Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01224

 







 

   2021        06          17                                      181/ШШ2021/01224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Б-тай 2006 оны 06 сард анх танилцан дотносож, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Г төрсөн. Би Г.Баярбаатартай гэр бүл болохоосоо өмнө нэг хүүтэй байсан. Хүү маань одоо 16 настай. Г.Б нь гэр бүл болсноос хойш архи их уудаг байсан. Архи уусан үедээ олон удаа гэртээ, гэр бүлдээ агсан согтуу тавьж, биднийг тайван байлгадаггүй байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүүхдүүдээ аваад гэрээсээ явж, түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байна. Би хүүхдүүдээ аваад гэрээсээ явах болсон шалтгаан нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө Г.Бнь 3, 4 хоног дараалан архи ууж, агсам согтуу тавьсны улмаас би арга буюу хүүхдүүдээ болон өөрийгөө хамгаалахын тулд гэрээсээ явсан. Г.Б-ын хувьд ер нь байнга шахуу архи ууж, агсан согтуу тавьдаг байсан боловч, тухайн үед өмнөхөөсөө илүү согтолттой ирж, бид гурвыг байж суух аргагүй байдалд оруулсан.

Биднийг гэрээсээ явснаас хойш Г.Б манай ажил дээр ирж, намайг тайван ажил хийлгэхгүй, дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилж байсан. Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой Г.Б-тай уулзсан. Уулзах болсон шалтгаан нь Г.Б өдөржин над руу залгаад хоёулаа уулзаж ярилцъя гэхээр нь би Г.Б-ыг эрүүл ярьсан болохоор өөрийнхөө бурууг ойлгосон байх, учир зүйгээ ололцох байх гэж бодоод уулзсан. Гэтэл Г.Б өөрийнхөө бурууг ойлгосон шинжгүй, бид хоёр зөвшилцөлд хүрч чадаагүй, гудамжинд Г.Б-т хоолойгоо боолгоод сүүлдээ арга буюу түүнээс зугтаасан. Маргааш өглөө нь Г.Б намайг ажил дээрээ байж байтал хүрээд ирсэн. Би түүнээс айсандаа цагдаад дуудлага өгч, гомдол гаргасан. Одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар шалгагдаж байгаа.

Г.Б нь өмнөх шүүх хуралдаанд охин Б.Гийг өөрийн асрамжид авна гээд шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Иймд Г.Б бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Г-ийг миний асрамжид үлдээж, эцэг Г.Баярбаатараас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Б нь шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

С.Э, Г.Б нар нь 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж, 229 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Г төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Гэрлэгчид болох С.Э нь гэрлэлт цуцлуулах шалтгааныг хамт амьдрах хугацаанд нөхөр Г.Б архи ууж, агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас тусдаан амьдрах болсон, цаашид хүүхдүүдээ хүчирхийлэлгүй, амгалан тайван орчинд эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх гэж тайлбарлаж байна.

Гэрлэгчид болох С.Э, Г.Б нар нь  эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, Г.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Бнь охин Б.Гийг өөрийн асрамжид авахаар маргаж шүүхээс Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Гийн амьдарч буй орчин, эцэг эхийн халамж буюу хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, ахуйн нөхцөл бололцоо буюу хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, ёс суртахууны байдал буюу эцэг эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, аливаа муу зуршилтай эсэх, хүүхдийн болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн болон сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулж байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулахад шинжээчид охин Б.Гийг эхийн асрамжид үлдээх дүгнэлтийг гаргасан байна.

Шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааны явцад хариуцагч Г.Бнь охин Б.Ганцэцгийг эх С.Эийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болон хариуцагчийн архи уудаг, хүчирхийлэл үйлддэг байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Б.Гийг эх С.Эийн асрамжид үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

С.Э, Г.Бнар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас охин Б.Гийг эх С.Эийн асрамжид үлдээж байгаа тул эцэг Г.Баярбаатарт хүүхэддээ тэтгэлэг төлөх үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна. 

Иймд эцэг Г.Б-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Б.Гийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Б, С.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Гийг эх С.Эийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Гийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50%-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-аас нь тэтгэлэг гаргуулж эх С.Э-эд нь олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар С.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 107 230 төгрөгийг гаргуулж С.Ээд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Отгончимэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА