| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/ШШ2021/01266 |
| Дугаар | 181/ШШ2021/01266 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2021/01266
2021 06 22 181/ШШ2021/01266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Бат-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Жамбалдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нь 2008 онд Ч.Баттай танилцаж 2008-2016 оныг хүртэл хамт амьдарсан. 2010 оны 10 сард Ч.Бат нь манайд ирж хамт амьдарч байсан. Энэ хугацаанд 2014 онд бидний хүү Б.Х төрсөн. Ч.Бат хүүг минь 2 настай байхад яваад ирээгүй. Энэ хугацаанд тоотой хэдэн удаа л хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг өгсөн. Бусад зардал болон холбогдох хамааралтай зүйлийг миний бие 100 хувь хариуцаж ирсэн. Бид 2 ярилцаж тохиролцоод хүүхдийнхээ төлөө аль боломжоороо хичээе гэсэн боловч хэлсэн амандаа хүрэлгүй алга болдог. Нэг ч удаа хүүхдээ яаж байна гэж сүүлийн 2 жил асуугаагүй. Тэрнээс өмнө хааяа нэг хүүхдээ авч явдаг байсан. Авч явахдаа маш хариуцлагагүй авч явдаг байсан. Хүүхдийн насанд нь тохирохгүй тоглоом авч өгөх, хүүхдийг өлсгөдөг, хүүхдийг насанд хүрсэн хүнд хүлээлгэж өгөхгүйгээр нэг удаа гэрийн орцонд үлдээгээд явж байсан. Тиймээс би ахиад хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэж хэлсэн. Гэтэл энийг нь шалтаглаад хэрвээ намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй бол би тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэж хэлсэн. Хүүхэд маань 2 хүний дунд явж байгаад хохирч болзошгүй. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан бөгөөд хувийн харилцаа бусад шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс хүү Б.Х-д Ч.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Бат шүүх гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Бтай хамт амьдарч байсан нь үнэн бөгөөд хүү Б.Х нь бидний дундаас төрсөн хүүхэд болно. Ч.Бтай 4 жил гаран хамт амьдарч байсан. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг хангалттай өгч байсан. Миний бие хөдөө байдаг учраас хотод ирэхдээ хүүхэдтэйгээ уулздаг. Манай хүний том хүүхэд нь АНУ-д байдаг бөгөөд Ч.Б нь 10 жилийн визтэй. Ерөнхийдөө надад хэлэхдээ Америкийн нэгдсэн улс явчих болохоор Монгол улсад байхгүй хүүхдийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлнэ гэсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хувь хэмжээгээр төлнө гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ч.Батд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ч.Б, Ч.Бат нар нь 200%8 онд танилцан хамтран амьдарч тэндний дундаас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Х төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Бат нь хүү Б.Хг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Ч.Б, Ч.Бат нар нь хамтран амьдрах боломжгүй болсоны улмаас хүү Б.Х нь эх Ч.Бгийн асрамжид байна. Иймд эцэг Ч.Батас нь хүү Б.Хд тэтгэлэг гаргуулах үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, хүү Б.Хг тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Хг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Батас тэтгэлэг гаргуулж, эх Ч.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 685 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батас 37 685 /гучин долоон мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА