| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/03969/И |
| Дугаар | 181/ШШ2021/00629 |
| Огноо | 2021-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2021/00629
2021 03 18 181/ШШ2021/00629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Я-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СМ ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 84 051 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я миний бие нь “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-г СМ ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байр хүлээн авагч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагчаар цуцалсан тохиолдолд гэрээ цуцлагдсан хугацаанаас үлдсэн хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг 1 жилийн 6,012,000 төгрөгөөр тооцож тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломж гэрээгээр үүссэн.
Гэтэл намайг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөгдсний дараа 2019 оны 07 дугаар сард гэрээгээр шилжүүлэх Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 2-р орцны 2 давхрын 8 тоот 61,29 мкв байрыг чөлөөлөхийг шаардсан.
Миний бие нь 14 жилийн хугацаанд СМ ХХК-д өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулан хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энэхүү зүтгэлээ ч үнэлүүлж тусгай зориулалтын орон сууцны гэрээг байгуулсан учир гэрээний дагуу байр эсхүл, ажилласан хугацаагаа үнэлүүлэн гэрээнд тохирсон үнийн дүнгээр шаардах эрхтэй гэж өөрийгөө үзэж байна.
Уг гэрээний дагуу ажиллаагүй үлдсэн 6 жил 7 хоногийн хугацааг гэрээний 7.2-т заасны дагуу тооцож 36 012 000 төгрөгийг төлсний үндсэн дээр СМ ХХК-ийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр 5 байрны 2-р орцны 2 давхрын 8 тоот 61,29 мкв байрны өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан боловч энэ талаар харилцан тохиролцохгүй явсаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан албан бичгээр өөрийн хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл тухайн байр нь өөр хүнд шилжсэн гэж амаар хэлсэн. Мөн албан бичгийн хариуг одоо болтол өгөхгүй байгаа билээ. Д.Я нь орон сууцыг авах төлбөр төлөх үүргээ гэрээний хөөн хэлэлцэх хугацааны дотор биелүүлэх эрхтэй байхад СМ ХХК нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад орон сууцыг бусдад шилжүүлж үүргээ зөрчсөн.
Иймд Д.Я нь гэрээнд заасны дагуу өөрийн ажилласан 1 жилийн хугацааг 6 012 000 төгрөгөөр тооцон /13 жил 11 cap 23 хоног х 6 012 000 төгрөг/ нийт 84 051 100 төгрөгийг СМ ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч СМ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я нь тус компанид 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах хүртэл нийт 13 жил 9 cap 13 хоног ажилласан бөгөөд дээрх хугацаанд компанитай нийт 10 удаа хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан байна.
СМ ХХК нь Д.Яын компанид ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-г Д.Ятай байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нийт 10 жил ажиллахаар гэрээний хугацааг зааж 122,580,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өгөхөөр дурдсан. Гэвч Д.Я нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “...өөрийн мэдлэг болон ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж компанийн зүгээс хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн болно.
2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Я өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдснөөр Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ цуцлагдсан бөгөөд Д.Я нь гэрээний 7.2-т заасны дагуу үлдэх төлбөрийг төлж орон сууцыг авах хүсэлтийг гаргаагүй тул 2019 оны 07 сард орон сууцыг Д.Яын гэр бүлийн эзэмшлээс чөлөөлөн авч, 2019 оны 09 сарын 13-ны өдөр С.Анхтуяад худалдсан.
Компанийн зүгээс иргэн Д.Ятай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээнд “...Д.Яын тус компанид ажилласан 1 /нэг/ жилийн хугацааг 6,012,000 төгрөгөөр тооцно...” гэсэн заалт огт байхгүй бөгөөд түүний гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Иймд иргэн Д.Яын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Я нь хариуцагч СМ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84 051 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
СМ ХХК нь Д.Ятай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-г байгуулж, СМ ХХК /Байр олгогч/ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 8 тоот 61,29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тодорхой нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг гэрээний дагуу шилжүүлэх, Д.Я /Байр хүлээн авагч/ нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 жил, анх ажилд орсон жилийг оролцуулан тасралтгүй нийт 20 жил байр олгогч талд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмийг баримтлан ажиллах, энэ хугацаанд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь тухайн компанийн барьцаанд байх, байр хүлээн авагч нь гэрээний нөхцлийг бүрэн биелүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 өдрийн дотор үл маргах журмаар орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохоор тохиролцжээ. /хх-4-5х/
Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрлөх үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-д “үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам”-ыг Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэхээр заасан.
СМ ХХК нь 10 жил тасралтгүй ажилласан ажилтан Д.Яыг дахин 10 жил хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмийг баримтлан тасралтгүй ажилласан тохиолдолд орон сууцыг үнэ төлбөргүй олгохоор дээрхи гэрээг байгуулсан тул талуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д заасан “шагнал урамшуулал” олгох нөхцлийг тохиролцсон гэж үзэхээр байна.
Д.Я нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр СМ ХХК-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр “Алхана трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.08.27-ны өдрийн Б/118/а дугаар “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Д.Яыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-39, 87-89х/
Д.Я ажлаасаа чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор СМ ХХК, Д.Я нарын хооронд байгуулагдсан “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-ний тасралтгүй нийт 20 жил ажиллах гол нөхцөл хэрэгжих боломжгүй болсноор гэрээ цуцлагдсан байна.
Нэхэмжлэгч Д.Я нь “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-ний 7.2-д заасны дагуу өөрийн ажилласан 1 жилийн хугацааг 6 012 000 төгрөгөөр тооцож /13 жил 11 сар 23 хоног х 6 012 000/ нийт 84 051 100 төгрөгийг СМ ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талууд маргаж байна.
“Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-ний 7.2-д “Байр хүлээн авагч энэхүү гэрээний үүргээ зөрчиж СМ ХХК-д хөдөлмөрийн гэрээг дангаар цуцалсан эсвэл Байр олгогч МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заагдсан үндэслэлээр, өөрийн санаачилгаар /өвчний улмаас/ Байр хүлээн авагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Байр хүлээн авагч нь хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсны үлдсэн хугацаанд орон сууцны өртөгийн ноогдох төлбөрийг /1 жил - 6 012 000 төгрөг/ Байр олгогчид төлснөөр” Байр олгогч нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Байр хүлээн авагчид олгохоор заажээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар уг заалт нь хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үлдсэн хугацаанд орон сууцны өртөгийн ноогдох төлбөрийг 1 жилийг нь 6 012 000 төгрөгөөр тооцож Байр олгогчид төлснөөр Байр олгогч нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Байр хүлээн авагчид олгохоор тохиролцжээ.
Иймээс уг заалтыг ажилтаны Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан 1 жилийн хугацааг 6 012 000 төгрөгөөр тооцож, ажил олгогчоос ажилтанд нийт ажилласан хугацаанд мөнгөн төлбөр төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
СМ ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 8 тоот 61,29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Яын эзэмшил ашиглалтаас 2019 оны 07 сард хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээгээр С.Анхтуяад өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, баримтуудаар тогтоогдож байна. /хх-66-82х/
Д.Я 2018.08.27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдснөөр “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ” мөн өдөр цуцлагдсан бөгөөд Д.Я нь гэрээний 7.2-д заасны дагуу гэрээний үлдсэн хугацаанд ноогдох төлбөрийг төлөөгүй, орон сууцыг 2019 оны 07 сард хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч СМ ХХК-ийг “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдаанд Д.Я нь хуулиар тогтоосон гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд “гэрээний үлдсэн хугацаанд орон сууцны өртөгийн ноогдох төлбөр”-ийг төлөх эрхтэй тул хариуцагч СМ ХХК нь уг хугацаанд орон сууцыг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй байсан, уг үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.
Гэрээний 7.2-д заасан төлбөрийг Байр хүлээн авагч ямар хугацаанд төлөх үүрэгтэй байсныг тодорхойлохын тулд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасны дагуу “Тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ”-ний 7.2 дахь заалтын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад “...Байр хүлээн авагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ...төлбөрийг ...төлснөөр” гэсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалснаар төлбөр төлөх үүрэг үүссэн, гэрээний 4.2.2-д гэрээний нөхцлийг биелүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 өдрийн дотор гэрчилгээг олгохоор заасан тул орон сууцны өртөгийн ноогдох төлбөр төлөх үүргийг уг хугацаатай адилтгаж 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан гэж тайлбарлах үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-д “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж, мөн зүйлийн 208.3-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч СМ ХХК нь орон сууцыг Д.Яын эзэмшилээс 2019 оны 07 сард авсан тул үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Д.Я нь 2020.08.31-ний өдөр СМ ХХК-д “байрны үлдэх төлбөрийг гэрээний 7.2-д заасны дагуу тооцон байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлт” /хх-6х/-ийг гаргасан байх тул “гэрээний үлдсэн хугацаанд орон сууцны өртөгийн ноогдох төлбөр”-ийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний “хуулиар тогтоосон гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд орон сууцны өртөгийн ноогдох төлбөрийг төлөх эрхтэй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Д.Яын хариуцагч СМ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 84 051 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Яын хариуцагч СМ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 84 051 100 /наян дөрвөн сая тавин нэгэн мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Яын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 205 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА