Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/01269

 

 

 

 

 

 

 

 

 

              2021      06          22

            181/ШШ2021/01269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Жамбалдорж нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний ХААН банкны 5009759337 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 24 минутад дансанд байсан бүх мөнгө буюу 9 356 084  төгрөгийг татаж авсан бөгөөд би 10 дугаар сарын 15-ны өдөр /бүх нийтийн амралтын өдөр байсан/ мэдээд маргааш нь буюу 10 дугаар сарын 16-ны өдөр ХААН банкнаас лавлахад шүүхийн шийдвэрийн дагуу татан авсан байна гэж тайлбарласан.

Тухайн өдөр нь НШШ газраас тодруулж, Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 150/Ш32017/00291 дугаар захирамж болон 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 86 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн “УБПК”ХХК болон “ГДД фийлд” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан талаар мэдсэн. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан үйлдэл болсон байна.

1. Шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасны дагуу иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа “шүүгчийн захирамж”-ийг үндэслэн явагдах ёстой гэжээ.

Гэтэл иргэн Б.Б надад төлбөр төлөх үүрэг ногдуулсан шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд дээр дурдсан шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч нь “УБПК”ХХК болон “ГДД фийлд” ХХК-ууд юм.

2. Төлбөр төлөгч бус этгээдийн хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулсан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэжээ.

Б.Б миний бие нь төлбөр төлөгч болох “Цемент шохой” ХК-ийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн, төлбөр төлөх үүрэгтэй этгээд болохыг тодорхойлсон шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас байхгүй буюу миний бие нь төлбөр төлөгч биш байхад миний хувийн данснаас их хэмжээний мөнгийг надад мэдэгдэлгүйгээр, шууд татан авч байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасан өмчлөх эрхэнд минь ноцтойгоор халдсан үйлдэл боллоо.

Шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг болон ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Батхишигийн хэлж байгаагаар миний бие нь төлбөр төлөгч компанийн нэг болох “УБПК” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д заасныг үндэслэн төлбөр төлөгч гэж үзжээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй. Энэхүү заалт нь компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй” гэж заасан байхад хуулийг өөрөөр тайлбарлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/3464 тоот албан бичигт дурдсанаар “Та компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зааглагдсан эсэх талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул” гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь ийм боломжийг олгохгүйгээр, надад огт мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний хувийн дансанд халдсан бөгөөд өнөөдрийг хүртэл дансны зарлагын хөдөлгөөнийг хаасан хэвээр байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний компанид оруулсан хөрөнгө нь тухайн компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар огт судлаагүй, төлбөр төлөгч “УБПК” ХХК-д анх ямар хэлбэрээр, хэдэн төгрөгийн хөрөнгөөр хувь нийлүүлсэн гэдгийг судлан үзээгүй, тогтоогоогүй байж шууд миний өмчлөх эрхэнд халдаж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлийг мэдэгдэх үүрэгтэй: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон гарах эрх, үүргийг тайлбарлах, ...үүрэгтэй” гэжээ. Гэтэл надад урьдчилан мэдэгдэлгүйгээр миний өмчид дур мэдэн халдсан үйлдэл хийсэн бөгөөд энэхүү үйлдэл нь ямар хуулийг үндэслэн хийгдсэн талаар өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй, албан ёсоор мэдэгдээгүй байна.

Б.Б миний бие нь “УБПК” ХХК-ийн 100 000 төгрөгийн үнэ бүхий 10 хувийн хувьцааг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигч иргэн С.Лутбаяраас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан бөгөөд өөр аливаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг компанид оруулаагүй, компанид аливаа албан тушаал эрхэлдэггүй. Компани нь өөрийн дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн явуулдаг бөгөөд хувьцаа эзэмшигчид болон компанийн хөрөнгө холилдсон, нийлсэн зүйл байхгүй нь компанийн санхүүгийн тайланд тусгагдсанаар тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 1 000 000 төгрөгөөр батлагдаж байгаа болно. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18260678 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-ын дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэгийн хийсэн гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 46, 48, 57, 58, 93.4 дэх заалтуудыг тус тус зөрчин гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад төлбөр төлөгч “УБПК” ХХК-ийн эд хөрөнгийг бүрэн гүйцэд шалгаагүй /газар эзэмшдэг/, захирал болох Ж.Ганчимэг нь төлбөртөө өөрийн эзэмшлийн барилгыг өгнө гэсээр байхад тэр талаарх ямар ч мэдээллийг нягтлан шалгаагүй, тухайн компани нь Монгол улсын хэмжээнд газар эзэмшдэг эсэх мэдээллийг аваагүй, компанийн захирал нь компанийн хөрөнгийг цувуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан эсэх талаар, захирлын төлбөрт өгнө гэж байгаа хөрөнгийн мэдээллийн талаар, 2014 оноос хойших компанийн санхүүгийн байдал, хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө нь компанийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэх, хувь нийлүүлэгч нарт ногдол ашиг тараасан эсэх, компанийн санхүүгийн байдалд нөлөөлөхүйц хохирол учруулсан эсэх талаарх ямар ч ажиллагаа явуулаагүй байж тухайн компанийг төлбөр төлөх хөрөнгөгүй мэтээр дүгнэсэн нь өөрөө хууль бус байна.

Тэгсэн атал хувь нийлүүлэгчийн миний өмчлөх эрхэнд халдаж байгаа тайлбараа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь заалтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасан “эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлнэ.

Харин 9.5 “...компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөнд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, хувийн эрх хөрөнгөнөөс зааглагдсан байх ёстой юм”. Миний хувьд оруулсан хөрөнгө буюу 100 000 төгрөгийн үнэ бүхий 10 хувийн хувьцаа компанийн эздийн өмчид бүртгэгдсэн байгаа болно. Харин миний бусад эд хөрөнгө энэ компанид ямар нэгэн хамааралгүй болно. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах байдлаар тайлбарлан хэрэглэж, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэнд ноцтой халдсан ажиллагаа явуулсан.

Иймд НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШ газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр захирамжаар “УБПК” ХХК, “ГДД Фийлд” ХХК-иас 379 883 084 төгрөгийг гаргуулж “Цемент шохой” ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “УБПК” ХХК, “ГДД Фийлд” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийг биелүүлээгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас, газар эзэмших эрх тогтоогдоогүй, банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд харилцах дансгүй, мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй гэсэн хариу ирсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг тус тус үндэслэн “ГДД Фийлд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Ганчимэг, “УБПК” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч Б.Дашдаваа, тус бүр 10 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б, Ж.Ганчимэг, Б.Энхболд, 35 хувийн хувьцаа эзэмшигч Б.Болд нарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлж, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар анхааруулсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй, төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар огт хариу ирүүлээгүй.

Иймд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын харилцах болон хадгаламжийн дансыг эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр төлбөрт суутган, битүүмжилж хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн ажиллагаа хууль зөрчөөгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор гаргасан төлбөр төлөгч “УБПК” ХХК-ний 10 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШ газарт холбогдуулан НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.Бын ХААН банкны ****337 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 9 356 084  төгрөгийг НШШ газар татан авсан бөгөөд уг ажиллагаа нь НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолыг үндэслэн хийгдсэн талаар зохигч маргаагүй.

 

Б.Б нь “УБПК” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-75х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

НШШ газар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр захирамжаар “УБПК” ХХК, “ГДД Фийлд” ХХК-иас 379 883 084 төгрөгийг гаргуулж “Цемент шохой” ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “УБПК” ХХК, “ГДД Фийлд” ХХК нарт төлбөрийг төлөх мэдэгдэл өгч, банкан дахь данс, үнэт цаас, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх мэдэгдлүүдийг холбогдох банк, бүртгэлийн байгууллагуудад хүргүүлж, хариуг авч, төлбөр төлөгч нарыг хөрөнгөгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу “УБПК” ХХК, “ГДД Фийлд” ХХК нарын хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, мөнгөн хөрөнгийг татан авах ажиллагааг явуулсан байна. /хх-40-73х/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Хариуцагч НШШ газар нь төлбөр төлөгч “ГДД Фийлд” ХХК, “УБПК” ХХК нар орон нутагт газар эзэмшдэг эсэхийг шалгаагүй, “ГДД Фийлд” ХХК-ийн захирал Ж.Ганчимэг нь төлбөртөө өөрийн барьсан таун хаус-290 мкв талбайтай, 3 давхар орон сууцны барилгыг өгнө гэсэн байхад уг хөрөнгүүдээр төлбөрийг барагдуулах боломжтой эсэхийг тодруулаагүй, компаниуд 2015-2017, 2018 онуудад үйл ажиллагаа явуулсан байхад санхүүгийн тайланг авч хөрөнгийн байдалд дүгнэлт хийгээгүй, “УБПК” ХХК-ийн захирлаас компанийн хөрөнгийн талаар мэдээлэл аваагүй зэрэг төлбөр төлөгч компаниуд төлбөрийг барагдуулах хөрөнгөтэй эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

 

Иймд хариуцагч НШШ газар нь төлбөр төлөгч “ГДД Фийлд” ХХК, “УБПК” ХХК нар хөрөнгөгүй буюу нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэдгийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан тул “УБПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Б.Б нь төлбөр төлөгч биш тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалах ажиллагааг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс НШШ газрын “УБПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бын ХААН банкны ***37 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 9 356 084  төгрөгийг татан авсан ажиллагаа хууль бус байх тул НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу НШШ газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18260678/164/01 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШ газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н. ОЮУНТУЯА