| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
гэрч Г.Агарзандан,
насанд хүрээгүй гэрч Ч.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б Ц.Оэд холбогдох эрүүгийн 2434000000044 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 1979 оны 07 дугаар сарын 03-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, бие эрүүл, , Б Ц.О.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Ц.О:
...13-ны өдөр би хотоос ирээд Г.Ангарзандан руу яриад идэх юм байна уу гэж асуугаад орж хоол идчихээд гарах гэж байхад цуг байдаг эгч хотоос ирж байна гэхээр ирэхээр нь гаръя гэж бодоод байж байтал хаалга цохисон. Хаалга цохихоор нь харахад согтуу хүн үүдэнд зогсож байсан. Хаалга онгойлгоод орох гээд байхаар нь хүүхэд айлгачихлаа гээд цээж рүү нь түлхээд хаалга хаасан. Эгч нь хотоос иртэл нь хамт байж байгаад эгчийн ирэхээр гараад явсан... гэж,
хохирогч Б.Т:
...14-15-нд шилжих шөнө 12 цагийн үед найзуудтайгаа “Титэм” бааранд сууж байгаад тэндээс гараад алхаад явж очиход Г.Ангарзандангийн цонхыг тогшоод “Жак ах нь байна” гэхэд өөдөөс Ц.О гарч ирээд юу вэ гээд нүүр рүү цохиход би арагшаа шатан дээр савж унаад босоод ирэхэд хаалгаа хаагаад дахиж онгойлгоогүй. Тэгээд хойд айл руу ороод “ахдаа цагдаа дуудаад өгөөч, ахынхан утасны цэнэг дуусчихлаа” гээд цагдаа дуудуулсан. Тэгээд цусаа гоожуулаад байж байхад цагдаа ирсэн. Цагдаа ирээд хаалгын тогшиход нээгээгүй. Тэгээд цагдаатай хамт эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход хавдартай байна хавдрын буухаар ирж гаргуулаарай гэж хэлээд явуулсан. Өөрөө цохичхоод нэг ч удаа очиж уулзаагүй, утсаар яриагүй. 10 хоног ажлаа хийж чадаагүй. Өдөрт 250,000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн орлогоо нэхэмжилж байгаа. Мөн өмгөөлөгчийн 1 500 000 төгрөг нэхэмжилнэ байгаа. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа... гэж,
гэрч Г.Агарзандан:
...2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Ц.О надтай утсаар яриад “хоол байна уу” гэж асуухаар нь байна гэж хэлээд Ц.О ирж хоол идээд юм яриад суугаад байгаад гарах гэж байтал н.Түвшинжаргал хаалга, цонх нүдээд байсан. Түвшинжаргал хаалга, цонх нүдээд байсан. Тэгээд Ц.О хаалга нээгээд яасан чанга хаалга нүддэг юм гээд зүүн гараараа цээж рүү нь түлхээд хаалгаа хаагаад гэртээ буцаад орсон... гэж,
насанд хүрээгүй гэрч Ч.Г:
...Он, сарын сайн санахгүй байна. Орой 22 цагийн үед хөдөөнөөс ирээд гэртээ байж байгаад урагшаа айл руу явахаар болоод ахыгаа дуудаад юм яриад байж байхад хохирогч гэх ах хаалгын нүдээд, шүүгдэгч гэх ах хаалга нээсэн. Нэг харахад хохирогч ах хойшоо унаж байсан. Тухайн үйл явдал нэлээн орой болсон. Харанхуй байсан болохоор арагшаа унаж байхын л харсан. Тэгээд гэртээ ороод унтах гэж байхад хохирогч гэх ах орж ирээд утсаа жоохон цэнэглэчихье цэнэглэгчээ түр өгөөч гээд утсаа цэнэглэсэн... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000044 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ц.Оийн 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Хүнсний үйлдвэрийн байранд хохирогч Б.Тыг “...хаалга нүдлээ...” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай ...Б.Тын биед хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хохирогч Б.Тын ...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр титэм нэртэй газар найзуудтайгаа уулзаж сууж байгаад 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цаг болж байхад Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг хүнсний үйлдвэрийн байранд байх гэртээ харихаар явсан. Гэрийнхээ гадаа ирээд хаалга тогштол гэрээс Отгонсүх гарч ирээд баруун гараараа миний зүүн талын нүд болон хамар хэсэг рүү 1 удаа цохисон тэгээд би газар унасан. Тэгээд Отгонсүх хаалга хаагаад цоожлоод авчихсан. Тэгээд би хойд айлын руугаа ороод утсаа цэнэглээд цагдаа руу дуудлага өгсөн. Гэрт ороогүй болохоор хэн хэн байсныг мэдэхгүй байна. Тухайн гэрт Агарзандан гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт, мөн миний хамтран амьдрагч Оюумаа нар амьдардаг юм. Тухайн үед бол Оюумаа байхгүй байсан. Сайн танихгүй, гэхдээ зүс бол танина. Манай засвар дээр ирж машинаа янзлуулж байсан. Бид хоёр маргалдаагүй. Би хаалга тогшоод орох гэхэд үгийн зөрүүгүй өөдөөс цохиод авсан. Хэрэглэсэн байсан. Биеэ хянах чадвартай байсан. Отгонсүхийг бол уусан үгүйг нь мэдэхгүй байна. Гараараа миний зүүн нүд, хамар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Өөр цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 6 дугаар хуудас/
насанд хүрээгүй гэрч Б.У...Түвшинжаргал болон Отгонсүх гэх хүмүүсийг танина. Түвшинжаргал ах Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг хүнсний үйлдвэрийн байранд Оюунмаа эгчтэй уулзахаар хааяа нэг ирдэг. Отгонсүх гэх хүн манай ээжтэй уулзахаар ирдэг ах байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20-21 цагийн үед Отгонсүх ах манай Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг хүнсний үйлдвэрийн байранд ирсэн. Тэгээд тэр ах ирээд хоол идээд байж байгаад ээж дүү бид 4 хамт дэлгүүр орчихоод ирсэн. Гэрт ирээд ээж Отгонсүх ахтай гал тогоонд юм яриад сууж байсан. Тэгээд би дүүтэйгээ том өрөөнд унтах гээд хэвтэж байтал хаалга хүн цохисон. Тэгээд Отгонсүх ах хаалга онгойлгож өгөөд яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд Түвшинжаргал ах хаалга нүдээд, цонх цохиод байж байгаад чимээгүй болсон. Тэгээд удалгүй Оюунмаа эгч орж ирээд Отгонсүх ах ээж хоёр гараад явсан. Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Отгонсүх ах манайд ирээд хэрэв цагдаа чамаас мэдүүлэг авах юм бол намайг тэр ахыгаа түлхсэн гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Цонх цохиж байхдаа Түвшинжаргал ах нь байна гэж орилсон тэгээд би Түвшинжаргал ахыг байна гэж мэдсэн. Надад нэмж ярих зүйл алга... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Г.А...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг болж байхад Отгонсүх Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг хүнсний үйлдвэрийн байранд байх манай гэрт ирж цай уусан. Цай уучихаад нэлээн байж байгаад хоёр хүүхдийн хамт Отгонсүх бид 4 дэлгүүр гарсан. Тэгээд гэртээ ирээд хэсэг байж байгаад 23 цагийн үед би Оюумаа эгч рүү ирж байна уу гэж залгахад одоо би очиж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Отгонсүх бид хоёр хувцсаа өмсөөд гарах гэж байтал хаалга хүн нүдсэн. Тэгээд Отгонсүх очоод хаалга нээтэл Жак буюу Түвшинжаргал байж байсан. Тэгээд Отгонсүх нялх нойтон хүүхэд байхад яах гээд хаалга нүдээд байгаа юм, хүүхэд айлгаад гэж хэлээд Түвшинжаргалын цээж хэсэг рүү түлхээд хаалга цоожлоод авсан. Тэгээд хаалга нүдээд болохгүй болохоор нь энэ хэн юм бэ гэж Отгонсүх надаас асуухаар нь би Оюунмаа эгчийн найз залуу Түвшинжаргал байгаа юм гэж хэлээд цагдаагийн байгууллага руу согтуу хүн ирчихээд хаалга нүдээд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй 20 минутын дараа Оюунмаа эгч орж ирсэн тэгээд Отгонсүх бид хоёр зөрөөд гараад явсан. Тухайн үед гал тогооны өрөөнд Отгонсүх бид хоёр, том өрөөнд манай хоёр хүүхэд байсан. Аөр хүн байгаагүй. Түвшинжаргал, Отгонсүх хоёр хоорондоо маргалдаж муудалцаагүй. Цагаан өнгийн өөрийнхөө жижиг машинтай гэрийн гадаа ирсэн. Машины хажууд өндөр туранхай залуу байсан. Жак ахаа явъя гээд хашхирч байсан. Түвшинжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Отгонсүх, Түвшинжаргалыг зодож цохиогүй, цээж рүү нь 1 удаа түлхсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч А.А...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байхад 19 цаг 49 минутанд 96151509 гэсэн өөрийн дугаараасаа Түвшинжаргал залгаад найзынхаа машин ирээд авчихаа би найзуудтайгаа хамт суух гээд байна гэж хэлдэг. Би гэрээсээ гараад Титэм гэх нэртэй баарны гаднаас очиж Түвшинжаргалаас машиныхан түлхүүрийг авсан. Тэгээд би Титэм баарны ар Түвшинжаргалын машиныг унаж авч яваад Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 6-25 тоот хашаандаа оруулж тавьсан. Тэгээд гэртээ байж байтал 23 цаг 12 минутанд манай 2 найзыг ирж аваар гэрт нь хүргээд өгөөч гэж над руу Түвшинжаргал өөрийнхөө дугаараас залгасан. Тэгээд би 5-10 минутын дараа өөрийн 81-27 ТӨҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн машинтайгаа авахаар очсон. Тэгээд Титэм гэх нэртэй баарны үүднээс эхнэр нөхөр 2 найзыг нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр Баянхошуу руу явсан. Түвшинжаргал найзан ойрхон алхаад гэртээ орчихно гэж хэлээд үлдсэн. Тэгээд би гэртээ харьсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01 цаг 22 минутанд Түвшинжаргал өөрийн дугаараас залгаад би хүнд зодуулчихлаа намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд Түвшинжаргалын төрсөн дүү Царцаатай хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг хүнсний үйлдвэрийн цагаан нэг давхар байрнаас очиж авсан. Намайг очиход цагдаа ирж байсан. Намайг Түвшинжаргал дээр очиход хамар нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд цагдаа нар аваад эмнэлэг рүү явсан. Тухайн үед Түвшинжаргалын дүү утсаараа зураг авч байсан. Гэртээ орох гээд хаалга цохисон чинь хаалга онгойлгоод урдаас нүүр манартал цохичихлоо гэж хэлсэн. Цагдаа тухайн айлын хаалгыг нүдээд ерөөсөө онгойлгохгүй байсан. Намайг очиход ганцаараа хамраа бариад тонгойгоод сууж байсан. Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл бол байгаагүй. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл машин, хүн байхгүй байсан. Түвшинжаргалын машин манай хашаанд байсан. Түвшинжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ болсон зүйлийг бол тодорхой хэлж ярьж байсан. Тэр байранд миний суух гэж байгаа эхнэр байдаг юмаа гэж надад хэлж байсан. Тэр байранд Түвшинжаргалыг амьдардаг үгүйг нь мэдэхгүй байна. Би тийм хүн огт танихгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Ц.Оийн ...Би 2024 оны 01 дүгээр 13-ны өдөр 20 цагийн үед Агарзандантай утсаар яриад идэх юм байна уу гэж асуухад банштай будаатай цай хийчихсэн байна, хоёр хүүхэдтэйгээ байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиж машинаа тавьчхаад 20 орчим минутын дараа Агарзандангийн гэрт очсон. Агарзандангийн гэрт очоод хоолоо идчихээд 2 хүүхдийг дагуулаад дэлгүүр орчхоод ирсэн. Тэгээд гэрт нь очоод байж байтал Агарзандан танайд очиж хоноод усанд оръё гэж хэлсэн. Тэгээд Агарзандан хамт амьдардаг эгч Оюумаа руу 23 цагийн үед ирж байгаа үгүйг нь асууж залгасан. Тэгээд эгч нь одоо очиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Агарзандан хоёр хүүхдээ үлдээгээд хувцсаа өмсөөд явах гэж байтал гэрийн хаалгыг хүн цохисон. Тэгээд би эгч нь ирж байна гэж бодоод очоод хаалгыг онгойлготол Түвшинжаргал гэх залуу согтуу зогсож байсан. Тэгэхээр би хаалга үүд эвдлээ, хүүхэд айлгалаа гэж хэлээд цээж рүү нь түлхээд хаалга хаагаад цоожилсон. Тэгээд энэ хэн бэ гэж Агарзандангаас асуухад нөгөө эгч дээр ирдэг хүн байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд Түвшинжаргал гэх залуу хаалга нүдээд, цонх нүдээд байсан. Тэгээд би цагдаа дуудаад өг гэж Агарзанданд хэлсэн. Агарзандан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд 12 цаг болж байхад Оюумаа ирээд Агарзандан бид хоёр гараад явсан. Би Түвшинжаргалтай муудаж маргаагүй. Хаалга үүд эвдлээ гээд хаалгаа онгойлгоход өөдөөс зөрөөд орох гэхээр нь би Түвшинжаргалын цээжний хэсэг рүү нь 1 удаа түлхээд буцаагаад хаалгаа хаагаад цоожилсон. Би Түвшинжаргалыг зодож цохиогүй. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Гэрт цаад өрөөнд 2 хүүхэд байсан, Агарзандан бид хоёр гэрээс гарах гээд байж байсан. Өөр хүн байгаагүй. Гэрийн үүдэнд цагаан өнгийн жижиг машин зогсож байсан. Нэг өндөр туранхай залуу машины хажууд Жак ахаа явъя гэж хэлээд зогсож байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Түвшинжаргал согтуу байсан. Хаалга үүд нүдээд байгааг бодоход нэлээн согтолттой байсан гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Ч.Г...Түвшинжаргал гэх хүнийг танихгүй. Отгонсүх гэх хүнийг бол зүс танина. Нэлээн олон жилийн өмнө манай хөрш байсан. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 00 цаг өнгөрч байхад ах Сумъяабазар ах найз охиныхоо хамт манай гэрийн гадаа буюу Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг хүнсний үйлдвэрийн 36 дугаар байрны 5 тоотод ирсэн. Ах гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэж хэлсэн. Гарахаас өмнө хажуу айлын хаалгыг хүн цохиод байсан гэрт байхад надад сонсогдсон. Тэгээд гэрээс гарахад намхан, шар царайтай ах буюу Түвшинжаргал гэх хүн цохиод зогсож байсан. Тэгээд би ахтайгаа цагаан өнгийн Приус-20 маркийн машины цонхоор нь толгойгоо оруулаад уулзаад зогсож байхад хаалга онгойлгоод нэг эрэгтэй хүн тэр намхан, шар царайтай ахыг нэг удаа нүүрний хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд тэр ах хойшоогоо унах шиг болсон. Тэгтэл нөгөө гэр дотроос унтаж амраахгүй, багахан дээрэлхээрэй, өө Жак пизда байна шдээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах унасан байдлаараа манай үүдний амбаарны ханыг налаад шатан дээр сууж байсан. Тэгээд би Сумъяа ах болон найз охинтойн хамт гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ байж байтал удалгүй 2 минутын дараа хаалга хүн тогшсон. Тэгээд очоод онгойлготол нөгөө зодуулсан намхан, шар царайтай ах надад ах нь эхнэрийнхээ гэрт орох гэсэн чинь шал танихгүй хүн намайг цохичихлоо, ах нь дүүгээ дуудах гэсэн чинь утасны цэнэг дуусаад унтарчихлаа, цэнэглэгч байвал ах нь утсаа цэнэглээд, дүүгээ дуудаад гарчхаж болох уу гэж хэлэхээр нь тэгээ тэг ах гэж хэлээд гэртээ оруулаад цэнэглэгч өгөөд ах утсаа цэнэглээд 30 минут суусан. Тэгээд би одоо ахаа бид нар унтах гээд байна, та одоо гарчихаа гэж хэлсэн. За за ахын дүү гэж хэлээд утсаа цэнэг оруулж аваад гарсан. Гарахад нь та цагдаа дуудах гээд байгаа юмуу 7027102 гэж залгаарай гэж хэлээд гаргасан. Тэгээд тэр ах цагдаа руу залгаад гэрээс гарсан. Тухайн үед нүүрнийхээ хэсэгт 1 удаа цохиулсан. Хаалга онгойлгоод шууд цохисон. Тэгээд тэр ах хойшоогоо унах шиг болсон. Энэ үйл явдал маш хурдан болсон, тэр гэрийн хаалга онгойлгосон хүн цохичхоод өө Жак пизда байна шдээ гэж хэлсэн. Гэрт орох гээд шатан дээр зөрөхдөө намхан, шар царайтай ахын нүүр рүү хартал зүүн талын нүдний хэсгээс цус гарч байсан. Нүд нь улайчихсан байсан. Надаас өөр хүн хараагүй. Манай ах эгч хоёр хараагүй. Надаас сая юу болчихвоо гэж асуусан. Манай ахын цагаан өнгөтэй, Тоёота Приус-20 маркийн машин л байсан. Өөр ойр хавьд манай ахын машинаас өөр машин байгаагүй. Ямар нэгэн хүнтэй хамт байгаагүй. Ганцаараа байсан. Согтуу байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, биеэ хянах чадвартай, хэл яриа зүгээр байсан. Тэр цохисон хүн дээгүүрээ шалдан байсан. Тарган, өндөр, бор царайтай ах байсан. Отгонсүх гэх ах мөн байсан. Тэр ах урт хар курткатай байсан санагдаж байна. Надад нэмж ярих зүйл алга... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Оийн ...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би 20 цагийн үед Агарзандан гэх найзынхаа гэрт буюу Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг хүнсний үйлдвэрийн эр очсон. Тэгээд хоолоо идчихээд 21 цагийн үед Агарзандангийн 2 хүүхэдтэй хамт 4-үүлээ гарч дэлгүүр орчхоод ирсэн. Тэгээд дэлгүүр орж ирээд Агарзандантай хамт гал тогооны өрөөнд юм ярьж сууж байгаад хамт амьдардаг эгч Оюунмаа ирж байна гэхээр нь 2 хүүхдээ эгчид нь үлдээгээд гарах гээд үүд рүү очиж байтал өөдөөс хаалга цохиод чанга чанга хүн балбаад байсан. Тэгээд би эгчийг нь ирж байна гэж бодоод хаалга үүд эвдэхнээ гээд хаалгаа онгойлготол эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд хаалга татаад орох гэхээр нь хүүхэд айлгачихлаа гэж хэлээд цээж рүү нь түлхээд хаалгаа цоожлоод гал тогооны өрөөнд сууж байтал ахиад хаалга үүд, цонх балбаад байсан. Тэгээд би Агарзанданг цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд Агарзандан цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг чимээгүй болоод байж байтал Оюунмаа эгч нь ирэхээр нь Агарзандан бид хоёр зөрөөд манай гэр рүү явсан. Түвшинжаргал бид хоёр муудалцаж маргалдаагүй. Би огт хэрэглээгүй эрүүл байсан. Түвшинжаргал нэлээн согтуу байсан. Би Түвшинжаргалыг цохиж зодоогүй. Цээжин хэсэг рүү 1 удаа түлхээд хаалгаа хаасан. Дээгүүрээ ногоон курткатай, доогуураа өмд гуталтайгаа байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Түвшинжаргал гэх хүнийг зодоогүй. Багцаагаар 23 цаг 50 минут болж байсан гэж бодож байна. Тухайн гэр бол Агарзандангийн амьдардаг, түрээсийн байр байгаа юм. Агарзандан гэх хүн Оюунмаа гэх эмэгтэй болон 2 хүүхдийнхээ хамт байдаг. Түвшинжаргал гэх хүн бол амьдардаггүй. Агарзандантай цуг байдаг Оюунмаа гэх эгчтэйн уулздаг юм шиг байсан. Агарзандан бид хоёр 20-30 минутын дараа гэрээс гарсан. 7-8 минут орчим нүдсэн. Ямар хүн, машин тэрэг байгаагүй. Манай найз Агарзандан цагдаа руу дуудлага өгөөд дуудлага хүлээж авлаа гэж хэлчихээд ирэхгүй байхаар нь буцаад цагдаа руу залгасан чинь намайг гичий минь гэж манай гэрт ирээд нэлээн хэсэг байж байгаад надад хэлэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний 01 цаг 45 минутанд 102 руу залгаж асуусан. Тэгээд ёс журам гэж ямар хүн байна, ёс журам гэж байна уу гэж асуусан утасны цаанаас эрэгтэй хүн би байна, ямар хэрэгтэй юм гэж хэлээд тэгээд утсаа тасалсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг Хүнсний үйлдвэрийн байранд Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 254.420 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч Ц.О нь нөхөн төлөөгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-р зэрэглэлд хамаарч байна. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Тд олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээх эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Гэм бурууг нотлох гэж орж ирж байгаа учраас хууль зүйн үндэслэлийг нарийн гаргах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Сэтгэцэд учирсан хохирол нь 2-р зэрэглэлд хамаарч байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин болох 10 хоногийн цалин 2 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Дээрх хохирлыг гаргуулах нь зүйн үндэслэлтэй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Т:
...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг:
...Гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зөрж байна. Хохирогч Б.Т нь мэдүүлэгтээ “01 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Ц.Отгонжаргал намайг цохиж унагасан” гэж мэдүүлдэг. Хэлэлцүүлгийн явцад гэрчээс “хаалга яаж онгойдог вэ гэхэд хаалга гадна тал руугаа нээгддэг” гэж хэлсэн. Хаалга онгойлгоод баруун гараараа хүн цохих боломжтой юу. Түлхэх үед унахдаа гэмтсэн байх магадлалтай. Тэрнээс биш энэ хүнийг санаатайгаар зодоод гэмтээсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Гэрч Ч.Г нь зарим зүйлээ үгүйсгэж ярьж байна. Мөрдөн байцаалтын үед мөрдөгч мэдүүлэг аваад өөрт нь уншуулаагүй юм шиг байна. “ Машины гэрэл харсан”, “Цонхны гэрэлд харсан” гэж ярьж байна. Гэтэл машины гэрэл болон, цонхны гэрэлд Ц.Оийг хаалга нээгээд хаах үед Ц.Оийг цээж нүцгэн байна уу, хувцастай байсан уу гэдгийг харах боломжгүй. Хохирогчийг унаж байх явцад гэрч гарсан болохоос биш яг хаалга нээгээд түлхээд хаалгаа хаасан гэж хэлдэг. Энэ хүний нүүр нь цус болсон бол цусаа цэвэрлэх, эсхүл эмнэлэг явах ёстой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй. Мөн хохирогч нь шөнийн 01:22 цагт дуудлага өгсөн. Гэтэл цагдаа 02:40 минутад цагдаа дуудлагыг хүлээж аваад очоод эмнэлэг авч явж үзүүлсэн гэж ярьдаг. Гэтэл цагдаагийн дуудлага мэдээлэл хүлээж авсан лавлагаагаар 02:40 минутад хүлээж аваад 02:50 минутад дуудлагаас ирсэн гэж тэмдэглэсэн байгаа. Утасны билл дээр 01:47 минутад цагдаа руу Ц.О нь хаалга нь нүдээд байна гэж залгасан байдаг. Тэгэхээр хохирогч цагдаад дуудлага өгсөн цаг нь таарахгүй байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.О:
...Би энэ хүнийг цохиогүй байж цохисон болоод явж байгаад гомдолтой байна. Би тухайн өдөр цээж нүцгэн байгаагүй. Хувцастайгаа куртиктэй байсан. Би “Жак пизда амраахгүй” гэж орилоогүй. Би тэр айлд унтаж амрах гээгүй. Хоол идчихээд гарах гэж байсан... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ц.О маргадаг бөгөөд хүлээн зөвшөөрөөрөөгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ц.Оийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ц.О хохирогч Б.Тыг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ц.Оийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Тыг биед хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар 254.402 /хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг, шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хохирол 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Улмаар шүүхээс шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.554.402 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дараа шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийн өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирогчид 3.554.402 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг төлөх талаар хүсэлтийг гаргасан бөгөөд улсын яллагч тайлбар гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар шийдвэр гаргаж,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар завсарлууллаа.
Хохирогч Б.Т нь гэм хорын хохиролд 3.554.402 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гаргах гомдол саналгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.О нь хохирогч Б.Тд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргуулах зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Хуульд зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл харагдахгүй байна. Иймд шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Т:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг:
...Ц.О нь 2 өнчин хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Ц.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүндээ гэмшиж байгаа учраас эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.О:
...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагч ...800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Оэд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд улмаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Оэд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Ц.Оэд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2434000000044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Ц.Оэд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид эмчилгээний зардалд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Ц.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ц.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН