Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Долгор,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч Б.Бэд холбогдох эрүүгийн 2434000000132 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 07 дугаар сарын 18-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Ч Б.Б.

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000132 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Бийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Нг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “...баруун зулайн хуйханд шарх, духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, эрүүний зөөлөн эдийн цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаартай ...Ч.Нгийн биед баруун зулайн хуйханд шарх, духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, эрүүний зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

хохирогч Ч.Нгийн ...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэр "4-p зөрлөг” гэх газарт байх "Алтантүлхүүр” хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажилладаг юм. Сая энэ 2024 оны 03 сарын 18-ны өдөр 16 цагийн орчим уг "4-р зөрлөг” гэх газарт байх А0-01 тоот хашаанд байдаг найз Д.Баттулга гэх айлд нөхөр Б.Бийн хамт болон түүний ажлын газрын найз н.Жанчив, н.Отгонжаргал гэх хоёр залуугийн хамт цуг очсон. Тухайн айлд очоод цэргийн баяр тэмдэглээд бид нар 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Архи ууж байхдаа бол бид нар хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Уг айлаасаа орой 17 цагийн орчим бид нар бөөнөөрөө гараад нөхөр Б.Б бид хоёр гэр лүүгээ харих гээд хашааны арын хаалгаар гудамж дагуу алхаж байтал манай нөхөр Б.Б миний нүүр баруун нүд орчим руу 2 удаа гараа зангидаж байгаад цохисон. Би цохиулаад шууд нөхрөөсөө зугтааж гудамж тойроод зугтаасан. Хэсэг хугацаанд би гудамжинд зогсож нөхрийгөө явтал нь хүлээж байгаад 19 цагийн орчим "4-р зөрлөг" дэх А0-01 тоот хаягтай манай хашаанд цуг байдаг Б.Ариунболд гэх айлын гэрт нь орсон чинь манай нөхөр Б.Б араас орж ирээд "Алив наашаа гараад ир гээд намайг гэрээс нь авч гарах гээд чирсэн. Би тухайн үед гэрээс гарахгүй гээд эсэргүүцээд дийлээгүй Б.Б намайг тэр айлаас чирж гараад хашаан дотор намайг газар унагаад миний толгойн тус газар Б.Б өмсөж явсан цэргийн хагас түрийтэй гутлаараа нэг удаа өшиглөсөн. Мөн миний баруун гар мәр орчим, хэвлийн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэр үед уг Б.Ариунболд гэх айлын эхнэр н.Мөнгөнсувд гэх эмэгтэй намайг Б.Бээс салгаж авч гэртээ оруулаад миний толгойноос гоожсон цус энэ тэрийг цэвэрлэж бинтээр боож өгч тусалсан. Тэгээд би том эгч Ч.Уранчимэгийг Төв аймгаас машинтай дуудуулж авхуулаад орой 23 цагийн орчим Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж толгойн тус газраа 6 ширхэг оёдол тавиулж анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Тухайн үед бид хоёр цуг айлд архи ууж байхдаа бол маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Үүнээс өмнө 2024 оны 03 сарын 15-ны өдөр манай нөхөр Б.Б Улаанбаатар хотын Налайх дүүрэгт ажлынхаа найзуудтай пабд сууж байна гэхээр нь би очиж авахаар такси бариад очсон манай нөхөр Б.Б "Чи яах гэж ирсэн юм намайг хардаад үхлээ юу? гэх зэргээр над руу уурлаж бухимдсан үйл явдал болсон. Өөр бол бид хоёрт муудалцах зүйл ойрдоо болоогүй. Манай нөхөр ажлаасаа ирэхдээ л архи уучихсан халамцуу ирсэн. Надтай цуг айлд ороод 0.75 литрийн архийг таван хүн хувааж уусан. Нэлээн согтуу байсан. Би бол бага зэрэг л халамцуу байсан. Болсон үйл явдлаа бол бүрэн дүүрэн санаж байна. Тэр манай хашааны айлын н.Мөнгөнсувд гэх эмэгтэй яг намайг зодуулж байхад Б.Бээс намайг салгаж авсан. Зодуулсны дараа эмнэлэг рүү манай эгч Ч.Уранчимэг хүргэж өгсөн. Эдгээр хүмүүс гэрчилнэ. Манай нөхөр Б.Б ер нь бол намайг зоддог байсан. Гэхдээ сүүлийн 2-3 жил бол ингэж зодоогүй. Сая бол намайг ямар ч учир шалтгаангүй гудамжинд зодоод дараа нь айлаас чирж гаргаж хашаанд зодоод тархи толгой хагалж гэмтээсэн. Миний баруун зүүн нүд хоёулаа хөхөрч хавдсан, толгойны баруун тал хуйх орчимдоо 7 см орчим урттай зүсэгдсэн шархандаа 6 ширхэг оёдол тавиулсан. Толгой тархи их өвдөж байна. Би Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт толгойны рентген зураг авхуулсан. Өвчин намдаах эм ууж байна. Манай нөхөр Б.Б Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газар байдаг Зэвсэгт хүчний 314-р ангид галын ээлжийн жолооч ажилтай. Хамт амьдраад 10 гаруй жил болж байна 24-09 насны 4 хүүхэдтэй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/

сэжигтэн Б.Бийн ...Би эхнэр Ч.Нгийн хамтаар одоо Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэр “4-р зөрлөг” гэх газар А0-01 тоот хашаанд амьдардаг. Тэр хавийнхаа цэцэрлэгт манай эхнэр тогоочоор ажилладаг. Би мөн "4-р зөрлөг" хавьд ойрхон байрлалтай зэвсэгт хүчний 314-р ангид жолоочоор ажилладаг юм. Сая энэ 2024 оны 03 сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр цэргийн баяр тэмдэглээд тэр хавьдаа Д.Баттулга гэх таньдаг айлдаа зочилж очсон юм. Тухайн өдрийнхөө өглөө би ээлжнээс буугаад буусан ээлжнийхээ хүмүүстэйгээ 0.75 литрийн нэг шил архи хувааж уучхаад гэртээ харьсан байсан. Тэгээд өдөр нь тэр айлд ороод дахиж нэг шил 0.75 литрийн архи эхнэртэйгээ болон тэр айлын эзэнтэй, мөн тэр зочилж ирсэн хоёр хүнтэй цуг тавуулаа нийлж уусан. Тэр айлаасаа эхнэр бид хоёр орой 17-18 цагийн орчим гараад гэр лүүгээ харьж явсан. Манайхаас бараг 1 км орчим зайтай айл юм. Харьж явах замдаа би гудамжинд эхнэр Ч.Нгийн нүүр лүү 2 удаа гараараа шанаадаж цохисон байсан. Би тухайн үед архи уугаад нэлээн согтсон биеэ удирдах хянах чадвараа алдсан байсан. Манай эхнэр тэр үед шууд надад цохиулаад зугтаагаад гэрийнхээ хашаанд байдаг Б.Ариунболд гэх айлд яваад орчихсон байсан. Би араас нь гэрлүүгээ согтуу байсан тул гуйвсаар байгаад яваад очсон. Намайг тэр Б.Ариунболд гэх айлд ороход манай эхнэр Ч.Н тэр айлд байсан. Би тухайн үед "Хамт явж байгаад хаяад явлаа надаас зугтааж хаяж явлаа гэж хэлээд эхнэр Ч.Нг тэр айлаас аваад гарах гэтэл эсэргүүцээд гарахгүй гээд байхаар нь хувцаснаас нь чирээд тэр айлаас чирж гаргаад хашаан дотор нүүр лүү нь цохиж газар унагаад дээрээс нь гутлаараа өшиглөсөн, гараараа цохисон. Тэр айлд гэрийн эзэн Б.Ариунболд нь байгаагүй эхнэр н.Мөнгөнсувд нь гарч ирж намайг салгаж болиулсан байсан. Би тэндээсээ шууд гэртээ ороод гэртээ байж байтал манай хадам эгч Ч.Уранчимэг манай эхнэр Ч.Нг дагуулж орж ирээд "Чи энэ эхнэрийнхээ тархи толгойг нь хагартал зодсон байна яаралтай эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд Төв аймгийн эмнэлэг рүү явсан. Нэлээн согтсон байсан. Өглөө нь ажлаасаа буугаад 1 шил 0.75 литрийн архи уусан. Өдөр нь айлд бас хүмүүстэй дахин 1 шил 0.75 литрийн архи уусан согтсон байсан. Болсон үйл явдлаа бас яг бүрэн дүүрэн сайн санахгүй байна. Эхнэр бид хоёр тэр Д.Баттулга гэх айлд байхдаа бол хоорондоо болон бусад хүмүүстэй маргалдаж муудалцаагүй. Харин тэр айлаас гарч явах замдаа гудамжинд би дахиж нэмж архи уух гээд дэлгүүр явье гээд манай эхнэр Ч.Н болохоор намайг дэлгүүр явуулахгүй шууд гэртээ харина гээд үүнээсээ болж маргалдаад би нүүр лүү нь гараараа шанаадаж цохисон юм. Би анх эхлээд гудамжинд маргалдаад нүүр лүү нь гараараа цохиж шанаадсан. Дараа нь тэр Б.Ариунболд гэх айлаас чирж гаргаад зодсон Ч.Нгийн толгой руу гараараа 3-4 удаа цохиж шанаадсан. Цохиулаад унасан хойно нь дээрээс нь би гутлаараа толгой орчим руу нь өшиглөсөн 2-3 удаа л өшиглөсөн байх өөр бол цохиж зодоогүй тэр н.Мөнгөнсувд гэх эмэгтэй бид хоёрыг салгасан. Би тухайн үед цэргийн ангиас олгосон хагас түрийтэй израйл гутал өмсөж явсан. Би энхэр Ч.Нгийн толгой хагарч гэмтсэн асуудлыг миний өшиглөсөн хагас түрийтэй гутлын хатуу уланд зүсэгдэж ярагдсан байх гэж бодож байна. Түүнээс би мод чулуу өөр бусад эд зүйлээр зодоогүй. Үгүй би ингэж эхнэрээ зодож байсан болохоор биеэ удирдаж хянаж чадаагүй зодчихсон байсан. Манай эхнэр Ч.Н бас архи уучихсан байсан. Гэхдээ надаас арай бага согтолттой байсан. Би эхнэр Ч.Нтэй одоо 17 жил хамт амьдарч байна. Дундаасаа 4 хүүхэдтэй гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Хүлээн зөвшөөрч байна. Эрүүл саруул байсан би ингэж зодохгүй байсан. Манай хажуу айлын тэр н.Мөнгөнсувд, хадам эгч зэрэг хүмүүс мэдэж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Ч.У...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчим би Төв аймаг Зуунмод суманд гэртээ байж байтал манай төрсөн дүү Ч.Нгийн Н.Дэлгэрмөрөн гэх хүүхэд нь залгаад –эгчээ та яаралтай хүрээд ир аав ээжийг зодоод толгойг нь хагалчихсан цус нь тогтохгүй байна гэж хэлсэн тул би даруй Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн “4-р зөрлөг” гэх газарт байдаг дүү Ч.Нгийн гэрт очсон. Намайг очиход манай дүү Ч.Н хашаанд нь байдаг Б.Ариунболд гэх айлынд орчихсон цус энэ тэрээ тогтоолгоод толгойгоо боолгочихсон нүүр нүд ам нь битүү хөх хавдар болчихсон хүнд зодуулсан байдалтай байсан. Тэр айлын гэрийн эзэгтэй н.Мөнгөнсувд гэх эмэгтэй- "Ч. Нэргүй эгчийг нөхөр Б.Б нь зодоод ийм болгочихлоо би хүүхэд рүү утсаар хэлж мэдэгдсэн юм гэж хэлсэн. Тэр айлаас би эгч Ч. Нэргүйг аваад гарахад манай эгч нэлээн согтуу байсан тул шууд гэр лүү нь очсон. Гэрт нь очиход нөхөр Б.Б нь бас халамцуу согтуу байдалтай хувцас энэ тэрээ тайлаад унтах гээд байж байсан. Бид нар нөхрөөс нь "Чи яадаг яргачин бэ? эхнэрээ чи ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм гэсэн чинь өөдөөс Б.Б "Та нар намайг барахгүй шүү би зодоогүй шүү мэдэхгүй та нар тэр ханддаг газраа хандахгүй юу гэх зэргээр согтуурхаж их тохуурхангүй хандаж байсан. Тэгээд бид нар удаа ч үгүй дүүгийнхээ хувцсыг солиод машинтай шууд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Замдаа явах зууртаа би Ч.Н дүүгээсээ чамайг хэн зодсийн яалаа гэж зодсон юм гэж асуусан чинь Ч.Н- "Манай нөхөр Батаа намайг зодсон. Эхлээд айлаас гарч гэр лүүгээ явах замдаа гудамжинд зодоод байхаар нь би зугтаад тэр Б.Ариунболд гэх айлын гэрт нь орсон чинь нөхөр Б.Б нь араас нь тэр айл руу ороод авч гараад гадаа гаргаж байгаад унагаад толгой руу нь гутлаараа дэвсэж тархи толгойг нь хагалсан гэсэн. Ч.Н орилоод-"Чи яаж байгаа юм бэ тархи толгой хагалаад хаячлаа шдэ гэж хэлсэн чинь өөдөөс нь Б.Б нөхөр нь-Би чамайг зодоогүй шүү гэж хэлчхээд гэр лүүгээ явчихсан гэсэн. Тэгээд бид нар Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд дүүгээ үзүүлсэн чинь толгойн тус газар 10 гаруй см урттай арьсийн язлаад ураад хаячихсан 6 ширхэг оёдол тавиулсан. Баруун зүүн хоёр нүд нь хоёулаа хөхөрч хавдаад тагларсан байсан. Эрүү орчимд нь уруул нь бас хөхөрсөн шарх сорвитой байсан. Тэр Б.Ариунболд гэх айлын гадаа зодох үед тэр айлын эхнэр н.Мөнгөнсувд гэх эмэгтэй харж голоор нь орж салгаж авсан гэсэн. Манай дүү Ч.Н хэлэхдээ-Гудамжинд тэр хоёр халамцуу согтуу байдалтай гэр лүүгээ харьж явж байтал гэнэт нөхөр Б.Б нь Ч.Нгийн нүүр лүү эхлээд нэг удаа гараараа цохисон гэсэн. Ч.Н газар унаад "Хүүеээ чи яаж байна гэсэн чинь нөхөр нь "Чамайг би алнаа гээд нүүр лүү нь дахиж цохисон толгой руу гутлаараа өшиглөж дэвссэн гэсэн. Тэр үед толгой тархинаас нь цус гараад байхаар нь Ч.Н айгаад тэр ойрхон байдаг Б.Ариунболд гэх айл руу зугтаад орсон гэсэн. Тэр эмнэлэг явах замдаа яриандаа Ч.Н хэлэхдээ-"Тэднийхтэй ойрхон байдаг Таванбаяр гэх 50-60 орчим насны нэг ах байдаг гэсэн. Унаа машинтай болохоор нь тэр хүнийг гуйж түлээ нүүрсээ дөхүүлдэг, нааш цааш ойр зуур хүргүүлдэг юм гэсэн. Тэгэнгүүт нь тэр хүнтэй нь Б.Б хардаад байдаг юм гэсэн. Согтуудаа бас тэр хоёр тэр асуудлын талаар маргалдаж муудалцаж зодоон болсон байх.  Өмнө удаа дараа зоддог байсан. Зарим нэг ойр зуур зодолдсон асуудлаа бол огт бид нарт хэлэхгүй шдэ. Хааяа нэг гэр орноор нь очихоор Ч.Нгийн нүүр ам нь хөхөрчихсөн л харагддаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...  /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Д.Б...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэр “4-р зөрлөг” гэх газарт 5-04 тоот хаягт оршин суудаг юм. 2024 оны 03 сарын 18-ны өдөр 14-15 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрт гаднаас манай хуучин ажлын Б.Б эхнэр Ч.Нгийн хамтаар манайд зочилж орж ирсэн. Мөн Б.Бтэй цуг цэргийн ангид ажилладаг н.Жанчив, н.Отгонжаргал гэх хоёр ахлагч бас цуг орж ирсэн Б.Б, Ч.Н хоёр манайд анх орж ирэхдээ л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу маягтай орж ирсэн. Нөгөө хоёр ахлагч нь бол эрүүл саруул орж ирсэн. Ингээд манайд орж ирэхдээ Б.Б, Ч.Н хоёр дундаа нэг шил 0.75 литрийн талаараа шахам "Хараа" нэртэй архи барьж орж ирээд манайд тэр архиа бид нар хувааж уусан. Архиа ууж дуусчхаад бид нар нэмж архи уулгүй 17 цагийн орчим манайхаас н.Жанчив, н.Отгон хоёр түрүүлж гараад дараа нь цагийн орч Ч.Н хоёр дараахан нь манайхаас гэртээ харьлаа гээд цуг гарсан. Манайд байхдаа Б.Б Ч.Н хоёр хоорондоо болон бусад хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй зүв зүгээр архиа ууж дуусчхаад гараад явсан. Би тэд нарыг манайхаас явснаас нөгөөдөр өдөр нь Б.Б эхнэр Ч.Нг зодсон гэх талаар олж мэдсэн. Ер нь хуучин Зэвсэгт хүчний 314-р ангид цуг Б.Бтэй цуг ажилладаг байсан танилууд байгаа юм. Манай гэрт байхдаа Б.Б Ч.Н тэр хоёр авчирсан нэг шил 0.75 литрийн талаараа шахам "Хараа" нэртэй архи л хувааж уусан. Гэхдээ манайд орж ирэхдээ л тэр хоёр гаднаас уучихсан халамцуу маягтай орж ирсэн. Сүүлд нь л би тэр хоёрыг манайхаас гараад гэртээ харих замдаа зодолдсон гэж дуулсан. Түүнээс бол манай гэрт байхдаа бол ямар нэг зодоон цохион, хэрүүл маргаан болоогүй. Өмнө ч би тэр хоёрыг хоорондоо зодолдож байсан хэрүүл маргааны талаар мэдэхгүй. Мэдэхгүй байна. н.Жанчив, н.Отгонжаргал гэх цуг орж ирсэн хоёр ахлагч нь түрүүхэн нь гараад салаад явчихсан гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.М...Ч.Н эгч Б.Б ах хоёр манай нөхөр Б.Ариунболдтой цуг ЗХ-314 дүгээр ангид хуучин цуг ажилладаг байсан юм. Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “4-р зөрлөг” гэх газарт Б.Б ах Ч.Н эгч хоёрын эзэмшлийн хоосон хашаанд түр буучихсан амьдарч байгаа юм. Сая энэ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн орчим би гэртээ байж байтал Ч.Н эгч Б.Б ах хоёр манайд нэлээн согтуу байдалтай орж ирсэн. Гэрт орж ирчихээд тэр хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байхаар нь би гэрээсээ хөөж гаргасан. Манайхаас гараад тэр хоёр хашаан дотор хоорондоо маргалдаж байснаа гэнэт Ч.Н эгч муухай орилоод явчихаар нь гараад очтол Ч.Н эгч газар шороон дээр уначихсан толгой нь хагарч язраад цус их хэмжээгээр алдаж байсан. Б.Б ах алив ахдаа шанагатай ус гаргаад өг цусыг нь цэвэрлээд өгий гээд манайхаас шанагатай ус хутгаж авч гарснаа Ч.Н эгчийн толгой руу шанагатай ус асгаж байснаа хажуугаар нь Ч.Н эгчийг газар унагачихсан байхад нь дээр нь дэвсэж өшиглөөд байсан. Тэр үед би очоод Б.Б ахыг хашаанаас хөөж гаргаж Ч.Н эгчийг гэртээ оруулж шарх цусыг боож цэвэрлэж өгөөд ар гэрт нь эгчид нь хүүхдүүдэд нь утсаар мэдэгдэж манайхаас ирж авсан. Тэр хоёр хоёулаа их согтсон согтуу байсан. Тухайн үед би анзаарч харахад Ч.Н эгчийн баруун нүд хацар орчим хөхөрч хавсан ил харагдах гэмтэл шархтай байсан. Манайд орж ирэхээс өмнө Батжигжид ах Ч.Н эгчийг гудамжинд зодсон гэсэн. Намайг гэрт байхад гэрийн гадна Ч.Н эгч орилж хашгирах чимээнээр гарч харах үед Ч.Н эгч газар уначихсан хажууд нь Б.Б ах зогсож байсан. Ч.Н эгчийн толгой хагараад цус гарч байсан Б.Б ах манайхаас шанагатай ус авч гараад цусыг нь цэвэрлэж толгой дээрээс нь ус асгаж байхдаа Ч.Н эгчийг газар унасан байхад нь дээрээс нь дэвсэлж өшиглөөд байсан тул би голоор нь орж тэр хоёрыг салгасан. Манайд надаас өөр том хүн байгаагүй. Бага насны хоёр хүүхэдтэйгээ би байсан. Тэр хоёр согтуудаа хоорондоо маргалдаад тэгээд Б.Б ах зодчихсон. Нэг хүнтэй хардаад хэрэлдэж маргалдаад байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолын уншиж танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Би баруун гараараа 2 удаа, баруун хөлөөрөө 1 удаа эхнэр Нэргүйн толгой хэсэг 1 удаа, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Намайг цохиогүй. Би тухайн үед согтуу байснаас болж маргалдан зодсон байсан. Манай эхнэр надаас гомдол санал юм нэхэмжлээгүй. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна... /хх-ийн 36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Долгор:

... Б.Бийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Нг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “...баруун зулайн хуйханд шарх, духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, эрүүний зөөлөн эдийн цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн... гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

  

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Бийн тухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь өөрөөр хэлбэл иргэн Ч.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, улмаар дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг буюу эхнэр болох хохирогч Ч.Нн биед баруун зулайн хуйханд шарх, духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, эрүүний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн хөнгөн гэмтэл санаатай учруулсан байгаагаараа тус тус хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Б.Б хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд толгойд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн улсын яллагч шүүгдэгч Б.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлоод байгаа боловч энэ талаар согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоосон болон шалгасан нотлох баримт хавтаст хэрэгт баримт байхгүй, зөвхөн мэдүүлгийн баримт л авагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мэдүүлэг өгөггч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар мэдүүлэг өгөгчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч.Нгийн биед баруун зулайн хуйханд шарх, духны зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, эрүүний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ч.Н нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Долгор:

... Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч ял тохиролцож орж ирсэн. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Прокурорын саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд цэргийн ангийн байгууллагад жолооч ажилтай. Торгуулийн ялыг биелүүлэх бүрэн боломжтой... гэсэн саналыг

 

Шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Бэд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2434000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч Б.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН