Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/377

 

 

   2024        09            04                                    2024/ШЦТ/377

 

                      

   

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ад холбогдох эрүүгийн 2425002730*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.А,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 0-00-00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ды гар утсыг шалгана гэж маргаан үүсгэн, Г.Ды баруун гар дээр хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Аыг онц харгис, хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.А “нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэмшиж байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй, хувийн байдлуудыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлуулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,

Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлж тус тус оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:

-Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 0-00-00 тоотод би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Нөхөр бид хоёр өмнө амьдрал зохиож байгаад тухайн хүмүүсээсээ салаад 2013 оноос хойш би Ш.Атай хамтран амьдарч байгаад дундаасаа 2 хүүхэдтэй болоод 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Би салонд үсчин хийдэг. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажил болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чамин салонд ажлаа хийж байх үед гар утсаар Ш.А залгаад хаана байна, намайг хорооллын хашаа байшингаас авчих гэсэн. Би хорооллын хашаанд очиход Ш.А байгаагүй. Би Ш.А руу ярихад гэрийн гадаа байна хүрээд ир гэсэн. Намайг гэрийн гадаа явж очиход Ш.А нь нэг залуутай  маргалдчихсан зогсож байсан. Тухайн маргалдсан залуу цагдаа дуудсан. Цагдаа нар ирж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, тээврийн хэрэгслийг түр саатуулна гэж хэлсэн. Ш.А нь чи энэ цагдаа нартай ярьж байгаад журмын хашаанд машинаа оруулахгүй байх талаар яриадах гэсэн. Би цагдаатай нь уулзаж, учир байдлаа хэлсэн. Цагдаа тээврийн хэрэгслийг заавал ачиж явах ёстой гээд ачилтын машинаар манай машиныг ачсан. Тэгтэл Ш.А нь намайг цагдаа нарыг аргалж чадсангүй гэж уурлаж, машины цонх хагалсан. 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 0-00-00 тоотод нөхөртэйгөө маргалдсан. Уг маргалдсан асуудал нь Эрдэнэт нэгдсэн хамгийн том зар фэйсбүүк групт Банзал авгайгаа захирч амьдар, эрдэнэтэд үсчин хийдэг янхан авгай гэх гарчигтай нөхөр бид хоёрын зурагтай постууд цацагдаж, дараа нь миний нөхрийн 99023684 дугаарт 85153068, 90209994 дугааруудаас авгай чинь шууд өдөөд байхаар нь би яах аргагүй шууд хийсэн болохоор жирэмсэн болсон байж магад цаадахчинь  гэсэн доромжилсон утга бүхий мессеж ирж эхэлсэн. Энэ пост мессеж нь миний арван жилийн найз Лхагварагчаагийн эхнэр Оюун гэх хүний хийж байгаа үйлдэл юм. Оюун нь өөрийн нөхрийг надтай хардаж, фэйсбүүк дээр зар оруулж, мессеж бичээд байгаа юм. Уг асуудлын талаар Завхан аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Уг асуудлаас болоод нөхөр бид хоёр муудалцдаг болсон. 2024 оны 2 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд нөхөр бид хоёр уг асуудлаас болж маргалдаж, нөхөр намайг гэрээс хөөж, манай гэрээс яв гэж хэлсэн. Би гэрээс хүүхдүүдээ аваад аавын гэр рүү явсан. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын уртбулаг багийн 0-00-00 тоотод байж байх үед гаднаас Ш.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Гэрт орж ирээд фэйсбүүк дээрх пост, мессежээс болж маргалдаж эхэлсэн. Миний зургийг фэйсбүүк орчинд тавиад байна, чи энэ асуудлаа шийд би нэр нүүргүй болчихлоо гэх шалтгаанаас маргалдаж, чи надад утсаа өг, чиний гар утсыг шалгая гэж дайраад гар утас авах гээд байсан. Би гар утсаа газар унагасан. Газраас гар утсаа авах гэтэл миний гар дээр Ш.А нь хөлөөрөө гишгэсэн. Миний баруун гарын ядам хуруу маш их өвдөж байсан. Тэгээд БОЭТ-д хуруугаа үзүүлэхэд миний хуруу хугарсан байсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Намайг хамгаалах байранд авах шаардлагагүй, айлгаж, сүрдүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Миний хүргэн ах Ш.Аын хувьд зөөлөн сэтгэлтэй, хүн юм гуйх л юм бол туслах гээд хичээдэг. Хүний хувьд дажгүй. Харин 2023 оны зун эгч Г.Д нь Завхан аймаг руу явж найз нөхөдтэйгөө уулзаж Орхон аймагт ирсэн цагаас хойш фэйсбүүк дээр эгчийг өөр хүнтэй явалддаг, айл гэр үймүүлдэг, айлын нөхөртэй завхайрсан гэх зэргээр пост орж эхэлсэн. Энэ байдал нь удаан үргэлжилж байгаа учир Г.Д эгч, хүргэн ах Ш.А нарын дунд бага зэрэг маргаантай байгаа… Г.Д эгч өмнө нь надад Ш.А ахад зодуулсан гэж ярьж байгаагүй. Бас би Г.Д эгчийг гадна байдлаасаа хүнд зодуулсан шинжтэй байхыг хараагүй. Харин фэйсбүүк зараас болж хоорондоо маргалдсан байж магадгүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 549 дугаартай “…1 Г.Ды биед баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Ш.Аын яллагдагчаар мэдүүлсэн “…2024 оны 4 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим ажлаасаа буугаад бага зэрэг стресстэй байсан учир зүс таних 2 хамт ажилладаг залуутай 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи хороололд хувааж уусан. Ингээд би уг өдрийн орой 22 цагийн орчим гэртээ харьсан. Намайг гэртээ ороход эхнэр Г.Д хоолоо хийгээд дуусчихсан гэртээ байж байсан. Харин хүүхдүүд хадам аавынд хонох гээд явсан байсан. Би энэ үед эхнэрийг чи надад гар утсаа үзүүл, утсаа аваад ир гэж хэлэхэд эхнэр над руу уурлаж, би чамд утсаа үзүүлэхгүй гэж хашхирсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир эхнэрийг утсан дээрээ ямар нэг зүйл нуугаад байна гэж бодоод гартаа барьсан утсыг нь гал тогооны өрөөнд булаацалдсан. Булаацалдах үед утас нь газар унасан. Би утсыг нь авах санаатай шууд баруун хөлөө утсан дээр нь хүчтэй тавихад эхнэр утсаа авах гэж байна гээд баруун гараа утсан дээрээ зэрэг тавьчихсан. Ингээд эхнэрийн баруун гарын хуруун дээр гишгэсэн. Удалгүй эхнэрийн баруун гарын ядам хуруу хавдаж, өвчин орсон. Эхнэр бид хоёр шууд гэрээсээ гарч БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиход эмч эхнэрийн баруун гарын ядам хурууг хугарсан байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээр зочилж, нөхцөл байдлыг судалсан тухай илтгэх хуудас /50-51 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь хохирогч Г.Ды гар утсыг шалгана гэж маргаан үүсгэн, Г.Ды баруун гар дээр хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

Шүүгдэгч Ш.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь:

-Хохирогч Г.Ды: “...Газраас гар утсаа авах гэтэл миний гар дээр Ш.А нь хөлөөрөө гишгэсэн. Миний баруун гарын ядам хуруу маш их өвдөж байсан. Тэгээд БОЭТ-д хуруугаа үзүүлэхэд миний хуруу хугарсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Э-ы “…Энэ байдал нь удаан үргэлжилж байгаа учир Г.Д эгч, хүргэн ах Ш.А нарын дунд бага зэрэг маргаантай байгаа…” гэх мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 549 дугаартай дүгнэлт, Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ды эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдлоо.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ш.А-ын хохирогч Г.Д-ы баруун гар дээр хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь баруун гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал бүхий гэмтэл үүсгэсэн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ш.Аыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Хохирогч Г.Д нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Ш.Аыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч Ш.А нь “буруугаа хүлээж ойлгож гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлууд байгааг харгалзан үзэж улсын яллагчаас тавьсан торгох ялын саналыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэх төлүүлэх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Ш.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Шүүгдэгч Ш.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Ш.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ш.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   6. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР