Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 


  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С Б.Сд холбогдох эрүүгийн 2434000000098 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1985 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, С Б.С.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Снь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.С:

...Б.О бид хоёр гэр бүлийн найзууд. Машины зээл төлөх гээд надаас мөнгө зээлж байсан. Турк явах гээд очиж чадаагүй. Тэгсэн Б.О нь нөхөртэйгөө манайд архи барьж ирсэн. Намайг унтаж байхад Б.О намайг босоод ирээ пиво ууя гээд байхаар нь нойроо харамлаад түлхсэн. Цагдаа ирж намайг үлээлгэхэд согтолтын хэмжээ 0.8% гарсан. Б.О нь 10 литрийн савтай халуун ус аваад цацахад манай нөхрийн ташаа нь түлэгдсэн. Өөрөө халуун ус авч шидэхдээ гараа түлсэн. Тэрэндээ эмзэглээд надад гомдсон байх гэж бодож байна... гэж мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000098 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Сгийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн 5-105 тоотод хамт архи уусан иргэн Б.Отэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр рүү гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний түвшинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай ...Б.Обиед зүүн хөмсөгний түвшинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мэс заслын анхдагч цэгцлэлт хийгдэж оёдол тавигдсан тул ямар хүчин зүйлийн улмаас үүссэнийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь ГССҮТ-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн компьютерт томографын шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

хохирогч Б.О...Би Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багт амьдардаг гэр бүлийн найз Сарангуа, болон нөхөр Төмөрбар нарын гэрт өөрийн нөхөр Энхболдын хамт 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед очоод хамт 1 шил Виски, 1 шил архи хувааж уугаад Төмөрбар, Сарангуа нарын гэр хоноод 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө сэрээд тухайн үед би нэлээн согтуу байсан тэгсэн чинь Сарангуа намайг нөхөр Төмөрбартайгаа хардаад уурласан тэгээд Сарангуа бид хоёрын дунд бага зэргийн маргаан болсон чинь Сарангуа миний нүүр лүү нэлээн хэдэн удаа цохиж байгаад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн чинь миний зүүн хөмсөгний дээд талд сэтэрч цус гарсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд гарт таарсан юм болох гутал 10 литрийн бидон дотор халуун ус байсан бөгөөд би өөрийнхөө зүүн гарын сарвуу, зүүн гарын тохой хэсгийг түлсэн. Тухайн асуудал 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06 цагийн үед Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг Төмөрбарын монгол дотор гэрт болсон би хаягийг нь сайн мэдэхгүй. Тухайн үед надтай хамт манай нөхөр Энхболд, манай найз Төмөрбар, Сарангуа түүний хоёр хүүхэд хамт байсан. би Сарангуатай өөрийгөө хамгаалах гэж барьцалдаж аваад гутал авч шидсэн Төмөрбарын биед халдаж цохисон зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ миний зүүн нүдний хөмсгөнд 16 оёдол тавьсан зүүн гарын сарвуу, зүүн гарын тохой хэсэг түлэгдэж хиймэл шүд хугарч уруул дотор талдаа язарсан шархтай байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү... /хх-ийн 5 дугаар хуудас/

  түүний дахин өгсөн ...Би Сарангуад 400.000 төгрөгийн өртэй байсан болохоор тухайн өрөө эмчилгээний мөнгөнд шилжүүлээд суутгасан надад гомдол санал байхгүй би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй надад Сарангуагаас нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч У.Энхболдын ...Би 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Оийн хамт найз Төмөрбар, Сарангуа нарын гэрт уригдаж очоод 2 шид архи хувааж уугаад Төмөрбарын гэрт хоносон тэгсэн чинь өглөөгүүр Сарангуа манай эхнэр Оийг нөхөр Төмөрбартайгаа хардаад хэрүүл маргаан болоод байсан би тухайн үед унтаж байгаад сэрээд салгах гэсэн чинь Сарангуа манай эхнэр Оийг цохиж унагаад хөлөөрөө өшиглөж байсан тэгсэн чинь Төмөрбар салгаж байсан. Тэгээд би босож ирээд харсан чинь Оийн хөмсөг сэтрээд цус гарч байсан О уйлаад Сарангуа руу гутал авч шидээд 10 литрийн бидон аваад шидсэн чинь дотор талд нь халуун ус байсан О гараа түлсэн. Манай эхнэр О бид хоёр тухайн үед нь гэр бүлийн найзууд юм чинь ирээд уучлалт гуйх байх гэж бодож байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй тул манай эхнэр О өргөдөл гаргаж өгсөн. Төмөрбар харсан. Тухайн асуудал 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг Төмөрбарын монгол дотор гэрт болсон. Тухайн үед Төмөрбарын гэрт манай эхнэр О, манай найз Төмөрбар, Сарангуа, түүний хоёр хүүхэд хамт байсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Б.Т...Би Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг 5-105 тоотод эхнэр Сарангуа, хүү Өлзийбуян, охин Аззаяа нарын хамт амьдардаг. 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт манай гэр бүлийн найзууд болох О, түүний нөхөр Энхболд нар ирж бид нар 1 шил архи, 2 том лаазтай пиво хувааж уугаад сууж байсан хоносон. 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн өглөө 06 цагийн үед манай эхнэр Сарангуа, надтай хамт унтах гээд хэвтэж байсан чинь О Сарангуаг босоод ир гээд архи ууя гээд чимхээд босгоод ирсэн тэгсэн чинь манай эхнэр Сарангуа Оийг чи яагаад намайг чимхэж байгаа юм бэ? гээд хөлөөрөө тийрээд газарт унагасан тэгээд манай эхнэр Сарангуа, Оийн хамт пиво уугаад сууж байсан тэгээд хоорондоо маргалдаж байснаа гэнэт үсдэлцсэн тэгээд Энхболд бид хоёр босоод салгасан чинь Оийн хөмсөг сэтэрчихсэн цус гарч байсан.О, Сарангуа хоёр хоорондоо үсдэлцээд зодолдож байсан. Энхболд, бид хоёр очоод салгасан чинь О манай пийшин дээр байсан 10 литрийн бидонтой усыг аваад шидээд өөрийнхөө гарыг түлхсэн. Тухайн үед Оийн хөмсөгнөөс цус гарч байсан би Сарангуаг Оийн хөмсөг рүү юугаар цохиж гэмтсэнийг хараагүй. Тухайн үед манай гэрт эхнэр Сарангуа, хүү Т.Өлзийбуян, охин Т.Аззаяа манай найз О, түүний нөхөр Энхболд нар хамт байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Т.М...Би Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд эх баригч эмчээр ажилладаг. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би жижүүрийн эмчээр гарч байсан өглөө 07 цагийн үед О гэх хүнээс хүнд зодуулаад хөмсгөө гэмтээсэн гэж мэдэгдсэн би жолооч Батбаатарын хамт Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг 5-105 тоотод очсон чинь Оээс гадна 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан 2 хүүхэд орон дээр унтаж байсан. Оийн зүүн нүдний хөмсөг 8 см орчим сэтэрсэн байсан би дотор талд нь 4 оёдол гадна талын арьсан дээр нь 8 оёдол нийт 12 оёдол тавьсан. О намайг гэрт ороход гэрийн эзэгтэй болох Сарангуа гэдэг эмэгтэйг чи миний нүүр лүү өшиглөж гэмтээсэн гээд хэрэлдэж байсан харин Сарангуа нь чи өөрөө агсам тавиад байсан биздээ гэх зэргээр хоорондоо маргалдаж байсан тэгээд би та нар боль гээд эмчилгээ хийж эхэлсэн... /хх-ийн 13 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Т.Ө...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06 цагийн үед О эгчийн толгойноос цус гарчихсан орилж чарлаад байсан тэгээд О эгч манай аав Төмөрбар луу ус цацаад нэг хэсэг чимээгүй болчихсон тэгээд би унтаад өгсөн надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад мэдэх зүйл байхгүй... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Сгийн ...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт манай найз О, түүний нөхөр Энхболд нар ирээд ууж идээд манай гэрт хоносон тэгээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг өглөө 06 цагийн үед манай найз О нэлээн согтсон байсан намайг унтах гээд хэвтэж байхад О хөөш босоод ир хоёулаа архи ууя гээд чимхсэн тэгэхээр нь би чи яагаад намайг чимхээд байгаа юм бэ? гээд уурлаад босож ирээд Отэй хамт пиво уугаад сууж байсан чинь О агсам тавиад байсан тэгээд бид хоёр хоорондоо үсдэлцээд зодолдож байсан чинь манай нөхөр Төмөрбар, Оийн нөхөр Энхболд нар бид хоёрыг салгасан тухайн үед О миний дээрээс дараад хэвтэж байсан нэг харсан чинь Оийн хөмсөгнөөс цус гараад над дээр дусалж байсан тэгээд би эмч дуудаж ирээд Оийн хөмсгийг оёулсан О надтай зодолдож байхдаа манай пийшин дээр байсан 10 литрийн бидонтой усыг аваад над руу шидэх гэж байгаад өөрийнхөө гарыг түлсэн. О бид хоёр хоорондоо зодолдож байхдаа О ямар нэгэн юманд цохиж гэмтээсэн байх гэж бодож байна. О бид хоёр хоорондоо үсдэлцсэн нэг их сүртэй цохилцоогүй хөмсөг нь яаж гэмтсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. О миний үснээс зулгаасан намайг цохиогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Сгийн ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт манай найз О, түүний нөхөр Энхболд нар ирээд ууж идээд манай гэрт хоносон тэгээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 06 цагийн үед манай найз О нэлээн согтсон байсан намайг унтах гээд хэвтэж байхад О хөөш босоод ир хоёулаа архи ууя гээд чимхсэн тэгэхээр нь би чи яагаад намайг чихээд байгаа юм бэ? гээд уурлаад босож ирээд Отэй хамт пиво уугаад сууж байсан чинь О агсам тавиад байсан тэгээд бид хоёр хоорондоо үсдэлцээд зодолдож байсан чинь манай нөхөр Төмөрбар, Оийн нөхөр Эрболд нар бид хоёрыг салгасан тухайн үед О миний дээрээс дараад хэвтэж байсан нэг харсан чинь Оийн хөмсөгнөөс цус гараад над дээр дусалж байсан тэгээд би эмч дуудаж ирээд Оийн хөмсгийг оёулсан О надтай зодолдож байхдаа манай пийшин дээр байсан 10 литрийн бидонтой усыг аваад над руу шидэх гэж байгаад өөрийнхөө гарыг түлхсэн. О бид хоёр хоорондоо зодолдож байхдаа О ямар нэгэн юманд цохиж гэмтээсэн байх гэж бодож байна О бид хоёр хоорондоо үсдэлцсэн нэг их сүртэй цохилцоогүй хөмсөг нь яаж гэмтсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. О миний үснээс зулгаасан намайг цохиогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

               

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

... Шүүгдэгч Б.Снь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн 5-105 тоотод хамт архи уусан иргэн Б.Отэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр рүү гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний түвшинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч Б.О, гэрч У.Э, Б.Т, Т.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Б.Схолбогдох хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.С:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Смаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Снь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Сгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

 Шүүгдэгч Б.Сгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Схохирогч Б.Оийг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Сгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Обиед зүүн хөмсөгний түвшинд шарх гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.О нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Сэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

...Шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Сэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.С:

... Би хохирогчид 400 000 төгрөг төлсөн. Мөн дээрээс нь сар болгон зээл төлдөг. Иймд торгуулийн мөнгийг багасгаж өгнө үү... гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Улсын яллагч ...таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.С хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.С дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Сторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2434000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С Б.Сд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Сэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН