Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 


 2024           04             25                                              2024/ШЦТ/140

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х Х.Сд холбогдох эрүүгийн 2434000000119 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1991 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Х Х.С

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 896.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Х.С:

...Би Ази фармд эм зүйч мэргэжлээр ажилладаг. 2023 оны 12 сарын 30-ны өдөр ажлын байранд тухайн үйлчлэгч хаяад явсан. Би сүүлд анзаараад хэрэглэсэн тохиолдол гарсан. Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ картыг манай Ази фарм дээр гээсэн гэж хохирогчийг ирэх үед нь би гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрч хохирлыг тухайн үед нь барагдуулж гомдолгүй гэх үгийг авсан. Энэ хэргийг үйлдээд 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд би ажиллаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөж гэртээ байсан. Энэ хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж өөрийгөө буруутгаж сэтгэлийн хямралтай, стресстэй байсан. Бодлогогүй, ухаангүй тэнэг үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Энэ хэргийн талаар гэр бүлийнхэндээ хэлээгүй. Яагаад гэвэл эцэг эхийгээ  надаас болоод хямраахгүй, манай ээж аастамтай учраас миний үйлдлийг мэдээд өвчин нь сэдэрчих байх гэх айдсаасаа болоод хэлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний анхны болон сүүлийн ухаангүй тэнэг үйлдэл байх болно гэж та бүхэнд амлаж байна. Надад нэг боломж өгнө үү... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000119 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Сн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 21 дүгээр байрны гадаа байсан иргэн Ц.Э эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 896.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

эд зүйл /баримт бичиг/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТЦ-24-35 дугаартай ...Шинжилгээний объектын 2024 оны 03 сарын зах зээлийн үнэлгээ нийт 896.000 /найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 33-41 дүгээр хуудас/,

хохирогч Ц.Э...Би 2023 оны 10 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюуг маркийн мотоциклийг унаж байгаад байрныхаа үүдэнд байрлуулсан тэрнээс хойш манай байрны үүдэнд байгаад байсан 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хот руу яваад орой 18 цагийн үед ирээд байрны үүдэнд байсан мотоциклоо харалгүй шууд гэртээ орсон өглөө босоод цонхоор харсан чинь алга болсон байсан тэгээд тухайн орчмоор хайж үзэж байгаад олдохгүй болохоор нь цаглаагийн байгууллагад мэдэгдэж байна. Улаан өнгөтэй, арын амаржин нь хоёр өөр буюу 1 амаржин нь улаан өнгөтэй, суудлаа солиод мяндсан утсаар даруулсан, урд хөтлөгч нь гагнууртай аккумлятор нь байхгүй байгаа. Би 2020 онд Улаанбаатар хот Нарантуул худалдааны төвийн хажууд байрлах мотоцикл зардаг дэлгүүрээс 2.800.000 мянган төгрөгөөр авч байсан. Тэрнээс хойш унаж хэрэглэж байгаа. Зүгээр байсан би унаж байгаад өвөл болсон учраас тэнд үлдээсэн байсан. Тийм зүйл байхгүй ээ. Үгүй ээ. Тийм зүйл байхгүй байна. Үнэлгээ хийлгэнэ ээ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй ээ... /хх-ийн 18 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Би өөрийн алдагдсан мотоциклийг Х.С гэх хүнээс бүрэн бүтэн хүлээн авсан учраас надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна аа. Би учирсан хохирол байхгүй ээ. Тухайн иргэн эзэнгүй мотоцикл гэж бодоод аваад явсан байсан учраас миний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй болно... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Х.Сгийн ...Би Төв аймгийн Алтанбулаг суманд мал маллаж амьдардаг. 2017 оноос хойш бөөрний дутагдал гэсэн оноштой группд байдаг юм аа. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй ээ. Тухайн өдөр амралтын өдөр байсан тэгээд би гэртээ хүүхдүүдээ хараад байж байгаад эхнэр М.Дуламхандыг дуудаад машинтай ирэхээр нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Дивизийн байранд очсон тэгээд тухайн байрны хамгийн наад талд байсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг авсан тухайн мотоциклийг аваад гэртээ авч ирээд гэрийнхээ хажууд үлдээсэн тэрнээс хойш гэрээсээ гараагүй ээ. Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний эмчилгээнд орж байхад надтай хамт тухайн эмчилгээ хийлгэж байсан Батбаатар гэх хүн манай байрны үүдэнд улаан өнгийн мотоцикль зөндөө удаж байгаа эзэнгүй юм шиг байна лээ чамд хэрэгтэй бол асаагаад унахгүй юу гэсэн юм ярьсан тэгээд би тухайн мотоциклийг эзэнгүй байна гэж бодоод авсан. Үгүй ээ. Би асууж тодруулаагүй ээ шууд аваад явсан. Тухайн мотоциклийн талаар манай эхнэр мэдээгүй ээ. Би эхнэрт надтай хамт эмчилгээ хийлгэдэг Батбаатар ах намайг мотоцикль ирж ав гэсэн юмаа гэж хэлсэн тэрнээс өөр зүйл мэдэхгүй байсан. Тухайн мотоцикль Зуунмод сумын 6 дугаар баг 11-27 тоотод манай хашаан дотор гэрийн хажууд байгаа. Би хар ногоон өнгийн дээл, шар өнгийн бүс, хүрэн өнгийн түрүүтэй гутал, алаг малгайтай байсан. Би зун малд явахдаа унах зорилгоор авч явсан. Би тухайн мотоциклийг эзэнгүй байх гэж бодоод авч явсан гаргасан үйлдэлдээ харамсаж байна дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ээ. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч М.Д...Би тухайн өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын “Монгол ноос” ажил дээрээ очиж өөрийнхөө хувийн юмыг оёох гээд очсон тэгээд 17 цагийн үед над руу залгасан тэр үед нь би яг гэр лүү харьж байсан тэгээд гэртээ орсон чинь манай нөхөр надад надтай хамт бөөрний эмчилгээнд ордог Батбаатар гэх ах намайг ирээд мотоцикл ав гэж хэлсэн хоёулаа явъя намайг хүргээд өг гэсэн тэгээд би өөрийн цагаан өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгслээ унаад нөхөр Сг Дивизийн байранд аваачиж өгсөн тэгээд манай нөхөр буугаад байрны гадаа байсан улаан өнгийн мотоциклийг өргөх гээд чадахгүй байхаар нь би бөөр нуруу нь өвдчихөж магадгүй гэж бодоод очоод тусалсан тэгээд нөгөө мотоциклийг түрж, чирч байгаад гэртээ авчираад гэрийн баруун талд орхисон. Би тэр талаар мэдэхгүй байна аа. Манай нөхөр хэлэхдээ Батбаатар ах аа гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь би Батбаатар ахынх байх гэж бодсон. Тухайн мотоцикль улаан өнгөтэй, хойд урд талын хоёр дугуй нь хоёулаа хийх байхгүй, дивизийн байрны хамгийн наад талын байрны хойд талын орцны үүдэнд байсан. Манай нөхөр дулааны улиралд хөдөө Алтанбулаг сум руу мал руу явдаг тухайн үед машин аваад явчихаад хүүхдээ зөөхөд хэцүү байдаг юм аа тийм учраас манай нөхөр тухайн мотоциклийг Батбаатар ах ав гэхээр нь авчихсан гэсэн... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч О.Б...Би 2019 оны 08 дугаар сараас бөөрний дутагдал гэх оноштой эмнэлгийн хяналтад эмчилгээнд орж эхэлсэн тэгээд тухайн эмчилгээнд орж байхдаа Х.С гэх хүнтэй танилцсан тэгээд 2023 оны 12 дугаар сараас хойш эмчилгээнд хамт орж байгаа би өмнө нь үдээс хойш эмчилгээнд ороод С өглөө ордог байсан тэгээд хуваарь өөрчлөгдөөд 5 дахь өдөр болгон хамт өглөө эмчилгээнд ордог болсон. Би Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн байрны 21 дүгээр байрны хамгийн хойд талын буюу 1 дүгээр орц 14 тоотод оршин суудаг. Тийм ээ тухайн мотоцикл 2023 оны 09 дүгээр сараас хойш байгаад байгаа би шаардлагатай үед гадуур гардаг бусад үед гэртээ байдаг хөл гар өвдөөд байдаг учраас нээх гардаггүй юм аа. Тэгээд тухайн мотоцикл нэлээд удаан хугацаанд орцны үүдэнд байгаад байсан. Би тухайн мотоциклийн эзнийг нь мэдэхгүй ээ. Миний мэдэхээр хүн тухайн мотоциклийг унаж явж байгаа нь харагдахгүй. Тухайн байрандаа л орцны үүдэнд байгаад байдаг. Бид хоёр 2024 оны 02 дугаар сарын сүүлээр эмнэлэг дээр эмчилгээнд Х.Стай хамт орж байсан чинь ах танай байрны үүдэнд нэг мотоцикл харагдаж байдаг тухайн мотоцикл ямар учиртай талаар надаас асуухад би "Ах нь мэдэхгүй байна аа хэний мотоцикл ямар учиртай талаар мэдэхгүй байна аа энэ намар, өвөлжин байгаа эвдэрхий байхаа, эзэнгүй байхаа зөндөө удаж байгаа гэж хэлсэн" тэгээд С наад мотоциклийг чинь аваад явчихвал өөрийнхөө сэлбээд хурга, ишгинд явахад хэрэг болох байх гэж ярьж байсан тэгээд би эзэнгүй бол авдаг юм уу яадаг юм байгаан ах нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд хэд хоногийн дараа эмчилгээнд орох гээд гарах үед тухайн мотоцикл байхгүй байсан. Тэгээд би Сгаас орцны үүдэнд байсан мотоцикл байхгүй болсон байна гэж асуухад би хашаандаа аваад ирсэн гэж хэлсэн би авч явсан талаар нь мэдээгүй. Надад авч явлаа гэж хэлээгүй, над руу яриагүй болохоор би авсныг нь мэдээгүй байж байгаад утсаар яриад мэдсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй ээ... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

яллагдагч Х.Сгийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа би дээр сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 50 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Х.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Х.Сг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...шүүгдэгч Х.С нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 21 дүгээр байрны гадаа байсан иргэн Ц.Э эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

...Шүүгдэгч Х.С нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Ц.Э нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан... гэсэн санал,

 

Шүүгдэгч Х.С:

...Гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Х.С маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.С нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Х.С гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Х.С нь иргэн Ц.Э мотоциклийг зөвшөөрөлгүй авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш 896.000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч Х.Сг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн Ц.Э учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Х.Сгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Ц.Э эд хөрөнгөд 896.000 /найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.С гэмт хэрэг үйлдэж 896.000 /найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн мотоциклыг биет байдлаар нь буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан түүний хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Х.Сг бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Х.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Сн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

... Мөн шүүгдэгч Х.С нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохиролцсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Х.С:

...Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Сд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу, тодорхой газар очихыг буюу Төв аймгаас бусад хот болон аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Зуунмод сум доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Сд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2434000000119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

        шийдвэрлэх тухай хуулийн  17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                             хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Х.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х Х.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Х.Сг эрх бүхий байгууллагын хяналтад, мөн Төв аймгаас бусад хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Х Х.Сд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн 2434000000119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН