| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/00388/И |
| Дугаар | 181/ШШ2021/00749 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2021/00749
2021 03 30 181/ШШ2021/00749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ц холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Цтэй 2013 онд танилцаж улмаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1107001191 дугаар гэрлэлтийн гэрчилгээ авч, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Ц.Х, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү Ц.Анар төрсөн. Бид 2018 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд С.Ц нь хамт амьдарч байх хугацаанд байнга архи ууж агсан согтуу тавьж, намайг зодож хүчирхийлэх зэргээр гэр бүлд тааламжгүй уур амьсгалыг бий болгодог байсан. Энэ хугацаанд архинаас гарах гэж хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байсан боловч улам ихээр уусаар байсан. Миний хувьд хоёр хүүхэд минь юу юунаас илүү эрхэм бөгөөд хүүхдүүдээ архигүй хүчирхийлэлгүй, амгалан тайван орчинд эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Х, хүү Ц.Анарыг миний асрамжид үлдээж, эцэг С.Цээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Сарантуяа овогтой Цэнгэл миний бие 2000 оноос 2012 он хүртэл 12 жил Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн. Бид 2013 онд танилцаж 2014 онд албат ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. Эх орондоо 12 жилийн дараа ирсэн учир яаж амьдрах юу хийхээ ойлгохгүй, мэдэхгүй, найз нөхөд байхгүй гэх зэрэг зарим тохиолдолд сэтгэл санаагаар унаж архи уух үе надад байсан. Одоогоор миний бие нь тухайн үед буруу зүйл хийж байснаа ойлгож архи уухаа больсон. Манай гэр бүл сүүлийн 3 жил тусдаа амьдарч байгаа хэдий ч хэн хэн маань өөр амьдрал зохиогоогүй, сүүлийн үед хүүхдүүдийн хамт уулзаж байгаа ба миний хувьд өөрийн хүүхдүүдийг элэг бүтэн өсгөж, эцэг хүнийхээ үүрэг хариуцлага болон хайр халамж, цаашлаад хүүхдүүдийнхээ сурч боловсроход нь анхаар зэрэг гэр бүлтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Бид үр хүүхдүүдийнхээ төлөө хэн аль өөр өөрсдийнхөө зан байдлаа засаж, хүлээцтэй, бие биенээ ойлгож уучилж чадвал бидний гэр бүл цаашид элэг бүтэн хамт амьдрахад боломжтой гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч С.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Н.Э, С.Ц нар нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлж, 1107001191 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Ц.Х, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Ц.Анар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.
Гэрлэгчид болох Н.Э, С.Ц нар нь 2018 оноос хойш тусдаан амьдарч байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э гэрлэлт цуцлуулах шалтгааныг хамт амьдрах хугацаанд С.Ц нь архи ууж, агсам тавьж, намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас тусдаан амьдрах болсон, цаашид хүүхдүүдээ архигүй хүчирхийлэлгүй, амгалан тайван орчинд эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж байна гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан.
Хариуцагч С.Ц нь 2015.12.09-ны өдөр эхнэр Н.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №17581” шинжээчийн дүгнэлт, Н.Э гомдол, тайлбар, хохирогчийн мэдүүлэг, мөн түүний энэ шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Ц нь охин Ц.Х, хүү Ц.А эх Н.Э байнгын хараа хяналтад байлгах асуудлаар маргаагүй, 2018 оноос хойш хүүхдүүд эхийн хамт амьдарч байгаа, хариуцагч С.Ц гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Ц.Х, хүү Ц.Аэх Н.Э асрамжид үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Н.Э, С.Ц нар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас охин Ц.Х, хүү Ц.А эх Н.Э асрамжид байгаа тул эцэг С.Цээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Ц.Х, хүү Ц.А-г эцэг С.Цээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Н.Э, С.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц.А-г эх Н.Э-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц.А-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Ц-ээс нь тэтгэлэг гаргуулж эх Н.Э-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ээс 144 260 төгрөгийг гаргуулж Н.Эд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА