Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Д.Сугар, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч Г.Амарсайхан,
    Иргэдийн төлөөлөгч Ч.Арсланбаатар
    Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Х.Даваахүү, Т.Мөнхтуяа
    Шүүгдэгч Н.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мөнхбаярт холбогдох 201517000209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны харьяат, 1971 оны 04 дүгээр сарын 15-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “ Эй Эн И И ” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 68 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЛЮ71041510 регистртэй, Хатагин овгийн Намсрайн Мөнхбаяр 
    
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.Мөнхбаяр 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Жаран гэх газарт өөрийн эзэмшлийн 08-88 УБД улсын дугаартай Ландкрузейр 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Б.Энхбаатар, З.Бямбаням нарын жолоодож явсан улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикльтой мөргөлдөж улмаар Б.Энхбаатар, З.Бямбаням нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Мөнхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлттэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн өдөр би найзындаа оччихоод Эрдэнэцагаан сумын нутаг “Жаран” гэх газар өгсөж явахад мотоцикльтой хүн замын баруун талаар орж ирээд би замын зүүн тал руу жолоогоо дарж зөрөх гэхэд дахиад мотоцикль баруун талаас ирж мөргөсөн. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 73 тоот шинжээчийн дүгнэлтээр намайг Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 гэсэн заалтыг зөрчсөн гэж гарсан. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 гэдэг заалт нь эгнээ байр эзэлж явах тухай байдаг. Гэтэл осол гарсан зам нь нэг эгнээ зам учраас би эгнээ байраа зөв эзэлж явсан. Намайг тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байгаа. Би тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Тоормосны мөр байна гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан гэх нотлох баримт хэрэгт байгаа.
Би 23 жил машин жолоодож байна. Тухайн үед би жолоогоо баруун гар тал руу дарах боломжгүй байсан. Мотоцикльтой хүн миний баруун талаар нарийн замаар гарч ирсэн. Энэ осол замын нөхцөл байдлаас болж гарсан гэж Механик Тээврийн сургуулийн гаргасан дүгнэлтэд байгаа. Осол болно гэж хэн ч мэдэхгүй. Энэ зам хоёр эгнээ зам байсан бол осол гарахгүй байсан. Осол гарсан зам нэг эгнээ байсан, харин мотоцикльтой хүн замын баруун талаар гарч ирсэн.
Энэ ослыг би золгүй явдал гэж үзэж байгаа. Золгүй явдлаас болоод хоёр хүн нас барсан. Иймээс хүн чанар гаргаж оршуулгын зардал, хоёр өнчин хүүхдэд тэтгэмж болгож мөнгө шилжүүлсэн. Хохиролд нийтдээ 50.000.000 төгрөгийг хохирогч нарт өгсөн. Эцэг эхээ алдсан хоёр хүүхдийг харахад надад үнэхээр хэцүү байсан. Тэр хоёр хүүхдийг хараад зүгээр байгаад байж чадаагүй. Иймээс тэр хоёр хүүхдэд 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх нийт 38.000.000 төгрөг шилжүүлсэн. Ямар ч хүн үр хүүхдүүд нь нас барчихаад байхад энэ хүн буруутай гэж бодох нь ойлгомжтой. Тэр хүмүүс хавтаст хэрэгтэй танилцаад л гомдолгүй гэсэн шийдвэр гаргасан байх гэж бодож байна. 
 ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн дүгнэлтээр “Н.Мөнхбаяр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Тухайн нөхцөл байдалд зогсоох арга хэмжээ авсан “ гэж гарсан учраас энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж байгаа. Иймээс намайг цагаатгаж өгнө үү гэв. 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхмандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би З.Бямбанямын төрсөн ээж нь учраас манай гэр бүлийнхэн болон ах дүү нар хоорондоо ярилцаад би хохирогчоор оролцож байна. 2015 оны 07 сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Эрдэнэцагаан сумын төв 8 дугаар баг Отрядын байрны баруун урд талын гэр хороолол 5-06 тоот манай хашаанаас талийгаач Б.Энхбаатар нь мотоциклио жолоодоод талийгаач З.Бямбаням нь ард нь суугаад Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт байх хөдөө гэрлүүгээ явсан. Энэ үед бага охин Алтанцэцэгийг хамт авч явах гэхэд хүүхэд нь уйлаад би яасан ч явахгүй эмээтэйгээ үлдэнэ гээд байхаар нь хүүхдийг нь би аваад үлдсэн. Үүнээс хойш ямар нэгэн холбоо байхгүй уулзалдаж чадаагүй. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Эрдэнэцагаан сумын хүн эмнэлэгээс намайг дуудаад Бямбаням авто осолд ороод эмнэлэг дээр ирчихээд байна гэхээр нь эмнэлэг дээр ирэхэд Бямбаням нь ямар нэгэн харьцаа байхгүй ухаангүй амьсгалгүй болж байсан. Би охиноо үнсээд удалгүй нас барсан. Харахад нүүр нь их хөхөрсөн байсан. Б.Энхбаатар яасан бэ гэхэд эмч нар ослын газар дээр нас барсан гэсэн би ослын газар очоогүй. Талийгаач Б.Энхбаатар, З.Бямбаням нар нь Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт Хошуун говь гэх газар өөрсдийн малыг маллаж амьдардаг юм. 2015 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Эрдэнэцагаан сумын баяр наадам болсон. Уг наадмуудад морь уяж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манайд ирсэн. 2015 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд манайхаар байсан. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гадуур гарч хүнсээ цуглуулчихаад 12 цагийн орчимд манайхаар орж ирээд 13 цагт хөдөө гэрлүүгээ явсан. Осол болсон гэх хөдөө гэртээ байхдаа жолооддог байсан. Өөрсдийн мотоцикль юм. Өөрийн охин Бямбаням болон түүний нөхөр Б.Энхбаатар нас барсанд маш их гомдолтой байна. 2 хүүхэд өнчин үлдлээ. Хамгийн бага хүүхэд нь надаас аав ээжийгээ нэхээд байна. Хуулийн дагуу нэхэмжлэх зүйл байдаг байвал тэр зүйлийг гаргаж өгнө биз үлдсэн хүүхдүүд нь хэрэг болох биз... Талийгаачийн 2 хүүхэд өнчин үлдсэн. Энэ хоёр хүүхдийн ирээдүй гэрэл гэгээтэй байхад нь анхаарал тавьж өгөхийг хүсэе. Талийгаачийн оршуулгын зардал гэж 16.600.000 төгрөг өгсөн. Мөн 2 хүүхдэд нийтдээ 38.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 19.000.000 төгрөгийг эхэлж өгч 2 хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж өгсөн байгаа. Үлдэгдэл 19.000.000 төгрөгийг 2 хүүхдийн хадгаламжинд хийлгэх хүсэлтэй байна. Миний хувьд өөрийн төрсөн охин болон түүний нөхөр нас барсанд маш их харамсаж байгаа ор тас гомдолгүй гэх нөхцөл байхгүй. Гэхдээ Н.Мөнхбаяр нь талийгаачийн 2 хүүхдийн нөхөн төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө барагдуулах юм бол шийтгэлийг хүндрүүлэхгүй хөнгөрүүлэх талаар санал хүсэлт хэлнэ“ гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...Би Энхбаатарын төрсөн эгч юм. Манай гэр бүлийнхэн болон ах дүү нар хоорондоо танилцаад ярилцаад намайг хохирогчоор оролцуулж байна. Миний хувьд татгалзах зүйл байхгүй. Аав ээж хоёр маань хөдөө байдаг ажил хөөцөлдөөд гүйгээд байж чадахгүй хүмүүс юм. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Эрдэнэцагаан сумын төв дээр Жаран гэх газар осол гарч Б.Энхбаатар, З.Бямбаням нарын бие маш муу эмнэлэг дээр байна гэхээр нь Эрдэнэцагаан сумын хүн эмнэлэг дээр очиход Б.Энхбаатар, З.Бямбаням нар нь нас барчихсан байна. Ослын газар очиж юу болсон талаар хараагүй. Б.Энхбаатар, З.Бямбаням нар нэг гэр бүлийн эхнэр, нөхөр бөгөөд гэр нь Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт 45 киллометрт “Гашуун говь” нэртэй газар өөрсдийн малыг маллаж амьдардаг юм. Улаан өнгийн даюунг маркийн мотоцикль хөдөө сумын хооронд жолоодоод явж байдаг. Гомдолтой байна. Нэг гэр бүлийн 2 хүн нас барсан. Буруутай этгээдээс учирсан хохирлыг болон үлдэж байгаа 2 хүүхдийнх нь цаашдынх нь амьдралд хэрэг болохуйц зүйлийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-22/

- Хохирогч А.Энхээгийн “...Би талийгаачийн ээж учраас манай гэр бүлийнхэн ярилцаад би хохирогчоор оролцож байна. Би талийгаач Энхбаатарын төрсөн ээж нь юм. Талийгаач гэр бүлийнхээ хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт “Зүүн булаг” гэх газар 2 хүүхдийнхээ хамт өөрсдийнхөө малыг маллаж амьдардаг байсан. 2015 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Эрдэнэцагаан сумын наадам болсон бөгөөд наадамд гэр бүлийнхээ хамт ирж оролцоод 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвөөс хөдөө гэрлүүгээ мотоцикльтой эхнэр Бямбанямынхаа хамт явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Талийгаач Энхбаатар нь миний 4 дэх хүүхэд юм. Бямбанямтай 2008 онд гэр бүл болж эрэгтэй хүүтэй болж хүүгээ Амарбаатар гэж нэрлэсэн. 2011 онд дахин охинтой болж Алтанцэцэг гэж нэрлэсэн. Талийгаачийн хоёр хүүхэд одоо Эрдэнэцагаан суманд байгаа. Талийгаач багаасаа мотоцикль жолооддог байсан. Машин мотоциклийн ямар үнэмлэхтэйг мэдэхгүй байна. Нэг удаа жолооны үнэмлэх норчихлоо гэж ярьж байсан. Би үнэмлэхийг нь хайсан боловч олдохгүй байна. Энхбаатар болон Бямбаням нар нь нас барсан хэрэгт маш их харамсаж байна. Гомдолтой байгаа. Нас барсан хүнийг босгоод ирэх биш дээ Н.Мөнхбаяр гэх хүн оршуулгын зардал 16.600.000 төгрөгийг өгсөн. Мөн Энхбаатар, Бямбаням нарын 2 хүүхдэд 38.000.000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжилсэн. Үүнээс 19.000.000 төгрөгийг 2 хүүхдэд хуваагаад хадгаламж нээж өгсөн. Үлдэгдэл 19.000.000 төгрөгийг нөхөн олговор нэхэмжилж байна. Талийгаачийн ар гэрээс Н.Мөнхбаяр гэх хүнийг заавал эдлүүлэхийг хүсэхгүй байгаа. Харин өнчин үлдсэн хүүхдүүдэд нь тэтгэмж өгчих гэж бодож байна. Тийм учраас гомдолгүй гэж байна.....” гэх мэдүүлэг /хх-25х, 79х/

- Гэрч Ж.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2008 онд Бямбанямтай гэр бүл болж амьдарч 2 хүүхэдтэй том хүүхэд нь одоо Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын 3 дугаар ангид сурдаг 7 настай бага нь 4 настай эмэгтэй хүүхэд юм. Талийгаач Б.Энхбаатар, З.Бямбаням нар нь Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт 45-50 киллометрт “Хошуун говь” гэх газар өөрсдийн малыг маллаж амьдардаг. Талийгаач нар өөрсдийн машин мотоцикльтой зам тээврийн осолд орох үедээ 2015 оны хавар хүнээс худалдаж авсан улаан өнгөтэй даюунг маркийн мотоциклийг Б.Энхбаатар нь жолоодож яваад зам тээврийн ослын улмаас Б.Энхбаатар, З.Бямбаням хоёр маань 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барлаа...” гэх мэдүүлэг /хх-27х/

- Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Наадмын өдрүүдэд талийгаач Б.Энхбаатар, З.Бямбаням нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би талийгаач Б.Энхбаатарын жолоодож явсан улаан өнгийн даюунг маркийн мотоциклийг нь жолоодож байсан. 2015 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд болсон баяр наадмаар хүртэл жолоодож байсан. Энэ үед ямар нэгэн эвдрэл байхгүй тоормос сайн барьдаг мотоцикль байсан. Талийгаач Б.Энхбаатарын эзэмшлийн мотоцикль юм. Улсын дугаар байхгүй....” гэх мэдүүлэг /хх-29х/

- Гэрч Ө.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “....2015 оны 07 сарын 06-ны Н.Мөнхбаяр нь эхнэр Гэрэлсүрэн нь залгаж Эрдэнэцагаан сумаас урд зүгт осол гарчихлаа эмч аваад хурдан ирээрэй гэхээр нь би эмнэлэг явж эмч нарыг аваад осол болсон газар очиход замын баруун талд мотоцикль баруун талаараа харчихсан 2 хүн газар хэвтчихсэн байдалтай Н.Мөнхбаярын машин нь мотоцикль байсан газраас баруун зүгт баруун хойд зүгт харуулж зогсоосон байсан. Эмч нар нь газар хэвтэж байсан эмэгтэй хүнийг нь насилк дээр өргөөд миний машинтай Эрдэнэцагаан сумын Хүн эмнэлэг дээр авчирсан. Нэг эмч нь эрэгтэй хүнд тусламж үзүүлээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-32х/

- Гэрч Ө.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “....2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт 15 киллометрт Дэлгэрцогт гэх айлаас машинаа жолоодож хөдлөөд Эрдэнэцагаан сумын төв рүү явсан. Осол болсон гэх газраас нилээн хойд зүгт би урдаасаа хойд зүгт явахад мотоцикльтой 2 хүн зөрсөн. Өөр мотоцикльтой хүн зөрөөгүй. Зөрж өнгөрөх үед надад ямар нэгэн саад учруулаагүй. Би мотоцикльтой хүнд зам тавьж өгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-33х/

- Гэрч С.Лхагванямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урд зүгт хөдөө зам тээврийн ослын газарт үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон юм. Очиход хар өнгийн Ланд крузейр 200 маркийн автомашин замынхаа баруун талд баруун хойд зүгт харуулж зогссон жолооч нь гэж махлагдуу цагаан царайтай хүн байсан уг хүнийг Мөнхбаяр гэсэн. Тухайн үед жолооч нь хэргийн газрын үзлэг хийхэд байж байсан....” гэх мэдүүлэг /хх-120х/ 

- Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хамгаалалтын дуулга малгай хүний зөвхөн толгойн хэсгийг хамгаалах боломжтой, талийгаач З.Бямбаням цээж хэвлийн хөндийн гэмтлээр, харин талийгаач Б.Энхбаатар нь гавал тархины гэмтлээр нас барсан....” гэх мэдүүлэг /2хх-78х/.

- Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 25 дугаартай дүгнэлт: 1.Талийгаач Б.Энхбаатарын цогцост зүүн чамархайн хуйхны ангайж урагдсан шарх, шарх орчимын цус хуралт, зулай яснаас зүүн чамархай, духны зүүн хэсэг рүү үргэжилсэн цөмөрч эмтэрсэн ил хугарал, хатуу зөөлөн бүрхүүлийн урагдал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлөгийн дарагдал няцрал, духны гол хэсэг, баруун шилбэний урд дээд хэсэгт, зүүн өвдгөнд язарч урагдсан шарх, баруун тохойд, баруун зүүн гуянд, баруун өвдөгний гадна ирмэгээс шилбэний арын хэсгийг хамарсан, шилбэний урд хэсэгт, зүүн шилбэнд зулгарсан шархтай, зүүн гуяны гадна хэсэгт, баруун гуяны дотор талд зүүн хөлийн тавхайн ар хэсэгт нэлэнхүйдээ, баруун хөлийн эргэн тойронд цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь авто ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гавал тархины гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, духны гол хэсэг, баруун шилбэний урд дээд хэсэг, зүүн өвдгөнд язарч урагдсан шарх, баруун тохойд, баруун зүүн гуянд, баруун өвдөгний гадна ирмэгээс шилбэний ар хэсгийг хамарсан, шилбэний урд хэсэгт, зүүн шилбэнд зулгарсан шархтай, зүүн гуяны гадна хэсэгт, баруун гуяны дотор талд, зүүн хөлийн тавхайн ар хэсэгт нэлэнхүйдээ, баруун хөлийн эргэн тойронд цус хуралтууд гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач Б.Энхбаатарт үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. 5. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 6.Эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй. 7.Талийгаач Б.Энхбаатар нь нас барах үедээ согтолгүй байжээ. Шинжээч эмч ахлах дэслэгч С.Эрдэнэцэцэг /1-р хх-40-42/

-  Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 26 дугаартай дүгнэлт: 1.Талийгаач З.Бямбанямын цогцост хэвлий болон бага аарцгийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн сул шингэн, бага аарцгийн хөндийн цус хураа, умай үтрээний ар ханын цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэг, гялтангийн доорхи цус хуралт, бөөрний няцрал, баруун 11, 12 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан доорхи гавлын оройн булчингийн цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацар шанаанд, дээд уруулд, эрүү, 2 хөлийн шилбэний эргэн тойронд цус хуралтууд, баруун мөр далыг хамарсан баруун бөөр орчим, баруун гуяны гадна, урд дунд хэсэгт, баруун өвдгөнд, шилбэнд, тавхайн ар хэсэгт зулгарсан шархнууд, нурууны 10 дугаар нугаламаас ахар сүүлний 3 дугаар нугаламыг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх хавсарсан олон гэмтлүүд нь авто ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой боломжтой. 3.5.Талийгаач нь дээрхи хавсарсан олон гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Тухайн нөхцөлд амь насыг аврах боломжгүй. 7.8 Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Шинжээч эмч ахлах дэслэгч С.Эрдэнэцэцэг /1-р хх-43-45/

- Техникийн шинжээчийн №73 дугаартай дүгнэлт: 1. Жолооч Н.Мөнхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 5-д заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.  2.Б.Энхбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох Монгол Улсын үндэсний болон Олон Улсын үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. 1 дэх асуултаар хариулагдсан байна. 4. Нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх-50/

- Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 724 дугаартай дүгнэлт: 1.80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуота Ланд Круейзeр 200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар “Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Улсын дугааргүй улаан өнгөтэй Даюунг маркийн мотоциклийг жолоодож явсан Б.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: 
а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх
б/  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол гарахад шууд шалтгаан нь 80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуоtа Land Criuser -200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаярын Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 4.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Уранборын гаргасан №73 тоот дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна гэсэн дүгнэлт /1-р хх-52-53/

- Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 04/64 дугаартай дүгнэлт: 1. 80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуота-Ланд Круейзр-200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар “Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Улсын дугааргүй улаан өнгөтэй Даюунг маркийн мотоциклийг жолоодож явсан Б.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг “Жолоочийн үүрэг” 2 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: 
а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх
б/  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол гарахад шууд шалтгаан нь 80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуоtа Land Criuser -200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаярын Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 4.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Замын Цагдаагийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 724 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /1-р хх-141-143/

- 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11/14 дугаартай бүрэлдэхүүнтэй Техникийн шинжээчийн дүгнэлт: ” 1.2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1-д “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй. 3. Тухайн осол болох агшинд Ланд 200 маркийн авто машины жолооч Н.Мөнхбаяр нь зогсоох арга хэмжээ авч улмаар ослоос зайлсхийх оролдлого хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Уг осол хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай байна. Харин  жолооч Н.Мөнхбаярыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна. 4.Даюунг маркийн мотоциклийн жолооч  Б.Энхбаатар нь ЗХД-ийн 2.1 “а” ба “б”-р заалт буюу механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэснийг зөрчсөн бөгөөд энэхүү заалтуудыг зөрчсөн нь уг осол болоход нөлөөлөөгүй гэж үзэж байна. Харин ямар ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Өмгөөлөгчийн тавьсан асуултын хариулт: 1.2-р асуулт хариулт 4-р хариулагдсан. 3.Жолооч зогсоох арга хэмжээ авч тоормослоход автомашины хөдөлгөөний чиглэл нь дараах хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөх бөгөөд осол болохын өмнө чиглэл хэрхэн өөрчлөгдөхийг тогтоох боломжгүй байна. Замын хэвгий, Автомашины дугуй тус бүрийн дугуй тус бүрийн зам дугуйн барьцалдалт, Замын гадаргуугийн байдал, Жолооны хүрдийг аль нэг тал руу дарсан өнцөг, Автомашины хурд, Дугуй тус бүрийн хийн даралт, Автомашины тоормосны системийн онцлог, Тоормосны дөрөөн дээр дарсан хүч, хурдатгал, Автомашинд сууж явсан зорчигч болон ачааны жингийн хуваарилалт, 4. Мотоциклийн жолооч нь зогсоох арга хэмжээ авч тоормослоход автомашины хөдөлгөөний чиглэл нь дараах хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөх бөгөөд осол болохын өмнө чиглэл хэрхэн өөрчлөгдөхийг тогтоох боломжгүй байна. Замын хэвгий, Автомашины дугуй тус бүрийн дугуй тус бүрийн зам дугуйн барьцалдалт Замын гадаргуугийн байдал, Жолооны хүрдийг аль нэг тал руу дарсан өнцөг, Автомашины хурд, Дугуй тус бүрийн хийн даралт, автомашины тоормосны системийн онцлог, Тоормосны дөрөөн дээр дарсан хүч, Мотоцикльд сууж явсан зорчигч болон ачааны жингийн хуваарилалт, 5.Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд осол болсон гэх газар хамгаалалтын малгай байгаа бөгөөд харин уг малгай нь стандартын шаардлагад нийцсэн малгай байсан эсэх болон малгайг өмсөж явсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Мотоцикль болон авто машины аль нь замаас түрүүлж гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 7.Мотоцикль автомашин хоёр нь хоорондоо мөргөлдсөн байна. Мотоциклийн жолооч дээрх үйлдлийг хийсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна. 9.Хариулт 8-р хариулагдсан. 10. 1-р хавтаст хэргийн 8-р хуудсанд байгаа хэмжилтийн бүдүүвч зургаас үзэхэд мотоцикль нь мотоциклийн эсвэл автомашины замаар явж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 11.Мотоциклийн болон автомашины хурдыг тогтоох боломжгүй байгаа тул эдгээр жолооч нарын хэн нь өөдөөс яваа тээврийн хэрэгслээ түрүүлж харсан байх боломжтойг тогтоох боломжгүй байна. 12.Хэмжилтийн бүдүүвч болон зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдалд тусгагдсанаар мотоциклийн тоормосны мөр 10.9 м байгаа нь мотоциклийн жолооч зогоох арга хэмжээ авсан байна. Харин хэзээ зогсоох арга хэмжээ авсаныг тогтоох боломжгүй байна. 13. Хэмжилтийн бүдүүвч болон зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдалд тусгагдсанаар авто машины тоормосны мөр 15.17 м байгаа нь мотоциклийн жолооч зогоох арга хэмжээ авсан байна. Харин хэзээ зогсоох арга хэмжээ авсаныг тогтоох боломжгүй байна. 14.Мотоциклийн жолоочийг тухайн үед хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлснийг тогтоох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байгаа тул ЗХД-ийн ямар заалтыг зөрчсөнийг тогтоох боломжгүй байна. 15.Мотоциклийн жолоочийг аль замаар явж байсныг тогтоох боломжгүй байгаа тул асуултанд тавигдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Иймд мотоциклийн жолоочийг ЗХД-ийн аль нэг заалтыг зөрчсөн гэх боломжгүй байна. 16.Мотоцикль дээр ачиж явсан ачааг хэрхэн ачсанаас хамаарч тогтворжилт алдагдуулах жолоодлогыг хүндрүүлэх боломжтой гэх дүгнэлт /2хх-139-143/

- Эрүүгийн 201517000209 дугаартай хэргийн осол болсон гэх газарт хийсэн геодизийн шинжээчийн 101/26 дугаартай дүгнэлт /22хх-101-102х/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-6-7х,8-11х /

- Хэргийн газрын үзлэг хийсэн фото зургийн үзүүлэлт /хх-12-14х/

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг. /хх-15, 181-182х, 183-186х/

- Цогцост болон хувцсанд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-37х, 39х, 46-48х/

- Хэргийн газрын нөхөн үзлэг, туршилт хийсэн ажиллагааны тэмдэглэл, дүрс бичлэг /2хх-80-81х/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн Засаг даргын 2015.07.07-ны өдрийн 01/198, 01/199 дугаартай тодорхойлолтууд /1-р хх-66-67/

- Н.Мөнхбаярын согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-16/

- Б.Энхбаатарын Нас барсаны гэрчилгээ №0000127689 /1-р хх-69/

- З.Бямбанямын Нас барсаны гэрчилгээ №0000127690 /1-р хх-71/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар №0061991 /1-р хх-74/

- Хүү Э.Амарбаатарын төрсний гэрчилгээний хуулбар №0063264/76 /1-р хх-75/

- Охин Э.Алтанцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар №0000599645 /1-р хх-76/

- Н.Мөнхбаярын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-77/

- Эрдэнэцагаан сум дахь эд зүйлийн үнэлгээ 2015.07.07 /1-р хх-78/

- Н.Мөнхбаярын Иргэний үнэмлэх, Жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /1-р хх-81/

-  80-88 УБД улсын дугаартай Ланд крузер 200 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар №00868986 /1-р хх-82/

-    Оршуулгын зардлын баримтууд /1-р хх-84-87/
    
    -    Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-92-93, 127/

-    Хохиогчид шилжүүлсэн мөнгөний жагсаалт /1-р хх-104-115/

    -    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхмандах, А.Энхээ нарын шүүхэд гаргасан 4 хуудас бүхий хүсэлт зэрэг болно.


Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхбаярыг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Жаран гэх газарт өөрийн эзэмшлийн 08-88 УБД улсын дугаартай Ландкрузейр  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Б.Энхбаатар, З.Бямбаням нарын жолоодож явсан улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикльтой мөргөлдөж улмаар Б.Энхбаатар, З.Бямбаням нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Н.Мөнхбаярт холбогдох хэрэгт нийт техникийн шинжээчийн 4 дүгнэлт гарсан бөгөөд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Ч.Уранборын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 73 тоот “1. Жолооч Н.Мөнхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 5-д заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.  2.Б.Энхбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох Монгол Улсын үндэсний болон Олон Улсын үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. 1 дэх асуултаар хариулагдсан байна. 4.Нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна ” гэх дүгнэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, Н.Шинэбаатар, Б.Ариунболд нарын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 724 тоот “ 1.80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуота-Ланд Круейзр-200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар “Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Улсын дугааргүй улаан өнгөтэй Даюунг маркийн мотоциклийг жолоодож явсан Б.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол гарахад шууд шалтгаан нь 80-88 УБД улсын дугаартай хар өнгөтэй Тоуоtа Land Criuser 200 маркийн автомашиныг жолоодож явсан Н.Мөнхбаярын Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 4.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Уранборын гаргасан №73 тоот дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна“ гэж дүгнэсэн, дээрх дүгнэлтэнд тамга дараагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “ Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно ” гэснийг зөрчсөн учраас үнэлэх боломжгүй, мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч Д.Цэндсайхан, Ч.Болдбаатар, Д.Батхуяг, Б.Амарсанаа, Б.Эрдэнэбаатар нарын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/64 тоот дүгнэлт нь зөрчилтэй гэх 724 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн зэргээр хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрөөтэй байхад зөрүүг арилгах тодорхой ажиллагаа хийгээгүй ба зөрчлийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар арилгаж, тогтоох атал хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас дахь 724 тоот дүгнэлтэнд шинээр 2 удаа тамга дарж хууль бус үйлдэл хийсэн хийгээд хэн гэгч этгээд, хэний зөвшөөрлөөр хавтаст хэрэгт байгаа дүгнэлтэнд тамга дарсан нь тодорхойгүй, шүүх хуралдаанд улсын яллагч уг зөрчлийг “ Тухайн дүгнэлт дээр даалгавар бичүүлж тамга даруулсан. Харин дүгнэлтэд өөр ямар нэгэн үсэг тэмдэглэгээ нэмж хийгээгүй. Дүгнэлтэд ямар ч өөрчлөлт оруулаагүй, засвар хийгээгүй, тамгыг л дарсан “ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт үгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн тухайн хэрэгт анхнаасаа буюу хэргийн газрын үзлэг хийхээс эхлэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн, үүний улмаас хэргийг түргэн шуурхай илрүүлэх, хэргийн гарсан байдлыг үнэн зөв, бодитой тогтоох боломжийг хязгаарласан хийгээд хэргийн нөхцөл байдлыг дахин тогтоох боломжгүй, ач холбогдолгүй болгосон нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/64 тоот     дүгнэлтээр тодорхойлогдож байна. 
Тухайлбал, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэгийг хийхдээ үзлэгийн тэмдэглэлд зураг үйлдээгүй, хэргийн газрын үзлэгт оролцсон гэх Н.Мөнхбаярт танилцуулж гарын үсэг зуруулаагүй, гэрэл зургийн үзүүлэлт зөрөөтэй, авто машин, мотоцикль мөргөлдсөн гэх үл хөдлөх цэгийг хаанаас авсан болох нь тодорхойгүй, осол болсон газрыг Эрдэнэцагаан сумаас 8 км, 5 км гэж зөрөөтэй бичсэн, замын нөхцөл байдлыг зам харагдахгүй байдал замын өгсүүр уруу байдлыг тодорхой тусгаагүй, зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслээс ул мөр олж бүртгэн авч шинжилгээнд өгөөгүй зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд заасан “ Үзлэг хийх журам” , Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “ Хэргийн газрын үзлэг хийх журам” код 206 дугаар зүйлүүдийг зөрчсөн, 
2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийг зөрчиж, хэрэг учралын газарт нөхөн үзлэгийг Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Алтансүх хийсэн, энэ үзлэгт аймгийн Прокурорын орлогч оролцсон гэх боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, Н.Шинэбаатар, Б.Ариунболд нарын гаргасан 724 тоот дүгнэлт тамгагүй, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй,
2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилохдоо яллагдагч Н.Мөнхбаярт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, мөрдөн байцаагч шинжээч нарыг нэр зааж томилоогүй, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/64 тоот техникийн шинжээчийн дүгнэлтийг хохирогч болон яллагдагч нарт танилцуулаагүй зэрэг зөрчлүүд байна.

Улсын яллагч нь хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм бурууг яллах дүгнэлт болон хэргийн баримтаар бүрэн дүүрэн нотлож чадаагүй, шүүгдэгч Н.Мөнхбаяр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тухайн осол гарахад тэрээр буруутай эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч Н.Мөнхбаярыг Замын хөдөлгөөний дүрмийн  8.5 “ суурийн газрын гаднах замд тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явна”, 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2 “Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудаар буруутгах боловч энэ нь техникийн шинжээчийн 2017.01.05-ны өдрийн 11/14 тоот дүгнэлтэд: 1. Тухайн осол болох агшинд Ланд 200 маркийн авто машины жолооч Н.Мөнхбаяр нь зогсоох арга хэмжээ авч улмаар ослоос зайлсхийх оролдлого хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Уг осол хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай байна. Харин  жолооч Н.Мөнхбаярыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна. 2. Жолооч зогсоох арга хэмжээ авч тоормослоход автомашины хөдөлгөөний чиглэл нь дараах хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөх бөгөөд осол болохын өмнө чиглэл хэрхэн өөрчлөгдөхийг тогтоох боломжгүй байна. Замын хэвгий, Автомашины дугуй тус бүрийн зам дугуйн барьцалдалт, Замын гадаргуугийн байдал, Жолооны хүрдийг аль нэг тал руу дарсан өнцөг, Автомашины хурд, Дугуй тус бүрийн хийн даралт, Автомашины тоормосны системийн онцлог, Тоормосны дөрөөн дээр дарсан хүч, хурдатгал, Автомашинд сууж явсан зорчигч болон ачааны жингийн хуваарилалт, 3.Мотоцикль болон авто машины аль нь замаас түрүүлж гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 4.Мотоциклийн болон автомашины хурдыг тогтоох боломжгүй байгаа тул эдгээр жолооч нарын хэн нь өөдөөс яваа тээврийн хэрэгслээ түрүүлж харсан байх боломжтойг тогтоох боломжгүй байна. 5.Хэмжилтийн бүдүүвч болон зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдалд тусгагдсанаар авто машины тоормосны мөр 15.17 м байгаа нь мотоциклийн жолооч зогоох арга хэмжээ авсан байна. Харин хэзээ зогсоох арга хэмжээ авсаныг тогтоох боломжгүй байна гэх ” дүгнэлтийн дээрх заалтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна. 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэцагаан сумын 1-р багийн иргэн Ш.Энхмандах, А.Энхээ нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ Энэ хэргийг Н.Мөнхбаярыг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Учир нь 2017.01.05-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Н.Мөнхбаяр нь зогсоох арга хэмжээ авч улмаар ослоос зайлсхийх оролдлого хийсэн нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна. Уг осол, хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай байна. Тус хэргийн хохирогчид болон Н.Мөнхбаярын тэр нь энэ нь буруутай гэж бид үзэхгүй байгаа. Хэргийг шалгах явцад хэргийн газрын үзлэг туршилтанд оролцож нүдээр ч харж байсан. Иймд хохирогч бид нар тус хэрэгт Н.Мөнхбаярыг буруутай гэж үзэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтийн хэргийн талаарх утга болон тогтоох хэсэгт шүүгдэгч Н.Мөнхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ямар хууль, журам зөрчснийг заалгүйгээр шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явна”, 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ”, 9.2 “ Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн гэж яллах бөгөөд шүүгдэгчийг буруутгаж буй Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтууд нь хэрэгт авагдсан шинжээчийн аль дүгнэлтэнд тусгагдсан, эдгээр нь өөр бусад ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг тодорхой дурдаагүй, нотлоогүй хийгээд шүүмжлэлийн шатанд “ Н.Мөнхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 гэсэн зүйл анги тохирч байгаа. Н.Мөнхбаяр тоормос дарах нь дарсан. Зогсоох арга хэмжээ авсан боловч дутуу авсан учраас хоёр хүний амь нас хохирсон “ гэж түүний гэм бурууг эргэлзээтэй байдлаар яллажээ.

    Шүүх тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Н.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж  дүгнэлээ. 

    Шүүгдэгч Н.Мөнхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу амь хохирогч Б.Энхбаатар, З.Бямбаням нарын оршуулгын зардалд 16.600.000  төгрөг, тэдгээрийн хүүхэд болох Э.Амарбаатар, Э.Алтанцэцэг нарт тус бүрд 19.000.000 сая төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхээ, Ш.Энхмандах нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг 2017.04.03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурджээ.

    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан KVK DVD+ R 4.7 GB/ 120 min 1-16 х маркийн DVD-г хэрэгт хадгалахаар тогтоов.


    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тус тус заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Намсрайн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201517000209 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
 
    2. Шүүгдэгч Н.Мөнхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу амь хохирогч Б.Энхбаатар, З.Бямбаням нарын оршуулгын зардалд 16.600.000    төгрөг, тэдгээрийн хүүхдүүд болох Э.Амарбаатар, Э.Алтанцэцэг нарт тус бүрд 19.000.000 сая төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Энхээ, Ш.Энхмандах  нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан KVK DVD+ R 4.7 GB/ 120 min 1-16 х маркийн DVD-г хэрэгт хадгалсугай. 

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаярт шүүхийн шатанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.САНЖИДМАА

     ШҮҮГЧИД                                              Д.СУГАР

                                                                      С.НАСАНБУЯН