Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 26

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,    
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
    Улсын яллагч С.Сугар
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтөр
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
   Шүүгдэгч О.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирхуягийн Сүхбатад холбогдох эрүүгийн 201717000003 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, 1995 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, Боржигон овогт Очирхуягийн Сүхбат / РД:ЛД95020217/

Хэргийн талаар / яллах дүгнэлтээр/ :

Шүүгдэгч  О.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 55 километрт засмал дам дээр 36-34 УНУ улсын дугаартай Тоёото криста маркийн автомашин жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Шүрэнцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч О.Сүхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр орой Хүрэлсүх бид хоёр сумын төвд машинтай явж байгаад баар руу очсон. Хүрэлсүх бааранд 2-3 залуутай архи уусан. Тэгээд Өлзий ах аймгаас ирээд ав гэж гуйсан гэж над руу утсаар ярьсан. Би амжихгүй гэж хэлэхэд байнга утсаар залгаад яваад өг гээд байсан. Хүрэлсүх эхлээд баарнаас гарсан. Намайг араас нь гарахад Хүрэлсүх, Шүрэнцэцэг, Цэрэндэжид нартай хамт байсан. Цэрэндэжид “би айлд байгаа аймаг явахгүй” гэхэд Шүрэнцэцэг гэр рүү нь утсаар яриад Цэрэндэжид аймаг руу хамт явахаар болсон. Тэгээд бид аймаг руу явсан. Сумын төвөөс 50-иад км яваад Хүрэлсүх бие засмаар байна гээд буугаад бие зассан. Тэгээд хөдлөөд 2-3 км газар яваад Хүрэлсүх машины жолоо булаацалдаад буруу тийш нь дарсан. Би буцаагаад дарахад замын нөгөө тал руу машин унаж осол гарсан. Би тухайн үед 80-100 км цагийн хурдтай явж байсан. Осол гарснаас хойш буугаад харахад машины дугуй хагарсан, өндгөн тулгуур мултарсан байсан. Би жолооны үнэмлэхтэй, жолооч болоод 1 жил болж байгаа. Би хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж оршуулгын зардалд 3.200.000 төгрөг өгсөн... гэв. 

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй. Оршуулгын зардал 3.200.000 төгрөг гарсан. Тэрийг нь баримтжуулаад өгсөн. Тэгээд энэ хүүхэд 3.200.000 төгрөг өгсөн... гэв. 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө зам тээврийн ослын улмаас охин Э.Шүрэнцэцэг нас барсан. ...2016 оны 12-р сарын 26-ны өдрийн 11 цаг болж байхад би эхнэрийнхээ хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум руу хувийн ажлаар явсан бөгөөд шинэ жилээр ирэхгүй байж магадгүй шүү, миний охин гэрээ сахиад байж байгаарай гээд явсан. Үүнээс хойш огт холбоо бариагүй. Харин Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зам тээврийн осол болсон талаар мэдсэн. ...Талийгаачийг оршуулахад 3.209.107 төгрөгийн зардал гарсан. ...Холбогдох хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх- 15,16 / 

- Иргэний нэхэмжлэгч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 36-34 УНУ улсын дугаартай криста маркийн автомашиныг 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос 1.800.000 төгрөгөөр Г.Наранбат гэх хүнээс худалдаж авсан юм. 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй найз О.Сүхбатаар машинаа жолоодуулж Шүрэнцэцэг, Цэрэндэжид нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв рүү 2016 оны 12 дугаар сарын 27-ны 00 цаг 10 минутын орчим гарч 01 цаг 00 минутын үед зам тээврийн ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл тогтоогдсон байна. Өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. 36-34 УНУ улсын дугаартай машинд эвдрэл учирч шууд 427.000 төгрөгийн хохирол, засвартайгаа 742.000 төгрөгийн хохирол учирсан. Миний бие тээврийн хэрэгслийн эвдрэл, засварын 742.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18 / 

- Гэрч М.Цэрэндэжидийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12-р сарын 12-ны өдөр 19 цаг өнгөрөөгөөд бүжгэнд орох гээд Шүрэнцэцэгийн хамт явсан юм. ...Бүжиг эхлээгүй байхаар нь “Их наран” караоке руу ороод Шүрэнцэцэг, Буяндэлгэр бид гурав 2.5 литрийн Боргио пиво аваад хувааж уусан. Тэгээд тэндээ бүжиглэж байгаад 23 цаг 30 минутын үед хамт явж байсан Буяндэлгэрийн найзууд нь дуудаад яваад өгсөн. Шүрэнцэцэг бид хоёр “Их наран”-даа байж байгаад гарах үед Сүхбат, Хүрэлсүх 2 орж байснаа бид хоёрыг хүргээд өгье гэсэн. ...00 цаг өнгөрч байхад Мөнххаан сумаас аймаг руу гарсан. Гарахаасаа өмнө сумын төвд машин дотроо 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг Хүрэлсүх, Шүрэнцэцэг бид 3 хувааж уусан. Тэгээд аймаг руу гараад унтчихсан байсан. Гэтэл машин өнхрөөд байх шиг байхаар нь сэрсэн чинь машин нь онхолдсон байсан. ...Шүрэнцэцэгийг урд суудлаас гаргаад гайгүй юу гэсэн чинь гайгүй гээд гадаа гарч ирээд хэвтсэн. Ээжээ гэдэс өвдөөд байна гээд бахираад байсан. Тэгж байгаад л чимээгүй болчихсон. Тухайн үед нас барчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-19-20/ 

- Гэрч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машинтай явж байсан бөгөөд найз Сүхбатаар жолоодуулна гээд Сүхбат уугаагүй, би уусан юм. Биднийг бааранд сууж байтал манай сумын ах Өлзий гэх хүн над руу утсаар залгаад Баруун-Уртад байна намайг ирээд авчих гэхээр нь би архи уучихсан байнаа, машин барьж болохгүй гэсэн чинь тэгвэл Сүхбаттай яръя гээд түүнтэй ярьсан. Тэгээд Сүхбат нь ярьж дуусчихаад ирээд авчих гээд байна яах юм бэ гэхээр нь явахаар шийдсэн. Тэгээд бид баарнаас 23 цаг өнгөрөөгөөд гарч ирэх үед гадаа манай сумын Цэрэндэжид, Шүрэнцэцэг нар таарч хүргээд өгчих гэхээр нь машиндаа суулгаад хонхорт байдаг Цэрэндэжидийг буулгахаар явах үедээ замаараа ШТС-аас бензин аваад зогсож байх үед Шүрэнцэцэг нь та нар хаашаа явах гэж байгаа юм гэсэн тэгээд аймаг явах гэж байна гэсэн чинь Шүрэнцэцэг нь хамт явъя гээд тэгээд бид хамт явахаар шийдсэн. ...Сүхбат нь машин жолоодоод, түүний хажууд Шүрэнцэцэг, арын суудал дээр Цэрэндэжид бид 2 суугаад явсан, ...40 орчим км явсан байх гэнэт машин дайвалзаад замын зүүн гар тал руу онхолдсон, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн ойлгоогүй, машинаас бид 4 гараад талийгаач Шүрэнцэцэг нэг босч ирснээ эргээд газар хэвтээд өгсөн, тэгээд дээрээс нь дараагүй байхад битгий дээрээс дараад бай гээд байсан тэрээр амьсгаатай байж байгаад сүүлдээ амьсгалахгүй болчихсон...”, “...миний эзэмшлийн 36-34 УНУ улсын дугаартай автомашинд хамгаалах бүс байгаа бөгөөд бүснүүдэд ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Осол болох үед Сүхбатаас бусад хүмүүс хамгаалах бүсийг зүүж хэрэглээгүй байсан. Хамгаалах бүс зүүж хэрэглэх талаар Сүхбат хэлээгүй юм. ...би автомашинаа Улаанбаатар хотод 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр оношилгоонд оруулж зөв талын урд өндгөн тулгуурыг сольж шинээр тавьсан үүнээс хойш ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би буруу талын өндгөн тулгуурыг тухайн үед солих гэсэн боловч ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан учир солиогүй үүнээс хойш нүдээр үзэж хараагүй. Жолооны хүрд хөдөлгөх болон жолоодоод явах үед өндгөн тулгууруудад ямар нэгэн гэмтэл дуу чимээ мэдэгдэхгүй байсан. Гэмтэлтэй бол таг таг дуугардаг бөгөөд огт дуугарахгүй байсан. Би өөрөө 2014 оноос жолооддог болсон бөгөөд өндгөн тулгуур эвдэрсэн, гэмтсэнийг мэддэг юм...” гэх мэдүүлэг /хх- 22, 74 / 

- Гэрч Г.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 36-34 УНУ улсын дугаартай криста маркийн автомашинтай байсан бөгөөд уг автомашиныг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Алтангэрэл гэх залууд 2016 оны 9 дүгээр сард 2 сая төгрөгөөр зарсан юм. Алтангэрэл нь тухайн үедээ дүүдээ авч өгч байгаа гээд нэг залуу дагуулаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх- 25 / 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 02 тоот дүгнэлтэнд: 1.Талийгаачийн биед зүүн бөөр, элэг дэлүүний няцрал, 12-р нугаламын хугарал, 3 хавирга, зүүн дунд чөмөгний хугарал, зүүн хөхөнд зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн болон доргилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 4.Талийгаач дээрх хавсаргасан гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ гэх /хх-30-31 / 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 545 тоот шинжилгээний дүгнэлтэнд: 1.О.Сүхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй. 5.О.Сүхбатын цусанд этилийн спирт илрээгүй байна гэх /хх-36 / 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн химийн шинжилгээний 9 тоот дүгнэлтэнд: 1.О.Сүхбатаас авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх /хх-37 / 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 546 тоот шинжилгээний дүгнэлтэнд: 1.Э.Хүрэлсүхийн биед зүүн шагайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-39 / 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 547 тоот шинжилгээний дүгнэлтэнд: 1.М.Цэрэндэжидийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх /хх-41 / 

    - Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтэнд: “... 2.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Эзэмшигч Энхбаатарын Хүрэлсүх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэх /хх-43-44 / 

    - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал / хх-3-4/

    - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. 2016.12.27 /хх-08-11/

    - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл.2016.12.27 / хх-12/

    - Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл.2016.12.27 / хх-13/
    
    - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл. №1082575 дугаартай жолоочийн үнэмлэх / хх-14/
    
    - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх-28/

    - Ашид билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний 2017.01.03-ны өдрийн 78 дугаартай тайлан, гэрэл зураг /хх-51-52/

    - О.Сүхбатын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/

    - О.Сүхбатын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/

    - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багийн Засаг даргын 2016.12.27-ны өдрийн 168 тоот тодорхойлолт /хх-55/

    - №00849456 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-57/

    - О.Сүхбатын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-58/

    - Э.Шүрэнцэцэгийн нас барсны гэрчилгээ №0000170186 /хх-60/

    - Оршуулгын зардлын баримтууд /хх-62-66/

    - Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-80-82/ зэрэг нотлох баримтууд болно.


Шүүгдэгч  О.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 55 километрт засмал зам дээр 36-34 УНУ улсын дугаартай Тоёото криста маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын б-д “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин онхолдож, зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Шүрэнцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Сүхбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтөр, гэрч Э.Хүрэлсүх, М.Цэрэндэжид нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 тоот дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот акт, Шүүх химийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 тоот акт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл.2016.12.27, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. 2016.12.27, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, 0000170186 дугаартай Э.Шүрэнцэцэгийн нас барсны гэрчилгээ, Шүүх химийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 тоот акт, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 546 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. 

   Хэргийн байдлыг тодруулбал, шүүгдэгч О.Сүхбат нь Э.Хүрэлсүхийн эзэмшлийн 36-34 УНУ улсын дугаартай Тоёото криста маркийн автомашиныг жолоодож явахдаа машины хүрд баруун гар тал руу булааж, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авалгүй зүүн гар тийш дарж хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс машин засмал замын хойд тал руу унасан, мөн өөрөө хамгаалах бүс хийсэн атлаа бусад зорчигч нарт хамгаалах бүс зүүлгээгүй явснаас Э.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн гэмтэл, талийгаач Э.Шүрэнцэцэгийн бие махбодид “ зүүн бөөр, элэг дэлүүний няцрал, 12-р нугаламын хугарал, 3 хавирга, зүүн дунд чөмөгний хугарал, зүүн хөхөнд зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт, нуруунд зулгаралт “ бүхий гэмтэл учирч, тэрээр энэ хавсаргасан гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч О.Сүхбатын “ Талийгаач болон Хүрэлсүх, Цэрэндэжид нар хамгаалах бүс хэрэглээгүй явсан. Миний хувьд хамгаалах бүс хэрэглэх талаар хэлээгүй ” гэх мэдүүлэг, 
гэрч М.Цэрэндэжидийн ” Шүрэнцэцэг бид хоёр “Их наран”-д байж байгаад гарах үед Сүхбат, Хүрэлсүх 2 орж байснаа бид хоёрыг хүргээд өгье гэсэн. ...00 цаг өнгөрч байхад Мөнххаан сумаас аймаг руу гарсан. Гарахаасаа өмнө сумын төвд машин дотроо 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг Хүрэлсүх, Шүрэнцэцэг бид 3 хувааж уусан. Тэгээд аймаг руу гараад унтчихсан байсан. Гэтэл машин өнхрөөд байх шиг байхаар нь сэрсэн чинь машин нь онхолдсон байсан. Шүрэнцэцэгийг урд суудлаас гаргаад гайгүй юу гэсэн чинь гайгүй гээд гадаа гарч ирээд хэвтсэн. Ээжээ гэдэс өвдөөд байна гээд бахираад байсан. Тэгж байгаад л чимээгүй болчихсон. Тухайн үед нас барчихлаа гэж бодсон...” гэх, 
гэрч Э.Хүрэлсүхийн “...Би машинтай явж байсан бөгөөд найз Сүхбатаар жолоодуулна гээд Сүхбат уугаагүй, би уусан юм. Сүхбат нь машин жолоодоод, түүний хажууд Шүрэнцэцэг, арын суудал дээр Цэрэндэжид бид 2 суугаад явсан, ...40 орчим км явсан байх гэнэт машин дайвалзаад замын зүүн гар тал руу онхолдсон, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн ойлгоогүй, машинаас бид 4 гараад талийгаач Шүрэнцэцэг нэг босч ирсэнээ эргээд газар хэвтээд өгсөн, тэгээд дээрээс нь дараагүй байхад битгий дээрээс дараад бай гээд байсан тэрээр амьсгаатай байж байгаад сүүлдээ амьсгалахгүй болчихсон. Миний эзэмшлийн 36-34 УНУ улсын дугаартай автомашинд хамгаалах бүс байгаа бөгөөд бүснүүдэд ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Осол болох үед Сүхбатаас бусад хүмүүс хамгаалах бүсийг зүүж хэрэглээгүй байсан. Хамгаалах бүс зүүж хэрэглэх талаар Сүхбат хэлээгүй юм. Би машинаа 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод оношилгоонд оруулж зөв талын урд өндгөн тулгуурыг сольж шинээр тавьсан, үүнээс хойш ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би буруу талын өндгөн тулгуурыг тухайн үед солих гэсэн боловч ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан учир солиогүй үүнээс хойш нүдээр үзэж хараагүй. Жолооны хүрд хөдөлгөх болон жолоодоод явах үед өндгөн тулгууруудад ямар нэгэн гэмтэл дуу чимээ мэдэгдэхгүй байсан. Гэмтэлтэй бол таг таг дуугардаг бөгөөд огт дуугарахгүй байсан. Би өөрөө 2014 оноос жолооддог болсон бөгөөд өндгөн тулгуур эвдэрсэн, гэмтсэнийг мэддэг юм...” гэх мэдүүлэг, 
 “ О.Сүхбат Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх Техникийн шинжээчийн 02 тоот дүгнэлт зэргээр нотлогджээ.

   О.Сүхбат “ тоормос дарсан боловч зогсоож чадаагүй “ гэж мэдүүлэх боловч энэ нь өөр бусад нотлох баримтаар хэрэгт тогтоогдоогүй хийгээд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 02 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 

О.Сүхбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч О.Сүхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
    
           Шүүгдэгч О.Сүхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу амь хохирогчийн оршуулгын зардалд 3.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Хүрэлсүх өөрт учирсан хөнгөн гэмтэл болон машинд учирсан 742.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэжээ. 

О.Сүхбатын гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 
            
Шүүгдэгч О.Сүхбат нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлж гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирлыг барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Шүүгдэгч Боржигон овгийн Очирхуягийн Сүхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч О.Сүхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан О.Сүхбатад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан О.Сүхбатад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан О.Сүхбатад хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

6. Ялтан О.Сүхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу амь хохирогчийн оршуулгын зардалд 3.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбат болон иргэний нэхэмжлэгч Э.Хүрэлсүх нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1082575 дугаартай ялтан О.Сүхбатын Жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Сүхбатад шүүхийн шатанд авсан Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд  ялтан, түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан О.Сүхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ     ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН