Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2017/0001/З |
Дугаар | 111/ШШ2017/0033 |
Огноо | 2017-10-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 111/ШШ2017/0033
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын
зарим хэсгээс татгалзсаныг, нэхэмжлэгч,
хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ч.Оюунсайхан би, Д.О-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсны үнэ, болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.О миний бие шүүхэд хандан
Нэгдүгээрт: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
Хоёрдугаарт: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах,
Гуравдугаарт: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
Дөрөвдүгээрт: Тушаал гарсантай холбогдуулан учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Ц.Д-тэй 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 онд багтаан ажлын байраар хангах, ажилгүй байсан хугацааны цалин 8.000.000 /Найман сая/ төгрөгийг олгохоор харилцан тохиролцсонтой холбоотой дараах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Үүнд: Нэгдүгээрт: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
Хоёрдугаарт: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах,
Гуравдугаарт: Тушаал гарсантай холбогдуулан учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах,
Дээрх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: “******* овогтой ******* миний бие нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Хэрэг хянан хэлэлцэх явцад дараах байдлаар эвлэрч тохирсон болно. Үүнд:
1. Ажлын байраар хангах /2017 ондоо багтааж/
2. Ажилгүй байсан хугацааны 8.000.000 /Найман сая/ төгрөгийг олгож хохиролгүй болгох талаар Амйгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* харилцан тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсны үнэ, болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.Д нар “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлагын хүрээнд харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2017 онд багтаан ажлын байраар хангах, ажилгүй байсан хугацааны 8.000.000 төгрөгийг гаргуулахаар тохиролцсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахааргүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Д.О “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах, тушаал гарсантай холбогдуулан учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах” шаардлагуудаасаа татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган, илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4 дэх хэсгийг баримтлан Д.О-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан Д.О-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилохыг даалгах, тушаал гарсантай холбогдуулан учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах” захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжийн гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН