Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Ю.Батсайхан нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 139201600054/Э/ индекстэй, эрүүгийн 201612000066 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

            Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, лам, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Эрэнхүүгийнхэн овгийн Юндэнгийн Батсайхан /РД ЗП92102517/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ю.Батсайхан нь шунахайн сэдэлтээр нууц далд аргаар, ашиг олох зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд байрлах “Дамбадаржаалин хийд”-ийн хашаанд байх хурлын гэрээс дун, бумба хулгайлж Б.Банзрагчид 280000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Малчдын 8 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Н.Бадам-Очироос “4341” ДУЗ улсын дугаартай “даюун” маркийн мотоциклийг мөнгийг нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор  өгнө гэж залилан мэхэлж авч 1550000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрт нь “приус 20” маркийн машин байхгүй байхад Х.Бат-Эрдэнэд “приус 20” маркийн машин байдаг, зарна гэж итгүүлж 1500000  төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

- Шүүгдэгч Ю.Батсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Дамбадаржаалин” хийдээс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хурлын гэрийн тооноор орж дун, бумба авсан. Г.Баясгалан, С.Мөнгөншагай нар хамт явж байсан, намайг “чи жижиг биетэйгээрээ тооноор нь ор” гэж хэлсэн юм. Тэр хоёр гэрийн зүүн урд хүн харж байсан. Би тооноор нь гэрт орж бумба, дунг аваад гадуур хувцсандаа нуугаад, тэр хоёрт өгсөн. Дараа нь гэрээс гараад сумын соёлын төвийн өмнө байсан тэдний машинд нь авсан зүйлээ тавьсан. Тэр хоёр намайг гэрт хүргэж өгөхөд нь “манайд хонох уу” гэж асуухад “үгүй ээ, бид 2 зочид буудалд хононо” гээд явцгаасан. Г.Баясгалан “энэ эртний хийд гэсэн, бурхан байвал ав” гэж хэлсэн ч би бурхан авч зүрхлээгүй. Н.Бадам-Очироос мотоцикль авсан. Г.Баясгалан “мөнгө олоод өгөөч, компаний бичиг баримт хөөцөлдөж байсан чинь мөнгө дутаад байна” гээд 2, 3 удаа утсаар ярихаар нь “мөнгө олдохгүй байна” гэхэд “аргалаад, зээлээд олоод өг” гэсэн.  Тэгэхээр нь мотоцикль лизингээр зардаг хүнээс мотоцикль авч дэлгүүрийн хүнд 1200000 төгрөгөөр зараад мөнгийг нь аваад Улаанбаатар хот орж С.Мөнгөншагайгийн гэрт бид хэд уулзаж Г.Баясгаланд өгсөн. Мөн С.Мөнгөншагай “машин зарах уу, манай ахын машин гэж хэлж зараад, надад мөнгө олоод өг” гэж хэлэхээр нь би С.Мөнгөншагайгийн  машиныг авч яваад Х.Чулуунбаатарын ахад үзүүлэхэд “авахгүй, эвдэрсэн байна” гэсэн. Би замдаа Г.Баясгалангийн утасруу залгаад “эвдрэл ихтэй байна, авахгүй гэж байна” гэж хэлэхэд тэгвэл өөр машин байгаа гээд миний утасны дугаарыг өгөөд надтай яриул гэж хэлсэн. Л.Сампилноров гэдэг найз нь тэр машиныг авна гэсэн” гэв.

 

- Хохирогч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэдалай сумын “Дамбадаржаалин” хийдэд очиход хийдийн манаач Ж.Нямбуу ах хийдийн хурлын гэрээс дун, бумба алдагдсан тухай надад хэлсэн юм... Дун нь цагаан өнгөтэй, дотор тал нь ягаандуу өнгөтэй, бумба нь шаргалдуу өнгөтэй, гуулин, өнгө өнгийн хоргой торгоор нөмрөгсөн... хуучин цагийн эд зүйлс байгаа юм... Ю.Батсайхан нь ямар нэгэн эд юмсыг захиран зарцуулах эрх байхгүй... Би алдсан дунгаа 200000 төгрөг, бумбаа 80000 төгрөгөөр үнэлж байна... Бумбаа буцаан авсан, дунгийнхаа хохирлыг төлүүлсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/

 

- Хохирогч Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр…Ю.Батсайхан “приус 20” маркийн саарал өнгийн машинтай ирээд өөрийн саарал өнгийн “приус 20” маркийн машин байгаа зарна, чи авах уу гэхээр нь би авъя гэсэн... үдээс хойш 15 цагийн үед 10-р хороололд найз Л.Сампилноровтой хамт очиж машиныг үзээд 2500000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Өөрийнх нь машиныг ах нь хөдөө унаад явсан байгаа орой ирэхээр нь үзээд аваарай, хүнрүү мөнгө шилжүүлэх гэсэн юм гэхээр нь 32-ын “Хаан” банк орж 1300000 төгрөгийг нь доллар болгоод, үлдсэн 200000 төгрөгийг бэлнээр Саппорогийн урд талын “Гурвалжин” захын хажууд Ю.Батсайханд өгөөд дүү Х.Чулуунбаатарын хамт нисэх буудалруу хүргэж өгсөн... Ямар нэг гэрээ бол хийгээгүй... Ю.Батсайхан надаас мөнгө авахдаа ганцаараа байсан... Би Ю.Батсайханаас 1270000 төгрөгөө гаргуулан авч хуулийн дагуу энэ асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64/

 

- Хохирогч Н.Бадам-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2015 оны 11 дүгээр сард Ю.Батсайхан намайг хотод явж байхад утсаар яриад надаас мотоцикль авмаар байна, мөнгийг нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор өгнө гэж хэлэхээр нь би суман дээр очиж байгаад болъё гэж хэлсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад манай сумын Юндэнгийн хүү Батсайхан нэг хүнтэй хамт ирээд улаан өнгийн “даюун” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг надаас 1550000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Урьдчилгаа гээд тэр хүнээс 180000 төгрөг авсан юм. Тэр залуу итгэл төрүүлж намайг хуурч мэхлэн залилсан. 2016 оны хавар ноолуур дээр өгнө гээд одоо болтол огт өгөхгүй хуураад зугтаагаад байгаа. Би гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна. Ю.Батсайханд мотоцикль өгөхөд хажууд Б.Гүррагчаа гэх лам залуу хамт байсан, өөр хүн байгаагүй. Би утсаар ярих гээд олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй дугаараа сольсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/

 

- Гэрч Ж.Нямбуугийн “...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 9 цагийн үед Эрдэнэдалай сумын “Дамбадаржаалин” хийдэд гал түлэх гээд хийдийн хурлын гэрт ороход... гэрийн баруун хойд талд ширээн дээр байсан бумба алга болсон байсан. Мөн баруун талын ширээн дээр байсан дун алга байхаар нь сумын хэсгийн цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/

 

- Гэрч Д.Занданхүүгийн “...2016 оны 2 дугаар сарын эхээр... би 40000 төгрөгөөр дунг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/

 

- Гэрч Л.Сампилноровын “...2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр… Ю.Батсайхан саарал өнгийн “приус 20” маркийн машиныг зарна гэж хэлсэн... Х.Бат-Эрдэнэ АТМ-ээс 1500000 төгрөг аваад банкруу ороод... 1300000 төгрөгийг доллар болгож, бэлнээр 200000 төгрөгийг Ю.Батсайханд өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/

 

- Гэрч Ю.Энхчимэгийн: “...Манай дүү Ю.Батсайхан хувьдаа ямар нэгэн машин огт байхгүй... би  машин унаж явж байгааг огт хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/

 

- Гэрч Х.Чулуунбаатарын “…Ю.Батсайхан манай ах Х.Бат-Эрдэнэтэй уулзаад миний цагаан өнгийн “приус 20” маркийн машиныг эгчийн нөхөр унаад явсан, одоо үзүүлэх боломжгүй байна... одоо надад 1500000 төгрөг хэрэгтэй байна, Энэтхэгрүү шүрний мөнгө явуулах гэсэн юм гэж хэлсэн... тэгээд Х.Бат-Эрдэнэ урьдчилгаа 1500000 төгрөг өгье гэж хэлсэн... Х.Бат-Эрдэнэ ах 1300000 төгрөг доллар болгож, 200000 төгрөгийг бэлнээр Ю.Батсайханд тоолж аваарай гээд өгсөн... Ю.Батсайхан цагаан өнгийн “приус 20” маркийн машин зарна гэж Х.Бат-Эрдэнэ ахаас 1500000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1- хх-ийн 71/

 

- Гэрч Д.Хатанбаатарын “…2016 оны 1 дүгээр сарын дундуур байх, би яг өдрийг нь санахгүй байна. Манай сумын Юндэнгийн хүү Батсайхан надтай дэлгүүр дээр таараад намайг мотоцикль авах уу мотоцикль зарах гэсэн юм... “даюун” маркийн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ мотоцикль гаалийн бичигтэй хамт зарна гэсэн... Би мотоциклийг 1200000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь дансаар шилжүүлж өгсөн. Худалдаж авсан мотоциклио би Эрдэнэдалай сумын иргэн Мандаа гэх хүнд 1600000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/

 

- Гэрч Б.Нармандахын “...2016 оны 1 дүгээр сарын 20-ны үед би Эрдэнэдалай сумын иргэн Д.Хатанбаатар гэх хүнээс 1650000 төгрөгөөр улаан өнгийн, хоёр яндантай Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/

 

- Гэрч Б.Гүррагчаагийн “...Ю.Батсайхан Н.Бадам-Очир ахтай ярилцаж байгаад хавар ноолуурын үед мөнгийг нь өгөхөөр болж улаан өнгийн хоёр яндантай “даюун” маркийн шинэ мотоцикль худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30/

 

- Гэрч Т.Мөнхбаярын “…2016 оны 1 сард өдрийг нь сайн санахгүй байна, Г.Баясгалантай уулзаад байж байтал Г.Баясгаланруу нэг залуу залгаад 1000000 төгрөг та надаас авсан гээд хэлээд өгөөч гэх зүйл ярьж байсан. Тэгсэн Г.Баясгалан өөдөөс нь онцын зүйл ярилгүй за за гээд утсаа тасалсан юм. Тэгээд би ярьж дууссаных нь дараа Г.Баясгалангаас юун хүн юм бэ гэж асуухад Г.Баясгалан хэлэхдээ нэг лам залуу байдаг юм, намайг өөрөөс нь 1000000 төгрөг авсан гэж хүнд хэлээд өгөөч асуудалд орчихлоо гээд байх юм гэж яриад өнгөрсөн, өөр ямар учиртайг нь би сайн мэдээгүй. Тухайн үед өөр хүн байгаагүй. Г.Баясгалан хэн нэгнээс мөнгө зээлсэн, авсан, мөнгөний хэрэгтэй байгаа гэсэн зүйл огт яриагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 172/

 

- Г.Баясгаланг гэрчээр байцаасан тэмдэглэлд “... 2016 оны 1 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна… Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очсон… Ю.Батсайхан хэлэхдээ “миний хэрэглэж байсан шашны эд зүйлс байгаа та үзэх үү” гэж хэлэхээр нь “би үзье” гэж зөвшөөрсөн юм… Ю.Батсайхан улаан өнгийн цүнхнээсээ дун, бумба, 2 зурмал бурхан гаргаж ирээд “ийм эд зүйлс зарагдах болов уу” гэж асуухад нь би “чи юу ч гэсэн хот ороод үзэхгүй юу даа, зарагдахад хэцүү л юм” гэж хэлсэн. Тэр залуу “би хот орно, та 2 энэ хэдийг аваад хот орж бай” гэсэн... Ямар асуудлаар шалгагдаад байгаа юм, хулгай хийсэн юм биш биз дээ” гэж хэлэхэд Ю.Батсайхан “үгүй, үгүй урьд шөнө манай хийдийн хажуу талын гэрт хулгай орсон байна түүнд гэрчийн мэдүүлэг өгсөн юм, ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн... С.Мөнгөншагайгаас “ах та надад машинаа түр өгөөч, би хамба, аав хоёрыг гандан хүргэж өгчихөөд ирье” гэхэд С.Мөнгөншагай “машинаа хүнд өгөхгүй” гэхэд Ю.Батсайхан “би хийддээ хоёрт ордог том лам шүү дээ…” гэж ярьж байсан. Би С.Мөнгөншагайд “гайгүй байлгүй дээ, гандан хүргээд ирэхэд нэг их удахгүй байлгүй, өгвөл өгчихгүй юу” гэж хэлсэн... С.Мөнгөншагай надруу залгаад “нөгөө лам залуу чинь машин авч яваад буцаж ирсэнгүй” гэж ярьсан… Ю.Батсайхан дунгаа 40000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173-175/

 

- Гэрч Д.Алтанцэцэгийн “...Би үзмэрч хийдэг юм, Ю.Батсайхан надад өөрийгөө үзүүлж байсан, тэгэхдээ би их өрөнд орсон мөнгөний хэрэг байна, ямар арга чарга байна, би сумынхаа төвийн хийдэд лам хийдэг ганц хоёр хэрэглэдэггүй бурхны эд зүйл, мал зарж болох уу, авдаг хүн байна уу гэх зэргээр ярьж, асууж үзүүлж байсан... манай хүү Г.Баясгалан би Дундговь аймагруу адуу малын үнэ судлуулахаар явж байна, Дундговь аймагт таньдаг хүн байна уу гэж асуухад нь би Ю.Батсайханы утасны дугаарыг өгөөд энэ хүүхэд адуу мал зарж магадгүй, миний хүү очиж уулз гэж хэлээд явуулсан, бусдаар бол Г.Баясгалан, Ю.Батсайхан нар бие биенээ танихгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 176/

 

- Гэрч О.Анхбаярын “... 2016 оны 6 сарын үед танилцаад хэсэг нөхөрлөсөн юм. Нэг өдөр Ю.Батсайхан надаас миний найз чи надад тус болооч, би цагдаа дээр асуудалтай байгаа юм, чи цагдаад ажилладаг юм чинь байцаагчид намайг танайд байгаа гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь би найз нөхөд юм болохоор зөвшөөрөөд байцаагчид нь Ю.Батсайханыг манайд хамт байгаа, дуудах юм бол надаас асуугаарай гэж хэлсэн юм. Тэгсэн Ю.Батсайхан хэсэг хугацаанд алга болоод хаана байгаа нь мэдэгдэхээ больсон, тэгж миний ажлын болон өөрийн нэр хүндийг унагасан. Түүнээс хойш нөхөрлөхөө больсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 177/

- Гэрч Б.Шинэбаярын “...2016 оны 1 дүгээр  сарын 21-ний өдөр Эрдэнэдалай сумын “Дамбадаржаалин” хийдэд хулгай орсон юм... Ю.Батсайхан нь хийдээс дун, бумба хулгайлсан гэдэг нь тодорхой болсон. Хулгайлсан эд зүйлс нь хаана байгаа талаар асуухад тухайн өдөр сумын төвд явж байсан саарал өнгийн “приус 20” маркийн машинтай залуучуудад өгч хот явуулсан гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 181/

 

- С.Мөнгөншагайг гэрчээр байцаасан тэмдэглэлд “…Ю.Батсайхан хөдөөнөөс ирсэн аав, хамба лам нараа хүргэж өгөх ажил байна, унаагаа түр өгөөд явуулаач гээд гуйгаад байсан мөн Г.Баясгалан ч өгөөд явуулчихгүй юу гэж хэлэхээр нь лам хүн гайгүй байх гэж бодоод тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан юм... Ю.Батсайхан лам дээлтэй гарч ирээд улаан өнгийн цүнхнээсээ дун, бумба 2 гаргаж ирэхээр нь өөрийнх нь эд зүйл байна гэж бид 2 итгэсэн юм... Ю.Батсайхан хэн нэгнээс миний “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж мөнгө залилан мэхэлж авсан талаар мэдэх зүйл надад байхгүй. Хүнд зарна гэж л ярьж явсан юм шиг байна лээ... Эрдэнэдалай сумын цагдаа хийдэд хулгай орсон л гэж байсан, яг юу юу алдагдсан талаар хэлээгүй. Ю.Батсайхан ч өмнө нь хийдэд хулгай орсон гэж байна, цагдаа нар надаас гэрчийн мэдүүлэг авах юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 178/

 

- Гэрч М.Өнөржаргалын “...Ю.Батсайхан хүн муутай, хударгагүй, бүх зүйлээ нуудаг, энд тэнд очиж янз бүрийн зүйл худлаа ярьж явдаг, хүнээс худлаа мөнгө төгрөг авах сонирхол ихтэй, хувиа бодсон зантай, үг дуу цөөнтэй, хамт амьдарч байх хугацаанд үр хүүхдээ боддоггүй, эцэг эхээ ч хайхардаггүй хүн байгаа юм. Архи уух их сонирхолтой, тамхи татдаггүй, хааяа хулгай хийх гээд байдаг зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179/

 

- Гэрч Б.Даваадоржийн “…Би Ю.Батсайханы ярьсан болгоныг байцаалтад оруулж бичсэн, Ю.Батсайхан өөрийгөө хэн нэгэнд дарамтлуулсан талаар огт яриагүй, би байцаахдаа Г.Баясгалан таныг ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байна уу гэж асуулт тавьж асуусан тэгэхэд тийм зүйл байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182/

- Эд зүйл түр хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бумбаны гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 8-9-р хуудас/

 

- Шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт ¹54 /1-р хх-ийн 36-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 125/

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 27-р хуудас/

 

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Үнэлгээний комиссын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мотоцикль 1550000 төгрөг, хөөрөг 10000000 төгрөг, дун 200000 төгрөг, бумба 80000 төгрөг” гэх үнэлгээ /2-р хх-ийн 41-42/

 

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 184/

 

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4/38 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 185/

 

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /2-р хх-ийн188/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн   дүгнэлтийн талаар:

 

Дээрх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэх бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ю.Батсайхан нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд байрлах “Дамбадаржаалин хийд”-ийн хашаанд байх хурлын гэрээс дун, бумба хулгайлж Б.Банзрагчид 280000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Малчдын 8 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Н.Бадам-Очироос “4341” ДУЗ улсын дугаартай “даюун” маркийн мотоциклийг мөнгийг нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор  өгнө гэж залилан мэхэлж авч 1550000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрт нь “приус 20” маркийн машин байхгүй байхад иргэн Х.Бат-Эрдэнэд “приус 20” маркийн машин байдаг, зарна гэж итгүүлж 1500000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Ю.Батсайхан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Н.Бадам-Очир, Б.Банзрагч нар “…хохирлоо нөхөн төлүүлсэн, одоо гомдол саналгүй..” /2-р хх-ийн 70, 130, 193, 194/, хохирогч Н.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд “...Би Ю.Батсайханаас 1270000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 64/ гэх мэдүүлэг өгсөн боловч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “миний бие Ю. Батсайханаас хохирлын мөнгө болох 1270000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болно. Иймд Ю.Батсайханд ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэсэн хүсэлт хэрэгт тус тус авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор 5 /тав/ тооны үхэр битүүмжилж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Д.Юндэнд хариуцуулан шийдвэрлэсэн байх боловч шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй  болгох нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломж олгох нь зүйтэй гэж шүүх үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ю.Батсайхан нь нийт 14 хоног цагдан хоригдсон болно.   

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299, 301, 303 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрэнхүүгийнхэн овгийн Юндэнгийн Батсайханыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ю.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих  ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Батсайханд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ю.Батсайхан энэ хэргийн улмаас 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  134 дүгээр  зүйлийн  134.10 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ тооны мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Батсайханд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

   8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Ю.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОДОНЧИМЭГ