Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2017/0061/з |
Дугаар | 125/ШШ/2017/0060 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0060
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн дүгнэлттэй,
Хариуцагч: Х аймгийн Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0093992, 0093993 дугаар шийтгэврүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Э.Т 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13/01 дүгээр дүгнэлтэндээ: Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Т би Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ш.У, С.П нар нь “Хууль бусаар ховор амьтан болох 2 ширхэг янгир ямаа агнасан” гэх зөрчилд холбогдуулан иргэн С.П, Ш.У, Ш.У нарыг Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх хэсэгт зааснаар тус тус 480000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл оногдуулсан материалыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянахад уг зөрчлийн гомдол мэдээллийг 1 хоногийн дотор шалгаж шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байх боловч зөрчлийн материалд уг зөрчлөө хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн тэмдэглэл үйлдээгүй, шийтгэл оногдуулсан заалт нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийг тухай хууль болон Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хүчингүй болсон зүйл заалт баримтлан шийтгэл оногдуулсан уг зөрчил гаргасан гэх этгээдүүд нь дээрх хууль бус үйлдлийнх нь дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байх тул Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ш.У, С.П, Ш.У нарт “Хууль бусаар ховор амьтан болох 2 ширхэг янгир ямаа агнасан” гэх зөрчилд холбогдуулан 000021 дугаартай шийтгэврийн хуудсаар Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх хэсэгт зааснаар тус тус 480000 төгрөгөөр торгосон захиргааны шийтгэлийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь Х аймгийн М сумын Баянхайрхан багийн иргэн С.П, Ш.У, Ш.У нарыг хууль бусаар янгир ямаа ангасан гэж үзэж 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 480000 төгрөгийн торгууль оногдуулсан болох нь Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 0093992, 0093993 дугаар шийтгэврийн хуудсууд, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 02, 03 дугаар зөрчлийн тэмдэглэл, Хаан банкны мөнгөн шилжүүлэг баримтуудаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “...“Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...” гэжээ. Үүний дагуу Амьтны тухай хуульд өөрчлөлт орж, Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 0093992, 0093993 дугаар шийтгэвэр гаргахдаа баримталсан “...амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалт...” хүчингүй болсон байх тул уг заалтыг баримтлан гаргасан Х аймгийн М сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 0093992, 0093993 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан заасныг баримтлан Х аймгийн М сумын Улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 0093992, 0093993 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ Ø¯¯Ã× Г.СОНИНБОЛОР