Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн **********  дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Д.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байх Ж.Эийн гэрийн гадна байсан улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 832,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн **********  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Д.Б нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байх Ж.Эийн гэрийн гадна байсан улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Ж.Эт 832,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн:“... мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Эийн өгсөн: “...Миний бие өнөөдөр 2023 оны  06 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед босоод бие засахаар  гартал өчигдөр орой  манай гадаа  байсан  цагаан өнгийн  Мустанг -5  мотоцикль  байхгүй болсон байсан.  Тэгээд би цагдаагийн  байгууллагад  дуудлага өгсөн. Өчигдөр өдөр 11 цагийн үед би 9 настай 10 настай 2 зээ охиноо ус авахаар явуултал буцаж ирэхдээ нэг танихгүй залуутай ирсэн. Тэр залуу манай гэрт орж ирээд 2 хүүхэд усаа даахгүй байхаар нь хамт өргөлцөөд ирлээ гэхэд нь баярлалаа гээд явуулсан, орой 18 цаг өнгөрч байхад манай 2 охин гадаа нөгөө ах ирчихсэн байна гээд гүйгээд ороод ирсэн тэгээд гараад харах гэтэл охин сая явчихсан гэж хэлсэн. Өглөө манай мотоцикль алга болчихсон байна гээд яриад байж байтал манай зээ охин “өчигдөр нөгөө ах танай өвөө ямар гоё унаатай юм бэ” гэж яриад байсан гэж надад хэлсэн. Би тэр залууг л сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  14-15 тал/,

            Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ХӨ23-26 дугаартай:“...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 832,500 /найман зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 86-91 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: 10:10 хэмжээтэй ногоон дээвэртэй ертөнцийн зүгээр зүүн талдаа цонхтой байшин байлаа. Уг байшингийн баруун үзүүрээс 220 километрийн зайд мөр гарсан (мотоциклийн) цагаан өнгийн мустанг -5  мотоцикль зүүн данхрааддаг тал руугаа хазайж хэвтүүлсэн банкин дээрээ улаан өнгийн морины  зурагтай, зүүн талдаа  банк бага зэрэг хонхойсон  дээд тал улаан хажуу тал  хар өнгийн суудлын бүрээстэй 150 сс мотортой, зүүн талын 1 тольтой, баруун толь нь байхгүй, ард талын ачаан дээрээ уяа уяасан, хойд дугуй нь хагарсан, урд дугуй нь хий султай, сэвчээ нь салсан зүүн баруун тал дээрээ XY 150) гэсэн бичигтэй, урд амаржин улаан өнгийн хамеран гадаргуутай, цагаан өнгийн  ачаа, өвдөгний хамгаалалттай кондуктарын  утас салсан, хүзүүний түгжээ нь мултарч эвдэрсэн  моторын тос  бага зэрэг гоожсон, үүлний гар  хэсэг хааз  ногоон өнгийн  резин гадаргуутай, урд дугуй нь  шаврын хамгаалалттай хойд  дугуй нь  шаврын хамгаалалт байхгүй, данхраад нь эвдэрсэн, гинж нь гарсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 тал/,

Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн …цагаан өнгийн мустанг- 5 загварын мотоциклийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөв..” гэх тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

Шүүгдэгч Д.Бийн өгсөн:“... 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цагаан-Үүр суманд танихгүй хүмүүстэй архи ууж, овооны наадамд очсон. Тэгээд хадамынхантай уулзахад энэ муу архи уугаад явдаг ямар ачаагүй юм бэ гэж хэлэхээр нь гэрээс нь гарч яваад шөнийн 02 цагийн үед айлын  хашаан дотроос  цагаан өнгийн  мустанг маркийн мотоциклийг  үрүүлийн  түгжээг  нь эвдээд  кундакторийнх  нь утсыг салгаж  асаагаад явсан.   Цагаан-Үүрийн гүүр  гараад  тамхи  татангаа зогсохдоо  ийм балай юм хийж,  хулгай  хийж явахаар  болъё гэж  Зоригоо  ахын  хашааны  урдуур  гараад  модонд  унтаж  байхад   цагдаа  ирэхээр  нь  мотоциклийг нь  өгөөд цагдаа дээр очоод үнэнгээ хэлсэн. Танихгүй. Мотоциклийг нь өгөхөд л цагдаа дээр харсан. Хадмуудтайгаа муудалцаад ингэж явахаар гэртээ харъя гэж бодоод мотоцикль хулгайлсан. Манайх Чандмань-Өндөр суманд амьдардаг юм. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Сая Орос улсын цэцэг түүж байгаад ирсэн. Одоо Мөрөн сумын 4 дүгээр багийн 11-10 тоотод байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь мотоциклоо хүлээгээд авсан. Одоо гомдол санал байхгүй. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч байхгүй...” гэх дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно..

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Эийн мэдүүлэг,   Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №ХӨ23-26 дугаартай  дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч  Д.Б нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байх Ж.Эийн гэрийн гадна байсан улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  авч Ж.Эт 832,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Д.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байх Ж.Эийн гэрийн гадна байсан улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч Ж.Эт 832,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт   хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Эт 832,500  төгрөгийн хохирол  учирсан болох нь Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ХӨ23-26 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...Мустанг-5 загварын мотоциклийг  хохирогч Ж.Эт  биет байдлаар хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл /хх­­-ийн 9 тал/-д  хэрэгт авагдсан, хохирогч нь шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бийг хохирогч Ж.Эт төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бийн нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Бийг хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал гэмт үйлдлийн шинж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцсон зэргийг харгалзаж үзээд  шүүгдэгчид  8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оногдуулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон байна. Уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна. Яагаад хорих ялын санал гаргаж байна вэ гэхээр хохирогчид эд зүйлийг сайн дураар хүлээлгэж өгөөгүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дүнд илэрсэн хэрэг. 2023 оны 8 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэнээс хойш албадлага хэргэлж байсан. 2023 оны  8 дугаар сараас хойш эрэн сурвалжилж 2024 оны 5 дугаар сард Өмнөговь аймгаас олж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Эрүүгийн хариуцлага хохирол нөхөн төлүүлэх,  цээрлүүлэх ач холбогдолтой байдаг учраас 8 сарын хорих ялын саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Хоногийг нь багасгаад өгөөч...” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг  үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч  Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж,  хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь 5 (тав) хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 6 ургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн цагдан хоригдсон 5 (тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь 5 (тав) хоног цагдан хоригдсон, хохирогч Ж.Э-т төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН