| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
2024 04 30 2024/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г Н.Нт холбогдох эрүүгийн 2434000000142 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1980 оны 06 дугаар сарын 04-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Г Н.Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Н.Н:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2434000000142 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Нийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Баянтуул” 3 дугаар багийн “Баянбулаг” гэх Улсын тусгай хамгаалалттай газар болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн ойгоос 2 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэж тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 774.619 төгрөгийн хохирол учруулж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг зааснаар ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж байгаль орчинд нийтдээ 2.323.856 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/,
модны эзэлхүүн тооцсон дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/,
эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 дугаар хуудас/,
“Нуман алтай ХХК”-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/17 дугаартай ...Хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадвартай буюу ургаж байсан, нойтон мод байсан байна. Мод бэлтгэсэн гэх газрын солбилцол цэг нь ойн төлбөрийн нэгдүгээр мужлал, Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт хамаар байна. Тухайн моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 774.619 төгрөг болж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТЦ-24-39 дугаартай ...Шинжилгээний объектын Тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2024 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 6.944.000 /зургаан сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв. Бензин моторт, кубань 7 бензинпиль 82сс КБ-8200 гэх нэртэй хөрөөний үнэлгээ 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, төмөр, гар хийцийн модон иштэй жижиг сүхний үнэлгээ 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдэв... гэсэн дүгнэлт /хх-ийн 60-66 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э...Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр ажилладаг юм. Энэ албан тушаал дээрээ 3 дахь жилдээ ажиллаж байна. Би Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт оршин суух хаягтай Насанбуян овогтой Нарантунгалаг гэх хүнийг танина. Манай хариуцсан Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баянтуул 3 дугаар багийн иргэн байгаа юм. Ах дүү хамаатан садан бол биш ээ. Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Баянбулаг” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүй ... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
сэжигтэн Н.Нийн ...Би 2024 оны 03 дугаар сарын 14 ний өдөр Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг "Баянбулаг” гэх газарт байрлах өөрийн гэрээсээ өдрийн 12 цагийн орчимд Өөрийн эзэмшлийн Тоёота пирүс-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хөрөөдөн, хаглаж бэлтгэсэн (галын түлээ болгон бэлтгэсэн мод гэв.) 25 кг цагаан өнгийн шуудайтай нийт 18 шуудай мод ачин
Улаанбаатар хот Налайх дүүрэгт байрлах Хадам ээж болох Х.Мөнхтогоо гэх хүний төрсөн эгч Х.Төмөртогоо гэх айлд хүргэж өгөх зорилгоор явж байгаад замд Цагдаа нарт шалгуулсан. Би тухайн модыг 2024 оны 03 дугаар сарын 12 ний өдөр өөрийн гэрээс баруун хойд зүгт 1 км зайд байрлах "Баянбулаг" гэх газраас өөрийн эзэмшлийн Тоёота пирус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очин бензин моторт хөрөө ашиглан 5-6 метр урттай 2 ширхэг босоо мод тайрч, тастаж газарт унгасан. Би тухайн тайрч унагасан хоёр модоо газар дээр буюу модон дотор хөрөөдөж, хэрчимлэн хаглахад бэлэн болгож унаж явсан өөрийн эзэмшлийн Тоёота пирус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо ачиж гэрийнхээ гадна авч ирсэн юм. Тухайн модоо гэрийн гадаа хаглаж шуудайлсан юм. Миний өөрийн эзэмшлийн хөрөө байгаа юм. 2019 онд 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2023 оны 05 дугаар сард 10,000,000 (арван сая төгрөгөөр) худалдан авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
гэрч Г.Б...Би 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг “Баянбулаг” гэх газарт байрлах өөрийн гэртээ нөхөр болох Н.Н хамтаар байсан юм. Өдрийн 12 цагийн орчимд байх (цагийн сайн санахгүй байна гэв.) нөхөр болох Н.Н нь надад би баруун хойшоо модруу яваад 2 ширхэг мод унагаад ирье гэж хэлнэ. Гэрийн гадна байсан бензин моторт хөрөө авч өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Ингээд өдрийн 15 цагийн орчимд манай нөхөр ирсэн ба унаж явсан Тоёота Приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор тайрч, хэрчимлэж бэлдсэн мод ачиж ирсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
гэрч Ч.С...Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Судалгаа шинжилгээ, байгалийн нөөц хамгаалалтын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн хийдэг. Би Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт оршин суух хаягтай Насанбуян овогтой Нарантунгалаг гэх хүнийг тийм сайн бол танихгүй ээ. Тухайн сум орон нутагт мал маллан амьдардаг гэж сонссон. Ах дүү хамаатан садан бол биш. Улсын тусгай хэрэгцээний газар нутгаас мод бэлтгэх, эрхийн бичиг иргэдэд олгодоггүй юм. Зөвхөн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж шийдвэрлэдэг. Иймээс тус сумын иргэн болох Насанбуян овогтой Нарантунгалаг нь манай байгууллага болон Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын Байгаль орчны мэргэжилтэн болон Байгаль хамгаалагч нараас Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэх эрхийн бичиг авах боломжгүй. Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт “Баянбулаг” гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. УИХ 1995 оны 26 дугаар тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг тогтоож өгсөн байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
яллагдагч Н.Нийн ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2434000000142 дугаартай прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Хэргийн зүйчлэл болон яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн модыг 2024 оны 03 дугаар сарын 12 ний өдөр өөрийн гэрээс баруун хойд зүгт 1 км зайд байрлах “Баянбулаг” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очин бензин моторт хөрөө ашиглан 5-6 метр урттай 2 ширхэг босоо мод тайрч, тастаж газарт унгасан. Би тухайн тайрч газарт унагасан хоёр ширхэг модоо газар дээр буюу модон дотор хөрөөдөж, хэрчимлэн хаглахад бэлэн болгож унаж явсан өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо ачин тээвэрлэж гэрийнхээ гадна авч ирж Гэрийн гадаа сүх ашиглан хаглаж шуудайлан юм. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 14 ний өдрийн 12 цагийн орчимд Өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хөрөөдөн, хаглаж бэлтгэсэн (галын түлээ болгон бэлтгэсэн мод гэв.) 25 кг цагаан өнгийн шуудайтай нийт 18 шуудай модоо ачин Улаанбаатар хот Налайх дүүрэгт байрлах Хадам ээж болох Х.Мөнхтогоо гэх хүний төрсөн эгч Х.Төмөртогоо гэх айлд мод хүргэж өгөх зорилгоор явж байгаад замд Цагдаа нарт шалгуулсан. Би Ойн санд 2,323,856 төгрөгний хохирол учруулсандаа би гэмшиж байна. Би Ойн санд учруулсан 2,323,856 төгрөгний хохирлыг төлөх болно. Миний өөрийн эзэмшлийн хөрөө байгаа юм. 2019 онд 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2023 оны 05 дугаар сард 10,000,000 (арван сая төгрөгөөр) худалдан авч байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 87-88 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Нийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Шүүгдэгч Н.Нийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Баянтуул” 3 дугаар багийн “Баянбулаг” гэх Улсын тусгай хамгаалалттай газар болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн ойгоос 2 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэж тоёота приус-20 маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 774.619 төгрөгийн хохирол учруулж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг зааснаар ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж байгаль орчинд нийтдээ 2.323.856 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлолдогдон тогтоож байх тул шүүгдэгч Н.Нийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч түүнд гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгоход хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Н.Н нь 774.619 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.323.856 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг төлсөн.
Эрүүгийн 2434000000142 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхэг, шар модон иштэй 1 ширхэг сүхийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбилэгт хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 2 ширхэг буюу 20 сам урттай шинэс модыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э гаргуулан,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-20” маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын орлого болгох... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Н:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Маш их гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.Н маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Н.Нийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Нийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.Н зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Эрдэнэ сумын “Баянтуул” 3 дугаар багийн “Баянбулаг” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрийн ойгоос 2 ширхэг шинэс мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ тухайн хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.
Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 774.619 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.323.856 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Н нь дээрх гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 774.619 /долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг Байгаль орчны тухай хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.323.856 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэргийн 114 дүгээр хуудаст авагдсан түүний гаргасан хүсэлт, хаан банкны шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Нт шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 08 шинэс мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэх.. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Н:
...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Н.Нт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 шинэс мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2434000000142 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхэг, шар модон иштэй 1 ширхэг сүхийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбилэгт хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 2 ширхэг буюу 20 см урттай шинэс модыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э гаргуулан улсын орлогод оруулахыг,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-20” маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Г Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г Н.Нт шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 шинэс мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Н.Нт тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө 1 ширхэг, шар модон иштэй 1 ширхэг сүхийг тус тус улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн 2434000000142 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Н.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон шүүгдэгчид хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэн хадгалагдаж байгаа гэх 2 ширхэг буюу 20 см урттай шинэс модыг хурааж улсын орлогод,
мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус-20” маркийн 05-04 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод тус тус оруулсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН