Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01385

 

 

 

 

 

 

 

   2021        07          21                                      181/ШШ2021/01385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Ш, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд Д.Д хамтран амьдраад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бидний дундаас Д.Н төрсөн. Улмаас 2015 оноос эхлэн бидний харилцаа муудаж тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарч эхэлснээс хойш хүү Д.Н өнөөдрийг хүртэл миний асрамжид амьдарч байгаа бөгөөд цаашид бид хамтран амьдрах боломжгүй байна. Д.Д хамт байхдаа сэтгэл гутралд орж, үзэл санаа нийлдэггүй, ийм байдал нь хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй.  Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.Н миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гтой 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр танилцаж, 2012 оны 09 дүгээр сараас хойш хамт амьдарч, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.Н төрсөн. Тус хугацаанд Г.Г бид хоёр тусдаа амьдардаг байсан. 2015 оны 07 дугаар сард Г.Г нь Турк улс руу явсан. Би элэгний циррозтой байсан учраас нэг жил маш хүнд байсан. Тухайн үед хүүг маань Г.Г өөрийн ээж болох н.Сарантуяад үлдээгээд явсан. Намайг өвчтэй орон дээр байхад хүүг маань авч гарсан. Намайг гайгүй болсны дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт танай хүүхэд ухаан орохгүй байна гэж хэлсэн. Манай ээж эмчийн мэргэжлээр маш олон жил ажилласан хариуцлагатай хүн байдаг. Би тухайн үед ээждээ хэлээд хүүгээ босгож авсан. Дээрх нөхцөл байдал нь бид хоёрыг хамт байх боломжгүй гэдгийг харуулсан.

Би өнгөрсөн оноос Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн аж ахуйн нэгжийн дарга хийж байгаад сая ажлаасаа гарах гээд өргөдлөө өгсөн. Би группийн мөнгө гэж 300,000 төгрөг авдаг. Г.Г өөрөө Монгол Улсад байж хүүхдээ хажуудаа авах юм бол хүүхдийн асрамжийг хүлээн зөвшөөрнө, мөн гадаад улс руу юм уу өөр газар явах үедээ аавд нь үлдээхийг хүсэж байна. Би хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохыг хүсэж байна. Одоогоор биеийн байдал тааруу байгаа болохоор хүүхдийн тэтгэлгийг өгөх боломжгүй байна. Гэхдээ би хувиараа юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ажил хийгээд хүүхдийнхээ тэтгэлгийг өгөх болно. Иймд шүүхээс тэтгэлгийн хэмжээг яаж тогтооно тэр хэмжээгээр нь чадах чинээгээрээ биелүүлэхийг хичээнэ. Гэрлэлтээ цуцлуулах, хүү Д.Нийг эх Г.Гын асрамжид үлдээхэд татгалзахгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Дид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Г.Г, Д.Д нар нь 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлж, 1110000103 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.Н төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Гэрлэгчид болох Г.Г, Д.Д нар нь зан харилцаа, хувийн таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаан амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Д нь хүү Д.Нийг эх Г.Гын асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Д.Нийг эх Г.Гын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

Г.Г, Д.Д нар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас хүү Б.Н эх Г.Гын асрамжид үлдээж байгаа тул эцэг Д.Дид нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна. 

Иймд эцэг Д.Доос нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү Б.Н-ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Г, Д. нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Нийг эх Г.Гын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Нийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Доос нь тэтгэлэг гаргуулж эх Г.Гт олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 108 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Отгончимэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА