч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны хооронд Д.Эээс нийт 18,422,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд  Д.Маас нийт 9,475,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

          2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Оыг “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 15.068.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2019 оны 4, 5 дугаар сард Ч.Эт “Хөдөө, аж ахуйн их сургуулийн хичээлийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө” гэж хуурч, кредит тооцуулан диплом гаргаж өгөх боломжгүйгээ нуух замаар Ч.Эийг төөрөгдөлд оруулж 2,870,000 төгрөгийг авч залилсан,

          Б.Эийн төрсөн дүү болох Б.Гыг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж Б.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Эийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3,768,000 төгрөгийг авч залилсан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 49,603,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч А.Дг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Дгээс 41,093,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт 14,092,000 төгрөг, хохирогч Д.Мд 8,575,000 төгрөг, хохирогч П.От 14,668,000 төгрөг, хохирогч Д.Эт 1,670,000 төгрөг, хохирогч Б.Эд 2,088,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нар давж заалдах гомдолдоо: “... эхний хоёр үйлдлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг журамлан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авч үзвэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг нягталж үзэлгүй хууль бусаар А.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан. Энэхүү алдаагаа засалгүй 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно.” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 01 дүгээр сараас мөн оны 5 дугаар сар хүртэл 3 удаагийн үйлдлээр нийт 21,706,000 төгрөг бусдаас авсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. Шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Дгийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн. Хууль хэрэглээний хувьд 2015 онд үйлдсэн 2 үйлдэл нь шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Гэтэл 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Харин сүүлийн 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлдэг. Өмгөөлөгчийн зүгээс А.Дгийн хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт гаргаж өгч байна. Үүнд, багийн Засаг даргын тодорхойлолт, 3 хүүхдийнх нь төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 3 хүүхдээ өөрөө асарч хүмүүжүүлдэг, хорих ангид байх хугацаанд хүүхдүүдийнх нь өсөлт, хүмүүжил дордож байгаа талаар баримтыг өгч байна. Шүүгдэгч нь хорих байгууллагаас гарч хохирогч нарт хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. Иймд шүүгдэгч А.Дд хорихоос өөр төрлийн ял онодуулж өгнө үү” гэв.

Хохирогч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс А.Дгээс надад гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээг үндэслэлтэй гэж үзэж байна. Би хохирол төлбөрөө гаргуулж, нэн даруй барагдуулах хүсэлтэй байна. Би хүнээс хүүтэй мөнгө зээлж аваад А.Дд өгсөн. Иймд хохирлоо хурдан барагдуулж авмаар байна” гэв.

Хохирогч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг хурдан гаргуулах хүсэлтэй байна. Би А.Дд анх 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж өгсөн. Зээлийн хүү төлсөөр байгаад одоо дэлгүүрээ ажиллуулж чадахгүй, банкинд өртэй, дарамттай амьдарч байна. Шүүгдэгч А.Д нь энэ гэмт хэргийн улмаас надад учирсан хохирлыг огт барагдуулаагүйд гомдолтой байна.. А.Д намайг 2015 онд залилсныхаа дараа өөр 4 хүн залилсан удаа дараагийн гэм буруутай үйлдэл хийсэн. Уг үйлдлүүддээ огт гэмшиж байгаагүй. Анхан шатны шүүх түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Би өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө А.Дд итгэж, мэхлүүлж алдсан. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэдийгээр ялтай байдал яригдахгүй боловч шүүгдэгч А.Д нь урьд нэг төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэл хүлээж байсан. Дараа нь 5 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхдээ урьд хүлээсэн ял шийтгэл, гэм буруудаа ямар нэг гэмшсэн, ухаарсан зүйлгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал харагддаг. 2015 оны 2 үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа гэж яригдах ёстой гэж байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул дээрх үйлдлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Шүүгдэгч А.Д нь “хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна” хэмээн Д.Э, Д.М нарыг хуурч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны хооронд Д.Эээс нийт 18,422,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Д.Маас нийт 9,475,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

          2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Оыг “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 15.068.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2019 оны 4, 5 дугаар сард Ч.Эт “Хөдөө, аж ахуйн их сургуулийн хичээлийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө” гэж хуурч, кредит тооцуулан диплом гаргаж өгөх боломжгүйгээ нуух замаар Ч.Эийг төөрөгдөлд оруулж 2,870,000 төгрөгийг авч залилсан,

          Б.Эийн төрсөн дүү болох Б.Гыг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж Б.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Эийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3,768,000 төгрөгийг авч залилсан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 49,603,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          хохирогч Ч.Эийн “... 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би фейсбүүкийн диплом гаргана, гаргуулна гэсэн нэртэй группт зар харж байгаад мэдээлэл авъя гэхэд Удалгүй надтай “Да да да” гэсэн фейсбүүк хаягтай хүн мессэж бичихэд кредитийг чинь гүйцээгээд, улсын шалгалтыг чинь аргалаад төгсгөөд өгье, 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. ... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би 800.000 төгрөгийг, маргааш нь бэлнээр 1.500.000 төгрөгийг, дараа нь 100.000 төгрөгийг тус тус А.Дд өгсөн. ...2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр А.Д над руу чатаар Боловсролын яаманд ажилладаг хүнд 100.000 төгрөг хэрэгтэй байна, энэ данс руу хийчих гэхээр нь би А.Б гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр кредитийн мөнгө сургуулийн дансаар оруулж гаргах шаардлагатай гэхэд нь 300.000 төгрөгийг А.Б гэж хүний данс руу, 70.000 төгрөгийг А гэж хүний данс руу тус тус шилжүүлсэн. ...би хэрүүл хийж байгаад А.Дгээс 200.000 төгрөг буцааж авсан. ” /2хх 39-40/

 

хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт “... Кредитийг нөхөж гүйцээгээд, шалгалтыг аргалаад 2.000.000 төгрөгт асуудлыг шийднэ. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр А гэх нэртэй Хаан банкны данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нотариатын гэрээ байгуулахдаа 1.500.000 төгрөг өгсөн ба 2.300.000 төгрөгт нотариатын гэрээ байгуулсан. Гараад дахиад 100.000 төгрөг бэлэн мөнгөний машинаас авч өгсөн. Сургуульд чинь хандив хэрэгтэй гээд 100.000 төгрөг авсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд надаас нийт 2.400.000 төгрөг авсан. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Боловсролын яаманд ажилладаг хүргэнд яаралтай 100.000 төгрөг хэрэгтэй болоод байна гэсэн. ... 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр кредитийн мөнгө сургуулийн данс руу оруулж гаргах хэрэгтэй байна гээд 300.000 төгрөгийг Бын данс руу, 70.000 төгрөгийг Аын данс руу шилжүүлсэн. ... 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уулзаад Дгээс 200.000 төгрөг авсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас очиж 1.000.000 төгрөг авсан. Анх А.Дд 2.870.000 төгрөг өгсөн. Дгээс 1.200.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 1.670.000 төгрөгийг нэхэмжилж байна” /3хх 43-44/,

 

хохирогч Б.Эийн “...тэр эмэгтэй намайг 11 дүгээр хорооллын Дөрвөн-Уул захын ойролцоо хүрээд ир гэсэн. Тэгээд би түүний дуудсан газар очиж уулзсан. Тэгэхэд тэр А.Д гэх эмэгтэй надад хандан урьдчилгаа 1.500.000 төгрөг урьдчилаад өгчих гэсэн. Би газар дээр нь 1.000.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр өгсөн. Тэр өдрийн маргааш нь миний дүү Гын бичиг баримтыг аваад 500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд ХААН банкны 5103019011 тоот дансанд 400.000, 508.000, 50.000, 1.000.000, 130.000, 80.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн бэлнээр 100.000 төгрөг өгсөн, ингээд нийт 3.768.000 төгрөгийн хохирол учирсан…” /2хх 83-84/,

 

хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “... 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Дтэй дөрвөн уул захын тэнд уулзсан. А.Д нь Хууль сахиулахын их сургуульд манай дүүг оруулж өгнө гэсэн. Эхлээд 1.500.000 төгрөг гэсэн. Би бэлэн 1.000.000 төгрөгийг өгөөд нотариат орж гэрээ байгуулсан. Маргааш нь 500.000 төгрөгийг өгсөн. Нийт 1.500.000 төгрөг өгсөн. Би 4 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөгийн гэрээ нотариатаар гаргуулж авсан. Үлдэгдэл 2.168.000 төгрөгөө бага багаар Аын данс руу хийсэн. Сургуульд очиж сургалтын албатай уулзсаныг А.Д өөрөө хүнтэй уулзаж зохицуулсан мэтээр ярьж байна. Уулзаж байхдаа манай нөхрийг 1.500.000 төгрөгөөр Оюу толгой руу оруулж өгье гэж хэлж байсан. Өөрийнх нь ихрийн нөхөр нь боловсролын яаманд ажиллаж байгаа гээд гадагшаа сургуульд хөнгөлөлттэй үнээр явуулж өгнө гэсэн. Би нийт 3.768.000 төгрөгийг өгснөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.680.000 төгрөгийг буцааж авсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурлаас хойш мөнгө барагдуулна гэж удаа дараа худлаа хэлсэн. Би А.Дд нийт 3.768.000 төгрөг өгсөн. Дгээс буцааж 1.680.000 төгрөгийг авсан. Нийт 2.088.000 төгрөгийг нэхэмжилж байна” /3хх 44-45/,

 

хохирогч Д.Эийн “... 2015 оны 06 дугаар сарын 2-ны өдөр би Орхон аймагт байхдаа гэрээсээ нөхөр Адъяабаярын XAAH банкны данс руу нь 1.500.000 төгрөг, мөн өөрийн данснаас 522.000 төгрөг, нийт 2.022.000 төгрөг шилжүүлсэн. ... Улаанбаатар хотод ирж үлдсэн мөнгөө өг гэхээр нь 1.600.000 төгрөг өгөөд тэгээд гэртээ ороод 700.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин мөнгө шилжүүл гэхээр нь мөн нөхрийнх нь данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. ...дараа нь Д нь байранд чинь оффис гаргаж өгнө, мөнгө өг гэхээр нь 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Д нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дахин оффисын мөнгө хэрэгтэй байна гээд 2.700.000 төгрөг өгсөн. ...18.422.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2.430.000 төгрөг, мөн 500.000 төгрөгөөр 2 удаа 1 сая төгрөг, саяхан Д 2019 оны 11 сараас 2020 оны 02 cap хүртэлх хугацаанд цувуулан 900.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 4.330.000 төгрөг нөхөн төлүүлсэн, одоо үлдсэн 14.092.000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” /1 хх 34-36, 2хх 235/,

 

хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “... 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр 18.222.000 төгрөгийг халамж үйлчилгээний төвөөс халамжийн асаргаанд байдаг хүнд байр өгнө гэхээр нь тэрэнд хамрагдаж итгэж мөнгөө өгсөн. 1 сарын хугацаа өнгөрөхөөр нь бүтэхгүй юм байна гээд мөнгөө буцааж авъя гэсэн. Тухайн үед надад 2.430.000 төгрөг өгсөн. 2016 онд ээж нь 500.000 төгрөгөөр 2 удаа өгсөн. 2019 онд Д 900.000 төгрөгийг хувааж өгсөн. Нийт 4.330.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 14.490.000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би Дд мөнгө өгөхдөө 10.000.000 төгрөгийг нь 10 хувьтай зээлж авч өгч байсан. Би Дд нийт 18.422.000 төгрөг өгсөн. Дгээс буцааж 4.330.000 төгрөгийг авсан. Нийт 14.092.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн мөнгөө авах хүсэлтэй байна. ...” /3хх 48-49/

 

хохирогч Д.Оын “... Дд 600.000 төгрөг, дараа нь дахин 60.000 төгрөг шилжүүлсэн. ... Д нь би байрны бичиг баримт хөөцөлдөж байна, хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна гэх зэргээр нийт 15.068.000 төгрөг өгөөд одоог хүртэл авч чадахгүй байгаа юм. ...надад 15.068.000 төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс 400.000 төгрөгийг манай эгч Жаргалбаярын данс руу шилжүүлсэн байсан. Үүнийг хасаад 14.668.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /2хх 168-169, 234, 237/,

 

хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт “... Би Дд анх 15.068.000 төгрөг өгсөн. Надад 400.000 төгрөгийг буцааж өгсөн. ... Үлдэгдэл мөнгө болох 14.668.000 төгрөгийг нэхэмжилж байна” /3хх 43-44/,

 

хохирогч Д.Мын “... Д нь эхний ээлжид 3.600.000 төгрөг өгчих гэж хэлж байсан. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 726.000 төгрөг, тэр өдрөө мөн 1.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 550.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 900.000 төгрөг, 2015 оны 8 угаар сарын 20-ны өдөр 350.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 62000 төгрөг, 2015 ны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.800.000 төгрөг, 2015 ны 9 дүгээр сарын 09-ний өдөр 70000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17000 төгрөг шилжүүлж нийт 9.475.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 86-90, 236/,

 

гэрч Д.Наранцэцэгийн “... 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Адъяабаярын эхнэр Д гэж хүн над руу гар утсаар залгаад Нараа эгч мөн үү, тантай чухал ярих зүйл байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлмэгдэгсдийн хямдхан байр зарах гээд байна, манай эгч Цэнгэлмаа 8 ширхэг байр зарах гээд байна, одоо 8 хувийг нь аваад зарах гээд байна гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүт нь би Дд надад бол мөнгө төгрөг байхгүй, би харин нэг найзаасаа асууя гэж хэлсэн. Тэгээд Мд хэлэхэд М би уул нь байр авах гээд байгаа юм, манай хүүхэд Улаанбаатар хотод байгаа юм, хүүхдэдээ нэг байр аваад өгчих юмсан гэж хэлсэн. ...тэгээд М Дтэй өөрөө холбогдож мөнгөө шилжүүлж эхэлсэн. ...” /1хх 91-93/,

 

А.Д яллагдагчаар өгсөн “... Би зүгээр л нэрийг нь барьж худлаа хэлсэн тэрнээс бол надад ямар ч таньдаг халамжийн төвд ажилладаг нарийн бичиг байхгүй. Би Э болон М нар халамжийн төвөөс авсан байр зарна гэж хэлсэн болохоос тэнд ажилладаг хүн гэж огт хэлээгүй, хүн амьтан ч авч очиж уулзаагүй. Надад халамжид ажилладаг эгч байхгүй, би халамжаас авсан байр л гэж хэлсэн. Худлаа би зохион тэгж хэлсэн юм. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Э, М, О, Э, Э нарт хохирол учруулсан бөгөөд энэ хэрэгтээ маргах зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би зарим нэг хүний хохирлыг төлсөн байгаа удахгүй үлдсэн хохирлыг нөхөн төлнө. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө төлж барагдуулна...” /2хх 241-242/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Хаан” банкны дансны хуулга /1хх 49-54, 84-86, 2хх 241/242/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч А.Дгийн “хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна” хэмээн Д.Эээс нийт 18,422,000 төгрөг, Д.Маас нийт 9,475,000 төгрөгийг, “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн П.Оаас нийт 15.068.000 төгрөгийг, “Хөдөө, аж ахуйн их сургууль”-ийн хичээлийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө” хэмээн Ч.Эээс нийт 2,870,000 төгрөгийг, “Хууль сахиулахын их сургууль”-д оруулж өгнө” хэмээн Б.Эээс нийт 3,768,000 төгрөгийг авч, үргэлжилсэн үйлдлээр Д.Э, Д.М, П.О, Ч.Э, Б.Э нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 49,603,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн А.Дгийн үйлдлийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын гаргасан “... эхний хоёр үйлдлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул А.Дд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч А.Дд холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байжээ.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй болно.

 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Дгийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Дгийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2005 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.Н /15 настай/, 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин А.Энхриймаа /9 настай/, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Энхтөр нарын асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.Н, А.Энхриймаа, А.Энхтөр нарын асран хамгаалалтад хяналт тавьж, шийдвэрлэх үүргийг тэдний оршин суугаа газрын Засаг даргад үүрэг болгосон заалтыг нэмж оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШТ/414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгийн насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүд болох Дгийн Н /РД: /, Адъяабаярын Энхриймаа /РД: /, Адъяабаярын Э /РД: / нарын асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг тэдний оршин суугаа харьяа сум, дүүргийн засаг даргад үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ