Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/00659

 

 

 

 

 

 

 

 

   2021        03             23                                                 181/ШШ2021/00659         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 560 000 төгрөг, цалин хөлс 506 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.                                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Оийн “Бяцхан сувд”, “Эрхэмсувд”, “Титэм ордны багачууд” цэцэрлэгүүдэд эрхлэгч, гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон. Ж.О нь сургууль нээж ажиллуулна гэж №2794 тоот зээлийн гэрээгээр 13 000 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд маш бага 2 хувийн хүүгээр, хүүхдийнхээ эмчилгээнд цуглуулж байсан мөнгөө түүнд зээлсэн. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ж.О нь сургууль ажиллуулахаа болилоо гэж хэлсэн. Мөн цэцэрлэг нь олон сараар түрээсийн төлбөрөө төлөөгүй байсны улмаас хаалгаа лацдуулсан, оёдлын салон дэлгүүр нь мөн түрээсийн төлбөрөө олон сараар төлөөгүй гэсэн албан шаардлага ирж Ж.О төлбөрийн чадваргүй нь илэрсэн. Зээлийн гэрээний 4.2, 4.3 дугаар зүйлээр зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болж энэ байдал нь гэрээ хийхээс өмнө бий болсон байсныг нуун дарагдуулж худал ярьсан нь тогтоогдсон тул зээлээ нэн даруй буцаан өгөхийг шаардтал 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр надад 5 000 000 төгрөг, миний ажилласан 19 хоногийн цалингаас 500 000 төгрөгийг тус тус өгсөн. Зээлсэн мөнгөө дутуу өгсөн тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, барьцаа хөрөнгө авна, зээлийн хүү нэмнэ гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Ж.О нь зээлдээ нэг ч анхаарал хандуулахгүй орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна гээд таг чиг болсон. Нөхцөл байдлаа нуун далдалж, худал хэлж миний эмчилгээнд цуглуулж байсан мөнгийг зээлж авсан. Би өрх толгойлсон бага насны 2 хүүхэдтэй, ажилгүй байгаа тул мөнгөний хэрэгцээ маш их байна.

Би Ж.О-тэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч “Бяцхан сувд”, “Эрхэмсувд”, “Титэм ордны багачууд” цэцэрлэгүүдэд эрхлэгч, гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилд орж 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 19 хоног ажилласан. Цалинг 1 200 000 төгрөг, үүн дээрээ утасны төлбөр 40 000 төгрөг, бензин 100 000 төгрөг байхаар тохиролцсон. 2020 оны 08 дугаар сар нь ажлын 21 хоногтой тул би цалин 1 300 000 төгрөгийг 21 хоногт хувааж, ажилласан 19 хоногоороо үржүүлээд авсан 500 000 төгрөг, бүтээгдэхүүн 170 000 төгрөгөө хасч тооцоход 506 000 төгрөг болж байгаа.  

Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 8 000 000 төгрөг, хүү 1 560 000 төгрөг, мөн ажилласан хоногийн үлдэгдэл цалин хөлс 506 000 төгрөг, нийт 10 066 000 төгрөгийг хариуцагч Ж.О-ээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Д-г цэцэрлэгийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал ажилд авах зараар холбогдсоны дагуу ярилцаад хамтран ажиллахаар болсон билээ. 2020 оны 1 сараас Корона вирусын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд үүнээс улбаалсан эдийн засгийн хүндрэл мөн түрээсийн байрны 5 жилийн хугацаа дуусч шинэ байр хайх шаардлагатай байгаа зэргийг илэн далангүй ярилцаж гарах шийдэл хувилбар дээр хүч нэмэн сэтгэл тавин ажиллахыг хүссэн ба өөрөө нөхцөл байдлыг зөвшөөрч ажилд орсон. Ажлын байрны чиг үүргийн дагуу байр хайх ажлыг Л.Д хариуцсан бөгөөд барилгачдын талбайд Чин хур цэцэрлэг сургуулийн цогцолбор байр түрээслэнэ гэдгийг миний таньдаг найдвартай хүн хуулийн өндөр мэдлэгтэй өмгөөлөгч маань хэллээ гэдэг мэдээлэл өгч өөрөө очиж уулзан нөхцөл байдлыг тодруулаад надад боломжийн нөхцөлтэй мэдээлэл хэлсэн учир би байрыг очиж үзсэн. Маш их засвар шаардлагатай нь илт байсан боловч байршил болон түрээсийн нөхцөл нь боломжийн байсан тул Л.Дтай зөвлөлдөөд орохоор шийдэж, надад хадгалсан мөнгө байгаа та тэрийг түр зээлж болно гэсний дагуу цаг бага байсан тул яаралтай гэрээ хийж Чин хур сургуулийн захирал Дагвадоржийн дансанд түрээсийн урьдчилгаа 5 сая төгрөг, бүхэлд нь засвар хийхэд 28 000 000 төгрөг болно гэсэн тооцоо гарсан тул ажлын хөлсний урьдчилгаа 5 000 000 төгрөг материалд 2 000 000 төгрөг Л.Д болон цэвэрлэгээнд ажилласан багш нарын цалинд 1 000 000 төгрөг гээд Л.Д-гаас зээлсэн 13 000 000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл ажил эхэлсэн 2 дахь хоногт Л.Д эд нар чинь худалч зальтай юм шиг байна. Нөгөө өмгөөлөгч шал өөр юм ярьлаа гэсний дагуу маш хурдан судалж үзээд шууд ажлыг зогсоож гэрээг цуцлсан. Ингээд би өртэй хоцорсон байдаг. Миний хувьд хүнээс зээлсэн мөнгөө өгөхгүй байж хүн хохироох бодолгүй ээ. Одоо хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэхгүй багш нар ажиллаагүй ч цалингаа авсаар байгаа, цэцэрлэг байрны асуудлаас болж албан бичиг өгч хувьсахаа зогсоосон нь ажил олгогчийн хувьд маш том хүндрэл болж байгаа тул Л.Д-д хүүгээ тооцоод цэцэрлэг ажилд ортол түр хүлээж байгаарай. Чамайг ямар ч байдлаар хохироохгүй ээ гэдгийг удаа дараа хэлж байсан. Надад энэ цаг үед хүү нэмэх барьцаа тавих ямар ч боломж байхгүй байна. Одоо 2020.8.14-ний өдрөөс 29-ний өдрийн хоорондох 15 хоногийн 13 000 000 төгрөгийг 2%-ийн хүү 130 000 төгрөг, 29-ний өдөр Л.Д-д 5 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул үлдэгдэл 8 000 000 төгрөгийн 2%-ийн хүү болох 160 000 төгрөгийг 9.10.11.12 сар 2021 оны 1 сарын 22 хүртэлх хүү 111 300 төгрөг нийт хүү 881 000 төгрөг, үндсэн төлбөрөөс үлдсэн 8 000 000 төгрөгийн хамт нийт 8 881 300 төгрөгийг төлөхөд надад маргаан байхгүй ээ. Тухайн ажиллах хугацаандаа Л.Д 08 сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 16 хоног ажиллахдаа 500 000 төгрөг дансаар 170 000 төгрөгний бүтээгдэхүүн нийт 670 000 төгрөг цалинд авсан бөгөөд дундуур нь хүүхдээ сургуульд оруулах гэж хагас цагаар болон бүтэн хоногоор чөлөө авч 2 хоногт нь ажиллаагүй 14 хоног ажилласан бөгөөд Чинхур сургуулийн байрыг 8 дугаар сарын 24-ний өдөр ажил зогсоож, 25-ны өдөр хүлээлгэж өгсөнөөр ажил дуусгавар болсон байдаг. Үүнээс хойш 4 хоногийн дараа Дагвадорж гэдэг хүн авсан урьдчилгаа мөнгөө буцаан шилжүүлсэн бөгөөд би тэр өдөрт нь Л.Д-гийн данс руу шилжүүлсэн тул 29-ний өдрөөс ажилласан хоногийг тооцохгүй. Ингээд тооцоход ажилласан цалингийн үлдэгдэл 157 000 төгрөгийн цалинг олгоход маргах зүйлгүй.  Л.Д-гийн хувьд ажлын байрны тухайн үеийн хүндрэл нөхцөл байдлаа сонсож хариуцлагатай албан тушаалд томилогдон ахин нэмж эрсдэл бий болгохгүй, хамгаалах үүрэгтэй боловч нягтлаагүй мэдээллээр манай байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байгаагаа дашрамд дурдая. Энэ үйл ажиллаганы улмаас ганц Л.Д биш манай байгууллага ч хохирогч болсон боловч хариуцлагаа хүлээж нийт зээлсэн мөнгөний үлдэгдэл хүүгийн хамт 8 881 300 төгрөг цалингийн зөрүү 157 000 төгрөг, нийт 9 038 300 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Бусад үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Уг төлбөрийг цэцэрлэг ажиллаж эхлэнгүүт 4, 5, 6 сард 3 хуваан төлж барагдуулна гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ж.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 560 000 төгрөг гаргуулах, цалин хөлс 506 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Цалин хөлс 506 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд,

 

Ж.О-ийн цэцэрлэгийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал ажилд авна гэсэн зарын дагуу Л.Д холбогдож, Ж.О-ийн цэцэрлэгүүдэд эрхлэгч, гүйцэтгэх захирлын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хийсэн талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд ажлыг гүйцэтгэсэн хоног, сарын хөлсийн талаар зөрүүтэй тайлбаруудыг гаргаж, олгогдоогүй хөлсний хэмжээний талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Д нь сарын хөлсийг 1 200 000 төгрөг, нэмэгдлээр утасны төлбөр 40 000 төгрөг, бензин 100 000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарласан боловч хариуцагч Ж.Оийн тайлбараас тооцоолоход 1 240 491 төгрөг /670 000 төгрөг + 157 000 төгрөг = 827 000 : 14 хоног = 59 071 төгрөг х 21 хоног = 1 240 491 төгрөг/ байх тул талууд хөлсийг 1 240 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 100 000 төгрөгийн шатахууны нэмэгдэл хөлс олгохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Л.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Д нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дуустал ажлын 19 хоног ажилласан болох нь Л.Д-гийн Ж.О-тэй фэйсбүүкийн мессенжер чатаар харилцсан байдал, тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.О нь Л.Д-г 2 хоног ажлаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу баримтаар нотлоогүй, дээрхи фэйсбүүкийн мессенжер чатаар харилцсан байдлаас үзэхэд 2 хоног ажлаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажлын хөлсийг тооцоолбол, 2020 оны 08 дугаар сар ажлын 21 хоногтой тул 1 240 000 : 21 хоног = 59 048 төгрөг х 19 хоног = 1 121 905 төгрөгөөс төлсөн 670 000 төгрөг /бэлнээр 500 000 төгрөг, бүтээгдэхүүн 170 000 төгрөг/-ийг хасахад 451 904 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Ж.Оээс ажлын хөлс 451 904 төгрөгийг гаргуулж Л.Д-д олгож, нэхэмжлэлээс 54 096 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зээлийн төлбөр 9 560 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд,

 

Зээлдүүлэгч Л.Д, зээлдэгч Ж.О нар нь 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 13 000 000 төгрөгийг, сарын 2%-ийн хүүтэй, 2020-08-15-ны өдрөөс 2020-12-31-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн байна. /хх-4-5х/

Талуудын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд талууд гэрээний талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлдүүлэгч Л.Д нь 13 000 000 төгрөгийг 2020.08.17-ны өдөр шилжүүлсэн болох нь Л.Дгийн ХААН банкны дансны хуулга /хх-6х/-аар тогтоогдож байх тул зээлийн хүүг 2020.08.17-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй байна.

Мөн зээлдэгч Ж.О нь 5 000 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буцаан төлсөн болох нь Л.Дгийн ХААН банкны дансны хуулга /хх-7х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн хүү нь зээлсэн мөнгийг ашигласны хариу төлбөр тул үндсэн зээлийг ашигласан хугацаагаар хүүг тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу Л.Д, Ж.О нар нь зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул Л.Д нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлийн төлбөрийг тооцвол: үндсэн зээл 13 000 000 төгрөгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 13 хоногийн хүү 112 667 төгрөг /13 000 000 х 2% = 260 000 төгрөг : 30 хоног = 8 666 төгрөг х 13 хоног = 112 667 төгрөг/, үндсэн зээл 8 000 000 төгрөгийн 2020.08.30-ны өдрөөс 2020.12.31-ний өдрийг дуусталх 4 сар 2 хоногийн хүү 650 666 төгрөг /8 000 000 х 2% = 160 000 төгрөг х 4 сар = 640 000 төгрөг, 160 000 : 30 хоног = 5 333 төгрөг х 2 хоног = 10 667 төгрөг, 640 000 + 10 666 төгрөг = 650 666 төгрөг/, нийт хүү 763 333 төгрөг, Үндсэн зээл 8 000 000 төгрөг + хүү 763 333 төгрөг нийт 8 763 333 төгрөг байна.

Иймд хариуцагч Ж.Оээс зээлийн төлбөрт 8 763 333 төгрөгийг гаргуулж Л.Дд олгож, нэхэмжлэлээс 796 667 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ж.О нь эрүүл мэндийн улмаас гэрээсээ гарах боломжгүй гэх үндэслэлээр оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг 2021.03.23-ны өдөр шүүхэд гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ж.Оээс ажлын хөлс 451 904 /дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж Л.Дд олгож, нэхэмжлэлээс 54 096 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.Оээс зээлийн төлбөр 8 763 333 /найман сая долоон зуун жаран гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж Л.Дд олгож, нэхэмжлэлээс 796 667 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 006 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оээс 156 028 /нэг зуун тавин зургаан мянга хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА