Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/00767

 

 

 

 

 

 

 

 

   2021        04         06                                          181/ШШ2021/00767         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, хасбаатар 21, 73 тоотод байрлах, БШ ХХК ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 42, өөрийн байранд байрлах, МЗ ТББ -д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 565 320 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг, гуравдагч этгээд А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэхбат, гуравдагч этгээд Ө.Шгийн өмгөөлөгч И.Хонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БШ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БШ ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анх “Юу Би Фэйшн” ХХК нэртэйгээр байгуулагдсан ба компанийн оноосон нэрийг БШ ХХК болгон өөрчилж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Манай компани буюу Юу Би Фэйшн ХХК нь МЗ ТББ-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр манай компани нь хариуцагчид нийт 8301 ширхэг “МЗХ-ны нууцлалын зэрэгтэй хөрөнгө болох медаль, медалион, энгэрийн тэмдэг, тэмдэг”-ийг нэг бүрийн үнийг 8 800 төгрөгөөр тооцож нийлүүлэх, хариуцагч нь түүний хөлсөнд 73,048,500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү үнийг захиалсан бараагаа хүлээн авснаас хойш төлөхөөр болсон, Гэрээний дагуу барааг бид нийлүүлсэн боловч 10 000 000 төгрөгөөс бусад төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Манай компанийн зүгээс олон удаа хандсан боловч санхүүгийн хүндрэлтэй байна, удахгүй төлнө гэсэн хариуг өгч байсан хэдий ч одоог хүртэл үр дүнд хүрсэнгүй.

Хариуцагч талтай энэхүү гэрээний үлдэгдлийн талаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн ба үүгээр МЗ ТББ нь үлдэгдэл 63 048 800 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэйг баталгаажуулж тооцоо нийлсэн болно.

Мөн 2019 оны 11 сард МЗ ТББ нь манай компанид нэг бүр нь 4,8 юанийн үнэтэй, 300,000 ширхэг “Андын гэрэгэ” захиалсан. Бид МЗ ТББ-ийн захиалсан зургийн дагуу “Андын гэрэгэ”-г нь БНХАУ-д үйлдвэрлүүлсэн бөгөөд эхний ээлжинд 150 000 ширхэгийг авчирч нийлүүлсэн. Энэхүү гэрэгэний нийт төлбөр нь 1,440,000 юань болсон. Үүнээс 288,000 юанийг төлсөн ба одоогоор 1,152,000 юанийн үлдэгдэлтэй байна. Эхний ээлжинд нийлүүлсэн 150 000 ширхэг “Андын гэрэгэ”-ний үнийг ч төлөөгүй учраас үлдэгдэл 150 000 ширхэг нь БНХАУ-ын үйлдвэрт хураалттай байгаа. Энэ “Андын гэрэгэ” нь зөвхөн МЗ ТББ-ийн захиалгаар хийгдсэн тул өөр иргэн, хуулийн этгээд ашиглах, зах зээлд худалдагдах боломжгүй. МЗ ТББ нь 300,000 ширхэг “Андын гэрэгэ” захиалсан тул бид захиалгын дагуу л үйлдвэрлүүлсэн, үнийг нь төлчихвөл бид авчраад хүлээлгэн өгөх боломжтой байгаа. Энэ талаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагын санхүүгийн албаны дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нартай тус тус тооцоо нийлэн баталгаажуулсан. 1 152 000 юань нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн албан ханшаар 1 юань = 412,66 төгрөг байгаа тул нийт 475 384 320 төгрөг болж байна.

Иймд МЗ ТББ-аас дээр дурдсан төлбөрүүд буюу нийт 538 433 120 төгрөгийг гаргуулж өгнө үү.

БШ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр МЗ ТББ-тай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу БШ ХХК нь хариуцагчид 25,000 ширхэг медаль зээлээр худалдах, хариуцагч МЗ ТББ нь медалийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

МЗ ТББ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний барьцаа болгон Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт/18101/, Москвагийн гудамж, 48а байр, 966 тоот, улсын бүртгэлийн Ү-2201036635 дугаар бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, улсын бүртгэлийн Ү- 2206021464 дугаар бүхий таван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

БШ ХХК нь гэрээний үүргээ биелүүлж нийт 2,100 ширхэг медалийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлүүлэн авчирсан боловч хариуцагч нь медалийг хүлээн авах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болно.

МЗ ТББ-ийн захиалсан 25,000 ширхэг медаль нь нийт 20 нэр төрлийн медаль байсан тул бид эхний ээлжинд медаль тус бүрээс нь 105 ширхэгийг хийлгэж, нийт 2,100 ширхэг медалийг авчирсан. Гэтэл МЗ ТББ-ийн удирдлага нь солигдож, өмнөх удирдлагын захиалсан медалийг авахгүй гэсэн учраас бид үйлдвэрлэлтийг зогсоосон.

Би 2020 оны 11 сараас хойш МЗ ТББ-ийн ерөнхийлөгч Гэрэлт-од, ерөнхий нарийн бичгийн дарга Давааням, зөвлөх Анхбаяр нартай удаа дараа уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлж медалиа хүлээн авахыг шаардсан боловч ямар ч үр дүн гараагүй. Би 2,100 ширхэг медалийг эх загваруудыг шинэ удирдлагад нь хүлээлгэж өгсөн байгаа.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн 2,100 ширхэг медалийн үнэ нийт 26 887 600 төгрөгийг МЗ ТББ-аас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч МЗ ТББ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЗ ТББ” НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. МЗ ТББ нь 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр “Юу Би Фэйшн” ХХК-тай №12/02 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ бол төгсөөгүй байгаа буюу талууд эцсийн байдлаар тооцоо нийлэх акт үйлдэж үлдэгдэл тооцоог нийлж гэрээг дүгнээгүй байгаа юм. Харин БШ ХХК-аас нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үүднээс үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч БШ ХХК нь үйл ажиллагаа эрхлэх 11 төрлийн зөвшөөрөлд байгууллагын шагналын захиалга авах, шагнал үйлдвэрлэх хэвлэх, мөн гэрэгэ захиалга авах хэвлэх хэвлэлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байх тул энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй, тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч “Болд шим” гэх ХХК нь нэхэмжлэлийн агуулга хэсгийн 2 дэх хэсэгт МЗ ТББ нь манай байгууллагад 300,000 ширхэг “Андын гэрэгэ” захиалсан энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр болох 475,384,320 төгрөгийг нэхэмжилсэн байна. МЗ ТББ болон БШ ХХК хооронд “Андын гэрэгэ захиалах захиалгын гэрээ” хийгдээгүй, бодитой байхгүй. Төлбөрийг юан, төгрөгийн алинаар нь төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй, “Андын гэрэгэ” ямар загвар шинж чанартай байхыг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй. Мөн 150 000 ширхэгийг хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч манай ТББ-д хүлээн авсан баримт байхгүй байна. Иймд Иргэний хуульд заасан нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч “БШ” гэх ХХК нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад МЗ ТББ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш, Санхүү хөрөнгө, даатгалын хэлтсийн газрын дарга Б.Гэндэнбаатар нартай тооцоо нийлэх акт үйлдэж шүүхэд өгсөн байна. “МЗ”-ны үндсэн дүрэмд зааснаар Санхүү, хөрөнгө даатгалын хэлтсийн дарга Б.Гэндэнбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш нар нь “МЗ ТББ”-г итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлж тооцоо нийлэх акт үйлдэх эрхгүй юм. МЗ ТББ-ийг итгэмжлэлгүйгээр дотоод, гадаадад төлөөлөх эрх бүхий ганц субъект нь МЗ ТББны Үндсэн дүрмийн 7.4.7 дахь хэсэгт зааснаар МЗ ТББны Ерөнхийлөгч А.Мөнхбат юм. Мөн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” зэрэгт Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш гарын үсэг зурсан тул төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

5. Нэхэмжлэгч “БШ” гэх ХХК нь Нэхэмжлэлийн шаардлага хэсэг дээр ямар үндэслэлээр, эрх зүйн ямар баримт бичиг үндэслэж, шаардлага гаргаж 538 433 120 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд 2020.11.01-ний өдрийн дотор 10 000 ширхэг медаль хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх боловч нэг ч ширхэг медаль хүлээлгэж өгөөөгүй, гэртээ 2100 ширхэг медалийг хураалттай байгаа гэж талбарлаж байгаа боловч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иймд БШ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд А.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: БШ ХХК, МЗ ТББ хоёр байгууллага нь хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэн Аюушийн Баясгалан миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 17040, Зайсангийн гудамжны 21/2 дугаар байрны 18 тоот 136.06 м.кв талбайтай орон сууцыг МЗ ТББ-тай байгуулсан эд хөрөнгө барьцаалуулах, батлан даах гэрээний дагуу БШ ХХК-тай 2020.10.07-ны өдөр №01 тоот барьцааны гэрээ байгуулан байраа барьцаанд тавьсан. Гэтэл БШ ХХК нь МЗ ТББ-с Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан нь Аюушийн Баясгалан миний эрх ашгийг хөндөж байна. МЗ ТББ нь хуулийн этгээд учраас удирдлага нь хичнээн солигдсон ч үүргээ биелүүлж, бусдад төлөх төлбөрөө төлөх ёстой. Насаараа МЗХ-ны гишүүн явж, татвараа төлж, холбооныхоо сайн сайханы төлөө сэтгэлээ зориулсан тэтгэвэрийн хөгшин А.Б нь МЗХ-ны 100 жилийн ойд зориулж, шинэ медаль хийж байгаа та орон сууцаа түр барьцаанд тавьж туслаач гэхээр нь залуучуудад итгэж, хийж байгаа ажилд нь дэмжлэг үзүүлж байраа барьцаалсан байдаг. Залуучууд хөгшин хүний орон сууцаар энгэртээ медаль зүүх ёсгүй. Ийм хариуцлагагүй залуу үе залуучуудын төлөөлөх байх ёсгүй. Залуучуудын холбоо өөрийн байраа барьцаанд тавьж хөгшин хүний байрыг чөлөөлж өгөх ёстой. МЗ ТББны байр бидний хөрөнгөөр боссон гэдгийг ч мартах ёсгүй гэв.

 

Гуравдагч этгээд Ө.Ш, түүний өмгөөлөгч И.Хонгор шүүхэд гаргасан тайлбартаа: БШ ХХК, МЗ ТББ хоёр нь хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэн Ө.Ш миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ москвагийн гудамж 48а байр, 966 тоот 26,7 м.кв талбайтай орон сууцыг МЗ ТББ-тай байгуулсан эд хөрөнгө барьцаалуулах, батланд даах гэрээний дагуу БШ ХХК-тай 2020.10.07-ны өдөр №01 тоот барьцааны гэрээ байгуулан байраа барьцаанд тавьсан.

Гэтэл БШ ХХК нь МЗ ТББ-с Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргажээ. БШ ХХК-аас гаргасан тус нэхэмжлэл нь Ө.Ш миний эрх ашгийг хөндөж байна.

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээний барьцаанд л орон сууцыг тавьсан. Гэрээний дагуу 2020.11.01-ний өдрийн дотор 10 000 ширхэг медаль хүлээлгэж өгөх ёстой боловч 2100 ширхэг медалийг хэнд өгсөн нь тодорхойгүй, гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна. мөн гэрээнд гарын үсэг зурсан Ө.Шг төлөөлөх эрхгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа бол гэрээ хүчин төгөлдөр бус болж, барьцааны гэрээ ч хүчин төгөлдөр бус болно гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БШ ХХК нь хариуцагч МЗ ТББ-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүрэгт 565 320 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

“ЮБ” ХХК нь нэрээ БШ ХХК болгон өөрчилж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-5-7, 25х/

 

БШ ХХК /ЮБ ХХК/ нь МЗ ТББ-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г бичиг /хх-8-11х/-ээр байгуулж, МЗХ-ны нэрэмжит 7 нэр төрлийн 8301 ширхэг медалийг нэг бүрийн үнэ 8 800 төгрөгөөр тооцож нийт 73 048 800 төгрөгөөр нийлүүлэх, МЗ ТББ нь медалийн үнэ 73 048 500 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Мөн БШ ХХК нь МЗХ-ны нэрэмжит “Андын гэрэгэ”-г  300 000 ширхэг, нэг бүрийн үнэ 4,8 юанаар тооцож нийт 1 440 000 юанаар нийлүүлэх, МЗ ТББ нь “Андын гэрэгэ”-ийн үнэ 1 440 000 юаныг төлөхөөр тохиролцсон болох нь “Тооцооны үлдэгдлийн баталгаа” №2, №3, №5, №6, “Бараа хүлээлгэн өгсөн акт”-аар тогтоогдож байна. /хх-13-16, 19х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

“МЗ ТББ”-ны үндсэн дүрмийн 4.5-д ““МЗХ-ны удирдлага” гэснийг Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Хариуцлагын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ гэж ойлгоно” гэж, Аравдугаар зүйлд Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх, үүргийг тодорхойлсон ба 10.1, 10.5, 10.7-д зааснаар “МЗХ-ны ЕНБД нь гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж, удирдах хорооны бодлого шийдвэрийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүгээр хангаж, гүйцэтгэх хорооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хөрөнгө, татвар, санхүүжилтийг бүрэн хариуцах”-аар тус тус заасан байна.

Иймд МЗ ТББны Ерөнхий нарийн бичгийн дарга гэрээнд гарын үсэг зурах эрхгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхи гэрээнүүдийн дагуу БШ ХХК нь МЗХ-ны нэрэмжит 7 нэр төрлийн 8301 ширхэг медалийг бүрэн нийлүүлж, “Андын гэрэгэ” 150 000 ширхэгийг нийлүүлсэн, МЗ ТББ нь 7 нэр төрлийн 8301 ширхэг медалийг үнээс 10 000 000 төгрөгийг төлж /хх-21х/, үлдэх 63 048 800 төгрөгийг төлөөгүй, “Андын гэрэгэ”-ийн үнээс 288 000 юаныг төлж, үлдэх 1 152 000 юаныг төлөөгүй болох нь талуудын “Тооцооны үлдэгдлийн баталгаа” №1, №2, №3, №5, №6, №4, “Бараа хүлээлгэн өгсөн акт”-уудаар тогтоогдож байна. /хх-12-19, 21х/

 

БШ ХХК нь МЗХ-ны захиалгын дагуу 300 000 ширхэг “Андын гэрэгэ”-г БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд хариуцагч МЗ ТББ-ыг төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нийлүүлээгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, БНХАУ-ын “Бээжин хотын Жиэн Хао Да хэвлэл, сав баглаа боодлын технологи” ХХК-ийн “Төлбөр нэхэмжлэх мэдэгдэл” зэргээр тогтоогдож байна. /хх-22-23х/

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-д “Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж заасан тул хариуцагч МЗ ТББ-ыг төлөөгүй үндэслэлээр БШ ХХК 150 000 ширхэг “Андын гэрэгэ”-г шилжүүлээгүй байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

БШ ХХК, МЗ ТББ нар нь 300 000 ширхэг “Андын гэрэгэ”-г БНХАУ-д үйлдвэрлүүлж, нийлүүлэхтэй холбоотойгоор үнийг юанаар тохиролцсныг хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

“Андын гэрэгэ”-ний үнэ болох 1 440 000 юаныг хариуцагч тал гэрээ байгуулсан үеийн ханшаар, нэхэмжлэгч тал төлбөрийг төлөх үеийн Монгол банкны 1 юаны төгрөгтэй харьцах ханшаар тооцох ёстой гэж маргаж байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт, “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалт нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан мөнгөний ханшаар тооцон төлбөр гаргуулах агуулгатай зохицуулалт биш юм. Харин үүргийг гүйцэтгүүлэх үеийн ханшаар тооцон гаргуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хангах зорилготой юм.

Иймд нэхэмжлэгч БШ ХХК нь дээрхи төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны 2020.08.25-ны өдрийн хаалтын 1 юань 412.66 төгрөгтэй харьцах ханшаар тооцож /хх-24х/ нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч МЗ ТББ нь худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул МЗХ-ны нэрэмжит 7 нэр төрлийн 8301 ширхэг медалийн үнэ 73 048 500 төгрөгийг, “Андын гэрэгэ” 300 000 ширхэгийн үнэ 1 152 000 юань буюу 475 384 320 төгрөгийг, нийт 538 433 120 төгрөгийг гаргуулж БШ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

БШ ХХК нь МЗ ТББ-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, БШ ХХК нь МЗХ-ны 20-иод нэр төрлийн медаль, медалион, энгэрийн тэмдэг, тэмдэг, нийт 25 000 ширхэгийг нийлүүлэх, МЗ ТББ нь үнэ 220 000 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

МЗ ТББ нь энэхүү гэрээний үнэ 220 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгон Ө.Шгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201036635 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 966 тоот, 2 өрөө орон сууц, А.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206021464 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-88-95х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” , мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/”-ийн гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

 БШ ХХК нь гэрээний дагуу нийт 2,100 ширхэг медалийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлүүлэн авчирсан боловч хариуцагч МЗ ТББ-ын удирдлага солигдож маргаантай байгаа, бид захиалга өгөөгүй гэх үндэслэлээр медалийг хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, МЗХ-ны 2020.06.19-ны өдрийн 02а/87 дугаар албан бичиг /хх-20х/-ээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь ...худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг тул хариуцагч МЗ ТББ-ыг 20-иод нэр төрлийн медаль, медалион, энгэрийн тэмдэг, тэмдэгийн эхний ээлжийн 2,100 ширхэгийг хүлээн авах үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар БШ ХХК нь өөртөө хадгалж байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч МЗ ТББ-иас 2,100 ширхэг медалийн үнэ болох 26 887 600 төгрөгийг гаргуулж БШ ХХК-д олгож, энэхүү төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Ө.Шгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201036635 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 966 тоот, 2 өрөө орон сууц, А.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206021464 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч МЗ ТББ-иас 565 320 720 /таван зуун жаран таван сая гурван зуун хорин мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БШ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар МЗ ТББ нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үнэ болох 26 887 600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ө.Шгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201036635 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 966 тоот, 2 өрөө орон сууц, А.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206021464 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч БШ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 282 904 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗ ТББ-иас 3 282 904 /гурван сая хоёр зуун наян хоёр мянга есэн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж БШ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА