Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2017/0032

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын

зарим хэсгээс татгалзсаныг, нэхэмжлэгч,

хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч С.Э нарыг оролцуулан Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* холбогдох  “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “ Ц.Э-г ажлаас халах тухай “ 2 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал 1.772.330 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: “Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга С.Э-д холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Э-г ажлаас халах тухай” 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал 1772330 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч С.Э нар  дараах нөхцлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч талын үүрэг:

1. Алдаа дутагдлаа илэрхийлж, ажилд томилуулах хүсэлтээ хариуцагчид гаргаж өгнө.

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын зардал болох 303000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.

3. Ажилгүй байсан буюу 2017 оны 05 дугаар сарын цалингийн зөрүү 583813 төгрөг, Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, замын зардал 60000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.

Хариуцагч талын хүлээх үүрэг:

1. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Э-г ажлаас халах тухай” 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгоно.

2. Дээрх захирамж, тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд  томилно.

3. Нэхэмжлэгч Ц.Э-д 2017 оны 6 дугаар сарын цалингийн зөрүү 392983 төгрөг, 7 дугаар сарын цалингийн зөрүү 462334 төгрөг, томилолтын зардал 203000 төгрөг нийт 1058317 төгрөг/ нэг сая тавин найман мянга гурван зуун арван долоон төгрөг/

4. Ц.Э-г ажилд эгүүлэн томилсонтой холбоотойгоор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг холбогдох байгууллагаар хийлгэнэ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Э анх “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг “Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Э-г ажлаас халах тухай” 2 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал 1.772.330 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодруулж, нэмэгдүүлсэн байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Э-г ажлаас халах тухай” 2 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал 1.772.330 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагуудаар нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч С.Э нар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахаар тохиролцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахааргүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Ц.Э “Ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын цалин 583.813 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, замын зардал 60.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган, илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.1, 68.4 дэх хэсгийг тус тус баримтлан Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э-д холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баацагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн“Ц.Э-г ажлаас халах тухай” 2 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал 1.772.330 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий  захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Э-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын цалингийн зөрүү 583.813 төгрөг, томилолтын зардал 203.000, ирж очих унааны зардал 60.000 төгрөгийг гаргуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Ц.Э-д буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүүзахирамжийн гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ОЮУНСАЙХАН