Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч Б.Адъяапүрэв нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Б.Адъяапүрэвт холбогдох эрүүгийн 201612000201 тоот  хэргийг  2017 оны  3 сарын 29-ний өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж,  эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг, “Жаргалант” гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овгийн Батсайханы Адъяапүрэв /РД:ЗД92122310/

            Шүүгдэгч Б.Адъяапүрэв нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байрны цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Адъяапүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр 16 цагийн үед Цогтбаатар гэдэг найзтайгаа суман дээр ирсэн. Би өмнө нь жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2 удаа хэсгийн төлөөлөгчид баригдсан юм. Бас намар намайг олон хүний нүдэн дээр хавирч унагаасан асуудлаас  болж хэсгийн төлөөлөгч Батбаяртай муудаж байсан. Тухайн үед би архи уусан байсан. Өмнө нь хэсгийн  төлөөлөгчтэй муудалцаж  байснаас болоод цонхыг нь хагалсан. Би энэ үйлдэлдээ гэмшиж  байна. Тэнд хүн амьдардаг гэж мэдээгүй, тэр цонх бүдэг гэрэлтэй байсан. Миний хийсэн гэмт хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэв.

2.Хохирогч Б.Өнөрболдын: “...Дундговь аймаг  дахь Цагдаагийн газрын Дэлгэрхангай сумын  хэсгийн  байрны сумын  цагдаа Насанжаргал амьдардаг өрөөний цонхыг 2016.11.17-ны өдрийн шөнө хагалсан гэж гомдол мэдээллээр орсон байсан. Дэлгэрхангай сумын  хэсгийн байрны давхар шилтэй вакум цонхны шилийг давхарт нь хагалсан. Би Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссын гишүүн Ц.Батцэнгэлийн 2017.03.21-ний өдөр гаргасан  10 дугаартай дүгнэлтийг хүлээн  зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх179-180/

3.Гэрч Б.Насанжаргалын: “...Би 2016.11.17-ны өдөр 01 цагийн үед Дэлгэрхангай сумын төвд цагдаагийн хэсгийн  байранд гэртээ унтах гээд зурагт үзээд хэвтэж байхад 2 удаа гэрийн хойд талын цонхны хажуу талын хананд юмаар цохих шиг чимээ гарахаар босоод хартал юм харагдаагүй. Тэгээд эргэж хэвтээд 1 минут орчмын дараа чанга дуу гарч унтах гэж байсан өрөөний цонх хагарсан. Өрөөний цонхыг том чулуугаар хагалсан, тэр чулуу нь цонхны эсрэг  талын ханыг  оносон. Би тэгээд цонхоор хартал гэрэлгүй мотоцикльтой 2 хүн өндөр хаазтай хойд талын гэр хороололын чигт явж байгаа харагдсан. Би хэсгийн  төлөөлөгчид болсон явдлын талаар мэдэгдсэн. Манай эхнэр Дүүрэнсайхан унтаж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх182-183/

4.Гэрч Ж.Дүүрэнсайханы: “...би 2016.11.17-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд Цагдаагийн хэсгийн байранд унтаж байхад цонх хагарах чимээ гарахаар сэрсэн юм. Тэгэхэд манай нөхөр Насанжаргал мотоцикльтой 2 хүн цонх чулуугаар хагалчихаад хойшоо давхиад яваад өглөө гэж хэлсэн. Тухайн үед сэрээд цаг харахад 2016.11.17-ны 01 цаг болж байсан юм. Манай гэрийн цонхыг хагалсан чулуу нь алганы хэртэй шаргал өнгийн том чулуу байсан. Миний биед ямар нэгэн  гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-38/

5. Гэрч Ч.Алтанбулагийн “...Би 2016.11.16-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд Амартүвшинтэй уулзаад байж байхад 22 цагийн үед хашааны гадаа Амартүвшинг хүмүүс дуудсан.  Гараад очиход хашааны гадаа Цогтбаатар, Адъяапүрэв Доржзовд 3 байж байсан. Тэгсэн нэг нь сумын хойд талын цохио оръё гээд тэр хэдийг мотоцикльтой хөтлөөд явахаар нь Амартүвшин  бид 2 араас нь мотоцикльтой явсан. Амартүвшин бид 2-ыг сумын хойд талын цохион дээр очиход Цогтбаатар, Адъяапүрэв, Доржзовд нар нэг шил 0,5 литрийн “Онги” архи гаргасан сууж байсан. Тэр архийг бид 5 ойр зуурын юм ярьж суух зуур хувааж ууж дуусгасан.  Тэгээд тэндээс Амартүвшин бид 2 түрүүлээд хөдлөсөн. Тэр хэд хөдлөх гээд мотоцикль дээрээ мордож байсан...” гэх мэдүүлэг /хх-39-40/

6.Гэрч А.Амартүвшингийн: “Би 2016.11.16-ны өдөр гэртээ байхад 22 цагийн үед хашааны гадаа хүн  дуудахаар нь гарч очиход Цогтбаатар, Адъяапүрэв, Доржзовд гурав, 2 мотоцикльтой зогсож байсан.  Тэгээд очоод уулзахад Цогтбаатар, Адъяапүрэв хоёр ойрхон сумын хойд талд гаръя, юм ярьж сууя гээд давхиад яваад өгсөн. Тэр 3-ын араас Алтанбулаг бид хоёр очиход тэр гурав, 0,5 литрийн “Онги” нэртэй архи гаргаад сууж байсан. Тэгээд бид хэд хурдан морины тухай, өөрсдийнхөө тухай ярьж суугаад би архинаас уугаагүй, амсаад өгөөд байсан. Архиа хувааж ууж дуусгаад хөдөлцгөөсөн. Би Алтанбулагын хамт сумын хойд лагерт байх гэрт нь очиж хоносон...” гэх мэдүүлэг /хх-41-42/

7.Гэрч Г.Доржзовдын: “...Би 2016.11.16-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд Баянгийн  3-4 тоот хашаанд байх аавын гэрт 21 цагийн үед байж байхад гадаа хүн  дуудахаар нь гараад очиход Цогтбаатар, Адъяапүрэв хоёр зогсож байсан.  Тэгээд тэр хоёр сумын хойд талын  хадан дээр очиж “ганц юм ууя” гэхээр нь би зөвшөөрөөд хойд арын  хашаанаас Алтанбулаг, Амартүвшин хоёрыг аваад тавуулаа сумын хойд талд байх хадан дээр очиж нэг шил архи хувааж ууж дуусаад би мотоцикльтой хөдлөөд шууд аавындаа очиж унтсан.  Цогтбаатар, Адъяапүрэв хоёр одоо хөдөө гэр рүүгээ явна гэж байсан.  Бид хэд архи ууж суухдаа сумын хэсгийн төлөөлөгч,  цагдаагийн талаар юм яриагүй. Адууны тухай ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

8.Гэрч Д.Мөнхчулууны: “...намайг 2016.11.17-ны өдөр Дэлгэрхангай сумын 2-р баг “Жаргалан” гэх газарт байх гэртээ унтаж байхад мотоцикльтой хүн ирсэн. Эхлээд гэрт Адъяапүрэв орж ирсэн, араас нь Цогтбаатар орж ирээд тэр хоёр шууд л хувцастайгаа унтаад өгсөн. Тэр хоёр 2016.11.17-ны өдрийн 02, 03 цагийн үед л манайд ирж унтсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-48/

9. Гэрч Л.Батбаярын: “...би 2016.11.17-ны өдөр Дэлгэрхангай сумын хэсгийн  байранд байрлах цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Насанжаргалын цонхыг хагалах үед гэртээ амарч байсан. Б.Насанжаргал 2016.11.17-ны шөнө манай гэрийн хаалгыг тогшиж сэрээгээд гэрийнх нь  цонхыг хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 181/ 

10. хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-4-7/

11. хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд  /хх-8-9/

12. эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, фото зургууд /хх-10-12/

13. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтууд болон эд  мөрийн  баримтаар  хураагдаж  ирсэн  3 ширхэг  байгалийн чулууг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Адъяапүрэв нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байрны цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Адъяапүрэвийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн  хуулийн  153 дугаар  зүйлийн  153.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Адъяапүрэв нь  анх  удаа, тохиолдлын  шинжтэй  нөхцөл  байдлын  улмаас  хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  55 дугаар  зүйлийн  55.1.1, 55.1.3  дахь  хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл,  энэ  гэмт  хэргийг  согтуугаар  үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  56 дугаар  зүйлийн  56.1.10 дахь  хэсэгт заасан  ял  хүндрүүлэх  нөхцөл  болж  байна. 

Шүүгдэгч  нь   хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдэж, хорих ял  шийтгүүлж  байх  тул  түүний  хорих  ял  эдлэх  дэглэмийг  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь  хэсэгт  зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь  зүйтэй  байна.

Шүүгдэгч  нь   энэ   хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй,  хохирогч нь хохирол  төлбөр  төлөгдсөн  гэж  мэдүүлсэн  байх  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурьдах, шүүгдэгчийн  эзэмшлийн  8 тооны  адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.12.07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдан  ирсэн 3 ширхэг байгалийн чулууг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч  нь  анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн, гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн,  гэм  хорыг арилгасан  байх  тул  түүнд  оногдуулсан  хорих  ялыг  биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 297, 298, 299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Тайжууд овгийн Батсайханы Адъяапүрэвийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяапүрэвт 1 жил 1 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяапүрэвт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан 3 ширхэг байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяапүрэвийн өмчлөлийн 8 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.12.07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяапүрэвт оногдуулсан 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн  газарт даалгасугай. 

8. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Адъяапүрэвт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах, улсын яллагч, дээд  шатны  прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.МӨНХБАТ