| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогч С.Б,
шүүгдэгч Г.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Г.Цид холбогдох эрүүгийн 2434000520076 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1989 оны 01 дүгээр сарын 02-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ахлах тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт,
урьд Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, Б Г.Ц.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Ц:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Хохирогч Б:
...Би Од супермаркетад ажилладаг байсан. Ажил тарахад намайг ирж авсан. Тэгэхэд намайг ажлаасаа гар гээд би ажлаасаа гарахгүй гээд бид хоёр муудсан. Тэгээд намайг баруун талын хацар луу хоёр удаа цохисон... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000520076 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Цсогтуугаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар багийн нутагт гэрт бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай ...С.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
хохирогч С.Б...Яагаад гэвэл Ганбатын Ц гэх хүнд удаа дараа зодуулж байна. Зодох болгондоо дарамталж, зоддог, намайг 4 дэх удаагаа зодож байна. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний цээжин хэсэгт хөх эрээн болтол зодож байсан. 2023 оны 09 дүгээр сарын 27-нд нүүр хэсэгт, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөн нүүр хэсэгт Г.Цнь гар болон хөлөөрөө зоддог байсан. Дандаа ихэвчлэн ганцаараа байгаа үедээ зоддог байсан. Намайг зодуулаад хөхөрсөн байсныг манай ажлын хүмүүс болон манай хүүхдүүд харсан. Миний ажиллаж байсан Од супермаркетын ахлах тогооч Сүхбаатарт 2023 оны 12 сарын 14-ний өдөр зодуулснаа хэлж байсан. 2023 оны 09 сарын 29-нд зодуулсан байхдаа Од супермаркетын үйлчлэгч Батчимэгт хэлж байсан. 2023 оны 12 дугаар сарын 15-нд Цийн гэрт ээж Цогзолмаа дээр нь очоод Ц намайг зодсон гээд миний нүүр хавдсан байснаа үзүүлж байсан. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байгаагүй. Баримт байхгүй. Би 1.200.000/нэг сая хоёр зуун мяган/ төгрөг өгөөгүй. Ц нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний эзэмшлийн амьдардаг Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар баг 7-717 тоот газрын гэрчилгээг ХАС БАЯЖИХ ББСБ-д 1.200.000/нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Би газрынхаа гэрчилгээг Цаас гаргуулж авмаар байгаа юм. Миний газрын ХАС БАЯЖИХ банк бус санхүүгийн байгууллага хурааж авна гэж байна лээ. Миний газрын гэрчилгээг барьцаалж авсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй. Миний нүүрний баруун талын хацар нь хонхойсон, хөхрөлт хавдартай, өвдөлттэй байгаа. Би хамт амьдраад 2 сар болж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Би хашааныхаа газрын гэрчилгээг олж авмаар байна. Эрүүл мэндээрээ хохирсон болохоор эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/
түүний дахин өгсөн ...С.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний орой Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 7-717 тоот манай гэрийн гандан миний баруун нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон юм. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Ц бид хоёр төлөхөөр тохирсон. Тэр мөнгийг бид хоёр хоёулаа хэрэглэсэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Д.Б...Цийн танихгүй. Батсуурийг танина. Од супермаркетэд Бтай хамт ажиллаж байсан. Төрөл садны холбоо байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Од супермаркэт нь шинэ жилээ тэмдэглэсэн юм. Үүнээс 4-5 хоногийн дараа Б ажилдаа ирсэн. Тэр үед ажилдаа ирэхдээ битүү маск зүүчихсэн, дээгүүрээ малгайгаа өмсчихсөн байсан. Тэр үед Б өөрөө маскаа аваад харуулаад хамт амьдардаг Цид зодуулаад ийм болчихлоо гэж хэлж байсан. Тэгэхэд Батсуурийн баруун талын нүд нь хөхөрч хавдсан, хацар нь бондойж хавдсан байсан. Бтай бие засах газарт таарахад хэлж байсан. Тэр үед бол тэнд надаас өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Б.Ц...Цийг сайн танихгүй. Б эгчтэй хамт ажиллаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Од супермаркет нь шинэ жил болсон. Үүнээс хойш 12 дугаар сарын 13-14-ний үед байсан байх Од супермаркет дээр Б эгч ажилдаа ирэхдээ баруун талын нүд хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд нөхөр Цид зодуулж гэмтсэн гэж хэлж байсан. Манай ажлын ихэнх хүмүүс бүгд байсан. Манай ажлын бараг бүх хүн Б эгчийн нүүр хөхөрч хавдсан байсныг харсан... /хх-ийн 26 дугаар хуудас/,
сэжигтэн Г.Ц...Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чаднаа. Би сэжигтний эрх үүргийг ойлгосон надад асуух зүйл байхгүй байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Бид хоёр хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр 2021 оноос хойш хамтран амьдарч байгаа. Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Цэвэрлэх байгууламжийн урд байх миний өөрийн амьдарч байсан гэрт 1 удаа гараараа Батсуурийн баруун нүд хэсэгт цохиод гарын булчин хэсэгт нь 1 удаа нийт 2 удаа цохисон. Хардалтаас болоод би цохисон. Б нь миний найзтай бэлгийн харьцаанд орсон байсныг нь би мэдээд уурлаж цохисон байгаа. С.Бамьдардаг Дэнж 2 дугаар баг Энгэрийн 2 дугаар гудамжны 7 тоотын газрын "ХАС БАЯЖИХ" ББСБ-гад 1,000,000/нэг сая/ төгрөгийн барьцаанд 2022 оны 09 дүгээр сарын сүүл 10 сарын эхээр тавьсан. Би 1,000,000/нэг сая/ төгрөг аваад түүнээс хураамж энэ тэр суутгал гээд 9,000,000/есөн зуун мянга/ орчим төгрөг авсан. Тэр мөнгөнөөс Б өрөө төлнө гээд 350,000/гурван зуун тавин мянган/ төгрөгийг авсан. Бид хоёр тухайн үед унаж байсан машиндаа сэлбэг авахаар 250,000/хоёр зуун тавин мянган/ төгрөг зарцуулсан. Үлдэгдэл мөнгийг Б бид хоёр ар гэртээ зарцуулсан. Б өөрөө мэдэж байгаа. Б бид хоёр хоёулаа "ХАС БАЯЖИХ" ББСБ-гад очиж барьцаанд тавьсан. Би батлан даагчаар оролцсон. Би Бтай өөртэй нь уулзаж байгаад асуудлыг нь шийднэ... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
шинжээч Д.Чулуунбаатарын ...Тиймээ. Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 41 настай, эмэгтэй, Содномцэрэнгийн Батсуурийн биед үзлэг хийж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 28 дугаартай дүгнэлт гаргасан нь үнэн. С.Б нь надад үзүүлэхдээ өөрт байгаа зовиурыг хэлэхдээ тонгойход хацар ясаар чинэрч өвдөнө гэсэн өгүүлэмжтэй байсан. Эмч хүний хувьд үзлэг хийгээд хацар ясны хугарал байхыг үгүйсгэхгүйгээр дүрс оношлогооны /компьютерт томограф, рентген зураг гэх мэт/ шинжилгээ хийх шаардлагатай байна гэж хэлэхэд Шүүх эмнэлэгт үзүүлэхээс өмнө толгойн компьютерт томографын шинжилгээ хийлгэчихсэн хариу нь 2 хоногийн дараа гарна гэсэн. Хариу нь гарахаар авчирч өгье гэж хэлсэн. Эмч хүн үзүүлж буй хүний гадна биеийн үзлэг хийхэд /тэмтрэх, тогших гэх мэт/ ясны хугарал байж болзошгүй гэж урьдчилан таамаглаж болно. Ясны хугарал байгаа эсэхийг дүрс оношлогооны шинжилгээгээр батална. С.Бтухайд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн толгойн компьютерт томографын шинжилгээгээр хацар ясны хугарал гэж оношлогдоогүй байсан. Тийм учраас хацар яс хугаралгүй гэсэн үг юм. Миний гаргасан 28 дугаартай дүгнэлтэд С.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, гэмтэл тогтоогдлоо гэж бичигдсэн байгаа. Дээрх гэмтэл нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. С.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргатай хатуу зүйл мөргөхөд үүсэх боломжтой. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 36 дугаар хуудас/,
яллагдагч Г.Ц...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар баг 7-717 тоот Батсуурийн гэрийн гадна гудманд муудалцаад гараараа 1 удаа баруун нүд хэсэгт нь цохисон. Б бид хоёр хааяа уулзаж байгаа. Бид нар эвлэрсэн. Батсуурийн нэр дээр байдаг газар байгаа юм. Б барьцаанд тавьж зээл авсан. Би батлан даагчаар гарын үсэг зурсан. “ХАС БАЯЖИХ” ХЗХ-ноос авсан зээлийг Б бид хоёр гэр орондоо хэрэглэсэн. Тэр мөнгийг Б л төлнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
... Шүүгдэгч Г.Цсогтуугаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар багийн нутагт гэрт бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Цэрэндашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч С.Б:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Ц:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Г.Цмаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Цнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Цнь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Цхолбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Г.Цтухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учруулж байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан ба гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учруулсан бол дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийг шинжээр зүйлчлэгдэнэ.
Улмаар шүүгдэгч нь хамтран амьдрагч болох хохирогч С.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулснаараа хүндрүүлэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Г.Цхүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нүдэнд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Цгэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Ббиед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч С.Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Цийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр саналтай байна. Урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 30 000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулж нийт 516 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч С.Б:
...Хэлэх зүйл байхгүй ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч: Г.Ц:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Улсын яллагч ...500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.
Шүүх шүүгдэгч Г.Цид хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Г.Цид таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 30.000 /гучин мянга/ төгрөгийн ялын 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоног буюу 8 /найм/ цагаар тооцож нийт 16 /арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 516 /таван зуун арван зургаа/ цагийн хугацаагаар тогтоож,
Улмаар шүүх шүүгдэгч Г.Цид оногдуулсан таван зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймаг, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Цид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000520076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Цэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Цид энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 30.000 /гучин мянга/ төгрөгийн ялын 15.000 /арван таван/ мянга төгрөгийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг таван зуун арван зургаан цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Цид шүүхээс оногдуулсан таван зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б Г.Цид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Г.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Г.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН