Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

2020           7              30                                           2020/ДШМ/955                                  

 

     Ц.М, Б.Х, М.Н,

Б.Х, Ж.О нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

хохирогч А.У, түүний өмгөөлөгч А.Туул,

яллагдагч Ж.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1189 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Ж.Огийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.М, Б.Х, М.Н, Б.Х, Ж.О нарт холбогдох эрүүгийн 1908016780775 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. П овгийн Ц-ын М, , 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

          2. Б овгийн М-ийн Н, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт, /РД:

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялыг 4 сарын баривчлах ял болгон өөрчилж, 2014 оны  3 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн;

         

          3. Н овгийн Б-ийн Х, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт  ял шийтгэлгүй, /РД:

           

          4. Н овгийн Б-ийн Х, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ял шийтгэлгүй, /РД:

 

          5. Б овгийн Ж-ийн О, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, /

          Ц.М нь М.Н, Ж.О нартай бүлэглэн иргэн А.Од “мах нийлүүлнэ” гэж урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс Ж.Огийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 5003993124 дугаартай данснаас 100.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс Ж.Огийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 5003993124 дугаартай данснаас 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 200.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан,

          Ц.М нь М. Н, Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Э.Уийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 18 тоот 3 өрөө байрыг худалдан авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 87.551.666 төгрөгийн хохирол учруулсан,

          Ц.М нь М.Н, Б.Х нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар иргэн С.Мын эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 41 тоот байрны өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 211.323.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          Ц.М нь ганцаараа 2016 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр “Шар хөтлийн даваа” гэх газраас В.Доржготовын эзэмшлийн 17 тооны үхэр, 4 тооны хайнаг, Д.Лгийн эзэмшлийн 1 тооны үхэр, Д. Жавхлангийн 20 тооны үхрийг тус тус худалдан авахаар хуурч төөрөгдөлд оруулж, залилан бусдад 31.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ц.М нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 3 дугаар баг “Бумбат” гэх газарт иргэн Б.Намсрайдоржийн 170.5 кг, Х.Бийн 436 кг, Б.Оы 273 кг, Б.Эийн 170.6 кг ноолуурыг худалдан авна гэж хуурч 52.505.000 төгрөгийн үнэ бүхий ноолуурыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

          Ц.М нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “мөнгийг нь дараа өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч иргэн С.Аээс 9 тооны үхэр, 101 тооны ямаа, 50 литр айргийг худалдан авч 12.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ц.М нь 2019 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт “мөнгийг нь дараа өгнө” гэж иргэн С.Эгаас 7051 кг хонь, ямааны мах авч 34.318.000 төгрөгийн, ямааны арьс 402 ширхэгийг авч 10.050.400 төгрөгийн, нийт 44.368.400 төгрөгийн хохирол учруулсан,

          Ц.М нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч Т.Бтай түүний эзэмшлийн 66-06 УНМ улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийг 65 сая төгрөгөөр худалдаж авахаар зээлийн гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Т.Бын эзэмшлийн 66-06 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 65.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          М.Н нь Ц.М, Ж.О нартай бүлэглэн иргэн А.Од “мах нийлүүлнэ” гэж урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс Ж.Огийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 5003993124 дугаартай данснаас 100.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс Ж.Огийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 200.000.000 төгрөг залилж их хэмжээний хохирол учруулсан,

          Ц.М нь М. Н, Б.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Э.Уийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 18 тоот 3 өрөө байрыг худалдан авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 87.551.666 төгрөгийн хохирол учруулсан,

          М.Н нь Ц.М, Б.Х нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар иргэн С.Мын эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 41 тоот өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 211.323.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          М.Н нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Энхзаяагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 49-92 УНЦ улсын дугаартай автомашиныг түрээсэлнэ гэж хуурч, залилан 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          М.Н нь 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Ж. ээс олон тооны мал авч “Мах маркет”, “Мах импекс” ХХК-д нийлүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 202.018.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

          М.Н нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Н-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж “охиныхоо эмчилгээнд хэрэглэх гэсэн юм, мөнгө зээлээч” гэж хуурч 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “Хаан” банкны 5540649792 дугаарын дансаар нийт 32.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд худалдаа эрхлэгч Ц.М-т “мах бэлтгэн нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5099110933 дугаарын харилцах данснаас 595.000 төгрөгийг өөрийн охин Б.Хгийн мөн банкны 5540649792 дугаарын харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

          М.Н нь иргэн Д.М-оос “Хас банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа, байраа барьцаанаас чөлөөлөх хэрэгтэй байна” гэж хуурч 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүр доторх “Хаан банк”-ны АТМ-ээр 40.000.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээр 12.000.000 төгрөгийг өөрийн төрсөн охин Б.Хгийн нэр дээрх “Хаан” банкны 5540649792 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан нийт 52.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          М.Н нь Бүгд Найрамдах Солонгос улс руу ажилтан гаргана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 5-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 6-42 тоотод оршин суух иргэн О.Э-ээс 7.900.000 төгрөгийг, иргэн Б.Мягмараас 1.300.000 төгрөгийг, нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

          Б.Х нь М.Н, Ц.М нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Э.Уийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 18 тоот 3 өрөө байрыг худалдан авна гэж зээлийн барьцааны 33 сая төгрөгийг чөлөөлж, Лексус-470 машиныг оролцуулан Э.Уийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 18 тоот 3 өрөө байрыг худалдан авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 87.551.666 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Б.Х нь М.Н, Ц.М нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар иргэн С.Мын эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 41 тоот өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 211.323.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

          Ж.О нь Ц.М, М.Н нартай бүлэглэн иргэн А.Од “мах нийлүүлнэ” гэж урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс өөрийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 5003993124 дугаартай данснаас 100.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс өөрийн “Хаан” банкны 5033065497 дугаарын данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 200.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

           

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.М, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Б.Х, Б.Х, Ж.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Мд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж, ялласан талаар мэдэгдэж, түүнээс байцаалт огт аваагүйгээс гадна, маргааш өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрхийн нэгэн адил М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан боловч маргааш өдөр нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, мөн үүнээс хойш 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлэг авсан байна. Уг мэдүүлэгт ял хүндрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллаж байгаа талаар огт дурдаагүй, мөн тухайн өдөртөө яллагдагч М.Нгээс өөр агуулга бүхий мэдүүлгийг дахин авсан нь ойлгомжгүй, мөн яллагдагч Ж.О, Б.Х нарт тус бүрт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргасан хэрнээ хэнээс нь ч байцаалт авалгүй орхигдуулсан байх бөгөөд маргааш өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ц.М, яллагдагч М.Н, Б.Х, Ж.О нар нь ямар хэрэгт, хуулийн ямар зүйл, хэсгээр яллагдаж байгаагаа мэдэх, прокурорын шийдвэрт гомдол гаргах эсэх, энэ эрхийг эдлүүлсэн гэхэд учир дутагдалтай байна. Түүнчлэн хэргийн үйл баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, хохирлын тооцоог зөв гаргасан гэхэд эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Яллагдагч Ж.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... надад Ж.Оыг залилж мэхэлсэн үйлдэл байхгүй. Прокурор энэ хэргийг тал бүрээс бүрэн гүйцэт шалгаагүй. Хохирогчийг тогтоох ажиллагааг хууль бусаар гүйцэтгэсэн. Надад үндэслэлгүй ял халдаасан, хохирлын тооцоог зөв тогтоогоогүй тул миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Мөн нэмж шалгуулах, нотлох баримт гаргуулах, хууль зөрчсөн ажиллагааг зөвтгүүлэх хүсэлтээ бичгээр шүүхэд гаргасан. Шүүх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд шийдвэрийг амаар танилцуулахдаа миний нэмэлтээр шалгалт хийлгэх хүсэлтийг хангалаа гэсэн боловч бичгээр гаргасан захирамжийнхаа захирамжлах хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ тусгаж, зааж тогтоогоогүй орхисон учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дахин хянаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би байраа авмаар байна.” гэв.

 

Хохирогч Э.Уийн өмгөөлөгч А.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг гэмт хэргээс болж хохирогч Э.У нь 2019 оноос хойш эд хөрөнгөө алдаад хохироод явж байна. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 18 тоот 3 өрөө байраа алдсан. Яллагдагчаас давж заалдах гомдол гаргаад байгаа нь хохирогч нарт хохиролтой байна. Хэргийг удаашруулах нөхцөл байдал гаргаж байгаа тул хохирогч Э.Ут холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ж.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжид “яллагдагч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч огт байцаагаагүй, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна” гэсэн байдаг. Гэтэл прокуророос Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2019 оны 7 дугаар сард яллагдагчаар татаж Нийслэлийн мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр шалгуулсан байгаа. Шүүгчийн захирамжид дурдсан 9 дүгээр хавтас хэргийн 183 дугаар хуудсанд авагдсан яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан болохоос биш яллагдагчийн үйлдлийг хүндрүүлж яллагдагчаар татаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрчлөлт орсон. Хүндрүүлсэн тохиолдолд яллагдагчаас дахин мэдүүлэг авна. Хүндрүүлээгүй тохиолдолд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулна гэсэн байдаг. Иймд прокуророос яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан болохоо танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч Ж.О, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөн адил өмнө нь яллагдагчаар татчихсан байсан. Прокуророос зөвхөн мөнгөн дүн дээр өөрчлөлт орсон байдлаар, мөн үйлдсэн арга, хэлбэрт өөрчлөлт орсон гэх байдлаар яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүнийг анхан шатны шүүх захирамжиндаа яллагдагчаар байцаагаагүй, эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй гэсэн байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Яллагдагч М.Нг өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан байсан. Дараа нь прокуророос яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж дахин байцаалт авах гэсэн боловч тухайн үед Ц.М, М.Н нар Өвөрхангай аймаг явсан гээд ирээгүй. Энэ нь процессийн алдаа болсон нь үнэн. Өмнө нь яллагдагч нарт эрх, үүргийг нь танилцуулаад, тодорхой гаргасан гомдол, хүсэлтүүдийг нь тухай бүрт нь авч шийдвэрлэж байсан. Иймд яллагдагч нарын эрхийг нь хангаагүй, эдлүүлээгүй гэсэн нь учир дутагдалтай байна. Нэг хэрэг дээр 7 хохирогч ноолуураа залилуулсан байгаа. Энэ хэрэг дээр нэг л ноолуурын үнэлгээ гаргасан байгаа. Гэтэл тус тусдаа ноолуур өгсөн байхад тус тусад нь ноолуурын үнэлгээг гаргасангүй гэснийг ойлгохгүй байна. Мөн захирамжинд “хэргийг буцааж байгаатай холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, тайлбарыг прокурор, мөрдөгч нар анхаарч шийдвэрлэвэл зохино” гэсэн байгаа. Уг хэргийг шалгах хугацаанд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг хангалттай авч тухай бүрд нь шийдвэрлэж байсан. Иймд дээрх үндэслэл мөн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг бүхэлд нь хянаагүй. Яллагдагч Ж.Огын хувьд анх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт яллагдагч Ж.О нь өөрийгөө хохирогч гэсэн байдлаар гомдол гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ж.О нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч Ж.О болох нь тогтоогдсон байгаа. Иймд Ж.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Ц.М, Б.Х, М.Н, Б.Х, Ж.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн шүүгдэгч Ж.Огийн гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Учир нь, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 473 дугаартай тогтоолоор Ц.Мг М.Нтэй бүлэглэн А.Оыг залилж 97,000,000 төгрөгийн, Э.Уийг залилж 87,551,666 төгрөгийн, дангаараа В.Доржготов, Д.Жавхлан, Д.Л нарыг залилж 31,800,000 төгрөгийн, Б.Намсрайдорж, Х.Б, Б.О, Б.Э нарыг залилж 41,100,000 төгрөгийн, С.Аийг залилж 12,890,000 төгрөгийн, Т.Быг залилж 65,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан 6  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, тухайн хэрэгт холбогдуулан яллагдагч Ц.Мгаас мэдүүлэг авчээ. 

 

          Улмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 188 дугаартай тогтоолоор яллагдагч Ц.Мг М.Н, Ж.О нартай бүлэглэн А.Оыг залилж 200,000,000 төгрөгийн, М.Н, Б.Х нартай бүлэглэн Э.Уийг залилж 87,551,666 төгрөгийн, М.Н, Б.Х нартай бүлэглэн С.Мыг залилж 211,323,000 төгрөгийн, дангаараа Т.Быг залилж 65,300,000 төгрөгийн, В.Доржготов, Д.Жавхлан, Д.Л нарыг залилж 31,800,000 төгрөгийн, С.Аийг залилж 12,890,000 төгрөгийн, Б.Намсрайдорж, Х.Б, Б.О, Б.Э нарыг залилж 52,515,000 төгрөгийн, С.Эг залилж 44,368,400 төгрөгийн буюу нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 705,748,066 төгрөгийн хохирол учруулсан гэж зүйлчлэл өөрчлөлгүйгээр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан боловч өөрчлөгдсөн буюу нэмэгдсэн үйлдлүүд дээр яллагдагчаас мэдүүлэг авалгүйгээр, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авах ёстой, бусад тохиолдолд мэдүүлэг авах шаардлагагүй, яллагдагч Ц.Мгийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулахдаа зүйлчлэл өөрчлөөгүй учир мэдүүлэг аваагүй гэх прокурорын тайлбар үндэслэлтэй хэдий ч яллагдагч Ц.Мд шинээр нэмж 2 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, зарим үйлдлийн хохирлын дүн нэмэгдэж өөрчлөгдсөн тул тухайн нэмж ял сонсгосон үйлдэлтэй нь холбогдуулан мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

 

            Түүнчлэн тус дүүргийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор яллагдагч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан боловч 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлэг авсан, мэдүүлгийг яллагдагчаар татсан тогтоолд заасан үндэслэлээр аваагүй зэрэг ойлгомжгүй нөхцөл байдлууд байна.

 

          Мөн тус дүүргийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 186, 187 дугаартай тогтоолоор яллагдагч Б.Х, Ж.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан боловч тэдгээрээс яллагдагчаар татсан тогтоолд заасан үндэслэлээр мэдүүлэг аваагүй орхигдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

         

          Иймээс яллагдагч Ц.М, М.Н, Б.Х, Ж.О нар нь ямар үйлдлүүдэд /хэрэгт/ ямар зүйл, хэсгээр яллагдаж байгаагаа мэдэх, прокурорын шийдвэрт гомдол гаргах эсэх зэрэг яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

          Яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж буйтай холбогдуулан яллагдагч Ж.Огаас шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үед гаргасан мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлт болон  хэргийг тал бүрээс нь гүйцэт шалгаагүй, хохирогчийг тогтоох ажиллагааг хууль бус явуулсан,хохирлын тооцоог зөв тогтоогоогүй гэх давж заалдах гомдлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1189 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ж.Огийн бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ