Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00037

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02170 дугаар магадлалтай,

Д.О-ыннэхэмжлэлтэй

МОХНН УБТЗд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О-оос хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБТЗ нийгэмлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 23,869,724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,812 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35,487 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02170 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.О-ыг МОХНН УБТЗын Чойр өртөөний даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн найруулж,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 29,730,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг МОХНН УБТЗд даалгасугай гэсэн заалт нэмж,

2 дахь заалтыг 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 241,812 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 376,804 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсгийн 5-д ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтны гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон байх ёстой. 5.1. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон байх ба уг заалтад ажлаас хоцорсон нийт хугацааг тодорхой тоо хэмжээнд хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заагаагүй... гэж дүгнэсэн байна.

Энэ гэрээний заалтыг шүүх яаж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийллээс өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсэн заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг шууд зөрчсөн байна.

Учир нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцсэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Эын 2022.11.02-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэсэн МОХНН УБТЗын даргын 2022.11.11-ний өдрийн Б-2-176 дугаартай тушаалын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, өмнөх оны дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар шууд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Д.О энэхүү дүгнэлтийн тайлангийн нэгтгэлийн /1-хх-170 тал/ хоёр хүснэгт ... дарга Д.О хоцролт 44 удаа, нийлбэр цаг нь 12 цаг 20 минут, 2022.01.01-ээс 2022.9.01-ний хооронд тасалсан хоног 24, 2022.08.01-2022.09.01-ний хооронд хоцролт 65 минут, тасалсан хоног нь 7 буюу нийлбэр дүнгээр 31 хоног ажил тасалж, 44 өдөр ажлаас хоцорсон болно. Мөн 2022.2.17-ны өдрөөс 09.01-ний өдрийн хооронд 31 хоног ажил тасалсан, 44 удаа ажлаас хоцорсон байгааг давж заалдах шатны шүүх ямар баримтаар үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй байна.

Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Магадлалаас үзвэл хянавал хэсгийн 5.1-ийн 3 дахь хэсэгт ... 2022.08.01-ний өдрөөс 09.21-ний өдрийг хүртэл хугацаанд 7 хоног ажил тасалсан гэж тусгасан боловч чухам аль өдөр ажилтан ажил тасалсан болох нь тодорхойгүй байна гэжээ. Энэ дүгнэлтээс үзвэл өмнөх 2022.01.01-ээс 2022.08.01-ний хооронд тасалсан 24 хоногийн тухайд ажил тасалсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй байж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ. 

4.2. Магадлалын хянавал хэсгийн 5.1-ийн 3 дахь хэсэгт Мөн МОХНН УБТЗын даргын 2022.09.30-ны өдрийн Б/1/474 дугаар тушаалаар Чойр өртөөний дарга Д.О-ыг сургалтанд явах хугацаанд үүрэгт ажлыг шуурхай ажил хариуцсан орлогч дарга Ч.Гд 2022.09.27-ны өдрөөс 2022.11.02-ны өдөр хүртэлх хугацаанд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /2-хх-26 талд/ гэсэн байна.

Энэ баримтаар нэхэмжлэгч Д.О нь Замын даргын тушаал гараагүй байхад ажил хаяж явсан байх бөгөөд энэ нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.1-д Өртөөний хэсэглэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, байгууллагын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих, нийт ажиллагсдаас ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж ажиллахыг шаардана., 1.2-т Хэсэглэлийн хэмжээнд төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж гологдол, осол, дутагдалгүй ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана., 1.10-т Харьяа өртөө, зөрлөгийн ажилд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, мөрдөх эрх зүйн актыг зөрчиж, биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар дагуу хариуцлага хүлээхээр зохицуулсан байна.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, 5.3.3-т ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасныг Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1, 14.3.3-т хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын шийтгэлд ногдуулах үндэслэл болж байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Өөрөөр хэлбэл төмөр замын гол шугамын Улаанбаатараас Сайншанд хүртэлх хэсэглэлд хяналтгүй төмөр замын хэсэг байж болно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг ойлгохгүй байна. Төмөр замын тээврийн амин сүнс болох галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байнгын хяналттай байх үүргээ биелүүлэхгүй байгаа ажилтныг үргэлжлүүлэн ажилла гэж шүүгч үзсэн нь зорчин явагчдын амь нас, Монгол Улсын экспортын тээвэр шүүхэд хамаагүй гэж үзэхээр байна.

4.3. Мөн магадлалын 5.1-ийн 4 дэх хэсэгт Эйбл клоуд цаг ашиглалтын системд Д.О-ыг 2022.09.12, 14, 16-ны өдөр тасалсан гэж бүртгэсэн боловч хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж авсан 2022.09.15-ны өдрийн цахилгаан мэдээнд Д.О-ыг ажлаас чөлөөлж 2022.09.16-ны өдрийн 11.00 цагт Ганзам палас-т болох үйлчлүүлэгчдийн зөвлөгөөнд дүрэмт хувцастай бэлэн байхыг үүрэг болгосон, Цомог, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн галт тэрэгний хөдөлгөөний дэвтэр, зам сумын үзлэгийн дэвтэр, үүрэг даалгаврын тэмдэглэл зэргээр эдгээр өртөөнд Д.О нь 2022.09.13, 14-ний өдрүүдэд ажилласан байна. гэжээ. Энэ дүгнэлтээс үзвэл 2022.08.01-ээс 2022.09.01-ний хооронд тасалсан хоног нь 7 байгааг 4 хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн заалтад хамаарах талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

УБТЗ ХНН-т Эйбл цаг бүртгэлийн системээр ажлын цагийг бүртгэх бөгөөд 2018 оноос бүрэн нэвтэрсэн. Суурин компьютер, гар утас зэрэг энгийн ямар ч цахим төхөөрөмж очсон өртөө, зөрлөг салбарт байгаа цахим төхөөрөмжид ажлын үнэмлэхээ уншуулах бүрэн боломжтой бөгөөд албан томилолтоор явсан бол томилолтын хуудсын очсон өртөө, зөрлөгийн дарга, хүний нөөцийн ажилтны гарын үсгээр томилолтын хуудсыг хаалган санхүүд өгдөг дүрэм журам нэгэнт хэвшсэн заавал хийх энгийн үйлдэл болохыг шүүх анхаарсангүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж үйл баримтыг тодорхой дүгнэсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь хэсэгт удирдах газрын бүтцэд хамаарах алба, бие даасан хэлтэс, төвийн ажилтны чөлөөг Замын дарга олгохоор заасны дагуу Чойр өртөөний даргын албыг эрхэлж байсан Д.О дээд удирдлагадаа мэдэгдэлгүй, ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн тушаал гараагүй, ажлаа хүлээлцэж өгсөн, авсан тэмдэглэл баримт байхгүй байхад Төмөр замын үйл ажиллагааг тасралтгүй саадгүй явуулан хяналт тавих үүргийг хэрэгжүүлж ханган ажиллах ажлыг дур мэдэн орлогч даргадаа амаар хэлж үлдээгээд орхиж явсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх ямар хаана байгаа нотлох баримтаар үгүйсгэн няцаасан талаар огт дурдаагүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 

4.4. Мөн магадлалын хянавал хэсгийн 5.2-т ...Чойр өртөөнд 2022.09.30-ны өдөр ачаа хадгалалтын хөлс 616,840,000 төгрөг, цахим программ ашигласны төлбөр 2,838,000 төгрөг, удаан хугацаагаар хадгалагдсан ачаа хадгалалтын 554,061,000 төгрөгийн авлагууд, хувь хүний орлогын албан татвар 930,000 төгрөгийг суутгах, 168,000 төгрөгийн үнэтэй карбин бууг олж тогтоох, үндэслэлгүй хураасан 16,200,000 төгрөгийг буцаан олгохыг тус тус даалгасан актууд гаргасан байна. Эдгээр актуудад Д.О нь хэзээ ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байгууллын дотоод журмыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй гэсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг судлан үзээгүй байх бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, 1.10, хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.3, байгууллагын дотоод журмын 14.3.1, 14.3.3 дахь заалтуудыг анхаараагүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Т-63/03/126 дугаартай 2022.09.30-ны байцаагчийн актад тодорхой заасан бөгөөд УБТЗ-ын даргын 2022.03.23-ны өдрийн А-233 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, түүний биелэлтийг хангах үүргээ биелүүлээгүй байгаа нотлох баримтыг огт анхаараагүй байна.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-д Түүнчлэн өртөөний дарга, ажилчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй талаар зохигчид маргасан бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн баримтаар ажлаа таслаагүй гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан зарчимтай нийцнэ.

Д.О нь ажлын байраа дур мэдэн орхин галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагааг тасралтгүй саадгүй явуулах хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан иргэдийн амь нас хохирч, ачаа бараа тээвэрлэлтийн осол гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар бодит нөхцөл байдлыг харгалзан нотлох баримтыг үнэлээгүй байна гэж үзэхээр байна.

4.6. Магадлалын Хянавал хэсгийн 5.3-т Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлан, үүний дагуу хийгдсэн 2022.11.02-ны өдрийн хурлын тэмдэглэлд Д.О-ыгхөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, өмнөх оны дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан талаар заасан байх боловч эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-5.3.16-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна. гэжээ.

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцсэн шуурхай хурлын тэмдэглэлд тус албаны дарга А.Энхбаярын Тавигдсан актуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн биз дээ? гэсэн асуултад Д.О тус хуралд биечлэн оролцохдоо Зөвшөөрч байгаа. гэж хариулсан бөгөөд тухайн зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрсөн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1-хх-22/

4.7. Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д зааснаар ажлын нийт 31 хоногийг тасалсан, 5.3.3-д заасан ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн ноцтой зөрчилд хамаарч байгаа нь үйл баримт, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Улаанбаатар төмөр замын даргын 2022.11.11-ний өдрийн Б-2-176 дугаартай тушаалын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй зөрчил нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдоно. Үүнд:

1. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлангийн нэгтгэлийн 11-р хуудасны хоёр дахь хүснэгт /1-хх-170/, ...дарга Д.О хоцролт 44 удаа нийлбэр цаг нь 12 цаг 20 минут, 2022.1.1-ээс 2022.09.01-ний хооронд тасалсан хоног 24, 2022.08.01-ээс 2022.9.01-ний хооронд хоцролт 65 минут, тасалсан хоног нь 7 буюу нийлбэр дүнгээр 31 хоног ажил тасалж, 44 өдөр ажлаас хоцорсон болно. Д.Онь 2022.2.17-ны өдрөөс 09.01-ний өдрийн хооронд 31 хоног ажил тасалснаар,

2. Ажилтнуудад тавих хяналтыг сулруулсан, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлангийн 3.5, 3.6 /1-хх-170/, 3.7, 3.8 /1-хх-171/, 3.11 /1-хх-173, 174/, 3.12 /1-хх-175/, 3.17.2, 3.17.3 /1-хх-181/, 3.17.5, 3.17.6 /1-хх-182,183/-д тус тус заасан зөрчлүүдээр, дүгнэлт хэсэг /1-хх-183, 184/ мөн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Энхбаярын 2022.11.02-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийн 8 дугаар нүүрэнд Д.О-ын тавигдсан актуудын Зөвшөөрч байна. гэсэн тайлбар /1-хх-22/, мөн тус тэмдэглэлийн 8 дугаар нүүрэнд Д.О-ын Явахдаа боловсон хүчинд хэлсэн харин та бүхэнд хэлээгүй нь миний буруу байна гэсэн тайлбар,

3. Өмнөх оны дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй зөрчил нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.09.30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлангийн дүгнэлт. 

Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд ажилтан тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан УБТЗ-ын даргын Б/2/176 дугаар тушаал нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны 210/МА2023/02170 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00195 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч Д.О хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Тушаалд дурдсан зөрчил дутагдлыг гаргаагүй, ажил таслаагүй, удирдлагын чиг үүргээр хангаж ажилласан. Төлбөр барагдуулсан. Хүний нөөцийн алба, орлогч даргад мэдэгдэж сургуульдаа явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон. 

8. Хариуцагч ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байранд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй, өөрийн болон ажилчдын цаг ашиглалтанд хяналт тавиагүй, ажлаа тасалсан. Замын даргын зөвшөөрөлгүй ажлаа орхиж явсан. Тээвэрлэлтийн төлбөрийг төлөөгүй компаниуд хуульд зааснаар төлбөрөө төлсний дараа ачаа тээвэрлэлт хийх ёстой байтал өмнөх төлбөрийг төлж барагдуулаагүй байхад тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт ... зохигч хууль, дүрэм, журамд заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй, ажил тасалсан, төлбөрөө төлөөгүй компаниудын төлбөрийг төлүүлэхгүйгээр ачилт, тээвэрлэлт хийлгэсэн зөрчил гаргасан эсэх талаар маргасан. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.9, 5 дугаар зүйлийн 5.6, 7 дугаар зүйлийн 7.2,1, 7.2.10, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.17 дахь хэсэгт зааснаар ажилтан тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байх тул ажлаас халах шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал үндэслэл бүхий болжээ... гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлалд ... хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй, мөн ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэдэг нь эргэлзээгүй нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан МОХНН УБТЗын Чойр өртөөний даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцнэ... гэж дүгнэсэн байна. 

11. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон боловч ажилтны гаргасан гэх сахилгын зөрчлүүдийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийг өөрөөр хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил таслах, ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн ажил олгогчийн тушаалыг хууль ёсны гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй, ажилтан ноцтой зөрчил гаргаагүй тул хариуцлага тооцсон эрхийн акт хууль бус гэж дүгнэжээ. Ийнхүү ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагаас гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй болж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан нь хяналтын журмаар хэргийг хэлэлцэх үндэслэл болсон. 

12. Хариуцагч УБТЗ ХНН нь Төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.О-ыг 2022.11.11-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэл болгожээ.

13. Зохигч хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан эсэх талаар маргасны дотор ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ажлаа тасалсан эсэх зөрчил хамаарч байна. Хэрэгт УБТЗ ХНН-ийн Чойр өртөөний даргын ажлын байрны тодорхойлолт авагдсан байх ба өртөө, хэрэгслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн зорилтын хүрээнд төмөр замын тээврийн чанарын болон тоон үзүүлэлтийг биелүүлэх, зардал бууруулан орлого нэмэгдүүлэх, ашигтай ажиллуулах талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллах үүргийг өртөөний дарга хүлээсэн байна. Хариуцагч нэхэмжлэгчийг өр авлага барагдуулаагүй, төлбөрөө төлөөгүй хуулийн этгээдэд тээвэрлэлт хийх эрхийг өгч хууль дүрэм зөрчсөн, аудитын дүгнэлтэд дурдсан ажлуудыг хийгээгүй нь ажлаас халах үндэслэл болсон гэж мэтгэлцсэн.

14. Анхан шатны шүүх тус зөрчлийг 2022.04.28-ны өдрийн 1 дугаартай Шуурхай хурлын тэмдэглэл, Чойр өртөөнд дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлан, 2022.07.11-ний өдрийн тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх эрх бүхий этгээдээс Чойр өртөөний үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон 930,000 төгрөгөөс 1,333,310,000 төгрөгийн 6 акт хэрэгт авагдсан боловч эдгээр актуудад дурдсан зөрчилд нэхэмжлэгч буруугүй тул энэ зөрчлийг гаргаагүй гэж үзжээ. 

Давж заалдах шатны дээрх сахилгын зөрчлийн талаар дүгнэхдээ нэхэмжлэгч Д.О актад заасан зөрчилд гэм буруутай эсэх тухайд бус, харин эдгээр актын мөрөөр арга хэмжээ авах, актын биелэлтийг хангах үүргээ биелүүлсэн эсэхэд анхаарах шаардлагатай байжээ. Нэхэмжлэгч Д.О-ыг өртөөний даргаар ажиллаж байх хугацаанд улсын байцаагчийн тогтоосон актын биелэлт төдийгүй түүнээс өмнөх хугацааны актын биелэлтийг ч хангах үүрэг нэгэн адил өртөөний даргын ажил үүрэгт хамаарах учиртай. Энэ агуулгаар өртөөний үйл ажиллагаатай холбогдуулан улсын байцаагчаас тогтоосон актын биелэлтийг хангах талаар холбогдох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. 

15. Нэхэмжлэгч дээрх зөрчлийг холбогдох хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил бус гэж үзэн маргасан байх ба анхан шатны шүүх тус зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 5.3.3-т заасан зөрчил гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн гэрээний 5.3.3-т Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас нийгэмлэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ. Анхан шатны шүүхийн тус дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь УБТЗ ХНН-т актад дурдсан дүнгээр эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний удирдлагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын үйл ажиллагаанд зохих хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад этгээд уг хохирлыг байгууллагад учруулах нөхцлийг бүрдүүлжээ. Нэхэмжлэгчийн зөрчлийн шинж байдал ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу холбогдох журмын дагуу илрүүлсэн зөрчлийн үр дагаврыг шуурхай арилгах арга хэмжээ авч ажиллаагүй алдаа гаргасан хэр хэмжээнд Д.О-ын сахилгын зөрчил тодорхойлогдох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил хөдөлмөрийн гэрээний 5.3.3-т заасан ноцтой зөрчлийн бүрэлдэхүүн бий болгохгүй, харин нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, чиг үүрэгтээ хайнга хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь улсын байцаагчийн акт, шалгалтын тайлан, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.

16. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг захиргааны ажилтнуудын цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулсан, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж буруутгасан байна. Анхан шатны шүүх Чойр өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлангийн 3.6-д дурдсанаар энэ зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн байх ба 3.6-д ...дээрх цаг бүртгэлээс харахад Чойр өртөөний захиргааны ажилтнуудын цаг ашиглалт хангалтгүй, ... ажлын цагаа дутуу бүртгэсэн байсан нь ... Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.7-д ... заасныг хэрэгжүүлээгүй гэжээ. Харин давж заалдах шатны шүүх ...дотоод аудитын албаны 2022.09.30-ны өдрийн тайлан, түүний дагуу хийгдсэн хурлын тэмдэглэлд ... ажилтнуудад тавих хяналтыг сулруулж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, ... ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан талаар заасан байх боловч эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1- 5.3.16-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх эдгээр зөрчил нь тогтоогдсон эсэх талаар тухайлан дүгнээгүй, улмаар ноцтой зөрчил биш гэж үзжээ.

Нэхэмжлэгч Д.О нь ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллах, цаг ашиглалтад хяналт тавих, өртөөний үйл ажиллагааг бүх талаар үр ашигтай байлгахыг чармайж ажиллах ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлэх тухайд хайнга хандсан дээрх зөрчил нь 2022.09.30-ны өдрийн тайланд тодорхой тусгагдаж, улмаар уг тайлангийн мөрөөр 2022.11.02-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан буруутай гэж үзэх үндэстэй. Энэ тухайд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

17. Зохигч 2022.09.26-ны өдрөөс ОХУ-д суралцахаар явахдаа чөлөө хүсэх, ажил үүргийг түр орлох этгээдэд хүлээлцэх талаар байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь түүнийг ажил тасалсан зөрчилд буруутгах үндэстэй эсэх талаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн дотоод журмын 10.4.6-д удирдах газрын бүтцэд хамаарах алба, бие даасан хэлтэс, төвийн ажилтны чөлөөг Замын дарга олгохоор заасныг зөрчсөн байдал тогтоогдсон, гэм буруутай гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн сургалтад явах хугацаанд түүний үүрэгт ажлыг шуурхай ажил хариуцсан орлогч дарга Ч.Гд 2022.09.27-2022.11.02-ны өдөр хүртэл хугацаанд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэж дүгнэжээ. Тухайн байгууллага ийм шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг ажил тасалсан, эсхүл таслаагүй гэх аль үр дагаврыг үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх тодорхой дүгнээгүй хэдий ч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул уг зөрчлийг үгүйсгэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх уг үйл баримтыг дүгнэхдээ Чойр өртөөний даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэх тухай тушаалыг Д.О-ыг сургалтад явснаас хойш буюу 2022.09.30-ны өдөр гаргасан нөхцөл байдлыг анхаараагүй байна. Аль нэг албан тушаалтан ажил үүргээсээ түр чөлөө авах шаардлагатай тохиолдолд уг асуудлыг ажлаа орхиж явах өдрөөс өмнө шийдүүлж, чөлөө авах нь илэрхий ойлголт бөгөөд урьдчилан гаргасан эрхийн актын үндсэн дээр, тухайн актад заасан өдрөөс ажлаас түр чөлөөлөгдөх эрх үүснэ. Иймд байгууллагын даргын ажлыг түр орлон гүйцэтгэх этгээдийг хожим буюу нэхэмжлэгчийг ОХУ явснаас хойш 4 хоногийн дараа нөхөн тодорхойлж, эрхийн акт гаргасан нь түүний ажил тасалсан сахилгын зөрчлийг зөвтгөх нөхцөл байдалд тооцогдохгүй. 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзлээ.

18. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон байх ба энэ нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн зөрчлийг давтан гаргасан гэх аль аль нөхцөл байдлыг хамааруулан зохицуулсан заалт юм. Хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажил тасалсан ноцтой зөрчлийг, эсхүл ажилтныг давтан зөрчил гаргасан тухайд үгчлэн дурдаагүй хэдий ч төмөр замын тээврийн ажлын онцлог, дэг журам, сахилга батын хатуу шаардлага, үйл ажиллагааны хэвийн байдал нь нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх онцлогтой болохыг харгалзан үзэх учиртай.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр болон УБТЗ ХНН-ийн дотоод аудитын албаны 2022.09.30-ны өдрийн төлөвлөгөөт шалгалтын тайлан, эдгээр тайлангийн мөрөөр хийгдсэн шуурхай хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан улсын байцаагчийн акт болон нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаалд дурдсан зөрчлүүдийг үгүйсгэсэн нотлох баримтыг бүрдүүлээгүй байдалд үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн зарим хэсгийг залруулан, шийдлийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02170 дугаартай магадлалыг хүчингүй болгон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч МОХНН УБТЗаас 2024.01.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,603.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                                        Д.ЦОЛМОН